ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.04.25/ болж байна. Уулзалт Владивостокийн Русский аралд, Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн хотхонд болно. Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун өчигдөр /2019.04.24/ ОХУ-д хуягт галт тэргээрээ очсон юм. Тэрбээр Приморийн хязгаарын Хасан боомтоор хил нэвтэрчээ. Ким Жон Уныг Приморийн хязгаарын амбан захирагч Олег Кожемяко талх давс барьсан үндэсний хувцастай бүсгүйчүүдийн хамт угтан авав. Хойд Солонгосын удирдагч “Ким Ир Сений байшин” гэж алдаршсан Орос-Солонгосын найрамдлын ордонд зочлоод Владивосток хотыг зорьсон байна.
БНАСАУ-ын залуу удирдагч Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өмнө нь хувийн уулзалт хийж байгаагүй. Тэдний уулзалт Хойд Солонгосын хувьд хүнд хэцүү үед болж байна. Ханойд өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-тай тодорхой яриа хэлэлцээр, шийдвэрт хүрнэ гэж БНАСАУ найдаж байсан.
Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар Пеньян ч, Москва ч энэ уулзалтад дуртай байгаа аж. Гэхдээ хоёр талын аль аль нь өөр өөр хэлэлцэх асуудалтай байгаа гэнэ.
ОХУ болон Хойд Солонгос - эд ямар холбоотнууд вэ?
ЗСБНХУ нь Хойд Солонгосын гол холбоотон байсан. Эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, тэрчлэн Пеньянд эдийн засгийн тусламж үзүүлж байв. Москва Пеньянд цөмийн хөтөлбөрт нь хэрэгтэй зүйлүүдийг дамжуулж байсан. Гэвч төмөр хөшиг унасны дараа холбоотнуудын харилцаа хүчтэй “гэмтсэн”. Үзэл суртлын холбоо суларч, нягт харилцаатай байх ямар ч шалтгаан байхгүй мэт болов. Хойд Солонгос Оросыг худалдааны хамтрагч гэж сонирхохоо больжээ. Яагаад гэвэл Пеньян Оросоос ямар нэгэн зүйлийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авахад бэлэн биш байлаа.
2000-аад оны эхээр ОХУ Баруунаас зайтай болоход Москва, Пеньяны харилцаа аажмаар сэргэж эхэлжээ. “Москва тухайн үед “миний дайсны дайсан бол миний найз” гэсэн логиктой бодлогыг эргэн баримтлах болсон байлаа” гэж Сөүлийн Кунмин их сургуулийн профессор Андрей Ланьков ярьж байна.
Орос, БНАСАУ-ын удирдагч нар хамгийн сүүлд 2011 онд уулзаж байв. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев, БНАСАУ-ын одоогийн удирдагчийн аав Ким Жон Ир нар уулзаж байлаа. Харин энэ удаагийн уулзалтаар Ким Жон Ун Орост анх удаагаа хөл тавьж байна. Түүний аав Ким Жон Ир хуягласан галт тэргээрээ ОХУ-д гурван удаа (2001, 2002, 2011 онд) очжээ.
ОХУ, БНАСАУ хоёр эхний ээлжинд газарзүйн хувьд холбоотой. Тэд Владивостокоос холгүй байдаг хиллэсэн газар нутагтай. Тэнд ОХУ-ын тэнгисийн цэргийн Номхон далайн флотын төв байр бий. Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр тус улсад Хойд Солонгосын 8000 орчим цагаач ажилладаг. Тэд цалингаа нутаг руугаа гэр бүлдээ өгдөг байна. Пеньянд суугаа Оросын Элчин сайд Александр Мацегорагийн мэдээлснээр Хойд Солонгосын ажилчин Орост дунджаар 500 орчим доллар авдаг. Зарим шинжээчийн бичсэнээр, Орост ажилладаг Хойд Солонгосын цагаачдын тоо албаны мэдээлснээс хамаагүй илүү гэнэ. Гэхдээ 2017 оны 12 дугаар сард баталсан Хойд Солонгост тавьсан хоригийг чангатгах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын дагуу БНАСАУ-ын цагаач нар 2019 оны эцэс гэхэд эх орондоо буцсан байх ёстой аж.
Уулзалтаас Хойд Солонгос юу хүлээж байгаа вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын Ханой дахь хэлэлцээ ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөсөн билээ. Хойд Солонгос үйл явдлын ийм эргэлт болно гэж санаагүй. Пеньян олон улсын хоригийг цуцлах, эсвэл сулруулахад туслах зөвшилцөл хүлээж байв.
“АНУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй бол олон улсын хориг хэрэгжинэ. Хоригийн дэглэм суларч, БНАСАУ бусад улс оронтой худалдаа хийх магадлал бага” гэж Сөүлийн Кунмин их сургуулийн профессор Андрей Ланьков дүгнэжээ.
Иймээс Хойд Солонгос одоо хоригийг сулруулахад ямар нэгэн хэмжээгээр нөлөө үзүүлж чадах бүх улстай холбоо тогтоохыг хичээж буй. Пеньянд бодит тусламж, бас бэлгэдлийн дипломат туслалцаа хэрэгтэй болж мэдэх юм. БНАСАУ хэлэлцээ бүтэлгүйтсэн ч тус улс олон улсаас тусгаарлагдаагүй гэдгийг АНУ-д харуулахыг хүсч байна гэсэн дүгнэлтийг Австралийн Кертин их сургуулийн профессор Алексей Муравьев хийжээ. “Тэд үүнийг харуулж чадвал АНУ болон Хятадтай хийх яриа хэлэлцээнд тэдний байр суурийг бэхжүүлж чадна” гэж шинжээч өгүүлсэн байна. Иймээс ОХУ энэ зорилгод хүрэхэд Хойд Солонгосын хувьд ОХУ маш тохиромжтой хувилбар гэж харагдаж байгаа аж.
