Ардын Их хурал, Улсын Бага хурал, Улсын Их хурлын гишүүн асан Д.Балдан-Очиртой Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Та 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд хэрхэн хандаж байна вэ?
-Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлаад 30-аад жил болж байна. Нийгмийн харилцааны хөгжил хувь хүний хөгжлөөс хурдан өрнөж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон. Хууль гэдэг нь нийгмийн түгээмэл харилцааг зохицуулах баримт бичиг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар монголчууд жил гаруй ярьж байна. Миний бие 1990 онд шинэ Үндсэн хуулийг бичилцэж, 1992 онд гар өргөн батлалцаж байсан депутатын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа УИХ-ын чиг хандлагыг зөв гэж үзэж байгаа. Монгол Улсыг өдий зэрэгт хүргэсэн ардчилсан Үндсэн хуульдаа засвар хийгээд явах нь амьдралд хамгийн дөхөм арга зам. Тиймээс өөрчлөлтөө хурдан батлаасай гэж үзэж байгаа. Энэ удаагийн УИХ-д мэргэн хүмүүс суучихаад өөрчлөх гээд байгаа юм биш. 2010-аад оноос хойш гурван удаагийн УИХ дамжиж, нийгмийн хөгжил дэвшилтэй уялдуулж, өнгөрсөн түүх, сургамждаа тулгуурлан засч залруулах гэж байгаа ажил шүү дээ. Үе үеийн төрийн түшээдийн бодол санааны цуглуулга болохоор төр улсынхаа эсрэг зүйл гэж хардах хэрэггүй.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулж байгаа зүйл, заалтад сайжруулах шаардлагатай зүйл байна уу?
-Энэ удаагийн төслөөр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад цааш амьдрал хөвөрнө гэж үзвэл Засгийн газрын бие даасан байдал засагдаагүй үлдэхээр байна. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл буюу засаглал хуваах онол гэж бий. Анх Үндсэн хуулийг батлахдаа Монгол төрийн эрх нь парламентад байна гэж үзсэн. Парламент давуу байх ёстой гэдэг зарчимд тухайн үеийн 430 депутат төвлөрөөд УИХ тогтвортой байснаар төр улс тогтвортой байна гэж ойлгосон. 30-аад жилийн дараа харахад УИХ-ыг хэн ч оролдоод нэмэргүй дархлагдсан газар болсон. Сүүлдээ хариуцлагагүй нөхөд орж ирээд хамгаалагддаг боллоо. Хуульд захирагдахгүй дархлагдсан байдал хавтгайрах байдал ажиглагдах болов. Тэгэхээр Засгийн газар УИХ-тай эн тэнцүү байх хэрэг байна. Гэхдээ Засгийн газар байнга огцрох эрсдэлтэй явж ирлээ. Олон улсын жишгээс харахад олонхын суудал авсан намын дарга нь Ерөнхий сайд болж, парламентаа тараах түвшинд эрх мэдэлтэй байх зарчим бий. Үүнийг Үндсэн хуульд тусгаад өгөхөд гэмгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нэмэлт, өөрчлөлт бүрэн болоогүй байна. Засгийн газрыг огцруулахад УИХ-ын 19 гишүүн өргөн бариад хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувиар огцруулчхаж байна. Харин УИХ өөрөө тарах болохоороо УИХ-ын гишүүдийн 2/3 нь тарах шийдвэр гаргавал тарж байна. Засгийн газрыг ч мөн ийм босгоор огцруулдаг болгох хэрэгтэй. Хэрэв Засгийн газрыг огцруулж чадахгүй бол УИХ өөрөө тарахаар хүчтэй зохицуулалт хийж өгөхгүй бол Засгийн газар хэврэг байсаар байна. Яагаад гэвэл Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүн биш болно. Ингэснээр Засгийн газрын бие даасан байдал нь УИХ-ын гишүүдийн дургүйг хүргэнэ. Тиймээс Засгийн газар улам хэврэг болно гээд байгаа юм.
-Шүүх эрх мэдлийн тухайд юу хэлэх вэ. Шүүхийн бие даасан байдлыг хангахад ямар өөрчлөлт хийх учиртай вэ?
-Шүүхийн бие даасан байдлыг хангах, хяналтын зөвлөл байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийг боловсронгуй болгох гээд олон өөрчлөлт хийх бололтой. Гэхдээ шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд шударга байх асуудлыг Үндсэн хуульд бүрэн тусгаж чадахгүй байна. Бүх зүйл хуулиар зохицуулагддаг нөхцөлд шүүхийн тогтолцоо сайн байх ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дагуулж байгуулсан шүүхийн систем тохирохгүй. Мөн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Дээд шүүх гэсэн шатлалтай. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх гээд хоёр шатны шүүхэд тухайн иргэн ялчихлаа гэж бодъё. Монгол Улсад нэг л хуулийг шүүх хэрэглэнэ. Гэтэл нэг хэргийг нэг хууль хэрэглэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг тэнгэр дээр байгаа Дээд шүүх гэдэг тусгаарлагдсан байгууллага хянаж, шийдвэрийг нь үгүйсгэж байна. Тиймээс Дээд шүүхийн эрх мэдлийг зааж өгөх ёстой. Анхан шатны шүүхийн бие даасан байдал алдагдах ёсгүй шүү дээ. Дээд шүүх бүгд хурлаараа магадгүй нийт гомдол өргөдлөөс улс нийгэмд нөлөөлж болохуйц маргааныг шүүдэг байх хэрэгтэй.
-Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.07.17/ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох санал гаргалаа. Эдгээр санал хэр оновчтой вэ?
-Ерөнхийлөгчийн саналыг би дэмжиж байна. 2010 онд бидний хэдэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан. Аливаа асуудалд хандахдаа ул суурьтай хандах ёстой. Тиймээс миний бодлоор УИХ-ын гишүүдийн тоо 108 байх нь зөв. Энэ нь УИХ-аас гарах шийдвэр илүү шүүгдэнэ. 76 болон 108 гишүүний хооронд 32 хүний асуудал байна. 32 хүний цалин хөлсний асуудлыг ярихаасаа илүүтэй 32 хүн нэмэгдсэнээр төрийн шийдвэр төгөлдөр, урт настай сайн хууль батлах асуудлыг ярих учиртай. Би ардчилсан Монгол төрийн анхны тулгын чулууг тавилцаж байсан хүний хувьд 76 цөөдөж байгааг хэлэх байна. Би өөрөө гишүүн болох гээд байгаа юм биш шүү. Би эх орныхоо төлөө л гэдэг хүн. Улсын Бага хурлын гишүүд үнэхээр эх орон ч байсан юм шүү. Улсын Бага хурал Үндсэн хуулийн төслийг бичээд хоёр удаа ард түмнээрээ хэлэлцүүлж хоёр жил, найман сар ажилласан юм. Тэгээд Үндсэн хуулиа батлуулчхаад “За бидний зорилго биелэв. Бушуухан шиг нийгмийн хөгжил дэвлийн шинэ гараанд ард түмнээ оруулъя” гээд нуруугаа үүрээд Улсын Бага хурал тарж байсан. Тийм л байвал эх оронч. Уг нь Улсын Бага хурал таван жилийн бүрэн эрхтэй байсан. Шалтаг гаргаад дахиад хоёр жил гаруй хугацаанд ажиллаад байж болох байсан. Шинэ Үндсэн хуультай холбоотой баахан хууль батлах хэрэг байна гэхэд ард түмэн итгэх байсан. Төрд алба хашна гэдэг их л өргөн хүрээний асуудал. Бас таван жил байна гэдэг нь зөв. Бусад улс орнуудыг харж байхад таван жилийн төлөвлөгөөгөөр урт хугацааны хөгжлөө харж ажилладаг. Таван жилийн төлөвлөгөөг нь улсаараа мэддэг байх учиртай. Миний хүү таван жилийн дараа байгуулагдах ийм үйлдвэрт орж ажиллахын тулд ийм мэргэжилтэй болох хэрэгтэй гэж ирээдүйгээ төлөвлөж ажиллах боломж иргэдэд бүрдэх юм. Бидний өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа бол өнөөдрөөрөө амьдарч ирсэн явдал.
-Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төсөлд байгалийн баялагтай холбоотой хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, газрын хэвлийн баялгийг ард нийтийн өмч гэж томьёолох, стратегийн орд газрыг гаднын компанитай хамтран ашиглах бол хөрөнгө оруулагч тал бүх зардлыг гаргаад татварын дараах орлогын 51 хувийн ашгийг Монголын тал хүртэх тухай тусгасан байна. Энэ өөрчлөлт нь гаднын хөрөнгө оруулалтыг үргээнэ гэх шүүмжлэл гарч байна. Та энэ өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ?
-Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд газар, түүний хэвлийн баялаг, ой, ус нь ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасныг шууд ард түмний мэдэлд байна гэж томьёол гэх шаардлага тавиад байгаа. Энд уг нь хууль эрх зүйн хүмүүс тайлбар хийх ёстой. Би хууль тогтоох байгууллагад ажиллаж байсны хувьд тайлбарлахад хорвоод хоёр төрлийн л өмч байдаг. Хувийн өмч, нийтийн өмч. Хувийн өмч нь амины өмч шүү дээ. Нийтийн өмч нь төрийн өмч, олон нийтийн байгууллагын өмч, нийтийн эзэмшлийн өмч гээд задардаг. Тиймээс төрийн өмч нь нийтийн өмч гэсэн үг. Яахав нийтийн өмч гэж нэрлэлээ ч хэн нэгэн захиран зарцуулах эрхтэй байж таарна. Тэгэхээр хэлбэрийн асуудал л гэж хэлэх байна. Төрийн өмч үнэгүйдээд эсвэл хэсэг бүлэг хүн баялгийг эзэмшээд байна гэдэг. Гол нь бид өмчтэй байж үзээгүй хүмүүс болохоор өмчийн харилцаанд алдаа гаргаад байгаа юм. Төрийн өмчийг зохих нөхцөл болзолтойгоор ашиглах учиртай. Өнөөдөр харахад лиценз авчхаад өмчлөгч юм шиг өөрийгөө ойлгоод байна. Энэ бол Монгол төрийн алдаа. Төр өөрийнхөө өмчийг бусдад нөхцөл болзолтойгоор ашиглуулахдаа гэрээ байгуулаад ажиллана. Харамсалтай нь энэ харилцаа төлөвшиж чадахгүй байгаа болохоор Үндсэн хуульд алдаа байгаа юм шиг харагдаад байна. Харин 51 хувийг нь төр эзэмших асуудлыг сайтар бодох ёстой. Дэлхийн хөгжлөөс шалтгаалан байгалийн баялгийг ашиглах байдал багасаж байна. Ийм тохиолдолд өм цөм ашиг олдог салбар уул уурхай биш болж магадгүй. Тиймээс эрсдэлд орохыг гаднын хөрөнгө оруулагчид бодохгүй. Ялангуяа Монгол Улс уул уурхайн тоглоомын дүрмээ өнөөдрийг хүртэл гаднынханд тайлбарлаагүй. Дургүйгээ хүрэхээр лицензийг нь хураана гэдэг төлөвшөөгүй арга нь орчин үеийн дэлхийн чиг хандлагад зохимжгүй юм.
Сэтгэгдэл ( 5 )
Бодууштай зөв ярьсан байна. Hийтлэлийг нь уншаад комэнт бичсэн хүмүүс юу хэлээд байгааг нь ойлгоогүй, ойлгох чадваргүй гарууд бололтой. Танд амжилт хүсье
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...
Hol ochij hutsaa hogiin chaaraa
32 хүн нэмдэгдэхээр төсөв зардал нь их гарна. Одоо ч 76-уулаа хууль батлахгүй байгаа. 30-аад хүн л хуулийг хэлэлцэж байна. Гадаад томилолт, өвчтэй гээд л
Энэ нөхөр амьд юмуу.Сонин гар мал зал ярьж худлаа балардаг мөн биздээ