Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэнтэй ярилцлаа.
-ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах тухай сэдэв уг нь “хуучин” л даа. Харин энэ удаад өмнөхөөсөө илүү ажил хэргийн түвшинд яригдаад байх шиг. В.Путин манай Ерөнхийлөгчтэй Улаанбаатарт, бас Владивостокийн форум дээр уулзсаныхаа дараа холбогдох хүмүүстээ үүрэг даалгавар өглөө. Дараахан нь хоёр орны эрчим хүчний сайд нар уг асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулах тухай ярилцаад авч. Та судлаачийн хувиар энэ удаагийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлээч?
-Энэ талаар, Дорнын эдийн засгийн форумын тухай ярихаасаа өмнө Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөхцөл байдлыг дүн шинжилгээ хийж, харах ёстой. Одоогийн нөхцөл байдлын хувьд манай Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хувь хүмүүсийн эерэг харилцаанд тулгуурлаж, хоёр улсын эдийн засаг, худалдаа, улс төрийн харилцааг сайжруулах оролдлогуудыг хийж байна. Өөрийн чинь тодруулж асуугаад байгаа байгалийн хий дамжуулах хоолойн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд очих тоолондоо энэ саналыг тавьдаг. Энэ удаа В.Путин Ерөнхийлөгч холбогдох албаны хүмүүстээ тодорхой үүрэг өгч, буцаж мэдэгд гэж даалгалаа. Хоёрдугаарт, Монголоос нүүрс шилжүүлэн тээвэрлэх терминалыг “Зарубино” боомтод байгуулах төсөл эхлүүлснийг зарлалаа. Тодруулбал, Тавантолгойн нүүрсийг 25 жил хүртэлх хугацаанд, ОХУ-ын дотоодын тарифын 55-58 хувиар, хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэж “Зарубино” боомт руу хүргэхээр болж байна.
Энэ тийм ч том боомт биш л дээ. “Зарубино” боомт Хятадын хилтэй их ойрхон. Энэ боомтыг ашиглуулах шийдвэр үндсэндээ гарчихлаа гэж ойлгож болно. Бид нүүрсээ хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэж, “Зарубино” боомтоор дамжин Хятад руу гарах гарцаас гадна өөр бас нэг боломж бий. ОХУ-ын вагоны тариф гэж асуудал байдаг. Тус улсын ачааны вагоны хүртээмж бага болж, Транс Сибирийн төмөр зам ачаалал бага болсон. Буцахдаа вагонууд хоосон ирэх магадлал өндөр байдаг. Тэгэхээр тэр хоосон вагонд юу ачих вэ гэдэг асуудлаар хоёр орны холбогдох хүмүүс, судлаачид хамтарч судлах хэрэгтэй. Дорнын эдийн засгийн форумын тухайд ОХУ-ын эдийн засаг, улс төрийн харилцаа Ази руу, Зүүн Ази руу чиглэж байгаа шүү дээ. Сүүлийн гурав дөрвөн жил В.Путин Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн форумд их ач холбогдол өгч байна. Энэ жил Японы 500 гаруй компани оролцсон. Солонгос улс идэвхтэй оролцлоо. Монгол Улс оролцлоо, их чухал форум боллоо. Энэ форумын зорилго анхнаасаа Зүүн Хойд Азид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгуулагдсан. Ялангуяа эрчим хүчний асуудалд их анхаарал тавьдаг.
-Байгалийн хийн хоолойг Алс дорнодын нутгаар дайруулснаас манай нутгаар дайруулах нь эдийн засгийн агуулгаар харахад хэн хэндээ зардал хэмнэнэ биз дээ. Тэгвэл манай Монгол Улс төлбөр авахаас гадна өөр бусад үр ашгууд байгаа талаар эдийн засагчид, шинжээчид хэлж ярьцгааж байна л даа. Мөн бид төлбөр авсныхаа хариуд бас ямар төлбөр төлөх вэ гэдэг асуудал ч анхаарал татаж байна?
-Аливаа бизнесийн харилцаанд үр ашиг, хэрэгцээ гэдэг юмыг тооцох ёстой. БНХАУ-д байгалийн хий авах хэрэгцээ үнэхээр байна уу, үгүй юу гээд авч үзье. Тэгвэл одоогийн байдлаар БНХАУ байгалийн хий импортоор авах хэрэгцээ шаардлага байхгүй. Дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа. Зүүн чиглэлийн “Сибирийн хүч-1” байгалийн хий дамжуулах хоолой энэ арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Тэгэхээр ойрын үедээ нэмэлтээр хоолой тавигдах нь юу л бол. Хятадын байгалийн хийн жилийн хэрэглээ 120 тэрбум шоо метр бол 80-аад хувийг нь Шинжаан Уйгураас татаж байна. ӨМӨЗО элсэн доороос байгалийн хий гаргаад ирлээ шүү дээ. Ордос хотод шинэ ордууд илрээд байна. Тэгэхээр хэрэгцээ бол бага байгаа. Энэ бодох л асуудал. Байгалийн хийн хоолойг манай нутгаар дайруулах тухай ярихын оронд ОХУ-тай харилцаагаа сайжруулах өөр бодитой саналуудыг тавих хэрэгтэй.
-Тэгвэл бодитой, хөрсөнд буух боломжтой саналууд юу байж болно гэж?
-Тухайлбал, эрчим хүч, зам тээврийн салбарт хамтарч ажиллаж болж байна. Сая хоёр Ерөнхийлөгчийн Улаанбаатарт хийсэн уулзалтаар ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудал мөн яригдсан. 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.доллароор манай улс Зүүнбаян-Ханги чиглэлийн 281 километр төмөр зам, Овоот-Эрдэнэтийн 560 километр төмөр зам барих, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэхэд зарцуулна гэж ярьж байна. Хэрвээ эдгээр төмөр зам баригдчих юм бол их боломж бий болно. Одоо манай улс ганц Эрээнээр төмөр замаар гарч байна. Тавантолгойн нүүрсийг автомашинаар Гашуунсухайт-Ганцмодны боомтоор гаргаж байна. 15 мянган тээврийн хэрэгсэл дараалал үүсгэж, бөглөрч байгаа шүү дээ. Тэгэхээр 100 тэрбум рублийн зээлээр төмөр замын дэд бүтцийг шийдвэл нэг шинэ гарц болох юм. Энэ бол хэрэгжих боломжтой салбар учраас түлхүү санал болгох хэрэгтэй. Байгалийн хийн хоолой татна гэхээсээ төмөр зам, эрчим хүчний салбарт анхаарал хандуулах хэрэгтэй л дээ. Багануур, Шивээ-Овоо зэрэг нүүрсний ордууддаа түшиглэн, эрчим хүчний хамтарсан шинэ эх үүсвэр, станцуудыг барих боломжийг хайх хэрэгтэй. Сая В.Путины айлчлалын үеэр манай талаас 3, 4 дүгээр цахилгаан станцад технологийн шинэчлэл хийх асуудлыг тавьсан байна лээ. Энэ хэрэгжих боломжтой саналууд.
-Эрчим хүчний салбарыг нүүрсний ордуудад түшиглэн хөгжүүлэх гэснээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн зүгээс “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ”-нд сэргээгдэх эрчим хүчний том нийлүүлэгч байх боломж бидэнд байна гэдэг асуудлыг мөн жил дараалан ярьж байгаа шүү дээ?
-Ер нь энэ Дорнын эдийн засгийн форум эрчим хүчний салбарт ихээхэн анхаарал хандуулдаг. Азийн эрчим хүчний супер сүлжээний асуудал анх яригдахад Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээр, оролцоотой байх тухай яригдсан л даа. Гэхдээ өнөөдөр бид нөхцөл байдлаа харахад сэргээгдэх эрчим хүч Монголын эрчим хүчний үйлдвэрлэлийн найм хүрэхгүй хувийг эзэлж байна. Бид сэргээгдэх эрчим хүчний салбарт оролцогч байхын тулд хийх ажил их.
-Та ярианы эхэнд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөхцөл байдлыг дүн шинжилгээ хийж, харах ёстой гэсэн шүү дээ. Хоёр орон эдийн засгийн салбарт илүү түншлэхийн тулд өчигдөр, өнөөдрийн нөхцөл байдлаа, алдаа оноогоо харьцуулж байж ахиц гаргах болов уу?
-90 оноос өмнө манай улсын гадаад худалдааны эргэлтийн 80 гаруй хувийг тухайн үеийн ЗХУ эзэлдэг байсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хоёр орны хувьд зардал багатай, ашигтай ажиллах боломж бүхий түнш улс орнуудыг эрэлхийлснээр ОХУ-ын худалдаа харилцаа Баруун Европ руу чиглэсэн бол Монголынх Ази, Зүүн Азийн орнууд руу чиглэсэн. Өмнө нь хоёр улсын харилцаа үзэл сурталд тулгуурласан, эдийн засгийн болоод технологийн нягт хамтын ажиллагаатай байв. Монголын уул уурхай, мал аж ахуйн түүхий эдийг Оросын боловсруулах үйлдвэрүүд ашигладаг байсан. Харин 90 оны шилжилтийн үед энэ харилцаа тасарч, манай улсын эдийн засагт ОХУ-ын гүйцэтгэх үүрэг багассан. 90 оноос хойш улс төрийн дээд, дунд, доод түвшний олон чухал бичиг баримтууд батлагдсан ч хэрэгждэг нь бага. Засгийн газар, УИХ-ын хэмжээнд олон удаагийн айлчлалууд болсон ч үр дүн багатай байдаг. Үүнд, манайхаас ч Оросоос ч шалтгаалах юм байна. Хоёр орны эдийн засгийн харилцаа 90 оноос хойш үр ашиггүй болсон. Аль ашигтай байгаа улс оронтойгоо эдийн засгийн харилцаанд илүүтэй орж байна л даа. Бид газарзүйн байрлалын хувьд ойр учраас Хятад болон Зүүн өмнөд Ази, Солонгос, Япон зэрэг улс орнуудтай харилцаагаа өргөжүүлсэн. Одоо манай экспортын 1.2 хувийг, импортын 16 хувийг ОХУ эзэлж байна. 90 оноос хойш Монгол, Оросын харилцаа муудсанаас гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд, Зүүн Европын бүрэлдэхүүнд байсан социалист орнуудын хоорондын харилцаа задарснаар эдийн засгийн харилцаа ч өөрчлөгдсөн. Өмнө нь авдаг, өгдөг, хэрэглэдэг, үйлдвэрлэдэг байсан тогтолцоо, сүлжээ байхгүй болсон. Оросын эдийн засаг, аж үйлдвэрийн технологийн хувьд хуучраад эхэлж байгаа юм. Үндсэн хөрөнгийг шинэчлэхэд асар их зардал хэрэгтэй. Шинэчилж чадаагүй, амжаагүй учраас ОХУ-ын эдийн засаг, аж үйлдвэр нь хоцрогдсон. Өмнө нь үйлдвэрлэгч байсан эдийн засаг хэрэглэгч бөгөөд түүхий эд экспортлогч болж хувирсан. Тиймээс манай түүхий эдийг авах шаардлагагүй болчихож байгаа юм. Монгол, Оросын эдийн засаг, худалдааны харилцааны гол учир шалтгаан энд бий.
-Цаашид Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад Монголын зүгээс хийх ёстой ажил юу вэ?
-Бид экспортын бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, зардлыг бууруулах, үйлдвэрлэлт, боловсруулалтын түвшинг сайжруулах, түүхий эд биш эцсийн бүтээгдэхүүн гаргах, нэмүү өртөг шингээх гээд олон зүйлд анхаарах хэрэгтэй. Махандаа боловсруулалт хийж гаргах шаардлагатай. Ноос ноолууран бүтээгдэхүүнийг Сибирийн бүс нутагт маш их авдаг. Их нэр хүндтэй бүтээгдэхүүн. Тэгвэл бид ноос ноолууран бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, импортын татварыг багасгах талаар олон жил ярьж байна. Сая В.Путиныг Монголд айлчлахад ч Дорнын эдийн засгийн форум дээр ч худалдааны асуудал яригдаагүй байна лээ.
-Уг нь Америк, Япон, Европын холбоо Монгол Улстай татварын асуудал дээр уян хатан байхад ОХУ ч бас бодлогоо энэ чиглэлд барих болов уу гэсэн хүлээлт судлаачдын дунд байсан л даа. Гэхдээ Ерөнхийлөгч В.Путин бол татварыг буулгах, тэглэх гэхээсээ илүү дэд бүтцийн, холбогдох зардлуудаа бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй гэж байх шиг байна. Тийм үү?
-Тийм. Өртөг, зардлыг бууруулах боломжуудыг бид ашиглах ёстой. Дээр нь малынхаа эрүүл ахуй, үүлдэр угсааг сайжруулах, тарилга туулгыг системтэй байнга хийх гэхчлэн асуудлууд байгаа. Гаалийн бүрдүүлэлт, бичиг баримт, тээврийн зардлаа бууруулах, барууны тэрдундаа Туркийн мал аж ахуйн түүхий эдээр хийсэн оёмол, нэхмэл хувцас, арьс ширэн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх гэхчлэн олж харж хийх ажил олон байна. Энгийнээр хэлэхэд, хүнд тоогдохын тулд өөрөө сайн байх хэрэгтэй. Хэлсэн ярьсандаа хийж чаддаг, үйлдвэрлэж чаддаг, чанартай бараа нийлүүлж чаддаг байх ёстой. Юу ч хийж чадахгүй байж хүнтэй юм яриад байна гэдэг хэцүү биз дээ. Би ОХУ-ыг буруутгахгүй. Бид өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулж, нэр төрлийг нэмчихээд надад ийм бараа байна гээд уулзвал өөр. Тэгэхгүйгээр манайд ч тэнд ч нүүрс байхад яах юм бэ? Үүнийг ойлгох хэрэгтэй. Нүүрсээр жишээ татахад бид угаагаад, баяжуулаад, эрчим хүч болгоод тэднийхтэй эдийн засгийн харилцаанд орвол өөр асуудал байхгүй юу. Бид тийм байх юм бол Оростой ч Хятадтай ч харилцаж болно. Америк ч бусад орнууд ч биднийг тооно.
-“Зарубино” боомтоор Тавантолгойн нүүрсийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэнэ гэдэг мэдээж сайхан мэдээ. Өмнөх удаагийн форумаар Тамань боомтод Тавантолгойн нүүрсийг хүргэх талаар ярьж л байсан шүү дээ. Олон хувилбар яригдаж байна л даа. Дээр нь ОХУ чинь нүүрсний салбарт манай өрсөлдөгч. Элегест ордын нүүрсийг БНХАУ руу хүргэх гээд төмөр замаа барьж эхлэх гээд байдаг?
