Д.Тогтохсүрэн: Байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж заахаар тогтсон

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Монгол Улсын Ерөн­хийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөх санал оруулж ирсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн 6.2-ыг "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тусгасан. Уг асуудалд зарчмын зөрүүтэй санал гарсан тул МАН-ын бүлэг хуралдаж, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөх шийдвэр гаргажээ.

Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Байгалийн баялаг төрийн нийтийн өмч байх нь зөв гэдэгт бүлгийн гишүүдийн олонх нэгдлээ. Шууд нийтийн өмч болгох нь байгалийн баялгийг хэт задгай орхих байдалд хүрнэ гэж үзээд төрийн нийтийн өмч байхаар тогтсон. Энэ нь илүү тодорхой болгож байгаа юм.

Хоёрдугаарт, шүүхтэй холбоотой гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ес, Ерөнхийлөгчийн  төсөлд дөрвөн заалт байсныг нэгтгэн ярилцаад нийт гурван заалт болгон оруулж байгаа. Шүүхийг яаж байгуулах тухай, Шүүхийн ерөнхий зөвлөл ямар бүтэцтэй байх, Шүүгчид сахилга тооцдог Сахилгын хороо ямар бүтэцтэй байх вэ гэсэн үндсэн гурван асуудал тусгагдсан. Бусад заалтууд болох шүүгчид тавигдах шаардлага, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох зэргийг 35 хувьд барихын тулд төслөөс хасаж Шүүхийн хуулиар нь зохицуулна" хэмээн тайлбар хийсэн юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.


-“Төрийн нийтийн өмч” гэдэг нэршил хэр тохиромжтой вэ. Хоёрдмол утга илэрхийлэхгүй юу?

-Одоо мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тодорхой заачихсан байгаа. Төрийн өмчийг дотор нь хоёр ангилна. Нэг нь төрийн өөрийн өмч буюу сандал ширээ зэрэг захиран зарцуулдаг зүйлс. Нөгөө нь төрийн нийтийн өмч. Тэр нь байгалийн баялаг, уул ус, ургамал, ан амьтан. Нийтийн өмчийг захиран зарцуулах эрх нь хэдий төрд байгаа ч заавал ард иргэдийн саналын үндсэн дээр шийддэг байх үүднээс төрийн нийтийн өмч гэж байгаа юм. Улс төрийн намууд нийтийн өмч гэдэг санал оруулж байгаа. Шууд нийтийн өмч гэж болохгүй. Тэгвэл иргэн хүн байгалийн баялгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх үүсчихнэ. Жишээ нь, бидний хэлдэг нинжа нарт газрын хэвлийг ухах эрхийг нь олгох болчихно. Тиймээс төрийн, нийтийн өмч гэж заахаар болсон.

-Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тооны хувьд бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 байна. Үүний 54 гишүүнийг жижиг мажоритар тойргоос сонгоё, 54 гишүүнийг улс орон даяар том тойргоос сонгоё гэдэг санал дэвшүүлсэн. АН-аас 108 гишүүнийг дэмжье. Гэхдээ 54 нь мажоритараар, 54 нь пропорционалиар байя гэсэн. Манай нам 108 гишүүнийг олон байна гэж үзээд 99 байхаар тогтсон. Харин тогтолцооны хувьд иргэн хүн гишүүнийг сонгох ёстой, намыг сонгож болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Тойрог нь ямар ч байж болно. Ер нь тогтолцоотой холбоотой асуудлыг Сонгуулийн хуулиар шийдэхгүй бол амьдрал баян. Дараагийн дөрвөн жил дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд зогсож байж магадгүй. Сонгуулийн тогтолцоо, тооноос болоод байнга Үндсэн хууль хөдлөх эрсдэл үүснэ. Тиймээс тогтолцоог Үндсэн хуульд оруулах шаардлагагүй гэж үзсэн.

-Бүлгийн хэмжээнд санал нэгдэж чадахгүй байгаа заалт үлдсэн үү?

-Санал нэгдэж чадахгүй заалт байхгүй. Бид тогтолцоо ямар байх, тоо хэд байх, таван жилийг дэмжих үү гэдэг дээр 64 гишүүнээсээ нэг бүрчилж бичгээр санал авсан. Гишүүдийн олонх нь 99-ийг дэмжсэн.

-Үндсэн хуулийг баталсны дараа УИХ тарах тухай Ерөнхийлөгчийн саналд бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийг баталсны дараа бидэнд хоёр том ажил үлдэнэ. Ерөнхийлөгч ч хэлсэн. Нэг дэх нь Сонгуулийн хуулийг заавал батлах ёстой. Хоёр дахь нь Улс төрийн намуудын тухай хуулийг батлах ёстой. Энэ хоёрыг шийдсэний дараа УИХ тарах эсэхээ ярих боломжтой.

-АН-ын саналыг хүлээж авахгүй бол хэлэлцүүлэгт орохгүй гэдгээ мэдэгдсэн. АН-ын саналыг хэрхэн тусгаж байгаа вэ?

-АН-ын маш олон саналыг авсан. Гишүүдийг эргүүлэн татах, санхүү эдийн засагтай холбоотой бүх саналыг нь авсан.

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг хэзээ үргэлжлэх вэ?

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгах зорилт тавин ажиллаж байна. Ард нийтийн санал асуулга явуулах уу, гуравдугаар хэлэлцүүлгийг хийх үү гэдгээ шийдээд түр завсарлахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.184.89) 2019 оны 08 сарын 27

Яагаад заавал төрийн гэдэг үг оруулаад байгаа юм.Нөгөө төрд алба хашиж байгаа дарга нар шуналтууд чинь төрийн өмч гэж ойлгоод хуваагаад идэхэд амар болгож байгаа юмуу

0  |  0
Хуц(103.57.93.19) 2019 оны 08 сарын 27

Ард түмний өмч гэнэ шүү битгий давраад байгаарай ард түмэн та нарт хууртахгүй анхааралтай ажиглаж байгаа шүү малнууд миь

0  |  0
Zochin(202.4.248.65) 2019 оны 08 сарын 27

Юун нийтийн өмч вэ? Ард түмний өмч. Үг хэллэгээ анхаармаар юм.

0  |  0
Top