ШУУД: Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.07.16/ хуралдаан эхэллээ.

Чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны гуравдугаар дүгнэлт болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцож саналаа хэлэх юм.

УИХ-ын Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулах саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Амьдралд саад болоод байгаа хэдхэн зүйлийг Ерөнхийлөгч засаж байгаа. Жишээ нь, “хот” гэдэг үг Үндсэн хуульд байхгүй. Байгаа боловч аймагтай зэрэгцдэггүй байсан. Одоо аймагтай зэрэгцээ хэмжээний хот гэдэг үгийг бүх газарт хийж өгч байгаа. Бүх дүүрэг хот болно гэсэг үг. 300 мянган хүнтэй Баянзүрх дүүрэг аймгийн хэмжээний хот хэмээн ойлгогдох болно. Засгийн газар саналаа УИХ-д оруулдаг болж байгаа. Иргэдийн хурал нь зөвшөөрөхгүй байсан ч аймаг, хот байгуулах шийдвэрийг УИХ байгуулж болно гэж заасан. Монгол Улс нь нэгдмэл улс гэдэг утгаараа ингэж өөрчилсөн. Дүүргийн доод талын хороод Засаг даргаа сонгодог. Тэр нь үргэлжилж, сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болно. Одоогийн хороод сумтай нэг зиндаанд очиж байгаа. Тэгэхээр хороодыг дүүрэг гэж нэрлэнэ.

УИХ-ын гишүүдийг 108 болгох санал оруулж байгаа. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно. Ийм байдлаар Герман Улс ажилладаг. Гэхдээ бид хэд хэдэн санал дэвшүүлж байгаа. Үүнийг УИХ өөрөө сонгоно. Тусгаар тогтнолын асуудлаар дахиж санал хураалт явуулахгүй гэдэг хаалт хийж өгч байгаа. Одоо цоожлохгүй бол санал асуулгаар тусгаар тогтнолоо алдаж болзошгүй гэж үзэж байгаа.

УИХ-ын хугацаа таван жил болгоно. Таван жил байгаа учраас бүх сонгуульт алба иргэдийн хурлын төлөөлөгч, Засгийн газар бүгд таван жил болно. Бид уламжлалаа харсан юм. Хуучин таван жилийн төлөвлөгөө гаргадаг байсан. Мөн таван жилд эдийн засгийн уналт, өсөлт багтаад байгаа юм. Тэгэхээр аль нэг нам сонгуульд ялаад таван жил улс орныг удирдсанаар эдийн засгийн уналт ч багтана, сэргэлт ч багтана.

Байгалийн баялагтай холбоотой асуудалд Ерөнхийлөгч санал нийлэхгүй байгаа. Байгалийн баялгийн менежментийг яаж хийх талаар дэлгэрэнгүй санал оруулсан байгаа. Шийдвэр гаргахдаа нийт өмчийн эзэн ард иргэдээсээ асуух санал оруулж байна” хэмээн танилцуулаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top