Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт: ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлээд байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж, 2019.06.06-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлт хийхээр төсөлд тусгаад байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр хэлсэн УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

* * *

ҮНДСЭН ХУУЛЬ МУУ БОЛОХООР ТӨРИЙН АЖИЛ ГАЦААНД ОРООГҮЙ

Ц.ЦОГЗОЛМАА: Энэ удаагийн парламент томоохон эрх зүйн шинэчлэл хийж, төрийнхөө чадамжийг сайжруулах шийдвэр гаргах зорилгоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Дэлхийн улс орнууд Үндсэн хуулиа хэдэн 17, 20 болон түүнээс дээш жилийн давтамжтайгаар тухайн улс орныхоо хөгжлийг урагшлуулах зорилгоор өөрчилдөг юм байна. Одоо хийж буй Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын хөгжил дэвшлийн баталгаа болох ёстой. Нөгөө талаасаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болох ёстой. Энэ утга агуулгаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд өнөөгийн Их хурлын гишүүд маш хариуцлагатай хандах ёстой. Улс орныхоо хөгжил дэвшилд саад тотгор болоод байгаа ямар асуудал дээр өөрчлөлт гаргах гээд байгаа юм бэ гэдгийг аваад үзэхээр магадгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт биш шинэчилсэн найруулгын асуудлыг хөндөх ёстой юм шиг санагдаж байгаа. Эхлээд ямар хэлбэрээр авч үзэх ёстой юм бэ гэдэгт санал нэгдэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа юм. Ер нь бол Үндсэн хууль муу байгаагаас төрийн олон асуудал гацаанд ороод байна гэж бодохгүй байна. Хэрэгжүүлж байгаа улстөрчид, институц хоорондын уялдаа холбоо чадамж дээр асуудал байгаа шүү.

* * *

27 ЖИЛ ШАВАРТ СУУСАН БАЙДЛААСАА ГАРАХ ХАМГИЙН ЗӨВ ГАРЦ

Л.ЭНХ-АМГАЛАН: 27 жилийн өмнө адилхан гараанаас гарсан улс орнуудтай харьцуулахад бид яагаад бусдаасаа хоцроод баян ходоод болоод байгаа юм вэ гэдэг асуултыг Монголын ард түмэн асууж байна. Үүнд Үндсэн хуулиар зохицуулагдаагүй, цаашид зохицуулагдах ёстой олон асуудал байна. Энэ бүх зүйлүүд шинэчилж өөрчлөх ёстой. Хөгжил дэвшлийнхээ чөдрийг тайлах, чөтгөрийн тойргоосоо гарах энэ бүх асуудлыг Үндсэн хуулиараа хийх ёстой гэсэн ард түмний захиалга гэж ойлгож байна. Ард түмний төрд итгэх итгэл буурч байна. Мэргэшсэн, шударга төрийн албан хаагч байхгүй байна. Үүн дээр дүгнэлт хийж 27 жил шаварт суусан байдлаасаа гарах хамгийн зөв гарц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж харж байгаа. Өнгөрсөн 27 жилийн түүхэнд 15 Засгийн газар байгуулагдсан. Нэг Засгийн газрын ажилласан дундаж хугацаа 1.3 жил байна. Энэ хугацаанд 300 сайд төрсөн байна шүү дээ. Нэг сайд жил ч хүрэхгүй хугацаанд ажиллаад огцорч байна. Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд л Боловсролын салбарт 3 жилийн хугацаанд 4 сайд солилоо. Улс төр ийм тогтворгүй байхад яаж улс орны тогтвортой бодлого хөгжил дэвшил ярих юм бэ. Энэ хямралд цэг тавих ёстой. Өнөөдрийнх шиг ийм талцал хуваагдалтай үеийг би мэдэхгүй байна. Монголчууд хүчтэй үедээ дандаа эвлэрч нэгдэж, доройтож байсан үедээ талцан хуваагддаг байсан. Өнөөдөр Монгол Улс 33 улс төрийн намтай сонгуулийн насны 2 сая хүнийх нь 500 мянган хүн нь аль нэг улс төрийн намд хамаарч байна. Дөрвөн хүний нэг нь ямар нэг улс төрийн намын харьяалалтай гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр талцал хуваагдлыг арилгах ёстой.

