Эрх зүйч, иргэн Т.Хасбаатартай ярилцлаа. Тэрбээр өнөөгийн УИХ 75 гишүүнтэй тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх чадамжгүй гэж үзэж байгаа юм.
-Та холбогдох хуульд заасан “нийт гишүүн” гэдэг ойлголтод 76 гишүүн байдаг тул өнөөгийн парламент Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй гэж үзэж байгаа талаараа мэдээлэл хийж байсан. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас нийт гишүүн 75 болох юм биш үү?
-Үндсэн хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэн, хуулийн этгээд хэнбугай ч үг үсэггүй даган мөрдөх ёстой. Ерөөсөө Үндсэн хууль гэдэг бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн орон зай, цаг хугацаа бусад хүчин зүйлийн нөлөөлөлгүйгээр үйлчилж байх ёстой байдаг юм. Тиймээс бид Үндсэн хуулийг бүх шатанд ямар ч гажуудалгүйгээр, хэлбэрэлтгүй мөрдөн дагаж байх учиртай.
Үндсэн хууль гэдэг өөрөө дээд хууль. Энэ дээд хуулиа ягштал биелүүлж гэмээж аливаа хүчин зүйлийн нөлөөллөөс улс орныхоо аюулгүй байдлыг хангаж ажиллана. Харин Үндсэн хуулиа ямар нэгэн байдлаар муучлах, өөрчлөх нөгөө талаар үг үсгийг нь буруу зөрүүгээр тайлбарлах оролдлого хийх тусам улс үндэстний бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд халгаатай байдаг. Ийм ч учраас Үндсэн хуулийг маш нягт нямбай хэлэлцэж, олон талаас нь харж ухаанаа уралдуулж байж баталдаг ёстой. 1992 онд тухайн үеийн Ардын Их Хурал хэлэлцэж Үндсэн хуулийг баталсан. Өнөөдрийн хэлэлцэж байгаа үйл явц, хэт их ашиг сонирхол 1992 онтой харьцуулахад маш зөрүүтэй, ялгаатай харагдаж байна л даа.
Би Монгол Улсын Үндсэн хуулийн нэг заалтыг уншиж өгье. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 5.1-д “Монгол Улсын Их Хурал нь УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу сонгогдсон 76 гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг “нийт гишүүн” гэж ойлгоно” гэж байгаа. Тэгэхээр 75-ыг нийт гишүүн гэж ойлгож болохгүй. Үхэл хагацал, янз бүрийн хэрэг төвөгт орооцолдоод нэг эсвэл хоёр, гурав нь хасагдвал хасагдсан тоогоор нийт гишүүн гэж үзнэ гэж хуульд байхгүй. Нэг ёсондоо сонгуулиар бүрдсэн 76-г нийт гишүүн гэж үзнэ. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 11.3.1-д “Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын нийт 76 гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж байгаа. 76 хүнээ нийт гишүүн гэж авч үзээд түүний 57 нь ирвэл гэж байгаа биз. Түүнээс биш 75-аас 57 нь ирнэ гэсэн үг хуульд байхгүй. Хуулийг ягштал, үг үсгийн хоёрдмол утгагүйгээр дагаж мөрдөж байх ёстой учраас Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц үүнийг яаралтай хянан шийдвэрлэх ёстой асуудал үүсээд байна.
-Гэхдээ хойшдоо нэг нам дахиад УИХ-д 64 суудалтай болох нь хэцүү. Юу хэлэх гээд байна гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тохироо бүрдэх нь ховор шүү дээ. 2000 оноос хойш хийсэн оролдлогуудаас ганц энэ удаагийн төсөл л УИХ-ын чуулганы хоёр хэлэлцүүлэг даваад байна. Тэгэхээр одоо Үндсэн хуульдаа ямар нэгэн өөрчлөлт хийж чадахгүй бол магадгүй 10, 20 жил явчих юм биш үү?
