Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Тус хуралдааныг энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн зарлаад байсан ч ирц бүрдээгүйн улмаас ийнхүү өчигдөр ирвэл зохих 75 гишүүнээс 58 нь буюу 77.3 хувь нь ирснээр хуралдах боломжтой болсон юм. Мөн үдээс өмнө зарласан хуралдааны үеэр техникийн саатал гарсан тул түр завсарласан билээ. Уг саатлыг УИХ-ын дарга Г.Занданшатар “Санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэхээс аргагүй. Техникийн хэлтсийн дарга ажилдаа анхаар” хэмээсэн.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан бөгөөд түүнээс болон төсөл санаачлагч, ажлын хэсгийнхнээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснийг хэсэгчлэн хүргэе.
* * *
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН 51-ЭЭС ДООШГҮЙ ХУВИЙГ ТӨР АВАХ ЗААЛТЫГ ЯАГААД ОРХИГДУУЛАВ?
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ “Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс АН-ын гишүүд хаяад гараад явчихлаа. Ерөнхийлөгчтэй, улс төрийн намуудтай зөвшилцсөн үү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард түмний санал асуулгыг хуулийн хүрээнд явуулах талаар ямар байр суурьтай байна вэ. Иргэд, сонгогчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээс асуух ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд би гарын үсэг зурсан. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг сэргээхийг дэмжиж байна. Дээр нь улс төрийн намуудыг хариуцлагажуулах саналд нэгдэж байна. Хамгийн гол нь байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим алдагдлаа. Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэдэг санал оруулахад ажлын хэсгээс хассан. Харин Ерөнхийлөгчөөс санал ирүүлснээр байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж нэрлэхээр болж. Ашиглалттай холбоотой зохицуулалтыг яагаад орхигдуулчихав. 51-ээс доошгүй хувийг төр авах заалтыг яагаад орхигдуулав. Ашиглалтаа тодорхой болгохгүй бол эрх мэдэлтэй хүмүүсийн оролцоотойгоор газрын хэвлийн баялаг гадна, дотнын хүмүүст очоод дууслаа шүү” хэмээн асуулаа.
* * *
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г 100 ХУВЬ ТӨР ЭЗЭМШИЖ БАЙХАД 51 ХУВЬ БОЛГОЖ БАГАСГАХ НЬ ЗОХИСГҮЙ
Гишүүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ “Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн баригдаад хоёр сар гаруй өнгөрлөө. 1992 оны Үндсэн хуулийг хоёр жилийн хугацаанд боловсруулж, АИХ 80 гаруй хоног хуралдаж байж баталж байсан түүхтэй. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг дөрвөн цаг хуралдаад баталгаажуулж байсан. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2016 оноос хойш боловсруулж, зургаадугаар сарын 8-нд өргөн барьснаас хойш олон удаагийн хэлэлцүүлэг болсон. Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр олон гишүүн АН-ын гишүүд болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой гэсний үндсэн дээр улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлыг хийлээ. Тиймээс зөвшилцөлтэй холбоотой асуудал их хийгдсэн. Парламентад суудалтай болон суудалгүй 30 гаруй нам, эрдэмтэн судлаач, төрийн, төрийн бус байгууллагууд саналаа өгсөн.
Ард нийтийн санал асуулгын хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт ард нийтээсээ асууж байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахаар тусгасан. Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлэг явсны дараа УИХ олонхиороо шийднэ.
Байгалийн баялаг ард түмний өмч байх асуудлын хувьд ихээхэн мэтгэлцээн өрнөсний эцэст төрийн нийтийн өмч гэж оруулсан учир нь олон улсын туршлагыг харгалзан үзсэн. Харин ашиглалттай холбоотой асуудлын хувьд 51-ээс доошгүй төр эзэмших саналыг олон гишүүн хэлсэн. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” гээд 100 хувь төр эзэмшиж болоод байхад 51 хувь болгож багасгах нь зохистой биш. Тиймээс 51 хувийг төр эзэмшинэ гэж зааж өгөх нь зохимжгүй гэж үзсэн” хэмээн тайлбар хийлээ.
* * *
Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ, М.ЭНХСАЙХАН НАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г ҮНЭГҮЙ ӨГӨХ ШАХСАН
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.ЭНХБОЛД “Одоогоор байгалийн баялгийг ард түмний мэдэлд байдаг өмчийг төрийн өмч гэж томьёолсон байгаа. Ард түмнээсээ сонгогддог төлөөлөлтэй улсад ийм хэлбэр байж болно. Гэхдээ төрийн өмчийг хувийн юм шиг авч үздэг төртэй байж бид үзсэн. Ердөө гуравхан жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайд асан М.Энхсайхан нар ард түмний мэдэлд байдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийг Монгол-Хятадын хамтарсан компанид 100 жилээр үнэгүй өгөх шахсан. Энэ танхимд сууж байгаа гишүүд авч үлдсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн байр суурь бол төрийн нийтийн өөрийн өмч гэдгийг сандал ширээнээс өөр гэдгийг л тунхаглая гэж байгаа юм. Одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчин гэдэг бол одоо байгаа хүмүүсийн паблик компани биш. Ирээдүйн монголчуудын өмч. Тиймээс төрийн нийтийн өмч гэдэг нь өнөөдрийнхөөс өөр зохицуулалтаар явах ёстой. Хэрэв хувьчлах бол “Эрдэнэс Тавантолгой”-н хоёр сая хувьцаа эзэмшигчээс асуух ёстой” хэмээн нэмэлт тайлбар хийлээ.
* * *
ТА БҮХЭН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ
Харин УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАН: Хэлэлцүүлгийн явцад Үндсэн хууль зөрчих журам олон удаа зөрчигдсөн гэж үзэж байна. Нэмэлт, өөрчлөлтөөр орж ирсэн заалтуудын хэдэн хувь нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн бэ. Үндсэн хууль хэлэлцэх явцад дундын санал гээд янз бүрийн санал оруулж ирээд байх юм. Сөрөг хүчин заримдаа гүйгээд гараад явчихна. Заримдаа арван хэдэн санал оруулаад ирнэ. Миний харж байгаагаа зөвшилцөл чинь хуйвалдаан болж байна. Дампуурсан нийгмийг өөрчлөхийг дэмжиж байгаа. Гэхдээ буруу өөрчлөхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн шинэчлэл, улс төрийн намуудын асуудал шийдэгдсэнгүй. 1992 оны Үндсэн хуулийн сул тал нь эдийн засгийн суурь заалт байгаагүй. Харин одоо өөрчилж чадсан уу. Нэмэлт, өөрчлөлтөөр иргэний хүмүүнлэг нийгэм байгуулах чиглэлээр нэг ч зүйл заалт орсонгүй. Өнөөдөр бид цагаа үрж энэ танхимд суух шаардлагагүй. 57 гишүүн дэмжиж байж батлах ёстой. Ямар ч шаанс харагдахгүй байна. Энэ нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шалтгаан нь эрх баригч нам Үндсэн хуулийг өөрчилнө гэж амлалт өгсөн. Эрх баригч намын дотоод хагарлаас болж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадвар харагдахгүй байна. Ард түмэнд үнэнээ хэлээд УИХ тарах хэрэгтэй. Та бүхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй” хэмээв.
* * *
ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ ҮНДСЭН ХУУЛЬДАА НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ НЬ ЗӨВ
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ “2000 онд дордуулсан долоон өөрчлөлтийг хийснээс хойш үе үеийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж ирсэн. Хамгийн сүүлд та бид төсөл өргөн барьсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийг даруй өөрчилж шударга шүүхтэй болох, байгалийн баялгийн хуваарилалтыг тэгш хүртээмжтэй болгох, төрийн бодлогыг тогтвортой болгох зэрэг асуудлыг шийдэх ёстой гэж ард иргэд хүлээж байгаа. Тиймээс бүгдээрээ хамтарч суугаад баталчихвал зүгээр байна. Төрийн өмч гэж байснаар хэсэг бүлэг хүн хулгай хийх боломжийг бий болгоод байна. Харин төрийн нийтийн өмч гэснээр хуулийн цоорхойг хаах боломжтой. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан байхаар өөрчлөх гэж байна. Ирээдүй хойч үедээ үлдээх ёстой гэдгийг суулгаж байгаа. Баялгийн сан бий болгон иргэн бүрт тэгш шударга хүртээнэ гэсэн. Эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог байх заалтууд орсон. Монгол улсын хөгжлийн бодлого тогтвортой байхыг заасан. Энэчлэн өнөөдрийн Үндсэн хуулиас сайжирсан заалтууд орж ирж байгаа. Тиймээс өмнөх алдаануудаасаа сургамж аваад, ирээдүйгээ харж Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийх нь зөв” хэмээн тайлбарлав.
Сэтгэгдэл ( 0 )