Монголын ард түмэн хэнээс ч асуулгүй өөрсдөө бүтээсэн хамгийн том сац суварга, бүтээл нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль. Түүнээс хойш 2000 онд долоон нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хууль хэмээх төр иргэнийг холбосон тунхагаа бид өөрчлөх талаар сүүлийн гурван парламент дамжин ярьсан. Үе үеийн парламентын босго давж чадалгүй бүдэрсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт чагтнаасаа мултарлаа. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрөгч мягмар гаригт Их хурал 98.4 хувийн саналаар дэмжсэн билээ. Монгол Улсын Төрийн тэргүүн “бой” ихтэй парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эрхгүй гэсэн ч парламент хэлэлцэх ёстой гэж үзсэн учраас тэр. Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумин, сонгодог хэлбэрийн бэлгэ тэмдэг болгож, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Цаг ирж, нөхцөл бүрдэнэ гэдэг дээ. Эрх баригчид нөхцөл бүрдсэн хэмээн үзжээ. Сөрөг хүчин Ардчилсан нам “Эцэг хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй хэмээн гэдийсэн. Ямартай ч УИХ-ын дарга Г.Занданшатар сөрөг хүчний зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг Ажлын хэсэгт багтаан алх цохисноор галт тэрэг хөдөллөө. Монгол Улсын хэрхэн оршин тогтнох суурь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Зарим улс төрийн хүчин ганц нам Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй л гэж байна. МАН-д ард түмэн итгэл үзүүлж 2016 оны сонгуульд парламентад 65 суудал өгсөн. Үүнээс илүү ард түмний дэмжлэг гэж байхгүй.
2012-2016 онд УИХ дахь Ардчилсан нам бүлгээс “Фортуна” Н.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг гарч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж байлаа. Гэсэн ч парламентыг 99 гишүүнтэй болгоно. Тэнгэрээс илгээсэн тоо ухааны юм яриад хүмүүсийн дургүйцлийг хүргэж, тэнгэр ч үгүй, 99 гишүүн ч үгүй тэгсгээд амаа алгадлуулан хоцорч байв. Өмнө нь төслөөс цааш “бэлчээрт” гарч байгаагүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэг нам үнэмлэхүй олонх буюу 64 гишүүнтэй байх үедээ батлахгүй бол дахин ийм боломжийг ард түмэн олгох эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа МАН, АН, МАХН нийлээд рейтинг нь 40 хувийн босго дөнгөж шүргэж байгаа энэ үед амжуулахгүй бол дахиад гэдэг боломж гарахгүй болов уу. Мэдээж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн автор болох сонирхолтой хүмүүс бий. Гэхдээ автор хэн байх нь хамаагүй, Үндсэн хуулиа л өөрчлөх хэрэгтэй байна. Хэрвээ энэ таатай цаг үед Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийхгүй бол төрийн бүтэц, эрх үүрэг, засаг захиргааны бүтэц энэ хэвээрээ олон жилийн турш үлдэж, Монгол Улсын нийгэм “Эцэг хууль”-ийн дордуулсан гэх алдаан дор тарчилсан хэвээр байх болно.
МАН зориглосон асуудлаа зангидсан гар шиг шийдэж чаддаг хэмээн өөрсдийгөө магтах дуртай. Хэдийгээр сүүлийн нэг жил нам дотроо толхилцоонтой байсан ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжинэ гэдэг дээрээ бат нот зогссон гээд байгаа. Эс бөгөөс өнгөрөгч парламентын бүтээгүйн тод жишээ дахин давтагдана.
Гэхдээ муйхраар дайраад өөрчил гэж байгаа юм биш. Сөрөг хүчин хийгээд парламентад суудалгүй намуудын саналыг хүндэтгэн үзэх учиртай. Тэнцвэртэй, тогтвортой, хариуцлагатай төрийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэдгийг хаа хаанаа ойлгох нь чухал юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн галт тэрэг зогсвол булхай, луйвар, бохир бүхнээ Үндсэн хуулийн буруу хэмээн “яллаж” хогийн тантан мэт зүхсээр байх болно. Тиймээс улс төрийн тавцанд тоглолт хийж буй улстөрчид, иргэдийн оролцоо хамгаас чухал.
Төрийн эрх мэдлийг тэнцвэртэй, харилцан хяналттай, харьцангуй бие даасан байдлаар хуваарилдаг энэ зарчмаа бүрэн тодорхойлж, сонгодог парламентын загварыг бий болгох нь зөв гэдгийг дор бүрнээ ярьдаг. Ойрын хугацаанд зорилгодоо хүрэх боломж нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байх учиртай. БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж, сонсгон мөн өдрийн 11 цаг 35 минутад баталж байсан нь архивын баримтад дурайн үлджээ. Харин 1992 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн 9-ний идрийн барилдлагатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн дагаж мөрдсөн байдаг. Түүнээс хойшх 27 жилийн хугацаанд 14 Засгийн газар солигдсон. Үүний сонгодог жишээ нь өнөөдрийн Монгол Улс. Засгийн газрын тогтворгүй бодлогын улмаас “Хуучин хүү” шиг шалдар булдар явсаар үр дүнд хүрсэнгүй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвхөн нэг жишээг авч үзье. Өнөөгийн УИХ нь Засгийн газрын бүх гишүүдийг толгой дараалан хэлэлцэн томилж байна. Манай гишүүд томилогдоход нь “дэмжинэ” гэдэг үг чихэнд нь шивнэж амждаг. Тиймээс тамгаа ч авч амжаагүй сайдад амин хувийн захиасаа хэлж, араас нь хатгаж зовоох нь түгээмэл болсон. Сайд гэдийчихвэл суудалтай чинь ярина гэж аашилдаг.
Парламентын гарт Засгийн газар, сайд нарыг томилох чөлөөлөх, огцруулах эрх мэдэл байснаар танхимаар ажиллах зарчим бүрэн алдагдаж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн оруулж иржээ. Парламент нь Засгийн газраа барьцаалдаг байдлыг хазаарлахаар оруулж ирсэн нь загатнасан газар ёстой “маажиж” өглөө. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх боломж олгосон нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хяналтгүй болох суурийг дэвссэн.
Нэг үгээр хэлбэл 2000 онд оруулсан “дордуулсан долоо”-н өөрчлөлтийн нэгийг төрхөмд нь буцаах юм байна. Энэ өөрчлөлт орсноор одоогийн жишээн дээр авч үзвэл Ерөнхий сайдаас бусад 15 сайд нь УИХ-ын гишүүн байгаа “хэтийдэлд” хязгаар тавина. Манай практикт парламентын гишүүд сайдын албыг давхар хашиж байгаа нь хамгийн зохимжгүй. Тиймээс Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын кабинетын гишүүдийн дөрөв нь л “Давхар дээл”-тэй байхаар оруулж ирсэн нь энэ. Парламент нь Засгийн газартаа хяналт тавьж чаддаггүй, Засгийн газрын гишүүд нь чуулган, байнгын хорооны хуралдаандаа суудаггүй байдалд цэг хатгах нь. Засгийн газрын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө томилдог болсноор хариуцлага тооцох эрх нь ч нээгдэж байна. 2012-2016 оны үед МАН-ынхан Ардчилсан намынхныг эсэргүүцэн “Давхар дээл”-ээ тайлах шаардлага хүргүүлж, тухайн үеийн сайд нарын дүрс бүхий баг өмсөн дээлтэй жагсч байсан. Үүнийгээ ажил хэрэг болгохоор зориг шулуудан орж иржээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөгдөх өөр нэг сэдэв нь нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн байна. Тэр дундаа бүх шатны Засаг дарга нарыг томилох огцруулах журмыг тодорхой болгож байгаа юм. Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшчигчийг томилохоос татгалзвал журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно. Баг, хорооны Засаг даргыг харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилохоор оруулж иржээ.
Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга дарга 15 хоногийн дотор батламжилах юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар 2020 оны долдугаар сарын 1-ний өдрийн 12 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр төсөлд тусгаад байна. Энэ мэтчилэн удтал “нухагдаж” буй Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийгмийг тэр чигт өөрчлөх боломжууд бий.
Сэтгэгдэл ( 2 )
хууль уурчлууд дарга нар хулгай хийхээ, авилга авахаа, хууль зурчихуу хэзээ ч болихгуй.
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913