Гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэх “Invest in Mongolia” нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
“Invest in Mongolia” нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадаадын хөрөнгө оруулагчид дараах төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой юм. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэг, баталгааны талаар болон төрийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчдад тулгарсан гомдпыг хүлээн авах, шийдвэрлэх цахим систем ажиллаж байна.
Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт, өөрчлөлт, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгө оруулагчийн карт, бусад түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээ, Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, Нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт гаргах, зөвлөгөө мэдээллийг авч болох юм байна.
Харин Татварын алба хөрөнгө оруулагчдад татварын зөвлөгөө мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэл, тоон гарын үсэг олгох, лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, тайлан хүлээж авах, гадаад хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын авто тээврийн хэрэгслийн татвар хураах зэрэг үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ англи хэлнээ хөрвүүлсэн “Татвар төлөгчийн гарын авлага”-аар хангаж, англи хэлтэй Татварын улсын байцаагч үйлчилж байна.
“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулснаар хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, цаг хугацааг хэмнэж, цаашилбал, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, итгэлийг сэргээн шинэ болон дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдад үзуулж буй үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн цогц хэлбэрээр хүргэснээр Монгол Улсад бизнес эрхлэх орчин нөхцөл нэг алхамаар сайжирлаа хэмээн үзэж байна. Мөн хөрөнгө оруулалт хийхээс өмнөх болон дараах үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай, ил тод нээлттэйгээр үзүүлэх нөхцөл бүрдэж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үйлчилгээ сайжирна гэж үзэж буйг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )