Цахим юаниар хийсэн гүйлгээ 1.5 тэрбум ам.долларыг давжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Өнгөрсөн онд цахим юаниар хийсэн гүйлгээний нийт хэмжээ 9.6 тэрбум юань буюу 1.5 тэрбум гаруй ам.долларт хүрсэн гэж Бээжингийн Санхүүгийн хяналтын газрын дэд тэргүүн Ван Ин мэдээлжээ.

Түүний хэлснээр, ийм хэлбэрийн гүйлгээ хийх туршилтын цэгүүдийн сүлжээ түргэн өргөжиж байна. Олон улсын “Дашин” нисэх онгоцны буудал, Бээжингийн төв Ванфүжин гудамжнаас авахуулаад тус хотод 400 мянга гаруй цахим юанийн төлбөрийн цэг ажиллаж байна. Үүнд мөн өвлийн олимп болж буй бүх объектууд багтаж байна гэж Ван Ин онцолжээ.

БНХАУ 2019 оны сүүлээр цахим юанийг нэвтрүүлж эхэлсэн байна. Туршилтын журмаар хэрэгжүүлж буй эл төсөлд Хятадын олон хот нэгдээд байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар, тус улсын хэмжээнд нийт 3.5 сая гаруй цахим юанийн төлбөрийн цэг ажиллаж байжээ. Төлбөрийн энэ хэлбэрийг тээвэр, нийтийн хоолны салбар болон төрийн үйлчилгээ авахад ашиглаж байгаа аж. Бээжингийн олимп нь цахим юанийн системийн хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэж эрх баригчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top