 * * *

ЭРДЭНЭТ, ДАРХАНЫГ ШИЙДЭХГҮЙГЭЭР ӨӨРЧЛӨЛТ ЯРИАД НЭМЭРГҮЙ

Д.ДАМБА-ОЧИР: Монголын төрийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Эрдэнэт, Дарханы асуудлаар би Засаг захиргааны нэгжийн хуульд хот болгох тухай асуудлыг тусгахаар өргөн барьж байсан. Яагаад төсөлд хотын статусын асуудлыг өөрчлөөд оруулж ирсэн юм бэ. Эрдэнэт, Дарханы асуудлыг шийдэхгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад ч нэмэргүй. Эрдэнэтэд 100 гаруй мянган хүн амтай сум байна. Эрдэнэтийн хүн амын 98 хувь нь хот болох хүсэлтэй байдаг. Тиймээс би зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргана. Яах гэж биднийг суулгаж ажиллуулсан юм. Бидний хийсэн ажлыг өөрчлөөд оруулж ирснээрээ биднээр тоглоод байгаа юм уу.

* * *

ЗАСАГ ДАРГЫГ ИРГЭДЭЭСЭЭ СОНГОЖ БАЙГАА НЬ ОНОВЧТОЙ

Т.АЮУРСАЙХАН: Улс төрийн намын шинэчлэл явуулах гэхээр эрх зүйн орчин хангалтгүй байдаг. Ялангуяа улс төрийн намын хамгийн тулгамдсан асуудал бол санхүүжилт, санхүүгийн ил тод байдал байгаа. Мөн хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхойлж өгсөн байна. Өмнө нь Монгол Улс аймаг нь сум, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гээд заачихсан. Хотын хөгжлийн ямар ч эрх зүйн орчин байдаггүй байсан.Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Цэцэрлэг гээд бусад хотууд аймгийн төвүүд дандаа сум болчихсон. Хотын статустай болгох, суурин газрыг хөгжүүлэхэд чухал заалт оруулжээ.Шүүгч нарын шалгуур, томилгоонд анхаарч, шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгч нарын хариуцлагын зөвлөл байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээсээ сонгож байгаа нь оновчтой шүү. Гэхдээ УИХ-ын гишүүд шууд сонгогддог Үндсэн хуулийн заалттай. Намын жагсаалтын ард нуугдах боломж хаасан. Сонгуулиар жагсаалтын цаана нуугдаж орж ирсэн хүмүүст иргэд бухимдаж байсан. Энэ төслөөр дахиад сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэж оруулсан байна. Энэ заалтыг хасаад иргэд нь өөрөө сонгодог болгох ёстой шүү.

* * *

ЗАСГИЙН ГАЗРЫГ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХАД ЧИГЛЭХ УЧИРТАЙ

С.БАТБОЛД: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлага, нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Сонгууль бүрийн дараа яамдын нэрийг өөрчлөөд бүтцийн өөрчлөлт нэрээр олон халаа сэлгээний асуудал явдаг. Төрийн мерит зарчим, залгамж халааг сууриар нь алдагдуулдаг. Энд оруулсан заалт маань төрийн албыг бэхжүүлэх заалт амьдралд хэрэгжих боломж бага харагдаад байна. Агентлагууд өөрсдөө бие даасан хуультай. Энэ хуулиараа байгуулагдаад ажил нь, боловсон хүчин нь тогтвортой явдаг. Харин төрийн яамдууд зориулсан хууль байхгүй. Яам тус бүрийг хуулиар байгуулаад төрийн албан хаагчдын тогтвортой байдлыг хангаж өгөх нь зүйтэй. Үндсэн хуулийн 46 зүйлд Монгол Улсын яам, Төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна гэснийг нь Монгол Улсын яам, Төрийн бусад албан газрыг тус бүр хуулийн дагуу байгуулж үйл ажиллагааны үндсэн чиглэл,тогтолцоо,эрх зүйн үндсийг нь тодорхойлж тус байгууллага албан тушаалтны бүрэн эрх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэсэн саналыг хүргүүлсэн байгаа. Энэ хуулиар Засгийн газрын тэргүүний эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэсэн асуудал хөндөгдөж байгаа. Илүү чухал нь Засгийн газрыг хэрхэн тогтвортой  байлгахад чиглэх учиртай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top