Ирэх онд болох АНУ-ын төрийн тэргүүний сонгуульд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп өрсөлдөнө. Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхлэхэд их хугацаа үлдээд байгаа ч тэрбумтантай өрсөлдөх нэр дэвшигчид эрх баригч Бүгд найрамдах нам төдийгүй Ардчилсан нам дотор гарч ирж байна. АНУ-д 2020 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Бүгд найрамдах нам
Бүгд найрамдах нам дотор Доналд Трампт таагүй ханддаг бүлэг хууль тогтоогчид, өндөр албан тушаалтнууд бий. Тэд намаасаа нэр дэвших эрхийн төлөө Трамптай өрсөлдөх нь дамжиггүй. Эдгээрийн дотор Охайо мужийн амбан захирагч, 2016 онд нэр дэвшиж байсан Жон Кейсик орж байна. Тэрбээр ирэх сонгуульд оролцох талаар “нухацтай” бодож буй талаар ил тод ярьж эхэлсэн. Түүнчлэн, Трампыг байнга шүүмжилж, Ардчилсан намтай хамтран ажиллахын төлөө зогсдог Мэрилэнд мужийн амбан захирагч Лэрри Хоган, сенатор Бен Сасс /Небраска муж/, сенатор Жефф Флэйк /Аризона муж/ нар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөх гол нэр дэвшигчид хэмээн улс төр судлаачид үзэж байна. Гэхдээ эл хоёр сенатор энэ тухай албан ёсоор мэдэгдээгүй байгаа. Трамптай өрсөлдөх хүсэлтээ хамгийн түрүүнд Массачусетсын амбан захирагч асан Билл Уэлд, Конгрессын гишүүн асан Жо Уолш /Иллиноис муж/, Өмнөд Каролина мужийн амбан захирагч асан Марк Сэнфорд нар илэрхийлсэн ч ажиглагчдын үзэж буйгаар, тэдний боломж тун бага.
Ардчилсан нам
2016 онд ардчилсан намынхан Хиллари Клинтоныг өргөмжлөх замын туршид намын сунгааг ёс төдий хүлээн авч байсан. Харин энэ удаад илүү хүчтэй өрсөлдөөн болох төлөвтэй. Ардчилсан намын сунгааг Трампын гол өрсөлдөгч АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден одоогоор тэргүүлж байна. Төвийн үзэл баримтлалтай тэрбээр сонгогчдын дунд нэр хүнд сайтай хэвээр. Байдены араас сенатор Берни Сандерс /Вермонт/, сенатор Элизабет Уоррен /Массачусетс/ оржээ. Берни сонгуульд хоёр шалтгаанаар орж буйгаа илэрхийлэв. Тэрбээр АНУ-д нийтэд хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцоог нэвтрүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, төрийн өмчит их сургуульд үнэ төлбөргүй суралцах зэрэг 2016 онд амлаж байсан улс төрийн үзэл санаагаа хэрэгжүүлэх зорилготой. Уоррены хувьд дундаж давхаргыг хамгаалах, томоохон корпорацуудын түрэмгий үйлдэлтэй тэмцэхээр өөрийгөө сорьж байна. Тиймээс тэрбээр томоохон пүүс, компаниас хандив авахгүй гэсэн зарчим баримталж байгаа билээ. Уоррен төрийн эрхэнд гарвал чинээлэг америкчууд бүх нийтийн эрүүл мэндийн тогтолцоо, оюутны өрийг цайруулах зэрэг нийгмийн шинэчлэлийн зардлыг гаргах болно. Нийт 1.5 их наяд ам.долларын зардал гарна гэсэн үг. “Та нар өв хөрөнгөө гар хумхилгүй ажиллаж эсвэл өвлөж авсанд ямар нэгэн асуудал үгүй. Гэхдээ бусдад боломж олгох үүднээс орлогынхоо хоёр хувийг төлөх ёстой” хэмээн Уоррен уолл стритийнхний дургүйцлийг хүргэж байв. Тэрбээр жилд 50 сая ам.доллароос дээш орлоготой гэр бүлд хоёр хувь, нэг тэрбум, түүнээс дээш орлоготой гэр бүлд гурван хувийн орлогын албан татвар ногдуулах санал дэвшүүлсэн. Баячуудын талаар Массачусетсын сенатор хоёрдмол байр суурийг илэрхийлдэг. Нэг талаар өөрийгөө капитализмыг дэмжигч гээд тэрбумтнууд байх ёсгүй гэж үздэг өрсөлдөгч Берни Сандерсыг шүүмжилдэг. Нөгөө талаар, тэрбээр томоохон корпорацууд мөнгө санхүүгийн хөшүүрэг ашиглан Америкийн эрхийг гартаа авсан хэмээн Цагаан ордныг авлигад буруутгадаг.
Санхүү, мэдээллийн технологийн салбарын төлөөлөгчид Уоррен Ардчилсан намаас дэвших эрх олж авсан тохиолдолд түүний сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлэхээс татгалзана гэсэн ойлголтыг өгч эхэлсэн. Facebook компанийн тэргүүн Марк Закерберг Уоррен гарч ирсэн тохиолдолд Цагаан ордны эсрэг шүүхэд хандах болно гэж мөн анхааруулаад амжив. Гэвч түүний рейтинг сүүлийн үед өсөж буйг санал асуулга харуулж байна. Түүний төлөө зүүний үзэл баримтлалтай сонгогчдын 26.6 хувь саналаа өгөхөө илэрхийлжээ. Судалгаанаас үзвэл тэрбээр удаан хугацаанд сонгогчдын дэмжлэгийг аваад буй Жо Байденыг ардаа орхисон байна.
Өдгөө олны анхаарал 2018 оны арваннэгдүгээр сард болсон дунд хугацааны сонгуулийн дараагаар гарч ирсэн шинэ нэрст төвлөрчээ. Шинээр гарч ирж буй “оддын” дунд Техас мужийн сенаторын суудлыг Бүгд найрамдах намын Тэд Крузд алдсан Бето О’Рурк ихээхэн яригдаж буй. Залуучуудын дэмжлэгийг авч, санхүүжилт босгох, пиар кампанит ажлыг амжилттай явуулсан залуу улстөрчийг “Цагаан л болохоос яг л Обама” хэмээн ярьж байна.
Дунд хугацааны сонгууль эмэгтэй нэр дэвшигчдийн тоогоор дээд амжилт тогтоосон. Тэдний зарим нь Трампын өрсөлдөгчдийн нэрсийн жагсаалтад багтаад байна. Тухайлбал, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тулси Габбард /Хавай муж/, сенатор Эми Клобушар /Миннесота муж/ багтаж байгаа ч сунгаанд оролцох боломж нь одоогоор тун бага. Гэхдээ сенатор Камала Харрисийн /Калифорни муж/ нэр хүнд эрчимтэй өсөж байгаа. Сонгуулийн сурталчилгааны явцын талаарх статистик мэдээлэл нийтэлдэг “FiveThirtyEight” интернет портал түүнийг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг хэмээн үзжээ. Камала Харрис нийгмийн дэвшилтэт шинэчлэлийн төлөө хүчтэй дугардаг бөгөөд Трампын талаар сөрөг байр суурийг хатуу баримталдаг нэгэн.
Сенатын хууль зүйн хорооны гишүүн Кори Букер /Нью Жерси/ мөн л ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөө зарлаад буй. Түүнийг Ардчилсан намын хамгийн сайн илтгэгч гэж хүлээн зөвшөөрдөг. Ньюарк хотын захирагчийн албан тушаалд нэр дэвшин улс төрийн талбарт гарч ирсэн даруйд нь буюу 2002 оноос хойш Кори Букерыг сунгаанд өрсөлдөхийг хүлээж байгаа. АНУ-ын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бретт Каваног хэлэлцэх үеэр Харрис, Букер нар олны анхаарлын төвд орсон байдаг. Ингэснээр тэд 2020 оны сунгаанд оролцох бэлтгэл ажлаа эхэлсэн гэж үздэг юм. Бусад нэр дэвшигчдийн хувьд “обамачууд” гэх тодотголыг аваад буй. Өөрөөр хэлбэл Цагаан ордны 44 дэх тэргүүнтэй хамтран ажиллаж байсан түшмэл, улс төрийн зүтгэлтнүүд үүнд орж байна. Барак Обамагийн засаг захиргаанд барилга, хот байгуулалтын сайдын албыг хашиж байсан Жулиан Кастро нэрээ дэвшүүлээд байгаа бол мөн Обамагийн дэлхийн дахины үйлдвэрлэлийн асуудлыг хариуцаж байсан бизнесмен Эндрю Янг өвөрмөц санаачилга дээр тулгуурласан сурталчилгаа явуулж эхлэв. Тэрбээр сонгогчдын дундаас санамсаргүйгээр сонгож авсан арван хүнд 2019 оныг дуустал сар бүр нэг мянган ам.долларыг бэлнээр өгөх амлалт өгчээ. Ардчилсан намын сунгаанд Өмнөд Бэнд хотын захирагч, Афганистаны дайнд оролцож байсан, ижил хүйстэн Питер Буттижич зэрэг сонгогчдын санаанд ороогүй нэр дэвшигчид ч бий. Ардчилсан намын анхны сунгаа болдог Айова, Нью Хэмпшир мужуудад тэрбээр рейтингээрээ Жо Байден, Берни Сандерсын дараагаар орж байна.
Сунгааг орхисон тэрбумтнууд
Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх амбицаа “Starbucks” кофены сүлжээний тэргүүн асан, тэрбумтан Ховард Шулц илэрхийлж байсан. Тэрбээр бие даан нэр дэвшихээр зэхэж байсан ч тун удалгүй сурталчилгааны ажлаа зогсоожээ. Нью Йорк хотын захирагч асан, бизнесмен Майкл Блүмбэрг Дугуй танхим дахь суудлын төлөө өрсөлдөхөөр бэлтгэж байснаа мөн л энэ санаанаасаа удалгүй татгалзсан. Улс төрд орохоор зэхэж байсан тэрбумтан, “Farallon Capital” компанийг үндэслэгч Том Стайэр нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийдэж, оронд нь Трампт импичмент үзүүлэх эсэх асуудлаар явуулж буй кампанит ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхээр болжээ.
Нэр дэвшигчдийн нас
Ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид насны хол зөрүүтэй. Ардчилсан намын сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүхэл бүтэн нэг үе тусгаарлаж байна. Питер Буттижич, Бүгд найрамдах намын Тулси Габбард Берни Сандерсаас 40, Жо Байденаас 39 насаар дүү. Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн хувьд, хамгийн ахмад настай нь Доналд Трамп. Тэрбээр тангарах өргөх ёслолын үеэр 75 настай байх гэнэ. Дэлхий дээр интернэт үүсэх үед Буттижич, Габбард нар долоон настай байсан бол Байден, Сандерс нар Дэлхийн хоёрдугаар дайн болж байхад төржээ.
Сэтгэгдэл ( 2 )
Trump hamag bichig barimtand udaanaar noloolood bn.
Америкчуудаа хуурамч ардчилалыг дэмжих хэрэггүй. Трампаас өөр олигтой хүн алга байна.