ЧУУЛГАН: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 64 гишүүн гарын үсэг зурж, 2019.06.06-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш 27 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн байгууллыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдэж ирлээ. Төрийн байгууллыг шинээр эмхлэн байгуулах, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх явцад төрийн институци хоорондын харилцааны болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны практикт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2000 онд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч тэдгээрийн зарим нь төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангахад сөрөг үр дагавар авчирсан тухай эрдэмтэн судлаачид, олон түмний зүгээс шүүмжлэл хүлээх болсон байна.

Иймд 2017.05.05-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулав. Тус ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн 5 багц асуудлаар 22 заалт бүхий төсөл боловсруулсан байна. Уг төслийн талаарх иргэдийн саналыг харгалзах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах үүрэг бүхий ажлын хэсэг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 107 дугаар захирамжаар олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулж ажиллуулажээ.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 330 шахам мянган иргэнээс нийтдээ 5 580 гаруй мянган нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнгийн танилцуулгыг боловсруулан, нийтэд мэдээлж, Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулсан байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан тогтолцооны ололтыг улам бататган,  парламентат ёсны уламжлалыг хадгалан, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах замаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг төслийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж, олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, эрдэм шинжилгээний хурлууд, эрдэмтдийн санал, дүн шинжилгээ, харьцуулсан судалгаа зэрэгт дурдсан дүгнэлт, санал, зөвлөмжийг харгалзан үзсэний үндсэн дээр доор дурдсан дөрвөн багц асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсрууллаа. Үүнд:

1.     Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

2.     Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

3.     Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

4.     Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт.

Дээрх дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top