Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ ид хэлэлцэж байна. УИХ ээлжит бус чуулганыхаа өчигдрийн хуралдаанаар гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 150 гаруй саналаар санал хураах ажлыг эхлүүлсэн. Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд олны анхаарлыг татсан хэд хэдэн сэдэв бий. Байгалийн баялаг, түүний ашиглалт, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо болон парламентын бүрэн эрхийн хугацааг ард иргэд ихээхэн сонирхож байгаа. Эдгээрээс байгалийн баялагтай холбоотой заалт хэрхэн өөрчлөгдөж байгааг тал талын өнцгөөс тайлбарлахыг зорилоо.
“Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1 дэх заалтыг өөрчлөх гээд байгаа шүү дээ. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж томьёолсон бол Ерөнхийлөгчийн төсөлд тэдгээр нь “нийтийн өмч” байхаар тусгагдсан. Энэ заалтыг зөвшилцлийн явцад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөн найруулаад байгаа. Харин байгалийн баялгийн ашиглалт, тэгш шударга хуваарилалтын тухайд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөхөөр тогтсон. АН-ын зүгээс “газрын хэвлийн баялаг” гэдэг үгийг оруулсан гэхэд болно.
Дээрх өөрчлөлтийн хүрээнд парламентын засаглах эрх баталгаажна гэж үзэж байгаа аж. Учир нь ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотойгоор төлөөллийн зарчмаараа дамжуулан байгалийн баялгийг төрийн нийтийн өмчид хамааруулах, зохистой, үр ашигтай, хүртээмжтэй ашиглах зарчим, журмыг тогтоосон аливаа өөрчлөлтийг оруулах болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх хуулийг нийт гишүүдийн олонхын саналаар “эцэслэн” батална хэмээн ажлын хэсгээс тайлбарлаж буй. Энэ агуулгад байгалийн баялгийг “төрийн өмч” гэхийн оронд “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх нь тохиромжтой гэж үзэж байгаа юм билээ.
УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ганцхан төслийг хэлэлцэх учиртай. Иймд Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч, сөрөг хүчин болох АН болон парламентад суудалгүй бусад намууд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг авч, нэгтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд иргэд, олон нийтийн санал бодлыг сонсох зорилготой цуврал уулзалт, хэлэлцүүлгүүд ч хийж 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авсан байдаг. Нийт иргэдийн 82 хувь нь гишүүдээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжжээ. Гэхдээ иргэд байгалийн баялгийг төрийн мэдэлд авч, ашиглалтын 51 хувийг төр эзэмшихийг дэмжиж байсан юм.
УИХ-ын гишүүд дунд ч орд газруудын 51 хувийг төр эзэмших учиртай гэсэн байр суурьтай гишүүд олон байлаа. Тэд “Байгалийн баялгийн 51-ээс доошгүй хувийг төр авах заалтыг Үндсэн хуульд тусгах ёстой гэцгээж байв. Ийм байр суурьтай гишүүдийн үзэж буйгаар “орд газруудын 51 хувийг төр эзэмшинэ” гэж зааж өгөөгүйгээс эрх мэдэлтэй хүмүүсийн оролцоотойгоор газрын хэвлийн баялаг гадна, дотнын хүмүүсийн гарт ороод замрах аюул байгааг баримттайгаар хэлж байлаа. Тухайлбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл болох ШИНЭ намын гишүүн Л.Болд “Үндсэн хуульд оруулахыг зорьж байсан баялагтай холбоотой заалт болох Монголын ард түмэн стратегийн ордуудын 51-ээс дээш хувийн үр ашгийг шууд хүртдэг байх заалтаас ухралт хийж байна. Ийм нөхцөлд ШИНЭ нам Үндсэн хуулийн өөрчлөлтөд оролцох боломжгүй. Монголын ард түмэн бид өвлийн хүйтэнд олон удаа жагсаал цуглаан хийж, суулт, өлсгөлөн зарлахдаа баялгийнхаа төлөө тэмцсэн юм. Энэ тэмцлийн гол үр дүн Үндсэн хуулиар орж ирэх байсан. Харамсалтай нь талаар болж байна. Шинэ намаас тавьж байгаа гол асуудал нь баялгийн заалтыг тусгах. Стратегийн ордуудын 51-ээс дээш хувийн үр ашгийг ард түмэнд шууд хүртээх явдал байсан. Ингэж байж төр дээрх хэрүүл арилна. Гурван сая хүнийг хэн ч хуурч чадахгүй. Одоо төрд мэдэл байгаа болохоор төрд хэн очно тэр нь баялгийн эзэн болчихоод байна” хэмээсэн нь бодох л асуудал.
Харин байгалийн баялгийн 51 хувийг төрд эзэмшүүлэх тухай УИХ-ын гишүүн Л.Болдтой адил үзэл бодолтой гишүүдэд хандан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байгалийн баялаг ард түмний өмч байх асуудлын хувьд ихээхэн мэтгэлцээн өрнөсний эцэст төрийн нийтийн өмч гэж оруулсан учир нь олон улсын туршлагыг харгалзан үзсэн. Харин ашиглалттай холбоотой асуудлын хувьд 51-ээс доошгүй хувийг төр эзэмших саналыг олон гишүүн хэлсэн. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” гээд компаниудыг 100 хувь төр эзэмшиж болоод байхад яагаад 51 хувь болгож багасгах ёстой гэж. Тиймээс 51 хувийг төр эзэмшинэ гэж зааж өгөх нь зохимжгүй гэж үзсэн” хэмээн тайлбарласан нь буруу ч биш мэт. Дээр нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Одоогоор байгалийн баялгийг буюу ард түмний мэдэлд байдаг өмчийг төрийн өмч гэж томьёолсон байгаа. Ард түмнээсээ сонгогддог төлөөлөлтэй улсад ийм хэлбэр байж болно. Гэхдээ төрийн өмчийг хувийн юм шиг авч үздэг төртэй байж бид үзсэн. Ердөө гуравхан жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайд асан М.Энхсайхан нар ард түмний мэдэлд байдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийг Монгол-Хятадын хамтарсан компанид 100 жилээр үнэгүй өгөх шахсан. Тиймээс Ерөнхийлөгчийн байр суурь бол төрийн нийтийн өөрийн өмч гэдгийг сандал ширээнээс өөр гэдгийг л тунхаглая гэж байгаа юм. Одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчин гэдэг бол одоо байгаа хүмүүсийн паблик компани биш. Ирээдүйн монголчуудын өмч. Хэрэв хувьчлах бол “Эрдэнэс Тавантолгой”-н хоёр сая хувьцаа эзэмшигчээс асуух ёстой” хэмээн хэлсэн нь асуудлыг илүү ойлгомжтой болгож байна.
Үнэхээр төрийн томчууд түмний ордыг өөрийн мэдлийн гэж ойлгон дураар эзэмшдэг жишээ олон. Харин байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэж зарласнаар гурван сая хувьцаа эзэмшигч тухайн ордыг хэрхэн ашиглах талаар шийдвэр гаргадаг болох нь. Наанадаж төлөөллийн зарчмаараа УИХ, түмний нүдэн дээр хэлэлцэн батлах учиртай болно. Гэхдээ нөгөө талаар 100 хувь төрийн мэдэлд байж болдог зарчим нь өнөөх л “шахааны бизнес”-ээ авч үлдэх гэсэн оролдлого байхыг үгүйсгэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд Монголын зэс корпорацийнхан орсноор менежментийн хувьд асар их дэвшил гарсан гэдэг шүү.
Юутай ч энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зүтгүүлсээр хуулийн хугацаанд нь батлах болов уу. Харин ард түмнээсээ асуух эсэхээ хоёр дахь хэлэлцүүлгийн дараагаас шийдэх учиртай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2016 оноос хойш боловсруулж, 2019 оны зургаадугаар сарын 8-нд өргөн барьснаас хойш олон удаагийн хэлэлцүүлэг, зөвшилцөл өрнөлөө. Хэлэлцүүлэг, зөвшилцөл бүрийн дараа хуулийн төсөл илүү чамбайрсан гэдэгт итгэнэ. Байгалийн баялагтай холбоотой заалтын хувьд хэсэг бүлэг хүн хувьдаа завших боломжийг хязгаарлах гэж оролдож байгаа юм байна. Мөн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан ирээдүйгээ харсан байхаар өөрчилж байгааг дэвшил гэж үзэж болохоор. Баялгийн сан бий болгон иргэн бүрт тэгш шударга хүртээнэ гэдэг агуулгыг Үндсэн хуульдаа суулгаж өгөхөөр болж. Энэчлэн байгалийн баялгийн заалт өнөөдрийн Үндсэн хуулиас сайжирсан заалтууд орж байх шиг. Харин амьдрал дээр хэрхэн хэрэгжихийг бид тун удахгүй харах болно.
Сэтгэгдэл ( 2 )
Газар түүний хэвлий дахь баялаг, ус. ой мод гээд бусад байгалийн баялаг бол хэн нэгний өмч байж таарахгүй тэр тутмаа ”эзэн биегүй” төрд өмчлүүлэнэ гэдэг нь өнөөгийн луйвар булхайг үргэлжлүүлэнэ гэсэн үг. Энэ бүхэн бол Монголын үе үеийн ард түмэнд бурхнаас заяаасан бэлэг, баялаг үүнийг ард олны санаанд нийцсэн хуулиар хамгаалж, ашиглах асуудлыг тухайн баялагийн орчинд хамаарах ард түмнээс асууж зөвшөөрөл авах замаар ашиглах нөхцөлд өмч болж эзэн тодрох учиртай гэж бодож байна.
төр гэдэг үгийг нийтийн өмч байна гэдгийн өмнө оруулж ирсэнээр төрд гарсан эрх мэдлээрээ өмчийг эзэмшиж өөрийн болгох санаархал явж байна