Цар тахлын сэдрээсэн соёл иргэншлийн ГУРВАН ӨВЧИН

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Цар тахлын хүн төрөлхтний соёл иргэншилд өгч буй цохилт дэлхийн дайны үр дагавартай харьцуулахуйц хэмжээнд хүрэв. Энэ сорилтыг даван туулахын тулд хүн төрөлхтөн дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны шинэ замыг хайхад хүрч байна гэж шинжээчид үзэж байна.


Хямрал аль хэдийнээс боловсорч байсан. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 10 орчим жилд нийгмийн болон улс төрийн тогтолцооны шинэчлэл хоцрогдож ирсэн. Интернет, тоон технологи, хиймэл оюун ухаан асар их боломжийг бий болгосон ч улс орнууд эдгээр боломжоос өөрийн сонголтоор ашиглаж, ихэнхийг нь гадна үлдээсэн. Тоон валют хориотой бүсэд үлдсэн бол үйлдвэрлэлийг автоматжуулах үйл явц үйлдвэрчний эвлэлүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав. Хиймэл оюун ухаан нэгэн зэрэг бишрэл, эргэлзээ төрүүлсэн. Гайхалтай их нөөц бололцоотой ч ген засварлах дэвшил ёс зүйн шалгууртай нүүр тулав. Нисгэгчгүй аппарат, нисдэг автомашин хууль эрх зүйн орчин бий болохыг хүлээсээр. Эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг шинэ тутам сорилттой тулгарсан ч хуучинсаг хэвээр үлдсэн. Харин коронавирус энэ бүхнийг ил гаргаж байна. Дэлхий хуучнаараа байхаа больсон. Тоон зуун руу эргэлт буцалтгүй орохын тулд нийгэм, эдийн засгийн үндсийг өөрчлөхийг шаардаж байна.

Цагаачид ба робот

Аж үйлдвэрийн хувьсгалын түүхэнд эдийн засгийн гол “түлш” нь хүн амын өсөлт байв. Ажиллах хүч тухайн улсын өсөлт, сүр хүчний үндэс суурь болж байв. Энэ өсөлтийг төрөлт дэмждэг байсан төрөлт багассанаар ажиллах хүчний эрэлтийн асуудлыг шилжилт хөдөлгөөнөөр шийдэж иржээ. Эхний үед хөдөө орон нутгаас хот руу чиглэж байсан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн ядуу орноос баян чинээлэг улс руу чиглэх болсон. ХХ зуунд дэлхийн тэргүүлэгч улс орнууд гуравдагч улс орны ажиллах хүчинд үүд хаалгаа нээсэн. Гэтэл XXI зуунд бүтээмжийн өсөлтийг дэмжихэд  ийм их хэмжээний шилжилт хөдөлгөөн  шаардлагагүй болжээ. Зүүн өмнөд Азийн улс орнуудад роботжуулах явц хүн амын өсөлтгүйгээр аж үйлдвэрийн хөгжилд хүрч болохыг харуулав. Удаан хугацаанд ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг ашиглаагүй цорын ганц хөгжилтэй улс байсан Япон улс анх энэ замд орсон бол өдгөө Өмнөд Солонгос, Сингапур, удахгүй хамгийн “агуу бөгөөд аймшигтай” Хятад улс нэгдэнэ. Роботын тоо жилд 30-40 хувиар өсөж байна. Орчин үеийн робот чимхлүүр ажлыг гүйцэтгэх чадвартай болсон нь автоматжуулах үйл явцыг түргэтгэж байна. Юуны өмнө, үйлчилгээний салбарт роботууд түрэн орж ирснээс гадна ажлын байрны 40-70 хувийг автоматжуулах боломжтой болжээ. Орчин цагт” мэргэшсэн ажилтны гол өрсөлдөгч нь “гаднын ажиллах хүч+робот болоод байна. Автомат шугамын туслах мэргэшсэн ажилтны орон зайг эзлэх болсны нэг жишээ такси үйлчилгээ. Жолооч хотын замыг мэдэхгүй байгаа бүгд л анзаардаг. Гэвч энэ бол түүний гол үүрэг. Харин өдгөө энэ үүргийг чиглүүлэгчийн тусламжтайгаар гүйцэтгэж байна. Роботжуулах үйл явцыг сааруулж байсан ажлын байраа алдах айдсыг коронавирусээс үүдэлтэй хямрал үгүй хийж байна. Тусгаарлалт, эдийн засгийн сэргэлтэд шаар­дагдах урт хугацааны үед шилжилт хөдөлгөөний идэвхжил огцом буурна. Үүнээс гадна, ихэнх бизнес, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон бөгөөд шинэ халдварт өвчин дахин гарах үед хорио цээрийн дэглэм дахин давтагдахгүй гэсэн баталгаа үгүй. Тиймээс бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн 40 хувь нь үйл ажиллагаагаа автоматжуулах арга зам хайж эхэлжээ. Зарим улс орнууд иргэдийн үндсэн орлогын системд шилжихийг илүүд үзэх болно. Энэ тохиолдолд аж үйлдвэрийн өсөлт зөвхөн автоматжуулсан салбарт гарах ба робот ажиллуулсны татварын орлого хүмүүст ажиллахгүйгээр амьжиргаагаа залгуулах болом­жийг бий болгоно. Хил хааснаар дотоодын ажиллах хүчний өрсөлдөгч болсон хямд ажиллах хүчний урсгалыг хаана. Энэ бол эдийн засгийн шинэ бодит байдал. Хаалга тогшиж буй энэ байдалд бид одоогоор бэлэн бус.