“Ким Жон Ун дипломат тоглоомыг муугүй явуулдаг. Улсынхаа эдийн засаг болон хувийн дэглэмээ аврахын тулд тэр маш сайн тоглоно” гэж Муравьев ярьжээ. Боломжит холбоотнуудтай яриа хэлэлцээ хийх болон пуужин туршихад бэлтгэлээ сэргээх нь Вашингтоныг хэлэлцээрийн ширээний ард эргэн авчрах арга.
“Хойд Солонгосын стратеги нь үргэлж дэлхийн их гүрнүүдийн хооронд зөрчилдөөн үүсгэж, түүнээсээ урамшуулал авах байсаар ирсэн. Иймээс Оростой яриа хэлэлцээ хийх нь БНАСАУ-ын хувьд Хятад болон АНУ-ын эсрэг тоглоход ашигладаг хүсэмжит хөзөр нь байж болох юм” гэж Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгийн судлаач Пак Ён Ян ярьжээ.
Москва юу хүлээж байгаа вэ?
Владимир Путин Ким Жон Унтай уулзахыг эртнээс хүсч байсан. Гэхдээ Пеньян эхлээд АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцэхээр бэлтгэж, ОХУ-ыг хойш тавьсан. Харин Ханойд болсон яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа тоглоомд эргэж орох шанс Москвад бий болжээ. Путин, Ким Жон Ун нарын яриа хэлэлцээ бол Москвагийн хувьд бүс нутагт оролцоогоо зарлах сайхан боломж юм.
АНУ болон Хятадын адил Оросыг ч гэсэн Хойд Солонгосын цөмийн статус түгшээж буй. 2000-аад оны эхээр Москва Хойд Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээнд оролцсон. Гэхдээ тэр үед яриа хэлэлцээ үр дүнгүй болж байв. Вашингтоноос ялгаатай нь Москва дараах зүйлтэй эвлэрэхэд бэлэн байгаа. Эдгээр нь, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох нь Оросын хувьд хүрэх боломжгүй зорилго. Иймээс Москва эхний ээлжинд статус-квогоо хадгалж, нөхцөл байдлыг тогтворжуулахаар тооцоолж байгаа.
Оросын хувьд Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд оролцох нь чухал бөгөөд нэр хүндтэй. АНУ, Хойд Солонгосын хандлага хүндрэх эсэхээс үл хамаарч ОХУ тоглоомд оролцохыг хүсч байгаа. Хэрвээ Путинд нөхцөл байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломж гарвал энэ нь Оросын хувьд бүс нутаг дахь оролцоогоо бататгасан хэрэг болно.
Уулзалтаас юу хүлээх вэ?
Шинжээч нарын дүгнэлтээс харахад хоёр улсын хооронд ямар нэгэн чухал зөвшилцөл, хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурна гэж хүлээгээд хэрэггүй аж. Хойд Солонгосын тухайд яривал, байр сууриа бэхжүүлэхээс гадна энэ улсын сонирхлыг мөнгө татаж байгаа аж.
“БНАСАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал маш хэцүү. Пеньян хоригийг ядахдаа түр зуур зөөлрүүлээсэй гэж маш их хүсч байгаа. Тус улсад санхүүгийн тусламж шаардлагатай байна” гэж Сөүлийн Кунмин их сургуулийн профессор Андрей Ланьков ярьж байна. Гэхдээ энэ тусламжийг Москвагаас хүлээгээд хэрэггүй.
“Москвад нэг ойлголт байгаа. Энэ бол БНАСАУ тийм ч найдвартай биш хамтрагч. Иймээс Кремль Хойд Солонгост ямар нэгэн их хэмжээний зарлага гаргана гэж хүлээх хэрэггүй” гэж шинжээч өгүүлжээ.
Орост сууж байсан БНСУ-ын Элчин сайд асан Ли Жэ Чуны ярьж буйгаар Хойд Солонгос Оросоос санхүүгийн ямар нэгэн тусламж авч чадахгүй гэнэ. Крымтэй холбоотой хоригоос болж Оросын эдийн засаг ч хэцүү байгаа. Гэхдээ Оростой яриа хэлэлцээ хийх нь БНАСАУ-ын хувьд дотоод бодлогын хувьд чухал аж.
“Хойд Солонгосын иргэд АНУ-тай хийх хэлэлцээ бүтэлгүйтсэн, иймээс Оростой хийх яриа хэлэлцээ нь тооцоологдсон шоу байж болохыг мэдэж байгаа” гэж Ли Жэ Чун ярьжээ. Оросын үйлдэл БНАСАУ-д тавьсан олон улсын хоригоор хязгаарлагдсан. “ОХУ хоригийг зөрчиж чадахгүй. Сайндаа л Москва энэ хоргийг үл мэдэг зөрчихийг нүдээ аниад өнгөрүүлж чадна” гэж Орост сууж байсан Өмнөд Солонгосын Элчин сайд ярьж байна.
Эцэст нь ОХУ дахиад л БНАСАУ-д хурцадмал байдлыг нэмэхээс татгалзахыг уриалаад өнгөрөх аж.
Сэтгэгдэл ( 0 )