Тэртээ 2003 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг НҮБ-ийн энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Хааны эрэлд” сургуулийг зохион байгуулж эхэлсэн. Энэхүү олон улсын сургуульд оролцсоноор орон орны цэнхэр дуулгатны энхийг сахиулагчдын хувьд үүрэг гүйцэтгэх хугацаандаа хуримтлуулсан туршлага, сургамж, ажиллагааны арга техникүүдээ харилцан бие биедээ зааж сурган, мэдлэг дадлагаа арвижуулан дээшлүүлэх боломжийг олгодог юм. Анх Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхэлсэн бол өдгөө таван тивийн 50 гаруй оны 14000 орчим энхийг сахиулагчид оролцсон олон улсын томоохон сургууль болоод байгаа юм. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэх энэхүү сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга болон Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, цэргийн атташе нар онцгойлон анхаарал хандуулж, дэмжин ажиллаж байгаа билээ. “Хааны эрэлд-2019” олон сургуулийн сургууль энэ сарын 14-нд эхэлж, 38 орны 1700 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.
Зуны нар зулайгаас төөнөж, өлмийгөөс шарсан энэ өдрүүдэд орон орны цэргүүд хүнд хүчир бэлтгэл сургуулилт хийж, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвараа сорин хичээллэж байгаа Төв аймаг дахь Тавантолгойн Сургалтын нэгдсэн төвд үд голлон ирлээ. Үдийн цайндаа орохоор цэргүүд зоогийн газрын гадаа дугаарлан зогсжээ. Хэвлэлийн ажилтнуудыг замчлан Зэвсэгт хүчний хэвлэл мэдээллийн ажилтан, цэргийн хувцастай бүсгүй мөнөөх урт дарааллын ард биднийг зогсоов. Зоогийн газрын үүдэнд угаалгын өрөө, ариун цэврийн өрөөг шийдсэн нь оновчтой болжээ. Цэргүүд гараа угаан ариутгаад, хоолоо сонгож өөртөө тавагласаар уртаас урт эгнүүлсэн ширээнээ очиж суув. Цэргийн ёсоор орон орны цэрэгтэй мөр зэрэгцэн хооллож ундалж суухад Катарын цэргүүд анхаарал татаж байв. Мусальман шашинтны хоол унд, хооллох дэг жаяг өөр байдаг аж. Хоолны онцлог, тохиромжоос шалтгаалж, тэд тусдаа тогоочтойгоос гадна гарыг хамгийн ариун зүйл гэж үзэж, гараараа хооллоно. Хооллож дууссан бүх цэргүүд өөрсдийн аяга тавгаа хураана. Тэдний адил ширээгээ чөлөөлчихөөд гадагш гарч Непал улсын сургуулилж буй цэг рүү хөдлөв.
Энэ цэгт Балбын Вант Улсын цэргүүд үүрэг гүйцэтгэхэд бэлэн жагсжээ. Байлдааны хуягласан машин болон бүхээгтэй ачааны машинуудад цэргүүд зэвсэглэн хуваарилагдаж Хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх цэг рүү цуваа болон сүр бадрангуйгаар урагшиллаа. Хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх цэг нь НҮБ-ийн сүр хүчийг үзүүлэх, орон нутагт болж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, орон нутгийн иргэдийн амар амгалан байдлыг хангах үүрэгтэй. Цагийн байдал ороо бусгаа, дайн дажны хүнд бэрх үед өлсөж цангасан ард иргэд, зэвсэгт босогчид яахаас ч буцахгүй болдог аж. НҮБ-ийн цэргүүдээс хоол хүнс нэхэх, дээрэмдэж тонох зорилготой үе үе ирдэг жишээг харуулж энгийн хувцасласан “эсрэг дүрийн баатрууд” хаанаас ч юм гэнэт гарч ирэв. Хүйтэн зэвсэг атгасан тэдгээр иргэд санаснаа авах гэсэн боловч цэргүүдтэй тохиролцоонд үл хүрчээ. Сэтгэл зүйн хувьд хүнд цочролд орж, уурлаж бухимдсан дээрэмчид цэргүүд рүү эхэлж гал нээлээ. Цэрэг, дээрэмчдийн дунд буудалцаан дэгдэж, орилоон хашхираан дэврэв. Буун дуу тачигнаж, гранат шидэлж, тэнгэр өөд гэрэлт сум харвана. Дээрэмчдийн зарим нь зугтаж амжив. Гэвч хэсэг хугацааны дараа тэд зэвсэгт бүлэглэлээр хүч нэмэн эргээд ирлээ. Байдал улам хурцдаж, чих дөжрөм автомат бууны тачигнаан дунд зогсож байхад өнгөрсөн цагт Халхын голд очсон юм шиг мэдрэмж төрөв. Зүрх оволзон, цөс хөөрч, эх орныхоо төлөө тулалд гээд буу өгвөл эрслэн дайтахад бэлэн ч юм шиг нэг мэдэхэд шүдээ зуучихсан, хамаг биеэ чангалчихсан зогсов.
Энхийг сахиулагч цэргүүд Байлдааны хуягласан машинаар давшин дээрэмчдийг дарж, шархтнуудад яаралтай тусламж үзүүллээ. Үзүүлэх сургуулилтын дараа тус салааны багш Индонейзийн Зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын төвийн багш Сайфудинээс сэтгэгдлийг нь сонслоо.
“Хааны эрэлд 2019” олон улсын сургуульд багшилж буй таны сэтгэгдэл?
“Хааны Эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд зохион явагддаг сургалт, дадлагын нэг бол салаадын тактикийн хээрийн сургууль юм. Уг сургуулиар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гүйцэтгэдэг үндсэн үүргүүд, энхийг сахиулах ажиллагааны талаар цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулах гол зорилготой. Багшилж байгаадаа сэтгэл хангалуун байна.
-Хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх цэгийн онцлох үүрэг нь юу вэ?
-Хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх цэг нь болзошгүй зэвсэгт бүлэглэлүүдийн эмх замбараагүй хөдөлгөөн, хууль бус зэвсгийн наймаа, хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй. Үүргээ авсан Непалын салаа дээрх үүргийг гүйцэтгэн ажиллалаа.
-Таныг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож явахад энэ мэт зэвсэгт мөргөлдөөн ч и х гардаг уу? Хамгийн их туршлага хуримтлуулсан ямар жишээ байдаг вэ?
Хойд Суданд цэргийн ажиглагчаар ажиллаж байсан. Хэрэв манай хариуцлагын бүсэд хууль бус зүйлс илэрвэл шалгах л үүрэгтэй оролцдог. Гэхдээ онцгой дайны бүсэд ийм жишээ олон гардаг.
Энэ жилийн сургуулилтын онцлог нь Бүгд Найрамдах Бенин, Бүгд Найрамдах Замби, Молдав, Руанда, Того, Израйл, Йорданы Хашимитын хаант улс зэрэг долоон улсаас анх удаа оролцож байна. Дараагийн цэг Эмнэлгийн цэг. Энэ жил эмнэлгийн нэг, хоёрдугаар цэгийг байгуулжээ. Нэгдүгээр цэг дээр эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлэх вэ, хэрхэн зөөвөрлөх вэ гэдэг хичээлийг үзэж, хоёрдугаар цэг дээр ажиллагааны газар оронд цагийн байдал хүндэрсэн үед галын доороос шархтан хэрхэн татан гаргах вэ, хэрхэн амийг нь аврах вэ гэдгээ дадлагаар ордог. Индонейз улсын цэргүүд энэ цэг дээр шархтанд хэрхэн тусламж үзүүлэх зөөвөрлөхийг сургуулилтаар үзүүлэхээр бэлэн болсон байлаа. Мөн л босогчид гал нээж утаа май суунаглаж, буудалцаан үргэлжлэв. Тусгайлан бэлдэж, нүүр ам, гар хөлийг нь цусан улаанаар будаж, нялсан энгийн хувцастай “босогчид” саарал утаан дундаас цэргүүдэд үүрүүлж, дамнуурга дээр зөөвөрлүүлж, ёолсон, хашхирсан, аврал эрсэн дуу хоолой дайны талбарыг дүүргэв. Цэргүүд хамгийн түрүүнд хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, энгийн иргэдийг, дараа нь НҮБ-ийн ажилтнуудаа, дараа нь өөрийгөө авар гэсэн зарчимтай ажээ. Цэргүүд орчуулагчаа хамгаалж, шархадсан цэргүүдэд тусламж үзүүлэх хооронд галын шугамыг хамгаалах зэргээр олон нарийн арга техник, тактикаар ажиллаж байв.
Сургуулийн 11 цэгт нэг нэг монгол багш ажиллаж, 12 орноос ирсэн 80 гаруй гадаад багшийг туслах багшаар хуваарилан өгчээ. Нэг цэг дээр дөрвөөс таван багш ажиллана. АНУ-аас ирсэн найман багшийн нэг АНУ-ыг хариуцсан Эмнэлгийн цэгийн ахлах багш, Ахлагч Мишель Вейнхеймераас сургуулилтын дараа зарим нэг зүйлийг тодрууллаа.
-Та “Хааны эрэлд” сургуулилтад хэд дэх удаагаа ирж оролцож байна вэ?
-“Хааны эрэлд” сургуульд гурав дахь удаагаа оролцож байна. Эмнэлгийн цэг дээр шархтанд анхны тусламж үзүүлж татан гаргах дадлагыг зааварладаг.
-Энэхүү сургуулийн ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
-“Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн гол арга хэмжээний нэг бол энэ сургууль юм.
-Хамгийн шилдэг, чадварлаг нь ямар орон байна вэ?
-Энхийг сахиулах үйл ажиллагааны олон улсын дадлага туршлагыг солилцсоноор бүх орны оролцогч нар тодорхой хэмжээний мэдлэгтэй болж байгаа. Тэр дундаа Монгол Улсын салаа шилдэг нь байсан. Бүх заасан хичээлийг дээд түвшинд эзэмшсэн гэж үзэж байна.
Зэвсэгт хүчний 311дүгээр ангийн Салаадын тактикын хээрийн сургуулийн ахлах багш, Ахмад С.Амаржаргал бидэнд хөтөч хийн, дараагийн цэг рүү хөтөллөө. Биднийг хүргэх жижиг оврын автобусны урд суудалд суусан тэрбээр нэмэлт тайлбарыг өгч, асуултад хариулсаар явав. “Өнөөдөр нийт есөн орны 11 салаа хамрагдаж байна. АНУ, Франц зэрэг орны цэргүүд нийслэлд Шангри Лад болж буй сургалтад хамрагдаж байна. Үзүүлэх сургуулиуд яг л амьдрал дээр, байлдааны талбар дээр болдог үйл явдал. “Хааны эрэлд” олон улсын сургууль дэлхийн тавцанд нэр хүнд нь өсөж, жилээс жилд цар хүрээ нь нэмэгдэж байгаа” гэж бахархан хэлэв. Тэдний цагийн хуваарийг сонирхвол “Өглөөний цайгаа уучихаад, 8:00-9:00 цагт тэнхимийн хичээл эхэлнэ, 9:00-9:30 цагт байлдааны тушаал өгч тухайн салаа ямар сургуулилт хийх зааварчилгаа өгнө. Техник хэрэгсэл дээрээ дадлага хийж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө. 10:00-11:30 цагт болох гэж байгаа үйл ажиллагааны хуурай дадлага буюу буу техникгүй хөнгөн ажиллана. 11:30-12:00 цаг хүртэл өглөөний хичээлийн дүнгээ гаргана. 12:00-13:00 цагт хоолондоо орно. 13:00-16:30 цагт дадлага сургуулилтаа хийнэ. 16:30-17:00 цаг хүртэл дадлагын дүн гаргана. 17:00 цагт хичээл дуусна.” гэв. Орой бүр цэргүүд өөрийн үндэстний түүх соёл, зан заншлыг сурталчлан таниулсан урлаг соёлын үзүүлбэр бэлтгэж үзүүлдэг нь сэтгэл зүй болон ёс зүйн асар их нөлөөлөл үзүүлдэг аж. Монгол Улсаас Цэргийн Дуу, Бүжгийн эрдмийн чуулгынхан ирж тоглолт хийдэг нь цэрэг эрсийн сэтгэл санааг оргилуулж, омогшил хүслийг хурцалдаг нь урлаг гэдэг хүн төрөлхтний эв нэгдлийн гүүр гэдгийг батлах мэт. Ийнхүү жижиг оврын автобусанд өрнөсөн том сэдэв өндөрлөж, Хятад Улсын цэргийн салаа байрлаж буй Шалган нэвтрүүлэх цэг дээр тоормос гишгэлээ.
Шалган нэвтрүүлэх цэгийн үйл ажиллагааны чиглэл, үүрэг бол цагийн байдал, газар орон дээр үүссэн асуудал, бэрхшээлийг таслан зогсоох, хууль бус наймаа, зэвсэг, нэвтрэгчдийг шалган нэвтрүүлэх үүрэгтэй. Хятад Улсын цэргийн салаа зураг авах, бичлэг хийхийг хориглодог тул эхлээд удирдлагын төвшиндөө уламжлан, хэлэлцсэний эцэст зөвшөөрөл олгов. Шалган нэвтрүүлэх цэгийн Ахлах хошууч О.Давааням биднийг тосон авч, тайлбар өглөө.
-Шалган нэвтрүүлэх цэг дээр ажиллаж байгаа Хятад цэргийн онцлог?
-Хятад улсын цэргийн салаа бол НҮБ-ийн Үндсэн шалган нэвтрүүлэх цэг гэж явдаг. Хятад улс бол цэргийн дэглэмийн хувьд маш чанга газар, өндөржүүлсэн зохион байгуулалттай, тун хянамгай улс.
-Шалган нэвтрүүлэх цэг дээр үүсдэг бодит байдлын жишээг дурдвал?
-Орон нутгийн иргэд өөрийгөө нотлох ямар нэгэн бичиг баримт байхгүй явдаг, хууль бусаар нэвтрэх оролдлого хийх, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл унах зэрэг зөрчил гаргадаг. Энэ бүхнийг таслан зогсоох үүрэгтэй ажилладаг.
Бүхээгтэй ачааны машин Шалган нэвтрүүлэх цэгийн үүдэнд ирж зогсов. Цэргүүд иргэдийг эрэгтэй, эмэгтэй гэсэн нэгжих тусгай бүхээгт оруулан нэгжлэг, шалгалт явуулав. Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн шалгаж байгаа нь хүний эрх болоод жендерийн асуудалтай холбоотой аж. Машинаас хууль бус зэвсэг илрүүлэхээр цэргүүд үзлэг хийж байна. Машины хамрыг сөхөж, бүхээгийг шагайж, доогуур нь толинд тусгаж хүртэл шалгана. Бид Хятадын талын байр суурь, сэтгэгдлийг авах гэж бараг бүтэн цаг хүлээв. Тэд хоорондоо удтал ярилцаж, улс орны өмнөөс биш хувь хүний өнцгөөс асуултад хариулахыг зөвшөөрөв.
Хятадын салааны ахлах дэслэгч Дү Шин Юэ: “2015 оноос хойш Хятад Улсын салаа “Хааны эрэлд” хээрийн сургалтад оролцож эхэлсэн. Би анх удаагаа энэ сургуульд оролцож байна. Энэ сургуулиар энхийг сахиулах үйл ажиллагааны талаар маш их мэдлэг хуримтлуулж чадлаа. Хүч хэрэглэх дүрмийг хэрхэн ашиглах вэ, хэрхэн хэлэлцээр хийх вэ, НҮБ-ийн тогтсон ажиллагааны журам, ёс зүйн хэм хэмжээ болон орон нутгийн иргэдийн ёс заншлын тухай, тэдэнтэй хэрхэн харьцах вэ гэдэг талаар судалж мэдэж авлаа” гэж товчхон хариулт өгөөд цэргийн ёсоор ёслоод гүйж одлоо. Тэрбээр гэрэлтсэн алаг нүдтэй залуухан охин байлаа. Олон эрсийн дунд өдрийн од шиг гялалзаж, ялгаран харагдах охид эмэгтэйчүүдтэй уулзаж тэдний сэтгэгдлийг сонсож, удаан ярилцмаар байсан боловч тийм боломж олдсонгүй, тэднийг хайрлах, тэднээр бахархах сэтгэл төрсөөр үлдлээ.
Сургуулийн хэмжээнд Монгол Улс, АНУ, Израйл, Солонгос, Канадын эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмнэлгийн шаталсан тусламжийг үзүүлж байна. Үүний үр дүнд бэртэж гэмтсэн цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэх шаардлагагүй болжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс олон улсын хээрийн эмнэлгийн бүрэлдэхүүнд хамрагдаж байгаа 70 орчим хувь нь Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн юм. Салаадын тактикийн хээрийн сургуулийн өмнө хичээлийн танхимд салаа тус бүрийг онолын хичээлд хамруулж явган эргүүл, бүслэн нэгжих ажиллагаа, НҮБ-ын шалган нэвтрүүлэх цэг, баазын харуул хамгаалалт, хүмүүнлэгийн бараа материал түгээх цэг, цувааны хамгаалалт, хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх цэг, Эмнэлгийн нэг, хоёрдугаар цэг, гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн эсрэг ажиллагааны цэгүүд гэсэн хичээлүүдийг зааж түүнийгээ дадлагаар баталгаажуулдаг. Энхийг дэмжих үйл ажиллагааны сургууль “Хааны эрэлд 2019” энэ жил 17 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд 38 орноос ирсэн 1700 гаруй цэрэг энэ сарын 28-нд сургуулилтаа өндөрлөж, эх орныхоо зүг мордоно.
Сэтгэгдэл ( 0 )