Анагаах ухаанжуулалт ба эрх

Өөрчлөлтийн хоёр дахь гол үйл явц нь хүний эрүүл мэндэд хандах хандлагын өөрчлөлт байх болно гэж судлаачид үзэж байна. Удаан хугацаанд хүний эрүүл, өвчтэй байх нь нөхцөл байдлын үр дагавар гэж үздэг байсан. Ямар ч тохиолдолд өвчтөнийг эмчлэх л ёстой. Энэ хандлага өсөлт, хөгжлийн түлхүүр болсон ажиллах хүчийг эрүүл байлгах ёстой гэсэн улс орнуудын үзэл суртлаас үүдэлтэй. Анагаах ухаан хөгжихийн хэрээр хүмүүс урт наслах болсон. Үүнтэй зэрэгцэн хорт хавдар, шижин, зүрх судас, мэдрэлийн өвчин зэрэг халдварт өвчнийг санагдуулам насжилттай холбоотой өвчлөлүүд гарч ирэв. Ийм өвчтэй хүмүүс коронавирусний гол бай болж байна. Ингэснээр эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг аврахын тулд нийгэм бүхлээрээ тусгаарлагдаж, эдийн засагт асар их хэмжээний хохирол учирч байна. Тэгэхээр урьд өмнө нь өвчин хүний “хувийн хэрэг” байсан бол өдгөө нийгмийн сайн сайхан байдал бүхэлдээ нийгмийн эрүүл мэндээс шалтгаалах болж байна. Гэтэл хүмүүс эрүүл мэндэд учрах эрсдэлийг бодолгүй зөвхөн таашаал авахын тулд элдэв төрлийн хорт зуршил, хортой зүйлс хэрэглэсээр. Өөрөөр хэлбэл тэдний хувийн сонголт эдийн засаг зогсоход хүргэж байгаа ч үүссэн нөхцөл байдлын бурууг хэн ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн бус.

Коронавирусний цар тахал хүмүүс массаараа хариуцлагагүй байгааг анхааруулж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ цаашид улам өргөжнө гэсэн үг. Томууны вакциныг сайн дураар хийлгэдэг бөгөөд ихэнх нь үүнийг үл тоомсорлодог. Харин коронавирусний эсрэг вакцин хийлгэх нь үүрэг болох магадлал өндөр. Хүний эрүүл эсвэл өвчтэй байх нь тухайн хүний хувийн хэрэг байхаа болино. Учир нь үүний үр дагаврыг бүхэл бүтэн нийгмээрээ үүрч байна. Мөн энд агаарын бохирдлын асуудал зүй ёсоор тавигдана. Учир нь агаарын бохирдол үндэстний эрүүл мэндэд сөрөг хувь нэмэр оруулдаг. Харин агаарын бохирдолд автомашинаас ялгарах утаа жинтэй хувь нэмэр оруулж байгаа тул бензинээр ажилладаг хөдөлгүүртэй автомашин аажмаар зайчлагдах болно. Үүнд бас л хувь хүний сонголт нийгмийн эрүүл мэндийг аварна гэсэн зарчим үйлчилж байна.

Хаалттай ертөнц ба нэг хувь заяа

Төр өөрөө ч сүүлийн 300 жилд байгаагүй хүчтэй хямралыг туулж байна. Даяаршил хүмүүст дэлхийн хамтын нийгэмлэгт амьдарч, ажиллах, амарч, сурах асар их боломжийг олгосон. Гэтэл цар тахалтай нүүр тулснаар дэлхий нийт хүний аюулгүй байдлыг хангах дэлхийн хэмжээний нэгдсэн хэрэгсэл байхгүй гэдгийг гэнэт ухамсарлав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүчгүйдэж, зөвлөмжийг нь Трамп тэргүүтэй олонх үл тоомсорлов. Улс орнууд “хувь хувиа бодоорой” гэсэн зарчмын дагуу хилээ хааж, янз бүрийн хорио цээрийн арга хэмжээ авч байна. Дэлхий дахин хоёр эсрэг тэсрэг чиг хандлагатай нүүр тулав. Цар тахал дэлхийн хэмжээний удирдлагын хэрэгслийг шаардаж байгаа ч арга хэмжээг бүс, орон нутгийн хэмжээнд л хэрэгжүүлнэ. Улмаар хотын үүрэг ролийг нэмэгдүүлэх чиг хандлага Ухань, Москва, Нью-Йорк хотод авч буй хязгаарлалтын арга хэмжээг олон сарын зайтай бус нэгэн зэрэг, зохион байгуулалттай йэхний үе шатанд авч хэрэгжүүлэх ёстой байсныг илтгэв. Гэхдээ хамтын ажиллагаа шаардсан энэ “дэлхий-орон нутаг” гэх дүр зурагт орчин цагийн үндэсний элитүүд нийцэл муутай нь харагдав. Бүрэн бүтэн байдлын хямралын тод жишээг Европын холбоо үзүүллээ. ЕХ-ны гишүүн орнууд нэгдсэн бодлого шуурхай боловсруулаагүйн дээр амны хаалт, амьсгалын аппаратын хулгайд бие биенийгээ сэрдэж, “амь амиа бодоорой” гэсэн зарчмаар ажиллаж эхлэв. Одоогийн байдлаар энэ бүх асуудал дөнгөж гарч ирж байна. Энэ бүх асуудлын шийдлийг хараахан олоогүй л байна. Харин эдгээр асуудал ойрын жилүүдэд улам бүр тулгамдах болно. Дэлхий даяарчлагдсан тул дангааршил руу шилжих нь амьдралын түвшинг огцом бууруулна. Ихэнх бараа, үйлчилгээ даяаршсан учир орон нутгийн хэмжээнд эрэлт нь огцом буурна. Даяаршсан дэлхий тоглоомын шинэ дүрмийг зохиох шаардлагтай тулгарчээ. Учир нь цар тахлын дэлхийн дайны үр дагавартай харьцуулам цохилт өгч байна. Цар тахлын түүх бол хүн төрөлхтний түүх. Дундад зууны “хар үхэл” орчин цагийн хүмүүнлэг ёсны тухай ойлголтыг төрүүлж, Европын онцгой соёлыг бүрэлдүүлэх үйл явцын шалтгаан нь болсон. XVIII зууны тахал аж үйлдвэржилтийг идэвхжүүлж, Европыг дэлхийн тэргүүн эгнээнд гаргасан. Салхин цэцэг болон бусад халдварт өвчнийг ялснаар орчин цагийн анагаах ухаан бий болж, орчин цагийн амьдралын хэв маягийг бүрдүүлсэн хүн ам зүйн шилжилтийн шалтгаан болсон. Аливаа халдварт өвчнийг ялсан ялалт бүр хүн төрөлтөн дэвшил авчирсан. Гэхдээ өвчин зовиуртай авчирсан. Хүн эрсдэлийн бууруулж, нөхцөл байдлыг сайнаар эргүүлэх хүчтэй. Хүн төрөлхтөн аливаа өвчнийг өнгөрсөнд үлдээн ирээдүй рүү тэмүүлдэг жамтай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.93.205) 2020 оны 04 сарын 20

глобалчлалд дэлхийн улсууд нэг хэлээр ярьхаар нэг үндэстэн болоод уусчихна

0  |  0
зочин(66.181.187.107) 2020 оны 04 сарын 20

Зиак Уг нь Монголд халдварыг тараахгүй сайн барилаа Тэр хэвээрээ байсан бол одоо сургууль цэцэрлэг их дээд сургууль бүгд хичээллэж бүх зүйл хэвийн явах байлаа. Даанч гаднаас авчирсаар ингээд өвөл хавар бүхэлдээ хөл хлрионд гацлаа . Засагт байтугай иргэдэд юу хийх ёстой байсан нь тодорхой байлаа. Даанч зөв тууштай бодлого явсангүй Шууд тусад нь түр эмнэлэг бариад ч юмуу 2000 гаруй хүн 1 дор хүлээн авч эмчлэх тусгаарлах чадвар бий болгосон бол тэгээд улс орноороо хэвийн ажиллаж амьдрах нөхцөл үүсэх байжгэж харагдаж байна . Гаднаас авчрагсдаа яах вэ гэдэг дээр толгой сайн ажилласан бол

0  |  0
Top