Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа билээ. Төслийн хүрээнд УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, шүүхийн эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн үндсэн дөрвөн багц асуудлаар 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Дээрх дөрвөн багц асуудлын хүрээнд ямар шинэ өөрчлөлт оруулах талаар ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүдийн байр суурийг тоймлон хүргэе.
ТӨРИЙН АЛБАНЫ ШАТЛАН ДЭВШИХ ЗАРЧМЫГ АНХ УДАА ОРУУЛСАН
Я.СОДБААТАР: Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөж буй томоохон асуудал нь 2000 оны буюу “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг эргэж харна. Ингэхдээ зургааг нь бүтнээр буюу хэсэгчлэн сэргээх юм. Шинэ төслөөр 39-өөс дээш гишүүн ирж байж УИХ-ын чуулганы ирцийг бүрдүүлнэ. Ингэхдээ нийт гишүүний 50 хувиар хууль баталдаг байхаар тусгасан. Хамгийн багадаа 39 гишүүн оролцож байж аливаа хуулийг батлан гаргадаг байя гэсэн үг. Мөн УИХ-ын нэг чуулган ажлын 50 хоног чуулдаг байсныг 75 болгож байна. Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн төслийг хэлэлцэн баталж байх үед зөвхөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр л зардлын шинэ төрөл үүсгэдэг болъё гэж байгаа. Энэ бол УИХ төсвийн талаарх бүрэн эрхээсээ татгалзаж, хязгаарлаж байгаа үйлдэл. Түүнчлэн УИХ-ын бүрэн эрхийг дуусгавар болохтой холбоотой заалтуудыг нарийвчлан зааж өгсөн. Төрийн албаны шатлан дэвших буюу мерит зарчимд суурилсан томилгоотой холбоотой асуудлыг анх удаа оруулж байгаа. Энэ 27 жилийн хугацаанд улс төрийн сонгуулиа дагаад ихээхэн улс төржилт өрнөж, халаа сэлгээ болдог болсон. Үүнийг дагаад төрийн бодлого алдагддаг. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтүүдийг оруулсан.
ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛТАЙ ХОЛБООТОЙ “ДАВХАР ДЭЭЛ”-ИЙГ ХЯЗГААРЛАНА
С.БЯМБАЦОГТ: Сүүлийн арваад жилийн турш ярьж байж Үндсэн хуулийг өөрчлөх төслийг оруулж ирсэн гэдгийг онцолъё. Хэрвээ хуулийг өөрчилж чадвал УИХ-ын хариуцлага, үйл ажиллагаа сайжирна. Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотойгоор “давхар дээл”-ийг хязгаарлана. УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж үзсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэж заасан. Харин Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно. Сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулах тухайд Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулна. Харин Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Ерөнхий сайд ингэж огцорвол танхим бүрэлдэхүүнээрээ огцордог байхаар тусгасан.
ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ УЛИРААН ТОМИЛОХГҮЙ
Х.НЯМБААТАР: Шүүхэд итгэх иргэдийн итгэл буурсан, нэр хүнд нь унасан зэргийг үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүх эрх мэдэлтэй холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг оруулахаар болсон. Улсын Дээд шүүхийн шүүгчдийн тоог бууруулж, 22 байхаар өөрчилсөн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн тухай нарийвчилсан заалт байдаггүй. ШЕЗ бол шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор ажиллах учиртай. ШЕЗ нь шүүгчдээс шалгаруулалт хийснээр шууд томилно. Энэ шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч 21 хоногийн дотор батламжлах үүрэг хүлээнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ШЕЗ-ийг арван гишүүнтэй байлгая гэж байгаа юм. Тавыг нь шүүгчдийн зөвлөгөөнөөс тавыг нь УИХ-ын мэргэжлийн байнгын хороо буюу одоогийн Хууль зүйн байнгын хорооноос бүрдүүлнэ. Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн бүх шүүгчийн олонхын саналаар гурван жилийн хугацаанд сонгоно. Нэг удаа улираан сонгож болно гэж заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн, мэргэжлээрээ 15-аас доошгүй ажил ажилласан хүнийг томилохоор зохицуулсан. Цэцийн гишүүдийн гурвыг нь УИХ-ын холбогдох байнгын хороо, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхээс санал болгосноор есөн жилийн хугацаатай томилох бөгөөд дахин томилох хориотой гэж үзсэн.
ОРОН НУТАГТ ТАТВАР ТОГТООХ, ӨМЧТЭЙ БАЙХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН
Д.ТОГТОХСҮРЭН: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд хотын эрх зүй, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, бүх шатны Засаг даргыг томилох, огцруулах чөлөөлөхтэй холбоотой гурван зүйлийг хөндөхөөр оруулсан. Нэгдүгээрт, сум, дүүрэг бол үндсэн нэгж байна гэж заасан. Хоёрдугаарт, эрх мэдлийг орон нутаг, тэр дундаа сум дүүрэгт чиглүүлэх агуулгаар татвар тогтоох, өмчтэй байх боломжийг нь энэ хуулиар нээж өгч байгаа. Сонгуулийн хувьд сум, дүүргийн ИТХ иргэдээс сонгогдох хэвээрээ байна. Харин аймаг,нийслэлийн ИТХ-ыг иргэдээс бус Засаг захиргааны нэгжээс сонгогдоно. Үндсэндээ өнөөдөр таван удаагийн сонгууль явуулж буйг гурав болгон цөөлсөн. Гуравдугаарт, баг, хорооны Засаг даргыг томилно. Тухайн хүн нь төрийн албан хаагч байна. Харин сум, дүүргийн Засаг даргыг сонгоно. Гэхдээ аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилна. Аймаг, нийслэлийн Засаг даргад ИТХ-аас нэр дэвшээд Ерөнхий сайд батална. Харин иргэдээс сонгогдсон сумын Засаг даргын хувьд ИТХ-ын олонхын саналаар огцорно. Огцруулсан тохиолдолд нэг хариуцлагын заалтыг оруулсан. Тухайлбал, иргэд хариуцлагагүй, ажилдаа тааруу хүн сонгоод түүнийг ИТХ-аас огцруулчихвал үлдсэн хугацаанд нь Засаг даргыг аймгийн Засаг дарга шууд томилохоор байгаа.
Сэтгэгдэл ( 0 )