-Тамань боомтын тухайд бол маш өндөр зардалтай. ОХУ нүүрсний салбарт манай өрсөлдөгч. Өнгөрсөн жил ОХУ-аас БНХАУ руу гаргасан нүүрсний экспорт хамгийн их болсон. БНХАУ-ын Гаалийн зохицуулалт, бүртгэлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Австралиас авах нүүрс нь багассан. Ер нь бол Монгол, Орос хоёр нүүрсний салбарт хамтарна гэхээр юу л бол. Ямар ч байсан өрсөлдөгч. Манай нүүрсний салбарын тухайд ихэнх нь Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарч байгаа. Ганцмод Баяннуур аймгийн нутагт байдаг. Баяннуур аймгийн Засгийн газар өөрийн нутагт орж ирж буй бүх нүүрсийг Баяннуур аймгийнхаа угаах үйлдвэрт угааж, цаашаа зөвхөн вагоноор тээвэрлэнэ гэсэн шийдвэр гаргасан. Мөн Ганцмодны боомт дээр маш их дараалал үүссэн байдаг. Зөвхөн өөрийн гэрээтэй компаниудынхаа нүүрсийг татдаг. Хятадын гаалийн ажилтнууд үзэмжээрээ хандаж, бусад компанийн машинуудыг өдөрт нэг хоёроор ч юм уу гаргадаг. Манай талаас уг асуудлыг олон удаа гаргаж тавьж өдийг хүрсэн.
-Тавантолгойн нүүрсийг Тяньжины Дунзян боомтод хүргэх боломж бас яригдаад олон жил болж. Уг нь боломж бий биз дээ?
-Баяннуур аймагт нүүрсээ угаалгаад цаашаа Цаофэйдянь болон бусад боомтууд руу, Тяньжин руу хүргэхэд уг нь зам ойрхон. Найм, есөн зуун километр яваад Хятадын зүүн өмнөд хилийн далайн боомтууд дээр оччих юм. Тэнд хүрэхээс өмнө Цаофэйдянь боомт хүртэл БНХАУ-ын олон худалдан авагчид байдаг. Тэдгээр худалдан авагчидтай гэрээ байгуулах хэрэгтэй. Хамгийн чухал юм нь Монголын нүүрс сертификат байхгүй. Олон улсын гэрчилгээгүй бүтээгдэхүүн шүү дээ. Тиймээс бид хөөцөлдөж байгаад Тавантолгойн нүүрсээ тодорхой кодтой, сертификаттай болгох ёстой. Тэгсэн тохиолдолд бид гурав дахь зах зээлд гаргах асуудлыг ярьж болно. Өнөөдөр Монголын нүүрсийг бид л мэдэхээс коксжих нүүрс худалдан авдаг дэлхийн хэмжээний хэрэглэгчид мэдэхгүй.
-Монгол Улсыг Евроазийн Эдийн засгийн холбоонд элсүүлэх асуудал яригдсан шүү дээ. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Энэ бас олон жилийн санал л даа. БНХАУ манайхыг ШХАБ-д элсчихвэл дэд бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллаж болох юм гэдэг. ОХУ ч мөн л тэгдэг. Гэхдээ манайх тусгаар улсынхаа хувьд ямар нэг эвсэл холбоотой нэгдэхгүй, эвсэлд үл нэгдэнэ гээд үзэл баримтлалдаа заачихсан байгаа шүү дээ. Энэ утгаараа бид одоохондоо Евроазийн Эдийн засгийн холбоо, ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж судлаачид үздэг. Гэхдээ манай Ерөнхийлөгч энэ асуудлыг судалъя гэж амласан байгаа. Үнэхээр эдийн засгийн ашигтай нь нотлогдох юм бол болохгүй ч юм биш.
-Тийм гэж үү. Хоёр хөршийн зүгээс аль аль нь санал тавьж байхад аль нэгэнд нь эвсэж орох нь эрсдэл дагуулахгүй юу. Аль алинаас нь дэмжлэг авч, тэдний оролцоотойгоор урагшлахын тулд биднээс улс төрийн харилцааны ур ухаан шаардах байх л даа?
-Чи бид хоёрын ярилцлага улс төр биш эдийн засаг руу чиглэнэ гэж ойлгоод байгаа. Улс төрийн нөхцөл, геополитикийн нөхцөл гэдэг бол өөр. Заавал эдийн засгийн үр ашигтай байх шаардлагагүй. Манайх тусгаар улс гэдгээрээ, энэ хоёр том гүрний дунд байгаа гэдгээрээ, далайд гарцгүй гэдгээрээ одоогийн энэ гадаад бодлого маань зөв ч байх магадлал нь өндөр.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 11 )
Юу ч мэдэхгүй байж үймүүлээд байх хэрэггүй. Аливаа ажлыг дэмжихгүй нурааж цэцэрхэх тэнэгүүд Монголд олшроод байгаа нь харамсалтай. Энэ яриад байгаа зүйлээ өөрөө нэг эргээд уншаад хэрхэн тэнэгтэж цэцэрхсэнээ ойлгож аваарай. Юу мэдэхгүйгээ мэддэгүй өөрийгөө ухаантай гээд итгэчихсэн тэнэгүүд хэцүү
Хийн хоолой хэрэггүй ээ. Хэдхэн хүнтэй байж хэдэн зуун сая хүн тэжээх гэж байгаа юм шиг байх юм. Хэрэггүй юманд мөнгө зарж өрөө л нэмэгдүүлэхээ болимоор юм. Байгалийн баялгаа хангалттай их зөөж байгаа. Олж байгаа мөнгөө зөв зарцуулчихад л болохоор байгаа шүү дээ.
шал өөр юм яриад хийх ажлыг нураах сонирхолтой
Энэ юун их юм ярисан нөхөр хаанаас гараад ирэв ээ. Хаана бараа таваар эргэлдэж байна тэнд л оролцож байж эдийн засгаа хөгжүүлдэг юм биш үү. Манан царайлаад байж байгааг нь
Сөрөг тал нь бид шатахуун, цахилгаан лугаа адил ирээдүйд хийн хэрэглээний хувьд Оросоос хамааралтай болно доо. Мөн байгаль орчны асуудал ч бас гарч ирнэ. Үүний оронд Эгийн голын Цахилгаан станц нь эерэг талаасаас бол илүү ашигтай ч юм шиг. Монголд олон УЦС баривал Оросоос хамааралтай байх нь төдий л чинээ багасана даа. Гэвч Оросууд үүнийг мэдэж байгаа учир зөвшөөрөхгүй л болов уу. Эерэг тал нь Монголд хүн болгон хий хэрэглээ их хэргэлдэг болно. Оросын хамааралтай юм Монголд байх нь Хятадаас тодорхой хэмжээний зай барихад тустай л байх болов уу. Аль нэгийг нь сонгож дээ.
Er ni bol sudlaach doktor hunii huvid mash zuv yarisan bn bid iimerhuu erdemtdiinhee sanaa bodliig sonsoh estoi zuvhun bid huseed bolchihdog yam bish Putin sudlaya gej baigaa Sijinpinch sudlaya gej baigaa yag barichhaya gej zuvshuursun yam baihgui magadgui sudalsan chini odoohondoo hiin hooloi barih haraahan boloogui bn geh magadlal undur bn mun sudalj bn geed heden jil bolohiig uguisgehgui Putin uneheer l hursh ornoo demjie gej baigaa bol hudaldaaniihaa tarifiig hunguluud usan tsahilgaan stantsuudaa barihad sadd uchruulahgui baih heregtei ene l bodit demjleg bolno
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
орос хятад хоёр монголыг тойруулаад л хамаг юмаа хийчих гээд байгаа шүү дээ дуугарсан дээр нь бариад ав юугн өөр асуудал масуудал
эхлээд хийн хоолойгоо зөвшөөрүүлэх хэрэгтэй үүний тулд араас нь сайн хөөцөлд битгий ярьчихаад хаячихаарай даа гэдээд хэргийн яам энэ мэт асуудлын хойноос уйгагүй хөөцалдах хэрэгтэй шүү
Орос дүү нараас олигтой юм хүлээгээд хэрэггүйээ зөвхөн өөрийгөө боддог арчаагүй хөрш шүү дээ.
Битгий солиорч, эргүүтэж, зөнөглөж, тэнэгтээд бай