Хятадын шинэ ордууд хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛЖ мэднэ

2019 оны 10 сарын 16

-”ПетроЧайна Тарим” компани  байгалийн хийн шинэ ордыг ирэх сараас ашиглаж эхэлнэ-

Улс төр, геополитикт суурилсан тохироо заавал эдийн засгийн үр ашигтай байх шаардлагагүй гэх ойлголт уг нь бий. Гэхдээ  дэлхийн улс орнуудын  өрсөлдөөн хийгээд тохиролцооны суурийг харахад хязгаарлагдмал нөөц баялгийн эдийн засгийн  эргэлтэд хэн нь илүү  хяналт тавих вэ гэдэгт л тухайлан анхаарч, бодлогоо зурах нь давамгайлж байна. Энэ нь Монгол Улсад олон талаар хамааралтайг батлах жишээ олон. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах эсэх асуудал хориод жил яригдсан ч хуучраагүй сэдэв хэвээр байгааг энд тодотгож болно. Хорин жил гэдэг бага хугацаа биш.  Хоёр гүрний эрэлт, нийлүүлэлтийг холбох хийн хоолойн асуудал өнгөрсөн жилүүдэд төр засгийн түвшинд олонтаа яригдаж, нэг нь гараанаас гарч барианд ороход ойртоод буй. Харин манай нутгаар дамжуулж магадгүй байгаа “Сибирийн хүч-2” хийн хоолойн хувьд улс төрийн тохирооноос гадна эдийн засгийн илүү үр ашиг хэнд нь илүү наалдах вэ гэдэг асуудал өнөөдрийн байдлаар эцэслэгдээгүй байна.

 Олон жилийн дундардаггүй сэдэв болох хийн хоолойн асуудлыг өнөөдөр ярьж буй нь цаг үеэ олсон хэрэг гэж элчин сайд асан Л.Хангай хэлсэн байсан.  ОХУ байгалийн хийгээ Европын орнуудад хүргэхэд тээг саадтай  учраад багагүй хугацаа өнгөрч буйн сацуу БНХАУ-ын эрх баригчид эрчим хүчний эрүүл эх үүсвэрийн хэрэглээг улам бүр нэмэгдүүлэх бодлого барьж буй нь Монголын хувьд хийн хоолойн асуудлыг ахисан түвшинд гаргаж тавих, санаачилгатай байх суурь болж буйг хэлж байгаа юм л даа. Тэгвэл  энэ эдийн засгийн агуулгаар нь лавшруулж харвал ОХУ болоод Монгол Улсын төсөөлөл хөрсөн дээр буух хугацааг хойшлуулж мэдэхээр мэдээллүүд бас байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын Газрын тосны корпорацын охин компани “ПетроЧайна Тарим” компани улсынхаа баруун хойд хэсэгт 115.3 тэрбум метр куб байгалийн хий болоод 21.66 сая тонн хийн конденсатын нөөц бүхий талбайгаас ирэх арваннэгдүгээр сараас эхлэн олборлолт хийх болсноо энэ сарын 3-ны өдөр мэдээлээд байна. Энд дурдагдаж буй нөөцийн хэмжээ ОХУ-ын Ковыкта болон Ямалын ордын нөөцтэй харьцуулахад хамаагүй бага  л даа. Гэхдээ Ковыкта ордоос жилдээ дунджаар  25 тэрбум метр куб байгалийн  хий олборлож “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан БНХАУ-ын зах зээлд хүргэх байлаа гэж жишээлж тооцоход лав тав орчим жилийн хугацаанд энэ нийлүүлэлт хүлээлгийн өрөөнд шилжих эсвэл хийн хэмжээг бууруулах нөхцөл байдал үүсэж мэдэхээр байгаа юм.  “Сибирийн хүч -1” дамжуулах хоолойн тухайд БНХАУ-ын зүүн хойд хэсгийн бүс нутагт  хүрч цаашлаад Солонгос, Японы зах зээлд хүрэх зураглалтай. Энэ хоолой ирэх арванхоёрдугаар сард хий дамжуулж эхлэх хүлээлттэй байгаа.

Энд яригдаж буй  “ПетроЧайна  Тарим”  компанийн байгалийн хийн багагүй  нөөц бүхий талбай  БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрлах Шинжаан -Уйгарын өөртөө засах орны нутаг дэвсгэр дэх  Таримын сав газарт байрладаг. “ПетроЧайна  Тарим” компани “Бози 9” цооногийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг 2017 оны аравдугаар сард анх эхлүүлж байсан бол туршилтыг энэ сарын 2-ны өдөр амжилттай дуусгаж, талбайн нөөцийг мэдэгдээд буй нь энэ юм.  “ПетроЧайна Тарим” компанийн энэ мэдээлэлд  ОХУ-ын хэвлэлүүд илүү анхаарал тавьж буйг дурдах хэрэгтэй. Тэрдундаа БНХАУ руу баруун чиглэлийг барьж хий нийлүүлэх зураглалтай байгаа  “Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг хөндөж байна. ОХУ, БНХАУ хоёр арав гаруй жил хэлэлцэж байж 2014 онд “Сибирийн хүч -1” хоолойг байгуулах гэрээг хийсэн. Тохиролцож чадалгүй удсан нь БНХАУ илүү хямд үнэ шаардаж байсантай холбоотойг шинжээчид хэлдэг. Энэ бол цэвэр эдийн засгийн агуулга. Тэгвэл энэ утгаараа “ПетроЧайна Тарим” компанийн илрүүлээд буй нөөц болоод хайгуулын шатанд яваа баталгаажих магадлал өндөртэй нөөцийн хэмжээ өсөөд байх нь Монголоор дайруулан барьж магадгүй гэгдэх “Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг дахиад л хойшлуулж мэдэхээр байна.

ОХУ-ын зарим шинжээчид бол “Сибирийн хүч-2” хоолойн хэрэгцээ шаардлага ер нь БНХАУ-д байна уу гэсэн өнцгийг ч барьж бичиж буй харагдана лээ. БНХАУ-ын хувьд өөрийн нөөцөө гамнах, хадгалах бодлого барьж буй ч гэлээ авдар дахь нөөц нь нэмэгдэхийн хэрээр импортоор авах хийн үнийг буулгах саналыг бусдад тавихдаа толгой  гэдгэр байх болов уу. Баруун хойд нутгаасаа илэрч буй нөөцийг төв хэсэгтээ, шаардлагатай үед зүүн хэсэг рүүгээ нийлүүлчихвэл ОХУ, БНХАУ-ын цаасан дээрх тохироо эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөллөөр хугацаа хойшилж мэдэхээр.  Ер нь бол манай  газар нутгаар “Сибирийн хүч-2” хоолойг дамжуулах асуудал улс төр, эдийн засгийн бүх түвшинд бүрэн эцэслэгдээгүй байна. БНХАУ-ын байгалийн эрэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа л даа. Жилийн хэрэгцээнийхээ 60-80 хувийг дотоодоосоо хангаж ирсэн сүүлийн жилүүдийн циклтэй. Тус улсын төрөөс хийн салбарт баримталж буй бодлого нь дотоодын хэрэглээний энэ хувь хэмжээнээс бас харагдана. Хорин жилийн дараа гэхэд байгалийн хийн дотоодын үйлдвэрлэлээ гурав дахин нэмэх бодлоготой. Мөн нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа гэхчлэн харвал БНХАУ-ын эрэлт ОХУ-ын нийлүүлэлтээс тогтмол хамаарах эсэх нь эргэлзээтэй. Мөн дээрээс нь АНУ-тай худалдааны маргаанаа эв эетэй шийдэж чадвал тэднээс авах шингэн хийн хэмжээгээ өсгөх ая таатай нөхцөл ч үүснэ. АНУ-ын тухайд байгалийн хийн нийлүүлэгчийн хувиар хүртээмжээ тэлэх бодлого баримталж буй нь топ тоглогч байх зорилготой нь нягт холбоотой. Энэ мэтчилэн харахаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудал цааснаас буулгүй хуучрахгүй сэдэв хэвээрээ дахиад багагүй хугацааг үдэж мэдэхээр л байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sdfsdf(99.241.37.76) 2019 оны 10 сарын 17

Orosuud hyatadaas iluu mongoliig darlaj baigaa shuu. neftiin uildver bariulahgui, baraag maani hudaldan avhuulahgui, baahan tatvar tavican. uhsen baasnii ah nar. shit nar gej nerle muu doldoi lalruud min.

2  |  1
Zochin(49.0.135.140) 2019 оны 10 сарын 16

Bidend zygeer l hydaldah sanaatai .Bid hiimeer baina.

0  |  0
Үнэн(103.9.89.18) 2019 оны 10 сарын 17

Хятадууд үргэлж Монголчуудыг дарлах санаатай

1  |  0
Top