ХХ ХӨТӨЛБӨР: "Улз групп"-ийн учруулсан хохирол

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Засгийн газрын хуралдаанаар Архангай аймгийн Цэнхэр суманд 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг, Өмнөговь аймгийн 8 аж ахуйн нэгжийн нийт 10 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтуудыг үндэслэн БОАЖ-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтээр цуцалсан. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын дотор “Улз групп”-ийн Архангай аймгийн Цэнхэр суманд эзэмшиж байсан лицензтэй талбай багтжээ.

Уул уурхай, геологи хайгуул, барилга байгууламжийн салбарт 25 жилийн түүхээ бичсэн, Монголын тэргүүлэгч компаниудын нэг хэмээн өөрсдийгөө тодотгон тодорхойлсон “Улз групп” компани гол мөрөн, ой мод, газар хөрс гээд байгаль эх, экосистемийг хайрлалгүй хэрхэн хандсаныг бид сурвалжиллаа. Монголын хамгийн урт гол Орхоны эхний хэсэг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтдаг.

Гэвч байгаль хамгаалахад зориулж баталсан Монгол Улсын хуулиуд энд үйлчилсэнгүй. Хэдхэн кг алтны төлөө гол, булаг шандыг ийн булшилсан үйлдлийг дэлхий дахинаа байгаль орчин, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг гэж үздэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль гээд олон хуульд голын голдирлыг өөрчлөх, булаг шанд, гол горхийг санаатайгаар устгаж ширгээвэл хуулийн хариуцлага тооцохоор заасан.

Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан “Улз групп”-ийн Цэнхэр сумын нутагт, төрийн тахилгат Суварга хайрханы зүүн амнаас эх аван урссаар Орхонд цутгадаг нэгэн чухал голыг булж ширгээж, голдирлыг нь өөрчилж, бохирдуулсан нь хүрээлэн буй эсрэг орчны хийсэн гэмт хэрэгт тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, “Улз групп” ийм нүгэл үйлдсэнийх нь төлөө экологи, эдийн засагт учирсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцон тогтоож, хохирлыг барагдуулах асуудал давхар бий. Түүнчлэн 800 кг алт авахын тулд Цэнхэр сумын Харгуйтын амны баруун салааг бүхэлд нь төнхөж, Шийртийн хойд амнаас эх аван урссаар Орхон голд цутгадаг долоон жижиг голын зургааг нь булшилсан “Алтай голд” компанид ч ялгаагүй экологи, эдийн засагт учруулсан хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх учиртай. 1993 оноос эхлэн уул уурхайн салбарт орж ирсэн "Улз групп" анх Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дахь Ханан хөндийн ордыг "Улз хоршоо" нэртэйгээр ашиглаж байсан түүх бий. Дорнод аймгийн Баяндун сумын нутгийн иргэдээс ирсэн мэдээллээр "Улз групп" Ханан хөндийн ордыг ухаж дуусгаад, нөхөн сэргээлгүй хаясан төдийгүй одоо долоон жил яг хэвээрээ, ямархуу байдалтай байгааг та харж байна.

Ингэхэд Дорнодын хязгаар нутагт алтыг нь аваад авдрыг нь эвдэж орхисон "Улз групп"-д, тус группийн ерөнхий захирал А.Бүрэнтогтоход  яагаад өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага тооцсонгүй вэ. Хянадаг, хардаг байгууллагууд нь яагаад өнөөдрийг хүртэл таг чиг сууна вэ. Түүнчлэн "Улз групп" Төв аймгийн Заамар суманд Ар наймганы алтны шороон ордыг хоосолсон компани. Нөхөн сэргээлт нь ч бас асуудалтай сураг дуулдаж байна. Ийм хариуцлагагүй, байгалиас авсныхаа хэрээр нөхөн сэргээх сэтгэлгүй нөхөд Дорнод аймгийн Баяндун суманд дахиад 5000 га талбайд хайгуулын лиценз эзэмшиж байна гээд бод доо.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсээс гаргасан статистик мэдээг харъя. Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн дотор тулгамдаж буй гол асуудал нь усны бохирдол болохыг хууль хяналтын байгууллага тогтоожээ. 2017 онд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн гэсэн тоон мэдээлэл бий. Уур  амьсгалын өөрчлөлт, жилд орох хур борооны хэмжээ энд нөлөөлж байгаа ч байгаль орчин доройтох шалтгааны 90 гаруй хувь нь зөвхөн хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалдаг гэсэн тооцоолол байдаг. Өнгөрөгч 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар гэхэд л хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох  21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан мэдээ байна.

“Алт” хөтөлбөрийг хэрэгжүү­лэхэд дэвшүүлсэн, баримталсан олон бодлого бий. Гэтэл 30-аад жил өнгөрсөн ч байгалийн эрдэс түүхий эдийг эцсийн боловсруулалт хийх технологи нэвтрээгүй л байна. Энэ алдаа биш гэж үү. Өнөөдрийг хүртэл алтны шороон ордын олборлолт өнгөрсөн зууны усан бууны технологиос салаагүй яваа нь гутамшиг юм.  Байгаль орчны асуудал хариуцсан төр, захиргааны байгууллагууд нь бүхэлдээ хүчгүйдэн доройтож, газар дэлхийгээ онгичин байж алт авах ажилд улайран дайрах нөхцөлийг нь бүрдүүлж, бүр бодлогоор дэмжээд байгаа мэт харагдах болсон нь үнэн. Чухам эндээс, байгаль дэлхий уйлан хайлж, хөрөнгө мөнгө инээн баясах цаг иржээ гээд дүгнэчихэж болмоор. НҮБ буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд байгалиас ганцхан ам.долларын бүтээгдэхүүн авахын тулд 20-25 ам.долларын экологийн сүйрэл бий болгож байна гэсэн тооцоог гаргасан байна. Энэ тооцооноос харахад л Монгол Улсын валютын нөөц, алтны сан хөмрөг арвижиж үржихээс илүү газар шороо, гол ус, ой хөвчийн экосистемийг хамгаалах асуудал чухал гэдгийг ойлгох цаг болжээ. ХХI зуунд экосистемийн доройтол улам бүр нэмэгдэж, ган цөлжилт бүх дэлхийг нөмрөх аюултай гэсэн судлаачдын анхааруулга хоосон таамаг биш нь нотлогдсоор байна. Цөлжсөн, ширгэсэн, шатсан, бохирдсон талаарх хар мэдээний архив асар богино хугацаанд зузаарсаар байгааг дахин дахин сануулмаар байна. 

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ

 Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Г.Эрдэнэбат: -Нөхөн сэргээлт хийдэггүй. Бид нар лиценз, зөвшөөрлөө авчихсан гээд л манай хэдэн мал бэлчдэг газрыг сүйтгээд дуусаж байна. Сүүлд ирэхэд нь бид хөөгөөд явуулсан. Энэ айлууд намаржаандаа гардаггүй юм байх даа гэж ярьж байсан.

С.Батсайхан: -Орхон гол бол Монголын хамгийн урт гол. 1124 км үргэлжилдэг. Ай савдаа 1730 нуур тогтоож, олон арван гол нэгдэж, Сэлэнгэ мөрний 47 хувийг, Байгал далайн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Орхоны хөндийг тэр чигт нь ундаалж байсан голын хойморт ирэхэд бодит байдал өнөөдөр ийм байна. Үгээр илэрхийлэх ч арга алга. Энд өнөөдөр Гол, мөрний урсац бүрэлдэх их усны сан бүхий газрын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль 100 хувь зөрчигдөж байна. Одоо харахад жижиг голуудыг асар том хоолойгоор татаж авчирч, нуурт цутгаж, олборлолтоос үлдсэн усаа шууд асгасан байдалтай байна. Орхон голын эх нь ийм байхад цаашаа ямар хувь заяа хүлээж байгаа нь ойлгомжтой. Аймшигтай, харамсалтай.

“Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан: -Нутгийн ард иргэд хүчин мөхөсдөөд, ямар ч идэвхгүй, газар нутгаа гэх сэтгэл ч байхгүй болсон нь харагдаж байна. Мөнгө өгч аргалаад, өвөлжөө, хаваржааг нь хойшлуулаад байдаг. Тэгсээр байгаад одоо энэ хөндийн амыг “Угалз групп” бүхэлд нь эзэмшчихсэн байна. Гол мөрний урсац бүрдэх усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал олборлохыг хориглоно гэсэн хууль бий. Гэтэл энд бүх жижиг голуудыг нь сүйтгээд хаячихжээ. Суварга хайрхны зүүн суганд ирэхэд ой мод их тайрсан харагдаж байна. Ойн сан, усан сан бүгдээрээ байж байхад өнөөдөр энд хэрэгжиж байгаа хууль алга.

С.Батсайхан: -Монголын төр уул уурхайн компаниудтай нийлээд яг энэ газарт хүн төрөлхтний өмнө гэмт хэрэг хийж байна гэдгийг шууд хэлмээр байна. Би сар гаруйн өмнө дэлхийн 111 орны оролцсон Дэлхийн амьд нууруудын чуулганд оролцсон. Яг ийм уул уурхайгаас дэлхий өнөөдөр татгалзаж байгаа. Яагаад гэвэл эко системийн нөхөн сэргээлт гэдэг зүйл хэзээ ч анхны төрхөнд нь оруулдаггүй. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдчихсон зүйл. Гэтэл манай орон 18, 19 конвенцид нэгдчихсэн байдаг. Энэ бол зүгээр л доромжлол. Монголын хууль төдийгүй, олон улсын гэрээ конвенцыг зөрчиж байна. Орхон бол хүн төрөлхтний цэвэр усны хувь заяатай холбоотой гол.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hs(112.72.11.113) 2019 оны 08 сарын 27

Bugded ni hariutslaga huleelgeh heregtei, Naaduul chin avliga uguud l unguruuchihnu shu!!

0  |  0
ЗОЧИН(66.181.161.46) 2019 оны 08 сарын 27

Эх орончдын амиараа сольж үлдээсэн нутгыг ийм хүмүүст сүйтгүүтгүүлчих чгэж ...харамсалтай

0  |  0
ард түмэнд(103.212.119.20) 2019 оны 08 сарын 27

Байгаль орчны яам бас ашигт малтмалын газарыг татан буулгах хэрэгтэй. Муу нэртэй болсон шүүх цагдаа ч бас холбоотонгууд болсон байх. Тосон бумбын нурууны явдлаас санаа сэрэмж авах хэрэгтэй шүү.

0  |  0
zochin(202.126.89.129) 2019 оны 08 сарын 27

mash zuvuu. tur.turiin bus baiguullaguutai niileed eh ornoo hamgaalaarai.

0  |  0
Машбат(122.201.17.100) 2019 оны 08 сарын 27

Хайран газар шороо минь эх нутаг минь

1  |  0
Top