Байгалийн хий дамжуулах асуудлаар Ажлын хэсгийн анхны хурал Москва хотод боллоо 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ОХУ-д ажлын айлчлал хийж буй эдгээр өдрүүдэд  ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн асуудлыг хэлэлцэхээр Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нараар ахлуулсан Ажлын хэсгийн анхдугаар уулзал Москва хотноо боллоо.

Монголын талын Ажлын хэсгийг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга ахалж, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүн ажилласан бол ОХУ-ын Ажлын хэсгийг Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин ахалж, Эрчим хүчний яам, “Газпром”, “Газпром Экспорт” компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Хоёр талын Ажлын хэсгийн анхны уулзалтаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн техникийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцан мэдээллүүдийг солилцон ажиллах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох судалгааг эхлүүлэх, дараагийн хуралдааныг Гурван улсын ажлын хэсэг төслийг хамтран хэлэлцэх талаар ярилцлаа.

Байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн маршрут нь урьдчилсан байдлаар Төмөр замын дагуу байхаар тохиролцлоо. Маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж болох ч тухай бүр нь Ажлын хэсэг хэлэлцэн шийднэ. Эхний ээлжинд Техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг ОХУ-ын ЭХЯ-наас Монголын талд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр ирүүлэхээр болов. Дараагийн гол асуудал бол Төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох  нь чухал гэдэг дээр талууд зөвшилцөв. Үүнд хоолойгоор дамжуулах байгалийн хийн хэмжээ, хоолойн диаметр, хий дамжуулах, шахах дэд станцууд болон шаардагдах цахилгааны хангамж зэрэг техникийн болон эдийн засгийн үр ашгийн тооцоог хийх шаардлагатайг онцолж, үүний дараа Төслийн үр өгөөжийн талаар ярих нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол, ОХУ-ын Ажлын хэсгийн хуралдаан нь олон жил яригдсан асуудлыг ажил хэрэг болгох үүднээс харилцан ашигтай төсөл байхад анхаарч Талууд бие биенээ дэмжин хамтран ажилахаа илэрхийлсэн, мэдээлэл солилцсон, харилцан ойлголцсон, үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Мөн дараагийн Ажлын хэсгийн хуралдаан гурван улсын хамтарсан уулзалт байх нь чухал гэдгийг талууд онцолж, анхдугаар хуралдаан өндөрлөв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top