ДЭЛХИЙН ТОЙМ: Хэт халалт 80 сая ажлын байрыг шатаана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Европын хөдөлмөр эрхлэгчид сүүлийн хэдэн хоногт хэт халуун цаг агаарын нөхцөлд дасан зохицох шаардлагатай тулгарсан. 2030 он гэхэд хэт халуун дэлхийн эдийн засагт үлэмж их дарамт үзүүлнэ гэж НҮБ үзэж байна. Ялангуяа ядуу, буурай орнууд үүнд хүчтэй өртөх гэнэ.

Европт ихэнх хөдөлмөр эрхлэгчид хэт халуун цаг агаарт дасаагүй байдаг. Агаарын температур +40 хэмээс дээш гарахад хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж, хүнийг туйлдуулдгийг тэд өнгөрсөн долоо хоногт биеэрээ мэдэрсэн. Дэлхий даяар, ялангуяа ядуу, буурай бүс нутгийн хөдөлмөр эрхлэгчдийн хувьд хэт халалт бодит байдал болоод удаж байна. Хоёр, гурван өдөр халуун нөхцөлд ажиллах болсон оффисын ажилтнууд болон 40 хэмийн халуунд ямар ч агааржуулагчгүй байранд ажиллаж буй үйлдвэрийн ажилчин, гадаа наранд ажиллаж буй фермийн ажилчны хооронд ялгаа их байх нь мэдээж. Хэт халууны стресс гэж хүний бие организм сөрөг нөлөөлөлд оролгүй тэсвэрлэх халуунаас давсан халалтыг нэрлэдэг. Ажлын байран дахь агаарын температур 35 хэмээс дээш заахад сөрөг нөлөө гарч ирдэг аж.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын илтгэлээс үзвэл нөхцөл байдал улам муудах төлөвтэй байгаа гэнэ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халууны стресс нэмэгдсэнээр 2030 он гэхэд 80 сая ажлын байртай тэнцэх бүтээмжийг бууруулна гэж “Халуун гараг дээр ажиллах нь – хэт халууны стрессийн хөдөлмөрийн бүтээмжид үзүүлэх нөлөө” судалгаа харуулжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, дэлхийн эдийн засагт 2.4 их наяд ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол учрах гэнэ.

Үүнээс гадна, халалтад хамгийн ихээр өртөх газар тариалан болон барилгын  ажил сүүдэрт явагдах болно гэж таамаглаж байна. Газар тариалангийн салбарт үүнд хамгийн хүнд цохилт авна. Дэлхий даяар бараг нэг орчим тэрбум хүн газар тариалангийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 2030 он гэхэд үгүй болох ажлын байрны 60 хувийг эзэлж байна. Барилгын салбарт сая сая ажлын байр үгүй болох аюул нүүрлэх магадлалтай. Мөн эрсдэлтэй салбарт онцгой байдал, тээвэр, засвар үйлчилгээ, хог ачилт, аялал жуулчлал, спорт болон аж үйлдвэрийн зарим салбарууд орж байгаа юм.

Хэт халууны стрессийн ажлын бүтээмжид үзүүлж буй нөлөө нь уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой үр дагавар бөгөөд нэмж борооны шинж чанар өөрчлөгдөх, далайн түвшин нэмэгдэх, биологийн олон янз байдал алдагдах зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж байна. Тус илтгэлд мөн Африк, Америк, Арабын улсууд, Ази, Номхон далай, Европ, Төв Ази зэрэг тив, бүс нутагт үзүүлэх нөлөөллийг тус бүрээр нь үнэлсэн байна. Судалгаанаас үзвэл, ажлын бүтээмж харилцан адилгүй буурах нь тогтоогджээ. Өмнөд Ази, баруун Африкийн бүс нутаг ажлын бүтээмж, ажлын байрыг хамгийн их хэмжээгээр алдах эрсдэлтэй нь харагджээ. Тавин сая ажлын байртай дүйцэхүйц хэмжээний ажлын бүтээмж эдгээр бүсэд алдагдах эрсдэлтэй байна. Бага болон өндөр орлоготой улс орнуудын ялгаа улам бүр нэмэгдэж, эмзэг давхаргын ажлын байрны нөхцөл улам хүндрэх төлөвтэй байна гэж илтгэлд онцолжээ.

Бага орлоготой үндэстнүүд хэт халалтад мөн л харил­цан адилгүй байдлаар өртөх гэнэ. Учир нь хэт халалттай тэмцэх эх үүсвэрээс шалтгаалан ядуу, буурай орнууд илүү өртөх аж. Тиймээс хэт халалт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар бий болсон эдийн засгийн тэнцвэргүй байдлыг улам нэмэгдүүлнэ гэж илтгэлд дурджээ. Энэ нь эргээд дүрвэгсдийн урсгалыг нэмэгдүүлэх юм. Хэт халалтын стрессийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн үр нөлөө нь ядуурлын эсрэг тэмцэл, хүний хөгжлийг дэмжих боломжийг хумьж, цаашлаад НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн ихэнх зорилтуудыг биелүүлэх боломжгүйд хүргэнэ.

Гэхдээ судлаачид энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломж бий гэж үзэж байгаа. Одооноос эхлэн засгийн газрууд хэт халалтын стрессийн эрсдэл, ажлын бүтээмжид үзүүлэх үр нөлөөллийг бууруулах чиглэлээр шийдвэртэй арга хэмжээг авах хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байгаа. Энэхүү шинэ бодит байдалд дасан зохицохын тулд засгийн газар, ажил олгогчид, хөдөлмөр эрхлэгчид тодорхой арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй байна гэж илтгэлд онцолжээ. Өөрөөр хэлбэл, ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр, дэд бүтэц, технологийн салбарт хөрөнгө оруулах замаар хэт халалтын үр нөлөөлөлтэй тэмцэх боломж бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top