-Бидэнд юмыг тэгэхгүй бол, ингэхгүй бол гэсэн хандлага байдаг. Яг таны асуусан хандлага. Энэ бол буруу хандлага. Харин ч Үндсэн хуулийг хэлэлцэх ёстой юм байна гэж яриад бүх хүмүүсээ тодорхой мэдээллээр хангаад цаг хугацааг илээх тусмаа сайн. Хүмүүст Үндсэн хуулиа мэдрэх, энэ хуулийн юу болохгүй байгааг олж харах цаг хугацаа хэрэгтэй байгаа байхгүй юу. Жишээлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэж анх хэлсэн тухайн үед хүмүүс бараг ойлгохгүй байсан байх. Үүнийг чинь яриад, асуудлыг наана цаанаас нь харж үзээд байх тусам хүмүүс мэдээлэлтэй болж байна. Тэгэхээр цагийн эрхэнд хүн бүхний оролцоог хангахын тулд он удаан жил яригдаж байхыг бас үгүйсгэхгүй. Долоо хэмжиж нэг огтол гэсэн үг байдаг шүү дээ. Бид Үндсэн хуулийн асуудал дээр хэд хэмжиж байгааг тодорхойлж мэдэхгүй юм. Гэхдээ би долоо хүрээгүй байх гэж бодож байгаа. Дараагийн сонгуулиар УИХ илүү боловсронгуй болж сонгогдохыг та ч, би ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлага байхгүй.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор дахиад зөвшилцөх ажлын хэсэг байгуулчихсан байгаа. АН-ын зүгээс Үндсэн хуульд сонгуулийг холимог хувилбараар явуулах, Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох гэсэн гурван санал тавиад байна. Түүнийг нь МАН-аас дэмжвэл гуравдугаар хэлэлцүүлгээр батлаад явчих боломжтой юм билээ. Хэрвээ ийм байдлаар Үндсэн хууль батлагдвал та Үндсэн хуулийн цэцэд хандах уу?
-Хандана. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. Хоёрдугаарт, маш ноцтой үйл явдал боллоо шүү дээ. Миний мэдэгдэл хийхийн урд өдөр буюу даваа гарагийн (2019.10.14) шөнө 22 цагт УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт хийсэн. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу өөрсдийн хуулиа батлахын тулд УИХ-ын дэгийн тухай хуулиндаа тааруулж тохируулга хийсэн шүү дээ. Үүнийг нууцаар хийсэн. Энэ бол бас Үндсэн хуулийн цэцэд очно. Нэг ёсондоо хуульд өөрчлөлт хийхийн тулд жишээ нь хэлэлцүүлэг хийгдээгүй. Дур зоргын аргаар хийгдсэн гэсэн үг. Ялангуяа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Аливаа нам бүлгийн эрх ашиг, сонирхолд нийцүүлж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж бий шүү дээ. Тэгэхээр намын хэт олонхоороо хэлэлцэж шөнө дөлөөр нууц байдлаар ингэж хангасан нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал гэж үзэж байгаа. Эд нар нэг алхаад бүдчээд, хоёр алхаад бүдчээд байгаагаа ерөөсөө ойлгохгүй байна. Хамгийн хариуцлагатай хэлэхэд энэ УИХ-д байгаа өөрсдийгөө мундаг хуульчид гэж хэлдэг Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж мэт энэ нөхдүүд бол үнэхээр хариуцлагагүй байна. МАН-д шинээр сонгогдсон олон гишүүн бий шүү дээ. Хойшид эд нарын улс төрийн замнал нь урт. Одооноос буурь суурь сууж, хандлага нь төлөвшихөд хуучин гишүүд нь тулга тулгуур болох байтал намирдаг туг нь болоод буруу намираад уруу татаад байх юм. Тийм учраас энэ хуулийг хэлэлцэх үйл явц, аливаа асуудалд хандаж байгаа хандлагыг өөрчлөхөд энэ хашир туршлагатай гэгддэг улстөрчид хариуцлагатай хандахыг уриалж байгаа.
-Нэг ийм юм байна. АН засаг барьж байсан 2015 онд Н.Батбаяр нарын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьж байлаа. Одоо МАН-ынхан ч өөрчлөлт хийе гээд явж байна. Аль алинд нь л Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлье, засаглалын хэлбэрээ ойлгомжтой болгоё гэсэн санаа туссан. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм биш үү?
