40.7 тэрбум төгрөгийн гадаад төслийн ЗЭЭЛ шинээр авчээ

2019 оны 02 сарын 22

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн энэ  оны эхний нэгдүгээр гүйцэтгэлээр 690.6 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 558.2 тэрбум төгрөг болж,  төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 132.3 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Тодотгоход, “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл” гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүүг хэлдэг.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өмнөх оны мөн үеэс 18.2 тэрбум төгрөгөөр өсч, тайлант хугацааны алдагдал төлөвлөсөн дүнгээс 272.8 тэрбум төгрөгөөр буурч сайжирсан байна.

Нэгдүгээр сарын гүйцэтгэлээр нийт тэнцвэржүүлсэн улсын төсвийн орлого 15.6 тэрбум, нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого 15.3 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс давж биелсэн бол орон нутгийн төсвийн орлого 24.3 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцвэржүүлсэн орлого 8.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс дутуу биелжээ.

Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 30.2 хувь буюу 160.2 тэрбум төгрөгөөр, төсвийн нийт зарлага нь 34.1 хувь буюу 142.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн бөгөөд төсвийн орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 3.9 пунктээр бага гарчээ.

Нэгдүгээр сарын байдлаар гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 5.5 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 2.4 тэрбум төгрөг төлж, 40.7 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл шинээр авч, мөн 27.2 тэрбум төгрөгийн өмч хувьчлалын орлого төвлөрсөн байна. Шинээр Засгийн газрын урт болон богино хугацаат дотоод, гадаад бонд гаргаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top