Том дүнтэй интервенци хийх замаар НӨӨЦӨӨ  үрэх нь зохисгүй

2019 оны 02 сарын 26

Монголбанк мөнгө, ханшийн бодлогоос гадна макро зохистой бодлого хэрэгжүүлдэг болж, бодлогын арга хэрэгслүүдээ өргөжүүлж, тэдгээрийг үр ашигтай ашиглаж байна.  Төв банкны үндсэн зорилт болох инфляцийг зорилтот түвшинд байлгах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа гэж Н.Баяртсайхан ерөнхийлөгч мэдэгдлээ. Мөн тэрбээр “2018 он эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилттай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жил болж өнгөрлөө.

Мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжиж байна. Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 oны эцэст 16.9 хувь болж өмнөх онтой харьцуулахад 2.5 нэгж хувиар буурав.

Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өслөө.

Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болов.

Монголбанк гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр болох үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг сүүлийн 2 жилд 3.5 дахин өсгөн 3.6 тэрбум ам.доллар (импортын 8 орчим сарын хэрэгцээг хангах түвшин)-т хүргэн нэмэгдүүллээ. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээх, улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлсийн нэг байв.

Ийнхүү макро эдийн засгийн тогтвортой байдал, сэргэлт хангагдаж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Засгийн газар, Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпораци болон бусад хувийн секторын гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх хүү бага байх, валютын дотогшлох урсгал нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэв. Гэхдээ ГВАН-ийн хүрсэн түвшинг том дүнтэй интервенци хийх замаар эргүүлээд үрэн таран хийх нь эдийн засгийн дунд хугацааны төлөвт эргээд маш ноцтой эрсдэлүүдийг бий болгоно. Ялангуяа, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын ханш сулрах зах зээлийн нөхцөл бүрдсэн, сөрөг нь харьцангуй удаан үргэлжлэхээр бол интервенциэр ханшийг хүчээр барих оролдлого нь ГВАН-ийг шавхах л үр дагаварт хүргэнэ. Харин богино хугацааны хэт огцом хэлбэлзэлийг бууруулах, валютын ханш суурь нөхцөлтэй нийцтэй түвшинд байлгах чиглэлд Монголбанк валютын зах дээрх оролцоогоо үргэлжлүүлнэ. Иймд нэг талдаа эдийн засгийн дархлааг хангах, эмзэг байдлыг бууруулах, нөгөө талдаа ханшийн хэт өндөр хэлбэлзэлийг бий болгохгүй байх энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанкны бодлого чиглэж байна гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top