УИХ-ын гишүүдийн 98.4 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн юм
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гишүүд 98.4 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл гараанаас гарав. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэц болон Засгийн газраас ирүүлсэн санал тус бүрийг уншиж танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, байх сууриа илэрхийлсэн. Үндсэн хуулийн Цэцээс “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын агуулгад бүрэн нийцсэн байвал зохино” гэсэн дүгнэлтийг УИХ-д ирүүлснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан уншиж танилцуулсан бол Засгийн газраас ирүүлсэн саналыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уншиж танилцуулсан юм. Тэрбээр “Засгийн газраас хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлснийг ажлын хэсэг хүлээн авч хуулийн төсөлд тусган эцсийн хувилбарыг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Засгийн газрын дэмжээгүй санал нь намын үйл ажиллагааг Үндсэн хуулийн Цэц хянахаар байсныг хасах санал өгснийг ажлын хэсэг хүлээж авсан. Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн институт байхаар тусгасныг Засгийн газар дэмжээгүй. Үүнийг ажлын хэсэг мөн хүлээж авсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн нь чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож итгэл үнэмшлээрээ санал өгнө гэсэн заалт байсныг Засгийн газар шаардлагагүй гэж үзсэнийг мөн хүлээж авсан” хэмээн танилцуулав.
Харин санал хураалтын үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь түүхэн, хариуцлагатай ажил. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үед явуулах санал хураалтыг гар өргөж, илээр явуулах горимын санал гаргаж байна. Санал хураалтыг цахим төхөөрөмжөөр эсвэл гар өргөж, санал хураана гэж заасан. Цахим төхөөрөмжөөр санал хураахад гишүүдийн санал уншигдахгүй байх гомдол гардаг. Ийм эрсдэл гаргахгүй үүднээс ил гар өргөж, санал хураах горимын санал гаргаж байна” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гар өргөн санал хураавал эсрэг санал өгсөн гишүүд нь харагдахаа больчихно. Олон нийт хараг л дээ. Эсвэл эсрэг санал өгсөн хүмүүсийн нэрсийг дурд. Бид хувь хүнээ төлөөлж энд суугаагүй. Ард түмэн харах хэрэгтэй” гэсэн юм.
Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор илээр гар өргөн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь дэмжиж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ганцаараа дэмжээгүй бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хүндэтгэх шалтгаанаар санал хураалтад оролцсонгүй.
ХЭН ЮУ ХЭЛЭВ?
* * *
ҮАБЗ-ИЙН ГИШҮҮД САНАЛ НЭГ БАЙГАА
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол улс төрийн намууд болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, гурван парламентын бүтээл. Хэдхэн хоногийн өмнө өргөн бариад хэлэлцэж байгаа болохоос олон жилийн өмнөөс бэлтгэсэн, олон хүний хөдөлмөр шингэсэн хуулийн төсөл. “Би хийгээгүй юм чинь чи болохгүй” гэсэн зарчмаар хандаж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал солилцсон. Агуулга, санал нэг байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэж ойлгож болно. АН-ын гишүүдийн хувьд улс төрийн тодорхой шалтгаан байдаг байх. Гэхдээ өөрсдөө өргөн барьж, дэмжиж явсан хуулийн төслөөс хойшоо ухраад суучихаагүй гэж бодож байна. АН-ынхан “давхар дээл”-ийг тайлъя гэж өчнөөн жил ярьсан. Одоо үүнээсээ ухарчихаагүй гэж бодож байна. “Дордуулсан” долоон өөрчлөлтийг засъя гэж зөндөө ярьсан. Мөн үүнээсээ зугтчихаагүй гэж бодож байна. Байгалийн баялгаа тэгш хүртээмжтэй болгох тогтолцоо руу оръё гэж зөндөө ярьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол үндэсний зөвшилцлөөр бий болсон төсөл.
* * *
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИАР ЯРИХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн М.ЭНХБОЛД: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Өмнөх гурван парламентад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлого хийж байсан. 2008-2019 онд ажилласан гурван парламентын хугацаанд долоон удаа ажлын хэсэг байгуулсан. Янз бүрийн шалтгаанаар хойшлогдсоор одоо нэмэлт, өөрчлөлт хийх боломж бололцоо бүрдэж байх шиг байна. 27 жилийн хугацаанд буюу Үндсэн хууль баталж байх үеэс Монголын нийгэм, эдийн засагт ихээхэн өөрчлөгдсөн байна. Нийгэмд гарсан өөрчлөлттэй салшгүй холбоотой авч үзэх ёстой. 2016 онд МАН иргэдээсээ асууж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг амлалт өгч гарч ирсэн. Энэ бол ард түмний захиалга.
Үндсэн хууль баталсан, өөрчилсөн түүхүүдийг аваад үзэх юм бол нэг намын үнэмлэхүй олонх байх үед хийгдсэн байна. 1992 онд шинэ Үндсэн хууль баталж байхад 86.2 хувь нь МАН-ын гишүүн, 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг хийх үед 94.7 хувь нь нэг намын төлөөлөл байсан. Энэ утгаараа бодоод үзэхэд нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь мөн. Бид шинэ засаглалын тухай яриагүй. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалыг ярих гэж байгаа бол шинэ Үндсэн хууль ярих ёстой. Тиймээс парламентын засаглалыг сайжруулах үүднээс хийж байгаа нэмэлт, өөрчлөлт гэж үзэн асуудалд хандах хэрэгтэй. УИХ ард түмнээс сонгогдсон, ард түмний өмнө хариуцлага хүлээдэг байгууллага. Тиймээс төвийнхөө эрхийг Засгийн газарт бүрэн өгч байгааг зөв эсэхийг нягталж үзэх хэрэгтэй.
* * *
ШУДАРГА ЁС ТОГТООХ ЧИГЛЭЛЭЭР ЧУХАЛ ЗААЛТУУД ОРСОН
УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жил боллоо. Энэ бол багагүй урт хугацаа. Тухайн үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал өөр байсан. Гэтэл өнөөдөр энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах үед олон улсын нөхцөл байдал ч өөр байсан. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан сууриа хуулиа тодорхой хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа.
Монголын ард түмэн биднээс хоёр зүйлийг шаардаж байна. Нэг дэх нь нийгэмд ус, агаар мэт хэрэгтэй зүйл бол яахын арга шударга ёс. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд шударга ёсыг тогтоох чиглэлээр хэд хэдэн чухал заалтууд орсон. Тухайлбал, байгалийн баялгийг ашиглахдаа ард иргэддээ тэгш, шударга байдлаар хуваарилах зэрэг өөрчлөлтүүд тусгасан. Хуулийн үг, үсэг бүхэн маш том зүйлийг тодорхойлдог. 1992 оны Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг оруулсан. Энэ заалт орсоор мал сүргээс гадна малчид маань төрийн хамгаалалтад орсон. Хоёр дахь нийгмийн хүсэмжлэл бол хариуцлагын асуудал. Хариуцлагыг бий болгох чиглэлд Үндсэн хуулийн өөрчлөлт тусгагдсан гэж ойлгож байгаа. Хариуцлагыг УИХ-аас эхлэх зарчмыг тусгасан.
* * *
Л.БОЛД ГИШҮҮН БИД ХОЁР КАРТАА СУГАЛАВАЛ МАН-ЫН ГИШҮҮД ҮЛДЭНЭ
УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАН: Үндсэндээ сөрөг хүчний хяналтгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Л.Болд гишүүн бид хоёр картаа сугалаад гарах юм бол зөвхөн эрх баригч намын гишүүд үлдэж байна. Гэхдээ Үндсэн хуулийг бид нийгмийн томоохон зөвшилцөл дээр шийдэх ёстлй. Зарим нэг сөрөг хүчин асуудлыг дэмжиж байна гэчихээд хурлаа орхиод гарсныг ойлгохгүй байгаа.
