Хувь хүн, хуулийн этгээд татвараа төлөхдөө “Цахим төлбөрийн систем”-ээр дамжуулан бүртгэх, хяналт тавих боломжтой болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS) төслийн багийн зөвлөх Д.Тунгалагаас тодрууллаа.
-Хувь хүн, хуулийн этгээд цахим төлбөрийн системийг ашиглан татвараа төлөх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS)-ийн нэвтрүүлэлттэй холбоотойгоор Татварын албанаас нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг шинээр хөгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд арилжааны зургаан банктай системийн хөгжүүлэлт хийгээд, 2019 оны гуравдугаар сарын 01-ээс цахим төлбөрийн системийг улс даяар нэвтрүүлж эхэллээ. Сангийн яам, Татварын ерөнхий газар, арилжааны банк гэсэн гурван талт “тэг” үлдэгдэлтэй дансны гэрээг Улаанбаатар хотын банк, ХААН, ХХБ, Хас, Голомт, Төрийн банк гэсэн арилжааны банкуудтай байгуулсан.
Татварын төлөлтийг зөвхөн нэхэмжлэлд суурилсан байдлаар хүлээн авдаг болсон. Өмнө нь бид дансны тогтолцоотой, тухайн төрлийн татварыг дансанд хийдэг байсан бол одоо зөвхөн ТУНС-ээс өгсөн лавлагааг үндэслэн нэхэмжлэхэд суурилсан цахим татварын төлөлтийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч татвараа төлөхдөө дээрх зургаан банкны интернэт банкийг ашиглаж болно. Мөн бид төлбөр төлөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор төлбөр тооцооны оператор компаниудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, QPay, Гэрэгэ системс зэрэг компанитай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн Монголбанкны e-Commerce төлбөрийн системийн хөгжүүлэлтийг хийгээд дууссан. Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон арилжааны бүх банкинд байрших татварын орлогын “0” үлдэгдэлтэй дансыг хааж, татварын орлогыг дээрх зургаан банкинд байрших татварын орлогыг дамжуулан бүртгэх цахим нэг дансаар дамжуулан автоматаар татварын орлогыг хүлээн авна.
-Татвар төлөгч татвараа төлөхийн тулд яах ёстой вэ?
-Татвар төлөгч арилжааны банкинд хандсан тохиолдолд татвар төлөгчийн дугаар, хөрөнгийн татвар төлөх бол тухайн хөрөнгийн дугаар, эсвэл нэхэмжлэхийн дугаараа теллерт хэлснээр арилжааны банк нь татвар төлөгчийн татварын төлбөрийг хүлээн авна.
Тэгэхээр татвар төлөгчийн эдгээр мэдээллийг үндэслээд арилжааны банкны теллер нь Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS)-ээс цахим төлбөрийн системээр дамжуулан лавлагаа авч, хамгийн түрүүнд тухайн татвар төлөгч дээр үүссэн нэхэмжлэхийг харуулна гэсэн үг. Хэрэв нэхэмжлэх байхгүй бол бүртгэлтэй татварын төрлөөр урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх үүсгэх боломжтой.
Мөн суутгуулан төлдөг 6 төрлийн татварын хувьд төлбөрийн даалгаврыг ашиглана. Төлбөрийн даалгаврыг ямар зургаан төрлийн татвар дээр үүсгэдэг вэ гэхээр, улсын тэмдэгтийн хураамж, арилжааны банкинд алт тушаасан иргэд АМНАТ, мөн Засаг даргын Тамгын газруудаар байгалийн нөөц ашигласны дөрвөн төрлийн төлбөр төлөх үед ашиглана. Тодруулбал, ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр, ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны төлбөр төлөхдөө төлбөрийн даалгавар үүсгэнэ.
Үүнээс гадна, “Суутгагчийн үүрэг бүхий татвар төлөгч нь өөрийн эрхээр e-tax системд нэвтрэн “суутгагч”-ийн өмнөөс”, “Суутгуулагч татвар төлөгч нь өөрийн эрхээр e-tax системд нэвтрэн “суутгуулагч”-ийн өмнөөс”, “Арилжааны банкны теллер нь татвар төлөгчийн хүсэлтээр “Цахим төлбөрийн систем”-д”, “Татварын улсын байцаагч нь ТУНС-д татвар төлөгчийн хүсэлтээр” гэсэн дөрвөн төрлөөр төлбөрийн даалгаврыг үүсгэх боломжтой.
-Татвар төлөгчийн тухайн төлөх ёстой татварын нэхэмжлэх байхгүй тохиолдолд яах вэ?
-Хэрэв ийм тохиолдолд татвар төлөгч нь бүртгэлтэй татварын төрлөөрөө урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх үүсгэх боломжтой. Эдгээр татвар төлөлтийн бүх баримтуудыг Татварын улсын байцаагч Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS)-ээс татвар төлөгчид хэвлэж өгөх боломжтой. Үүнээс гадна татвар төлөгч өөрийн эрхээрээ нэвтрээд тухайн баримтуудыг үүсгэх, хэвлэх, төлөлтийг шууд хийх боломжтой. Мөн арилжааны банкинд хандан татвар төлөгчийн дугаар болон регистер, нэхэмжлэх, хөрөнгийн дугаарыг тус тус мэдээлснээр татвараа төлөх боломжтой юм.
-Энэхүү системийг ашиглаж эхэлснээр татварын байцаагч бэлэн мөнгөтэй харьцахгүй, татвар төлөгчид ч данс андуурч хийх явдалгүй болно гэсэн үг үү?
-“Цахим төлбөрийн систем” нь зөвхөн нэхэмжлэхэд суурилсан төлөлтийн шинэ систем бөгөөд татварын орлогын олон дансны дугаарыг цээжлэх, данс андуурсан төлөлт хийх, “тодорхойгүй” орлого үүсэх зэрэг алдааг бүрэн засварласан. Мөн “Цахим төлбөрийн систем”-ийн хүрээнд татварт төлсөн орлогыг систем өөрөө төлөлт хийсэн тухай бүрт бүртгэж байгаа. Татвар төлөгч татвараа төллөө, тодорхойлолтоо шууд авах боломжтой болсон. Мөн орлогын бүртгэлийн хяналтыг бүсийн хэмжээнд нэгдсэн дансны тогтолцоогоор хэрэгжүүлэх боломжтой болсон. Энэхүү системийг нэвтрүүлснээр Татварын албаны зардал ч багасч байгаа. Мөн татвар төлөгчдөд ч хүндрэл учрахгүй, илүү амар хялбар болж байгаа гэж ойлгож болно.
-Цахим төлбөрийн системийг хэзээ нэвтрүүлсэн бэ. Одоогоор ямар нэг асуудал гарч байна уу?
-Цахим төлбөрийн систем нэвтрээд 4 хонож байна. Одоогоор зургаан банкаар дамжуулаад нийт 3800 орчим гүйлгээ хийгдсэн байна.
Ярилцсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )