“Flames” гал цогтой эрчүүдийг гоёдог

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

"Зиндаа" сэтгүүлийн 2019 оны №13 дугаараас онцолж байна.


Бүх үйлчлүүлэгчийнх нь жишгээр тэднийхийг зорьж очлоо. Аравдугаар хорооллын арын дэнж дээр байрлах захиалгын байр нь хөл тасардаггүй юм байна. Цоожтой хаалгыг нь хонхдож нээлгээд тэс өөр ертөнцөд умбаад орчихлоо.

Дороо ангийн арьс дэвссэн ширээ, тухтайхан зайдалчихмаар хожуул, асгарчихаа алдан харагдах шуудай тариа, мөчрөөс өлгөсөн аяны малгайнууд, хаалган дээр хадаатай хандгайн эвэр, хананд наасан эрчүүдийн зураг. Тэр зургуудыг нэгжин үзэхэд хэдэн жил уулзаагүй андуудын бараа ч харагдах шиг. Хээрийн утаа ч ханхийх шиг. Юу юугүй аяны хөнжил, майхнаа шүүрээд аялалд гарах нь ээ.

“Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг үгийг толгойд торхийтол буулгах энэхүү өвөрмөц газрын эзэн нь Т.Хонгорзул гээд турьхан, цагаан бүсгүй. Төрсөн нутаг нь Дундговь, өссөн газар нь Улаанбаатар, яг энэ хавь- Аравдугаар хороолол.

Уг нь олон улсын харилцааны мэргэжилтэй ч хувцас загварын салбарт ажиллаад 13 жил болж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд хүн өөрийнхөө хамгийн дуртай зүйлээ олоод, түүнийгээ хамгийн сайн хийж чаддаг болбол ямар амжилтад хүрч болдогийг Т.Хонгорзулын түүхээс харж болно.

Тэр бизнесийн гараагаа бэлэн хувцасны лангууны худалдагчаас эхэлжээ. Дараа нь зардаг хувцасныхаа загварыг өөрөө гаргадаг, эсгэдэг, оёдог болов. Бүтэн 10 жил тэр, эмэгтэй хувцасны салбарт ажилласан. Сүүлийн гурван жил Монголын гал дөлтэй эрчүүдийг гоёж явна. Гал дөлтэй эрчүүд гэж тодотгосны учир нь бүсгүйн байгуулсан “Three flames” компанийн нэр нь “Гурван дөл”, компанийн лого нь дүрэлзсэн галын дөл залийн дүрстэй юм.

“Three flames” компани эрчүүдийн аяны хувцас, тэр дундаа ангийн, аяллын, тусгай зориулалтын хувцас хийдэг. Хийдэг гэж тодотгохын учир нь эднийхээс гарч буй бүтээгдэхүүн бүр авах эзэн нь тодорхой, зөвхөн тэр хүнд зориулан хийсэн байдаг. Хаа сайгүй зардаг массын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс тэс өөр.


- Чухам яагаад эрчүүдийг “хувцаслахаар” шийдээ вэ?

- Эдийн засгийн хямрал эхлүүт хийж байсан эмэгтэй хувцас маань борлохоо больсон. Угаасаа массын үйлдвэрлэл хямралд ороод. Тэгээд бизнесийн хувьд эрэл хайгуул хийж эхэлсэн л дээ.  Би арван жил эмэгтэй хувцас оёсон мөртлөө эрэгтэй хувцсыг барьж авахаас халгаад байлаа. Яагаад гэвэл эрэгтэй хувцас загвар, дизайны талаасаа их хэцүү. Бас материалын хувьд онцлогтой байдаг. Тэгээд анх аяны хөнжил хийсэн. “Мазаалай” гээд нэртэй. Харин хүмүүс “аварга хөнжил” гээд байдаг юм. Сумогийн их аварга Асашёору Дагвадорж “Танайд хоноё” нэвтрүүлэгт орохдоо хээр хонодог доо. Аваргын аяны хөнжлийг манайх хийсэн юм. Монголын өнцөг булан бүрт туршигдсан, Цельсийн - 40 хэм хүйтэнд гадаа хоноход дааруулахгүй тийм л хөнжил. Манай үндсэн бүтээгдэхүүн.

Үүнээс гадна эрчүүдийн хээр хөдөө явахдаа өмсөх өвлийн хослол, тусгай зориулалтын хувцас, хэрэгсэл гээд 60-аад нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байна. 2017 оны 11-р сард “Хадлан” дээлийг хийсэн. Хэдий гараад удаагүй ч богино хугацаанд зах зээлд танигдсан брэнд болсон. Одоо хамгийн их захиалдаг бүтээгдэхүүний нэг.