Үндсэн хуулийн шинэчлэл гэдэг бол нийгмийн суурь асуудлуудад хариулт өгдөг. Бид нийгмийнхээ суурь асуудлуудад хариулт өгч чадаж байна уу гэдгийг өөрсдөөсөө асуух ёстой. Засаг захиргааны шинэчлэлд хангалттай хариулт өгч чадахгүй байна. Зарим аймаг, сум, дүүрэг, багийн хурал хуралдаж чадахгүй олон жил болж байна. Дэлхийн улс орнуудын туршлагыг харгалзан үзэх ёстой. Доод шатны иргэдийн хурал хуралдаж чадахгүй бол шууд тараадаг зохицуулалтыг хийх хэрэгтэй. Монголын өөрийгөө удирдах чадамж алдагдаад байна. Харамсалтай нь сүүлийн 30 жил харгис хэрцгий анархист нийгэм байгуулсан. Хэрэв хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах гэж байгаа бол тогтолцоог нь Үндсэн хуульдаа зааж өгөх ёстой. Улс төрийн намууд Монголын хямралын гол шалтгаан. Хамгийн наад захын жишээ бол 60 тэрбумын хэрэг. Улс төрийн намын шинэчлэлийн олигтой заалт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирсэнгүй. Бид одоо тунхагладаг биш, бодлогоо тусгадаг өөрчлөлт хийе. Ирэх 30 жилийн бодлогоо харсан Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй.
* * *
САЙД НАР ХАВЧИГАНАСАН БАЙДАЛТАЙ АЖИЛЛАДАГ БАЙСАН
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ: Төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай байлгах үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар байгуулж, 300 гаруй сайд төрүүлсэн. Тийм болохоор гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах хэрэгтэй. УИХ-ын хэт их эрх мэдэлтэй байхыг багасгах зохицуулалт оруулж ирж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар хөндөж болохгүй гэсэн заалт байдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ тухай заасан. Тиймээс ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлыг бодолцож энэ заалтуудыг хөндөөгүй. Засгийн газрын эрх мэдлийг хэт нэмэгдүүлж байна гэж ойлгож болохгүй. Засгийн газрын тогтвортой ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. УИХ-аас сайд нарыг томилохоор гишүүд нь дарамталдаг тал бий. Ийм байдлаас болоод Засгийн газрын сайд нар хавчиганасан байдалтай ажилладаг байсан нь нууц биш. Өнгөрсөн 27 жилийн алдаа энэ. Хууль тогтоох нь хууль тогтоох засаглал шиг, гүйцэтгэх нь гүйцэтгэх засаглал шиг байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 4 )
Ард түмнийг төөрөгдүүлж элдэв нэр хоч өгч ҮХ-ийн өөрчлөлтийн эрч хүчийг сааруулж болохгүй ээ?! Харин ч энэ цагтаа хэрэгтэй асуудлуудыг багтаасан дордуулсныг дээрсгэсэн аятайхан хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
Ард түмнийг төөрөгдүүлж элдэв нэр хоч өгч ҮХ-ийн өөрчлөлтийн эрч хүчийг сааруулж болохгүй ээ?! Харин ч энэ цагтаа хэрэгтэй асуудлуудыг багтаасан дордуулсныг дээрсгэсэн аятайхан хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
Ард түмнийг төөрөгдүүлж элдэв нэр хоч өгч ҮХ-ийн өөрчлөлтийн эрч хүчийг сааруулж болохгүй ээ?! Харин ч энэ цагтаа хэрэгтэй асуудлуудыг багтаасан дордуулсныг дээрсгэсэн аятайхан хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
ҮХ-ийн өөрчлөлт бус, Парламентат ёсны түүхэн хөгжлийн эрэнд зохицсон, улс орны хөгжил, дэвшил, иргэдийн жинхэнэ эрх чөлөөг хангахуйц, эрх мэдэлтнүүдийн эрхийг хуулийн хүрээнд хязгаарлах, ард түмний амьдрал ахуйнхаа өдөр тутмын амьдралыг хараат бусаар зохицуулах, эрх мэдэлд хяналт тавих чадамж бүхий ард түмний засаглалын асуудлыг авч үзэх учиртай. Одоогийн яригдаж буй ҮХ-ийн өөрчлөлт, сонгуулийн хуулийн өөрчлөлт нь эрх баригчид тэсэж үлдэх боломжийг л хайсан арга буй за.