Дэлхийн тойрог зам дээрх “Swift” одон орон судлалын төв од хоорондын “2I\Borisov” солир наранд ойртох үед хэдий хэмжээний ус гадаргуугаас нь ууршсан талаарх анхны мэдээллийг авчээ. Нарны аймгийг гатлах үед солирын сүүл 230 сая орчим литр усаа алдсан тухай АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.
Анхны од хоорондын солирыг Оросын одон орон судлаач Геннадий Борисов өнгөрсөн оны наймдугаар сарын 30-нд нээсэн бөгөөд сансрын энэ биетэд түүний нэрийг хайрласан байна. Хэмжээ, химийн бүтцээрээ эл солир нарны аймгийн бусад солироос бараг ялгаагүй гэж эрдэмтэд үзэж байна. Өдгөө “2I\Borisov” солир 30 км/с хурдтай нисэж байгаа аж. Түүний цөмийн диаметр нэг км орчим бөгөөд солир өөрөө их хэмжээний тоос, органик бодис агуулжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “2I\Borisov” солир наранд хамгийн ойр буюу 305 сая км зайд ойртсоны дараа од хоорондын орчин уруугаа буцаж эхэлжээ.
Гэрэл, хэт ягаан хэлбэлзэлд ажилладаг тойрог замын “Swift” телескопын багажуудын тусламжтайгаар Хонконгийн их сургуулийн одон орон судлаач Жэси Син тэргүүтэй эрдэмтэд солирын хамгийн гол онцлог болох наранд ойртохын хэрээр гадаргуугаас нь ус уурших хурдны талаарх анхны мэдээллийг авч чаджээ. Эрдэмтэд устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдлийн молекул хэрхэн өөрчлөгдөж буйг өндөр нарийвчлалтай хэмжиж чадсан байна. Эдгэр нэгдэл нарны туяа усны молекулыг задлах үед үүсдэг аж. Хэмжилтээс үзвэл, нартай хамгийн ойр зайд очих үед “2I\Borisov” солир секунд тутам 30 орчим литр усаа алдаж байжээ. Энэ нь тийм хэмжээний сансрын биетийн хувьд энгийн үзэгдэл аж. Од хоорондын солир нийт 230 сая орчим усаа алдсан нь 92 олимпын бассейнтай тэнцэх хэмжээ юм. Усны ууршилтын хурд нь ус хайлах үйл явцад “2I\Borisov” солирын гадаргуун тал нь оролцсоныг илтгэж байгаа бөгөөд ингэхдээ тус солирын хамгийн бага диаметр нь 0.75 км байх ёстой аж. Гэтэл нарны аймгийн солирын хий, тоосноос бүрдсэн сүүл бүрэлдэхэд сансрын биетийн гадаргуун дөнгөж тав хувь нь оролцдог байна. Тиймээс “2I\Borisov” солирын химийн бүтцийн онцлог нь нарны аймаг дахь ижил төрлийн биетийн аль ч ангилалд хамруулах боломжгүй гэж эрдэмтэд дүгнэжээ. “2I\Borisov” солир идэвхжлийн түвшингийн хувьд шинжлэх ухаанд танигдсан нарны аймгийн бүх солироос илүү гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )