Хятадууд яагаад Алтайн агаарыг худалдаж авч байна вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Алтайн бүгд найрамдах улсын нийслэл, тус улсын цорын ганц хот болох Горно-Алтайскийн оршин суугч Сергей Кухтуеков бол шууд хэлэхэд агаараас бизнес эрхлэхийг бодож олсон Оросын анхны хүн юм. Тэрбээр агаарыг савлан Хятад руу гаргахыг санаачилжээ. Сергей Кухтуеков багаасаа усыг савлан худалдаж буйг гайхдаг байжээ. Түүний төрсөн хотод гол горхины цэвэр тунгалаг ус урсдаг, уудаг байв. Бас Горно-Алтайскаас хоёр км-ийн зайд горхинууд бий. Харин нэгэн удаа тэр Санкт-Петербургээс Алтай руу машинаар яваад агаар бүс нутгуудад өөр өөр болохыг ойлгожээ. “Бид энд янз бүрийн өвсөөр амьсгалж, үүндээ дасаад анзаарахаа ч больжээ. Олон үйлдвэртэй, олон хүн амтай том хотууд, Оросын намагтай газруудад огт өөр юм. Олон ийм газраар явлаа. Машинаас буухад манай агаар өөр байдаг, хүнийг өөртөө илбэдэн татдаг” гэж Сергей ярьж байна.

Кухтуеков руу нэгэн удаа Москвагаас найз нь залгаж, канадууд Хятадад агаар худалдаж эхэлсэн талаар ярьжээ. Энэ санаа тэдэнд маш сонирхолтой санагдаж. Алтайд мөн цэвэр агаар байдаг учир түүнийг бас худалдаж болох юм гэсэн санаа тэднийг татаж эхлэв. “Тэр санаа бидний толгойд үлдэж, агаарын орчны хяналт хийдэг албадын мэдээллийг цуглуулж, Канадад агаарын цэвэр байдлын ямар харьцаа байдгийг судалсан. Судалгаа шинжилгээнээс хараад манай улсад ч агаар бас тийм цэвэр, бид ч өрсөлдөх чадвартайг мэдсэн” гэж Сергей ярьжээ.

Харин агаар байгаа ч ямар нэгэн байдлаар татаж авах, багцлах, тээвэрлэх, борлуулах шаардлагатай байв. Агаар худалдах хэрэгтэй гэж хүмүүст хэлэх нь жаахан инээдтэй санагдаж байжээ. Гэсэн хэдий ч савласан усны түүх, унаган уулын өвөрмөц үнэрийн ачаар агаар зарах санаа нь биелэлээ олсон талаар бизнесмен ярьж байна.

Технологийн сорилт

Бизнесмен хамтрагчтайгаа нийлэн Алтайн хаанаас түүхий эдээ авсан нь илүү вэ гэж хайж эхэлжээ. Агаарыг шахаж, хольц, хольцын талаар судалдаг лаборатори хөлсөлсөн байна. Дээжүүдийг Горно-Алтайскийн захаар, уулсын доор, Семинскийн даваанд далайн төвшнөөс дээш 1.7 мянган метрийн өндөрт авч, шинжилжээ. Тус газар ЗСБНХУ-ын цанын шигшээ багийн дасгалаа хийж байсан цанын бааз байв.

Бизнесменүүд уур амьсгал судалдаг мэргэжилтнүүд олж, нутгийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийнхэнтэй холбогдож, Горно-Алтайск, Семинскийн даваа орчмын агаар өөр өөр байдгийг мэдэв. Борлуулах зорилгоор агаарыг хэрхэн шахахаа ойлгоход л үлджээ. Энэ нь жинхэнэ технологийн сорилт болов.

“Эхэндээ бид шахагдсан, дарамт үүссэн. Гэхдээ сансрын, батлан хамгаалах салбарын хэт үнэтэйгээс бусад технологи нь манай үйлдвэрлэлийн сүлжээнд тохирохгүй байна” гэж төслийн зохиогч хэлэв. Эцэст нь шаардлагатай тоног төхөөрөмж байсан Новосибирскийн мэргэжилтнүүд тусалж, төмөр саванд агаарыг туршилтаар савлажээ. Харин энд шинэ асуудал үүсэж, ийм аргаар савалсан агаар муудаж байжээ. “Анхны савлалт нь амжилтгүй байлаа. Битүү саван доторх агаар гурван өдрийн дотор муухай үнэртэй хий болж хувирч байсан аж. Сергей хагас жил алхам алхмаар агаар савлах, хадгалах технологийн онцлогийг ойлгожээ. “Бид агаартай холбоотой инженерийн өндөр боловсролтой, батлан хамгаалахын үйлдвэрлэлд ажлын туршлагатай хүнийг олсон. Ингэж бид цэргийн үйлдвэрт супер цэвэр бүтээгдэхүүн өгдөг угсралт суурилдаг байсныг олж мэдсэн. Үүний үр дүнд бид зөв арга олсон! Агаар нь анхдагч шинж чанараа удаан хугацаанд хадгалдаг технологийг боловсруулахад нэг жил орчим хугацаа шаардагдлаа” гэж Сергей хэлэв.

Өвөрмөц шийдлүүд

Эхлээд багаар ажиллаж, хүн бүрийн ажлын онцлог, давуу талыг тодорхойлсон байна. Сергейн хамтрагч Хятадад чадвартай худалдан авагч хайж, харин тэр өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээрээ тогтон ажиллажээ. Ингэх явцад бөглөөнд мөн асуудал үүсэж байсан аж. Канадынхтай ижилхэн сав хятадуудад тохирсонгүй. Судалгаа сав хэт том, бөглөө тохиромжгүй болохыг харуулжээ. Хятадууд оросуудаас намхан, хуруу богинотой гэж бизнесмен ярьж байна. Баллон гарт барихад эвтэйхэн бус байжээ. Бөглөө, савыг дахиж хийв. Жил гаруйн хугацаа дэлхийд цор ганц шинэ бүтээгдэхүүн гаргаж авахад зарцуулагджээ. Одоо нэг хагас секундэд онгойдог савлагаатай болсон байна.

Савыг Герман, Австри, Итали гээд хаа эс хайхав. Харин Оросын өмнөд хэсгээс олжээ. Ставрополиос баллон, Москвагаас бөглөө, Алтайн уулнаас агаар нийлэв. Ингээд бүх зүйл Оросынх.

Цэвэр агаар зиндааг тодорхойлно

Оросын экспортын төв Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарц олоход нь тусалжээ. Оросын экспортын төвийнхөн Шанхайн үзэсгэлэн худалдаанд савласан агаарын танилцуулсан гэж бизнесмен ярьжээ. Хожим нь Кухтуеков Петербургийн олон улсын эдийн засгийн форумд өөрийн биеэр очин, дэлхийд “Алтайн агаар” компанийнхаа бүтээгдэхүүнээ танилцуулжээ. “Агаараар хүртэл мөнгө хийж болдгийг харж байна уу гэж форумын хэлэлцүүлгийн үеэр манай бүтээгдэхүүнээр жишээ авч байсан”, гэж Сергей инээмсэглэн ярьж байна.

Бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээр Хятад улсыг сонгосон нь санамсаргүй зүйл биш гэнэ. Эхлээд үйлдвэрлэгчид хятад хүмүүс юугаар амьсгалдгийг судалжээ. Кухтуековын тайлбарлаж буйгаар, 2016 оны судалгаанаас үзвэл 40 сая орчим хүн амьдардаг Бээжин хотын агаар дахь хорт бодисын агууламж зөвшөөрөгдсөн хэмжээнээс 23 дахин их байна. Энэ нөхцөл байдал тус хот дахь олон тооны үйлдвэр, салхи, цаг агаараас үүдэн арванхоёрдугаар сараас хоёрдугаар сарын хооронд үүсдэг байна.

Мэдээж хэрэг байнга савласан агаараар амьсгалах боломжгүй. Гэхдээ үүнийг ашиглан уушгиа тодорхой хугацаанд цэвэрлэх боломжтой аж. Жишээ нь, утаа, тортгоос болж харшил хөдлөхөд савласан цэвэр агаарыг амьсгалснаар харшил намддаг байна. Хятад улсад савласан агаар харьцангуй өндөр үнэтэй байдаг. Гэхдээ хятад хүмүүсийн нэг онцлог нь ийм ер бусын бүтээгдэхүүн хэрэглэж, өөрийн байр суурь, зиндаагаа илтгэхийг хүсдэг.

Одоогоор Алтайн агаарыг тус улсын зах зээлд бага хэмжээгээр нийлүүлэгдээд байгаа бөгөөд цаашид их хэмжээгээр гаргах боломж бий гэнэ.

Аз жаргалын үнэр

Тус компани борлуулалтын зах зээлээ Хятадаар хязгаарласангүй. Хятадын агаарыг бодвол илүү цэвэр агаартай Оросын зах зээлд зориулж уулын сэнгэнэсэн агаарыг хэт цэвэр хүчил төрөгчөөр баяжуулан савлан нийлүүлж байна. Үүнээс гадна гоньд, хуш зэрэг ургамлын үнэртэй агаарыг мөн санал болгож байна. Энэ бүтээгдэхүүнээ “Эфин” гэж нэрлэсэн бөгөөд Сергейн хэлснээр ийм агаар Алтайн тухай дурсамжийг нь сэдрээдэг гэнэ.

“Алтайд хуш модны ойн агаарыг амьсгалахад хүн аз жаргал, амар амгалангийн мэдрэмж төрдөг. Хэсэг хугацааны дараа энэхүү үнэр, агаарыг амьсгалахад сайхан дурсамж толгойд хөвөрдөг” гэж Кухтуеков ярьжээ.

Эртний индианчууд амьдралд нь тохиосон чухал үйл явдлын талаар дурсамжаа сэргээхийн тулд үнэрийг ашигладаг байжээ. Тэд тусгай даавуунд үнэр шингээдэг байсан бөгөөд дурсамжаа сэргээхийн тулд энэхүү даавуугаа үнэрлэдэг байсан нь хөдөлшгүй баримт болон үлджээ.

Горно-Алтайн их сургуульд сурч байхдаа хичээлээ цээжлэхийн тулд төрөл бүрийн үнэр ашиглахыг хичээдэг байсан. Зарим мэдээллээс үзвэл, үнэр хамгийн тодоор хүний ойд тогтдог бөгөөд үнэрийн тусламжтайгаар шаардлагатай мэдээллээ түргэн сэргээх боломжтой.

Одоогоор тус компани зах зээлээ тэлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Өнөөдөр Хятад болон Москва хотод борлуулагдаж буй бүтээгдэхүүн маргааш дэлхийн зах зээл дээрх эрэлттэй барааны нэг болохыг үгүйсгэх аргагүй. Зах зээлээ тэлэхэд учирч буй гол хүндрэл нь хэрэглэгчид ийм төрлийн бүтээгдэхүүнд дасаагүйд оршиж байна. Хүмүүс хүүхдээ савласан агаар авахаар дэлгүүр лүү явуулдаггүй. Энэ нь нэг талаас сайн хэрэг. Учир нь өрсөлдөгч байхгүй. Нөгөө талаар, өрсөлдөөн байж байж хөгждөг. Борлуулалтаа нэмэгдүүлж, санхүүгээ зузаатган, цаашид хөгжинө хэмээн Кухтуеков итгэл төгс байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОТГОН(64.119.21.36) 2019 оны 07 сарын 31

евел болход УЛААНБААТАРЫН АГААРЫГ АВАХ БОЛОВ УУ

0  |  0
уншигч(43.228.129.86) 2019 оны 08 сарын 01

Алтайчууд мундаг мундаг

2  |  0
Top