-Тусгай зориулалтын бүтээгдэхүүнүүдээ тодруулахгүй юу?

-Ан гөрөө, загасчлалын, ажлын, тухайлбал уурхайн тэслэгчийн хувцсыг манайх хийдэг.  Бас бороо, салхины хамгаалалттай цув, хурдан морины нэмнээ, уралдаанч хүүхдүүдийн хувцас... гээд олон бий. Аяны цүнх гэхэд л хөдөө гадаа явдаг хүний аяллын зорилго, онцлогоосоо шалтгаалаад өөр шүү дээ. Бүх бүтээгдэхүүнээ хийхдээ бид судалгаа хийдэг. Туршдаг. Туршилтгүйгээр нэг ч бүтээгдэхүүн зах зээлд гаргаагүй. 

- “Хадлан” дээл танайхыг хамгийн их таниулсан бүтээгдэхүүн. Энэ дээлийг хийх санааг яаж олов?

-УИХ-ын гишүүн М.Зоригт ах санал тавьсан юм. “Бидний цөөхөн монголчууд” төслөө эхлүүлж байсан л даа.  “Хонгороо чи өвлийн эрэгтэй хослол оёдог юм чинь ахдаа дээл хийгээд өгөөч” гэсэн. Би дээл оёж үзээгүй болохоор шууд зөвшөөрөөгүй. Дээл бол хэдэн мянган жилийн хөгжлийн явцад хамгийн төгс загвараа олсон хувцас. Монголчууд дээлэндээ их хүндэтгэлтэй ханддаг ард түмэн шүү дээ. Тэгээд би судалсан. Яавал орчин үеийн хэрэглээнд нийцсэн дээл хийх вэ гээд. Авч явах, угааж цэвэрлэхэд амар байх хэрэгтэй. Ядаж гар утсаа хийх халаас дотор нь оёж өгмөөр юм байна гээд...  Анхны загвараа гаргаад М.Зоригт ахад өгсөн. Модель маань маргааш нь Баян-Өлгий явсан. Тэгээд явсан газар бүртээ зургаа авч, сошиалд тавиад, тэр бүхнээс би алдаагаа олж харж байгаа юм. Тэгээд загвартаа ахиад нэг удаа хөгжүүлэлт хийсэн. Уламжлалт дээл өмсөхөд хүзүүний хэсгээрээ сул, дааруулахаар байсан. Тэгээд малгай, ороолтны хэсгийг хийж өгсөн. Ханцуйгаараа сийгэх гээд байдаг учраас манжет хийсэн. Тэгсэн “Хадлан” дээл маань өдөр тутмын хэрэглээ болоод ирсэн. Өнөөдөр манай дээр “Хадлан” дээлийг захиалах гээд ирж байгаа залуусын олонхи нь урьд нь дээл өмсөж байгаагүй хүмүүс байдаг. Анхных нь дээлийг хийж өгч байгаагийн хувьд бид сэтгэл гаргаж оёдог.

Манай “Хадлан” дээл бүр дугаартай. Хамгийн анхны №1 дугаар нь М.Зоригт ахын дээл. Сумогийн их аварга Асашёору Д.Дагвадорж №68, Харумафүжи Бямбадорж №70, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай №999 дугаарыг авсан. Зарим хүн өөрийн шүтдэг, өөрт ээлтэй тоог сонгодог.

Манайх дээлэн дээрээ эзнийх нь нэрийг оёдог. Монгол хүн нэрийг нь оёсон хувцсаа их хайрладаг, нандигнадаг юм байна лээ. Хаа хамаагүй тавихгүй гээд хэрэглээний шинэ хандлага сууж байна л даа.

-Дээлийн даавуу бас онцлогтой байна уу?

-Hi-tech технологийн бүтээгдэхүүн л дээ. Дээлийн гадар нь Gore-tex брэндий  ус, салхины хамгаалалттай америк материал. Дотор нь тинсулейт гээд хамгийн сүүлийн үеийн материал. Хөнгөн, дулаанаа сайн барьдаг, одоогоор гаргаад байгаа амьтны үсэнд хамгийн ойрхон  үзүүлэлттэй дулаалгын материал. Түүнийг биеийн дулааныг 70 хувь барьдаг, хэт ягаан туяаны хамгаалалттай ялтсан материалаар өнгөлж өгсөн. Бид маш сайн судалгаа хийж байж, даавуу материалаа сонгодог. Тоноглол, цахилгаан, зангуу...  бүгд хамгийн сайн чанарынх. Бүгдтэй нь албан ёсны гэрээтэй. Үндсэндээ түүхий эдээ Солонгос, Америк, Тайванаас оруулж ирдэг.

-Тэгэхээр манайхны дуртай “Canada goose” танайх хоёр ижилхэн материалаар хийгддэг юм байна. Би зөв ойлгож уу?

-Тийм ээ. Гэхдээ үнийн хувьд манайх хямд байгаа. Эдэлгээний хувьд, зөвхөн тэр хүнд зориулан цор ганц хувь хийдэг гэдэг утгаараа харьцуулшгүй илүү л дээ. Бид захиалагч бүртэйгээ 1-2 цаг ярилцдаг. Бүтээгдэхүүний талаар, материалын талаар, загварын талаар ярилцана. Хаана өмсөх вэ, хэрэглэгч маань баруун уу, солгой юу, ямар үйлдэл хөдөлгөөнийг хамгийн түгээмэл хийдэг, яавал эвтэйхэн байдаг, биеийнх нь онцлог юу болох гээд... нэг бүрчлэн ярилцаж, загвараа гаргадаг.

Захиалга өгсөн өдрөөс ажиллаж эхэлнэ. 7-8 шат дамжина. Эцсийн бүтээгдэхүүн болоод гар дээр нь очиход борлуулалтын дараах засвар үйлчилгээ, ядаж яаж угааж арчлах, эвхэх хураахыг нь зааж өгнө. Түрүүн хэлсэн дээ. “Хадлан дээл” маань дээрээ эзнийхээ нэртэй гэж. Эзнийх нь нэртэй уутанд хийж өгнө. “Аяны хөнжил”-дөө ч эзнийх нь нэрийг оёж өгдөг. Хүн л хийсэн юм чинь хаа нэг газар алдаа гаргана. Тэрийг хамтдаа ярилцаж байгаад шийддэг. Хэрэглэгчдийн маань сэтгэл ханамж 100 биш 200 хувь байдаг болохоор дараа ирэхдээ дандаа хүн дагуулж ирдэг юм. Хүн чинь өөртөө таалагдсан, чанартай, сайн зүйлээ хамгийн хайртай хүмүүстээ бас хэрэглүүлэхийг хүсдэг юм байна лээ. Урд жил нь аяны цэрэг эрээн хувцас аваад явсан аавууд хойтон нь эхнэрээ, хүүхдүүдээ, найзуудаа, аав ээжээ дагуулаад ирдэг. Ийм болохоор өнөөдрийг хүртэл бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа хийж байгаагүй.

-Үйлдвэр чинь хажуудаа юм уу даа? Хэдэн ажилчинтай вэ?

-Тийм ээ. 30-аад ажилтантай. Хүсвэл дотогшоо орж, таны захиалсан бүтээгдэхүүнийг яаж оёж байгааг харж болно шүү. Яагаад захиалгын байр, үйлдвэр хоёроо нэг дор хийсэн гээч?

-Яагаад?

-Манайд нийгмийн янз бүрийн салбарын хүмүүс ирдэг. Тэгээд материал сонголт энэ тэрээ үзүүлээд сонгуулахаар “яг энүүгээр хийнэ биз?” гэж асуудаг. Бас “Танайх яг Монголдоо оёдог уу?” гэдэг. Өнөөдөр Монголын үйлдвэрлэгчдийн зарим нь гадаадад хийлгэчихээд авчирч, “үндэсний брэнд” гээд сурталчилж зараад байгаа нь нууц биш. Тиймээс байраа сонгохдоо анхнаасаа үйлдвэрлэлийн зориулалттай байр авсан. Захиалгын байр, үйлдвэрлэлийн байр хоёр хамт байх нь хэрэглэгчдэд маань сонин байдаг. Үйлдвэр рүү чөлөөтэй орж,  манай ажилтнуудаас юм асууж сонирхож, бүтээгдэхүүн яаж хийж байгааг нь хардаг. Гарахдаа сэтгэл дүүрэн байдаг.

-Танайх эрэгтэй ажилчид олонтой юм аа?

-Нийт ажилтны 50 хувь нь эрчүүд. Эрэгтэй хүн чинь оёдол хийхдээ эмэгтэй хүнээс илүү нямбай, хариуцлагатай ханддаг. Хийж байгаа зүйлдээ маш сайн төвлөрч чаддаг. Тэгээд ч манайх эрчүүдийн хувцас, хэрэглэл хийж байгаагийн хувьд ажиллаж байгаа эрчүүдээсээ их судалгаа авна аа. Хийдэг бүтээгдэхүүн бүрээ өөрсдөөр нь хэрэглүүлдэг. Манайхан чинь компаниараа гадаад, дотоодод их аялдаг. Эрчүүдээ ан гөрөө, загас жараахайд явуулна. Анхаарал хайхрамжгүй байдлаас болж, чанаргүй бүтээгдэхүүн хийгээд, замд аяны  цүнхний цахилгаан мултраад унавал хүн ямар байдалд орох вэ гэдгийг маш сайн ойлгуулдаг. Энэ жилийн Цагаан сараар бүх ажилтандаа “Хадлан” дээл бэлэглэнэ. Нийт 8 сая төгрөг болж байгаа.

-Ажилтнуудаа яаж сонгож авдаг вэ?

- “Зөв хандлагыг ажилд авдаг, ур чадварыг сургаж болдог” гэдэг шиг хамгийн түрүүнд хүнийг нь, сэтгэлийг нь харна. Тэгээд бэлтгэж авна. “Flames”-ийн стандарт ямар байх ёстойг зааж сургана. Өөрийн сурсан мэдсэн, хуримтлуулсан бүх юмаа зааж өгч байгаа. Тиймээс манай оёдолчид маш өндөр түвшний ур чадвартай болдог. Хамт олны уур амьсгал дулаан, бүтээлч, нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй болохоор манайд ажилд орсон хүн гардаггүй юм аа.

-Өөрөө оёдлын технологийн чиглэлээр ямар нэг сургалтад суусан уу?

-Үгүй. Өөрөө өөрийгөө л хөгжүүлсэн. Би их ажигч л даа. Энэ яагаад ингэчихэв гээд бодоод хариуг нь олох гээд хайгаад, судлаад байдаг зантай. Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд хүний биеийн анатомийн талаар гайгүй сайн мэдлэгтэй болсон доо. Хүн яагаад зарим хувцсаа өмсөх дуртай байдаг гээч? Яагаад гэвэл тухайн хүний биеийн онцлогт хамгийн сайн тохирсон, суусан хувцас өмсөхөд эвтэйхэн шүү дээ.

Би хүмүүстэй ярилцах дуртай. Хүний үг сайн сонсдог. Хэрэглэгчийн санал гомдол гэдэг бол тэр чигээрээ Бүтээгдэхүүн  хөгжүүлэлт. Хэрэглэгч аль болох их орц л хүснэ. Материал урт, зузаан, элбэг байх ёстой гээд. Гэтэл хүсээд байгаа бүтээгдэхүүн нь тэр хүний биеийн онцлогт, шаардаад байгаа эрэлт хэрэгцээнд нь тохирсон байж л таалагдана.

-Аав ээж, гэр бүлийнхнийхээ танилцуулахгүй юу?

-Манай аав ээж жирийн ажилчин хүмүүс. Социализмын үед Германд сурч ирээд арьс ширний  үйлдвэрт ажиллаж байлаа.  Би эхээсээ гурвуулаа. Айлын том.  Хоёр дүү минь миний бизнест тусалдаг. Нэг дүү минь манай цүнхний салбарыг хариуцдаг.

Бид ухаан орохын л “аав ээж хоёр ажилдаа яваад эзгүй байна”, “хүн ажил хийж амьдардаг юм байна” гэдгийг ойлгож өссөн.  Тийм ч болохоор 2006 онд анх хувцас оёж эхлэхдээ 1 жил бараг унтаагүй ээ. Өдөр нь лангуун дээрээ зогсоод, шөнөдөө зарах хувцсаа оёдог байлаа. Хүү маань нялх байсныг хэлэх үү. Шөнө унтахаар нь л хувцсаа оёдог байлаа. Одоо би 4 хүүтэй. Хамгийн бага нь 5 сартай. Удахгүй ээжтэйгээ хамт Филиппин явж, номын дуу сонсоно доо.  

-Багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?

-Ямар нэг юм зохиохыг л хүсдэг байсан. “Өө би яагаад ийм хожуу төрчихөв өө. Тэгээгүй бол өдийд тэрийг, энийг зохиочихгүй юу. Надаас өрсөөд бусад хүмүүс бүх юмыг зохиочихсон байна ш дээ” гэж боддог, харамсдаг байсан. Ер нь манайх зохион бүтээх талаар удамтай л даа.

Миний өвөө Дашням гэж шинэ юм зохиодог, хуучныхаар ШБОС-ын олон гэрчилгээтэй хүн байсан. Социализмын үед өвөө маань аяга таваг угаадаг машин, махны машин зохион бүтээгээд тэрийг нь Дундговь аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт хэрэглэдэг байсан гэсэн. Шинэ бүтээл зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн гээд өвөөг минь Засгийн газраас 2 удаа жуух бичгээр шагнаж байсан юм билээ. Нэг нь лав хонины толгой, шийр хуйхалдаг машин байдаг. Тэр жуух бичиг надад бий.

Миний хувьд өвөөгөө яаж гүйцэх вэ, гэхдээ “Хадлан дээл”, “аяны хөнжил”, “Flames” лого, цүнх сав баглаа боодолдоо Оюуны өмчийн ашигтай загварын гэрчилгээ авсан.

-“Three flames” болон Хонгорзулын 2019 оны төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Бид бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд экспортолж эхэлсэн. Одоо “Flames” брэндийн “Хадлан” дээлийг ОХУ-ын  Улаан-Үд хотын “Зам” этно дэлгүүр, Тувагийн “Алексеевский” худалдааны төвд албан ёсны эрхтэйгээр зарж байгаа.

Бид энэ жилээс “Flames” нэрийн даавуунууд гаргаж эхэлсэн. 2019 онд цүнхний салбарт Монголд байхгүй цоо шинэ технологи оруулж ирнэ. Усны хамгаалалттай, оёхгүйгээр наадаг PVC материалын цүнхнүүд хийнэ. Хувийн төлөвлөгөө гэвэл оны эхээр Филиппинд англи хэлний сургалтад, дараа нь Миланд загварын чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байгаа.

- Бодсон төлөвлөсөн бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, монгол брэнд дэлхийд хурдан танигдах болтугай!

-Баярлалаа. “Зиндаа” сэтгүүлийн уншигчдад ирж буй гахай жилдээ олз хишиг дүүрэн, амжилт бүтээл арвин байхыг хүсье!


“Flames”-ээс гаргаж байгаа шинэ загвар бүрийн дизайн, эсгүүрийн тооцоолол, оёдлын технологийг Хонгороо өөрөө хийдэг гэсэн. Түүний тулд судална. Интернэтээс мэдээлэл цуглуулна. Уншина. Хүмүүстэй уулзана.

Өнөөдөр “Flames”- Монголдоо, тодорхой хүрээндээ танигдсан брэнд болоод байна. Тэдний бүтээгдэхүүнийг дуурайлгасан хуурамч бүтээгдэхүүнүүд Монголд болон урд хөршид маань хийгдээд, зах зээл дээр гарч, хэрэглэгчдийг төөрөгдүүлж эхэлсэн нь  энэ хамт олны амжилтын нэг нотолгоо юм. Гэхдээ тэр бүхний араас хөөцөлдөөд, заргалдаад явах цаг зав “Three flames”-ийнхэнд байхгүй. Хүсэл сонирхол ч үгүй. Тэд зүгээр л ажиллаад, бүтээгээд, өөрсдийгөө хөгжүүлээд, үр хүүхдээ жаргалтай эрүүл өсгөөд, Монголдоо сайхан амьдрахыг хүсдэг залуус. 

Чөлөөт зах зээлийн нийгэмд хүн өөрийгөө олоод, түүнийхээ төлөө уйгагүй хичээн зүтгэвэл ямар амжилтад хүрч болдогийг Т.Хонгорзулын түүхээс харж болно. Хүн цаг ямагт өөрийгөө, авьяасаа хөгжүүлж, өөрийнхөө болоод үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө чин шударгаар хөдөлмөрлөхөд, эргэн тойрондоо, нийгэмдээ гэгээ нэмж амьдрахад хэчнээн жаргалтай вэ.

“Flames”- энэ бол дүрэлзсэн галын цог заль. Энэ бол хаа ч хэзээ ч чамайг дааруулахгүй  Монголд урласан дулаахан хувцас. Бас гал цогтой, хийморь жавхаатай эрчүүдийн гоёл оо.


Ярилцсан О.Энхжавхлан

PS: Жэк Ма, Даши Намдаков... гээд дэлхийгээр овоглодог олон алдартан “Flames”-ийг хэрэглэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top