-Би 1992 оны шинэ Үндсэн хуулийн бүх л үйл явц, хэрэгжиж байгаа хэрэгжилт болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэх мэт асуудалд анхааралтай хандаж ирсэн. Өнөөдөр засаглалын асуудлыг хөндөх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байгаа. Гэхдээ төрийн үйл ажиллагаанд оролцдог зөвхөн хэсэг бүлэг нөхдүүд өөрсдийн ойлголтоороо засъя гэвэл буруу. Ерөнхийлөгчийн засаглал нь зөв юм уу, аль эсвэл парламентын засаглал нь зөв юм уу гэдэг дээр ард түмэнд тодорхой мэдээлэл өгсөн үү. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг бууруулах нь зөв эсэх дээр ойлголт төдийлөн байхгүй байгаа. Өнөөдөр жирийн ард иргэд юун тэр Үндсэн хуулийн нарийн заалтыг байтугай амьдралын өнөө маргаашийг туулан өнгөрүүлэхэд хэцүү байна шүү дээ. Тийм учраас бидэнд цаг хугацаа хэрэгтэй байна. Зөвхөн хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхөө эрх мэдэл гэдэг юм уу, явцуу эрх ашгийнхаа үүднээс энэ заалт буруу байна, үүнийг ингэх ёстой юм байна гэж хандаж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Тэгэхээр шаардлагатай тэр цаг хугацаа нь биш байна гэж харж байгаа.
1992 оны шинэ Үндсэн хуульд 1999 онд АН өөрчлөлт хийгээд тэр нь Үндсэн хуулийн цэц дээр унаад дараа нь 2000 оны УИХ-ын сонгуулиар мөн л тухайн үеийн МАХН олонх болоод долоон өөрчлөлт хийсэн шүү дээ. Одоо хүртэл энэ долоон өөрчлөлтийг хараагаад сууж байдаг, Монголын нийгмийн хөгжилд садаа болж байна гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр тодорхой цаг хугацааг илээхийг хүлээж чадахгүй ингэж улайрч байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийлээ гэхэд дахиад асуудал үүсэхийг хэн ч таашгүй. Ийм нийгмийн бухимдалтай, сөрөг хүчнүүдийн тоглолт ихтэй, эрх барьж хүчнүүдийн зөрчил өндөртэй байгаа үед энэ Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдлээ гэхэд өөрөө олон уршиг дагуулж мэдэхээр байгаа нь их ноцтой шүү. Бид үүнийг анхаарах ёстой. Өргөс авчихсан юм шиг болно гэж ойлгоод байгаа нь их буруу юм.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх асуудал МАН-ын мөрийн хөтөлбөрт байсан. Тиймээс ч сүүлийн гурван жил энэ төслийг боловсруулах дээр идэвхтэй ажилласан. Зөвлөлдөх санал асуулга хийж орон даяар уулзалтууд зохион байгуулсан. Бараг байшин дүүргэчихээр судалгаа, санал гээд бичиг цаас хийсэн байна лээ. Цаанаа бас их хөрөнгө зарсан гэсэн үг. Өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан Д.Гантулгын явдал бол жилийн өмнөх зүйл. Тэгэхээр бас хөрөнгөөсөө гадна Үндсэн хууль хэлэлцээд УИХ их цаг алдлаа. Та өмнө нь яагаад дуугараагүй юм?
-Хоёр асуулт асуучих шиг боллоо. Нэгдүгээрт, олон судалгаа, хэлэлцүүлэг хийгдсэн гэж байна. Энэ бол хийгдэх ёстой. Бүр дахиад хийгдэх ёстой. Хэрвээ маш нямбай хийе гэж үзвэл хийгдээд л байх ёстой. Энэ өөрөө судалгааны материал болоод үлдэнэ. Хоёрдугаарт, энэ Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудал бол өөрөө Үндсэн хуулийн цэц дээр хэд хэдэн удаа очсон байгаа. Нэг ёсондоо Хэнтий аймгийн 42 дугаар тойрогтой холбоотой асуудал Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэгдсэн нөхцөл байдлыг хүлээж байсан. Миний тавьж байгаа Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн энэ хоёр заалтыг өнөөдрийн түвшинд ямар ч хуульч яриагүй. Тойроод л нөгөө том агуулга, том хэлбэрийнхээ талаар яриад байсан болохоос энэ дээр дуугарч байсан хуульч нэг ч байгаагүй. Би бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахыг хүлээж байсан.
-Нөхөн сонгуультай холбоотой хамгийн сүүлийн шийдвэр саяхан гарсан.
-Тийм. Цаг хугацааны иймэрхүү нөхцөл байдлууд үүсч байгаа. Ер нь бол судалгааны материал хэдэн байшин ч дүүрч болно. Тэгэх тусмаа сайн. Хамгийн гол нь энэ нь бодитой материал бүрдэж байна уу гэдэг л асуудал. 1921 онд Ардын хувьсгал ялж коминтернийн бодлого Монголд орж ирсэнээс хойш Монголын түүхийг гуйвуулсан хэдэн байшин баримттай билээ. Бид ийм хатуу юмыг туулсан учраас дахиж алдаа хийх эрхгүй ард түмэн байхгүй юу. Тийм учраас энэ эрх барьж байгаа нам ард түмнээр бас тоглох эрх байхгүй. Коминтернтой нийлээд хэдэн жил тоглочихсон. Тэр тоглолт нь дууссан. Тийм учраас тийм байна, ийм байна гэж сүрдүүлгийн маягтайгаар, хүч түрсэн хэлбэрээр Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал нь бол өөрөө улс орны бүрэн эрхт байдалд халдаж байгаа асуудал гэж үзэж байгаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль байгаа болохоор өнөөдөр үнэмлэхүй олонх эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хялбар биш байгаа ч байж мэдэх юм?
-Үндсэн хууль бол өөрөө нийгмийн гэрээ. Төр, иргэн хоёрын байгуулсан гэрээ гэж үзэж байгаа. Монгол хэлний аль бололцоотой хувилбараар Үндсэн хууль гэж нэрлэсэн байх гэж хардаг. Гэрээ байгуулагдсан бол гэрээн доторх зүйл заалтуудыг хуулиар зохицуулдаг логик ойлголт байдаг. Бид органик болон бусад хууль тогтоомжуудад тэрийгээ зохицуулж байгаа хэрэг. Тэгэхээр энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль бол маш сайн хууль болсон. Үнэхээр тэр үед сөрөг хүчин, эрх баригч хүчин хоёрын харьцаа ойролцоо, тэгээд улс төрийн нөхцөл байдал амаргүй байсан үе боловч хашир туршлагатай улстөрчид байсан учраас энэ Журмын тухай хуулийг бол их нямбай хийсэн юм. Одоо харж байхад ингэж их баялгийн өмнө ирчихсэн, өнөөдрийн энэ парламентад сонгогдсон ашиг сонирхлын зөрчилтэй олон хүмүүсийн өмнө энэ хууль байгаагүй байсан бол ер нь Монголоо тавиад туухад ч бэлэн байсан юм байна шүү гэж бодож байгаа. Тэгэхээр би бол журмын тухай хуулийг тухайн үед баталсан УИХ, түүний бүрэлдэхүүн нийт гишүүдэд талархахаас өөр аргагүй.
-Гэхдээ дээд байгууллагууд тал талдаа ойлголцоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг явуулчихаж магадгүй л дээ. Тэгвэл яах вэ?
-Одоо бол Үндсэн хуулийн шандсыг сорино. Би дахин дахин хэлээд байна. Монгол Улсын бүрэн эрхт байдлын асуудал хөндөгдөх учраас Үндсэн хуулийн цэцийн ухаалаг, мэргэн шийдвэрийг хүлээж байгаа. Хэрвээ үнэхээр энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр очоод нам, бүлэг бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаад монгол хүний тунгалаг ариун ухаанаар хуулийн дагуу шийдвэр гаргаж чадахгүй бол миний хувьд бол улс төрийн хүчтэй акц тэмцэл өрнүүлнэ. Болохгүй бол би талбай дээр гарч зулын гол болно л гэж бодож байгаа. Тэгэхээр ийм хатуу юм руу аваачихгүй байхыг энэ УИХ, эрх баригч хүчин, цаашилбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц гээд олон холбогдох субектууд анхаарна байх гэж бодож байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Үндсэн хууль бол дээд хууль үг үсэггүй даган мөрдөх ёстой
Маш үндэслэлтэй ярьсан байна
Энэ нэг алиа салбадай болиосой