УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнгөрөгч долоо хоногт хооронд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгийн 960 гаруй иргэдийн дунд хийгээд байна. Аймгийн хууль хяналтын байгууллагын ажилтан албан хаагчид, Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын төрийн албан хаагчид, уурхайчид, малчид, тариаланчид, иргэд сонгогчдын төлөөлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй танилцан санал бодлоо илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Хууль тогтоох дээд байгууллага УИХ болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох Засгийн газрын сахилга хариуцлагыг сайжруулах, ард түмний засаглах эрхийг хангах, шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлэх, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцооны тулгамдсан асуудлын талаар энэхүү төсөлд туссан. Монгол Улсын “эцэг” хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн бүрийн санаа чухал учир та бүхэн төсөлтэй сайтар танилцан саналаа нэмэрлэх хэрэгтэй” гэлээ.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Шарын гол сумын иргэн Д.Баяннамсрай “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжихдээ бүх өөрчлөлтийг 2021 оноос эхлэх хэрэгтэй. Түүнээс биш заримыг нь 2020 оноос заримыг нь 2025 оноос гэж ялгаж салгах нь зохимжгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэдэг нь эргэлзээ төрүүлж байна” гэв.
Хонгор сумын нэгдүгээр багийн иргэн Г.Бадарч “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж давхар дээл өмсөх шаардлагагүй. Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байж болно” гэсэн саналыг хэлэв. Дархан сумын иргэн Р.Урангоо “Баг хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилох нь буруу. Төрийн байгууллагын анхан шатны нэгж болох баг, хорооны Засаг даргыг ард иргэдийн саналаар сонгох нь зүйтэй. Жишээ нь 2012 оноос Дархан-Уул аймгийн Дархан сум багийн Засаг даргад нэр дэвшигчдийг тухайн багт оршин суугч иргэдээс санал авах зарчмаар сонгодог болсон. Иргэдийн саналаар сонгогдсон багийн Засаг дарга төр иргэний гүүр болж тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахыг эрмэлзэнэ. Дээд шатны Засаг дарга нь томилсон тохиолдолд зөвхөн түүний эрх ашигт л нийцүүлж ажиллах сөрөх талтай” гэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурор Дэндэвдорж “УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах заалтаа эргэн харах нь зүйтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 28.3-т заасан үйл ажиллагааг явуулдаг хууль хяналтын байгууллагууд байсаар байтал энэ хороог байгуулснаар шүүх, хууль хяналтын байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлнө” гэлээ.
Дархан сумын 1 дүгээр багийн иргэн Баатар “Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох шаардлагатай. Улсын зэрэглэлтэй хот болох шалгуур, улсын болон, орон нутгийн харъяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулинд тусгахдаа хүн амын тоог зааж өгөх нь зөв. Жишээ нь 90 мянгаас дээш хүн амтай аймгийг хотын статустай болгоно гэх мэт. Хотуудыг хөгжүүлснээр Улаанбаатар хотын төвлөрөл саарч, үйлдвэр аж ахуйн нэгжүүд олноор бий болж, ажлын байр нэмэгдэнэ” гэсэн бөгөөд уулзалт хэлэлцүүлэгт оролцсон Дарханчуудын олонхи нь Дархан-Уул аймгийг улсын зэрэглэлтэй Дархан хот болгох саналыг тавьж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )