Одон орон судлаачид Дэлхий гарагийн дэргэдүүр нисэн өнгөрөх томоохон астероид буюу жижиг гарагийг ажиглах бөгөөд манай гарагт аюулгүй гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Одон орон судлалын хүрээлэнгийн тэргүүн Борис Шустов ярьжээ.
Энэ сарын 29-нд /УБ цагаар 17.56/ 1.8-4 км диаметртэй №52768 (1998 OR2) жижиг гараг Дэлхийтэй хамгийн ойр зайд өнгөрөх аж. Жижиг гараг 6.29 сая км зайд өнгөрөх бөгөөд энэ нь сар хүрэх зайнаас 16 дахин хол юм. Дэлхийг чиглэж буй аливаа биет шинжлэх ухааны хувьд сонирхол татдаг. Радиотелескопын тусламжтайгаар жижиг гарагийн хөдөлгөөний хурдыг м/с нарийвчлалтай тодорхойлохоос гадна түүний хэлбэр төрхийг нарийвчлан гаргаж, бүтцийг нь судлах боломжтой гэж Шустов онцолжээ.
Эдгээр “мангас” Бархасбадийн доргио гэгдэх үзэгдлийн үр дүнд жижиг гарагсын гол бүснээс нисэж ирдэг гэж эрдэмтэн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл Бархасбадийн тойрог зам, жижиг гарагс хооронд доргилт үүсэхэд Бархасбадийн таталцах хүчний “цохилт” үүсдэг байна. Хэрэв энэ үзэгдэл байгаагүй бол Нарны аймагт нисдэг жижиг гарагс арван сая жилийн дотор үгүй болох байжээ. Сүүлийн хоёр тэрбум жилийн туршид жижиг гарагс сарыг “бөмбөгдөж” ирснийг сарны гадаргуу дээрх тогоонууд гэрчилдэг байна. Харин сансрын биет доргилтын бүсэд хэрхэн ордгийг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )