Ойрын хугацаанд дэлхий нийтээрээ хэрэглэх найман ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

“Technology Review” хэвлэл одоогоор өргөн хэрэглэгдээгүй байгаа ч ойрын хугацаанд нийтээрээ хэрэглэх магадлалтай найман дэвшилтэт технологийн нээлтийг нэрлэжээ.


1. 3D металл хэвлэл

3D хэвлэл нь аль эрт хэрэглээнд нэвтэрсэн боловч хуванцар эдлэлийг хэвлэхэд голлон хэрэглэгдэж иржээ. Бусад материал, ялангуяа металл нь энэ технологийн хувьд хэтэрхий үнэтэй тусч байсан юм. Харин одоо металлыг 3D хэвлэлд өргөн хэрэглэх болж эхэлсэн нь тун удахгүй бөөний үйлдвэрлэлийн системд өөрчлөлт авчирахад хүрч болзошгүй байгаа ажээ. 3D металл хэвлэлийн ачаар олдохгүй болсон эд ангийг бөөнөөр үйлдвэрлэхийн оронд зүгээр л хэрэгцээтэй тоо ширхэгээр нь хуулбарлан хэвлэх боломж нээгдэж байна. Хуучин машин, телевиз болон бусад ховор тоног төхөөрөмжийн хувьд  сэлбэг хэрэгслийн дутагдалд орох асуудал үгүй болно. Түүнчлэн үйлдвэрүүд механизмынхаа загварыг төрөлжүүлж, хэрэглэгчдийн онцгой хэрэгцээнд нийцүүлэн хүчин чадлаа өөрчлөх боломжтой. Мөн сэлбэг олдоцтой болох тул заавал шинэ тоног төхөөрөмж худалдан авах шаардлагагүй болно гэсэн үг юм. Тухайлбал, Их Британид титанаар хэвлэсэн хавиргыг нэгэн өвчтөнд суулгасан бол Францын “Stelia Aerospace” компани бие даасан арматурын самбар бүхий хавтанг хэвлэжээ. Харин  Голландын хөлөг онгоц үйлдвэрлэгчид анхны бүрэн хэвлэсэн онгоцны шургыг танилцуулсан. Эдгээр нь өнгөрсөн жил 3D металл хэвлэлд амжилттай хэрэгжсэн олон арван жишээний нэгээхэн хэсэг нь юм.

2. Хиймэл үр хөврөл

Кембрижийн эрдэмтэд шинэ амьдрал бий болгох үзэл баримтлалыг бүрэн өөрчилж чаджээ. Тэд зөвхөн үүдэл эс ашиглан туршилтын хоолойд хулганы үр хөврөл гаргаж авсан байна. Өндгөн эс ч, эр бэлгийн эс ч үүнд хэрэг болоогүй. Үүдэл эс нь ямар нэгэн аргаар өөрсдөө одоогоор цаашаа хөгжих боломжгүй үр хөврөл болжээ. Гэхдээ энэ нь стандарт бус арга замаар амьдрах чадвартай хүний үр хөврөлийг бий болгох анхны алхам юм. Энэ судалгаа нь эрдэмтдэд хиймэл эрхтнүүдийг хэрхэн бий болгох, генийг засах, удамшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, үр хөврөлийг хөгжлийн эхний шатанд  нь судлахад тусална. Технологийг шаардлагатай түвшинд хүргэхээс өмнө шийдвэрлэх шаардлагатай ёс зүйн олон асуудал үүсэх нь гарцаагүй юм.

3. Ухаалаг хот

“Google”-ийн охин компани “Sidewalk Labs” нь Канадын Торонтод Quayside гэх 8 кв.км талбайтай “ухаалаг” дүүрэг барьж байна. Энэ нь хотын зүүн эрэг дагуу байрлана. Харин орон нутгийн интернет-хайлтын систем “Google Canada” төв байраа тийш нь шилжүүлнэ. Компани нь бүс нутгийн хөгжилд 50 сая долларын хөрөнгө оруулалт хийх болно. “Sidewalk” төсөлд ойролцоогоор нэг тэрбум долларын зардал гаргана. Бас 1.25 тэрбум долларыг Торонтогийн засаг захиргаа нэмж өгнө. Төлөвлөгөө ёсоор тээврийн системийн бүрэн шинэчлэлт хийгдэж /бүх машинууд жолоочгүй, нисгэгчгүй болно/ түүнчлэн төсөр орон сууцыг бий болгоно. Хувийн амьдралыг хамгаалахад хатуу шаардлага бий болно. Ялангуяа Засгийн газрын зүгээс иргэдийн хувийн амьдралд оролцох асуудалд энэ нь хамаатай. Үүнээс гадна “ухаалаг” дүүрэгт бие даасан дамжин өнгөрөх шугам бий болж, байгаль орчинд ээлтэй экологийн дээд зэргийн цэвэр эрчим хүчний системийг ашиглах болно. Мэдрэгчийн өргөн сүлжээ нь агаарын чанар, дуу чимээний түвшингээс эхлээд иргэдийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар г.м бүх зүйлийн талаар мэдээлэл цуглуулж дэд бүтцийг төгс болгоход тусална. “Sidewalk Labs” нь бүх программ хангамжийг үнэгүй хийдэг тул түүнд суурилан бусад мэдээлэл технологийн компаниуд шинэ сонирхолтой программуудыг нэмж бий болгох боломжийг бүрдүүлж байна. Хэрвээ Торонто дахь төсөл амжилттай болвол Сан Франциско, Денвер, Лос-Анжелес, Бостон хотуудад ухаалаг дүүргүүд бий болно.

4. Бүх нийтийн хиймэл оюун ухаан

Өнөөдөр хиймэл оюун ухааны зах зээлд “Amazon”, “Baidu”, “Google” болон “Microsoft” компаниуд давамгайлж байна. Гэвч технологийн аваргууд нь бусад компаниуд ч гэсэн өөрсдийн зорилгодоо машины сургалтыг ашиглах боломжийг нээх үүднээс өөрсдийн зарим хөгжүүлэлтээ үүлэн тавцан дээр байрлуулж эхэлсэн. Энэ нь үйлдвэрлэл илүү хурдацтай хөгжих, анагаах ухаан, үйлдвэрлэл, эрчим хүчинд хувьсгал авчрахад туслах болно. Цөөн хүн хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийг хөлсөлнө гэдэгт асуудал байгаа юм. Иймээс мэдээллийн хүртээмж нь түүнийг зөв зохистой ашиглах баталгаа болохгүй. “Google” болон “Amazon” үүнийг ойлгож, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд туслах зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

5. Утаа ялгаруулдаггүй байгалийн хийн цахилгаан станц

“Net Power” компани нь Хьюстон хотод утаа ялгаруулдаггүй хийн түлшээр ажилладаг цахилгаан станц барьжээ. Технологийн үндэс нь 1/10 хэвийн хэмжээтэй цоо шинэ хоолой аж. Хоолойг 5.6 кв.м өрөөнд байрлуулна. Энэ нь даралтат шингэн дулааныг илүү үр ашигтай шилжүүлснээр хүчтэй хэвээр байна. Жижиг хоолойд байгалийн хий нь цэвэр хүчилтөрөгч бүхий орчинтой шаталтын камерт шатаж, зөвхөн усны уур болон нүүрстөрөгчийн давхар исэл үйлдвэрлэгдэнэ. Үүнээс гадна, камер аль хэдийн өндөр даралт дор нүүрстөрөгчийн давхар исэл болон температураар дүүрсэн байна. Шаталтын камер нь нүүрстөрөгчийн давхар исэл, усны уурыг үүсгэдэг. Дараа нь энэхүү өндөр температурт хольцыг өндөр даралт дор хийн хоолой руу чиглүүлнэ. Тэнд даралтын хүч нь босоо аманд эргэлт бий болгосноор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Хөрсөн хийн хольц нь хоолойноос хэсэг хэсэг болон хуваагдан гарч ирнэ.  Нүүрстөрөгчийн давхар ислийн шаардагдах хэмжээ нь даралтат байдалд шахагдаж, шаардлагатай хийн эргэлтийн системийг хадгалахын тулд тасалгаа руу буцна. Үлдсэн нүүрстөрөгчийн давхар ислийг газар доор булах юмуу, эсвэл бусад үйлдвэрүүдэд зарна. Харин цэвэр ус нь чөлөөлөгддөг. Ийм цахилгаан станцын түлшний үр ашиг 80 хувь (харьцуулахад, ОХУ-ын олон эрчим хүчний станцын гүйцэтгэл 21-22 хувиас хэтрэхгүй, АНУ-ынх ойролцоогоор 60 хувь байдаг) байна.

Сэргээгдэх эрчим хүч алдартай хэдий ч, нийтээрээ цахилгаан автомашинд шилжсэнээр цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ өмнө нь хэзээ ч байгаагүйгээр нэмэгдэнэ хэмээн “Net Power” үзэж байна. Иймээс байгалийн хий нь ирээдүйд хэтийн төлөв сайтай байх магадлал нь өндөр юм. Хэрвээ одоогийн цахилгаан станцууд үр ашиг багатай ажилладаг юм бол, хүрээлэн буй орчныг бохирдуулдаггүй ашигт малтмалын нэг болох байгалийн хийн түлшийг хэрэглэж яагаад болохгүй гэж.

6. Сүлжээн дэх бодит “хувийн нууцлал”

Интернетийн хэрэглэгчийг таних шинэ систем нь таны хэн бэ гэдгийг төрсөн өдөр болон бусад хувийн мэдээлэл шаардахгүйгээр тодорхойлох боломжийг “Zero-knowledge proof” /зарлахгүйгээр ил тод болгох/ протоколын ачаар бий болгож чаджээ. Хөгжүүлэгчид нь энэхүү протоколыг бий болгох гэж олон арван жил хөдөлмөрлөсөн ч  Zcash криптовалютын ачаар өнгөрсөн жилээс эхлэн хэрэглэгчид ихэд сонирхох болсон байна. Хөгжүүлэгч нар валют нь криптографийн системд тулгуурласан криптовалют нь дэлхийн хаана ч ямар ч хэмжээний мөнгө очиж буйг хянах боломжгүй болохыг цохон тэмдэглэж байна. Zcash-ын биткойноос ялгарах гол онцлог нь энэ юм. Биткойны эзэмшигч бүр үсэг, тооноос бүрдэх кодыг хүлээн авдаг бөгөөд аливаа гүйлгээ нь хуваарилагдсан бүртгэлийн блокоор дамждаг. Хууль сахиулах байгууллага нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх замаар энэхүү хаяг хэнийх гэдгийг, мөн гүйлгээний явцыг хянах боломжтой байдаг учир Блокчэйн нь мөрдөгч нарт хар зах дээр мансууруулах бодис худалдаалдаг хүмүүсийг олоход нэг бус удаа тусалсан. Харин Zcash нь Израилийн эрдэмтдийн Москвагийн технологийн дээд сургуулийнхантай хамтран боловсруулсан zk-Snark криптографийн аргаар ажилладаг. Бүх гүйлгээг сүлжээн дээр баталгаажуулдаг ч гүйлгээний оролцогчдын хаягийг хянах боломжгүй юм. Гэхдээ zk-Snark-ийн бүх давуу талууд нь маш нарийн төвөгтэй, удаан технологи юм. Иймээс одоо хөгжүүлэгч нар үүнийг хялбарчлах, нийтэд илүү хүртээлтэй болгох арга замыг хайж байна.

7. Генетикийн таамаглал

Хүүхдүүд төрөхдөө генетикийн паспорт авах өдөр ирэхэд ойрхон байна. Паспорт дээр ирээдүйд зүрхний шигдээс үүсэх магадлал, зарим төрлийн хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчинтэй болох магадлалыг харуулна. Асар их тоо баримтыг судлахын тулд эрдэмтэд “эрсдлийн полигенийн дүн шинжилгээ” гаргаж, ирээдүйд эрүүл мэндэд нь ноцтой нөлөө үзүүлэх өвчнийг эрт үед нь тогтоож, амжилттай эмчлэх аж. Эмийн компаниудад ч Альцгеймер болон зүрх судасны өвчний эмийг туршихад ийм мэдээлэл хэрэгтэй болно. Хамгийн өндөр үр нөлөөтэй эмийг бий болгохын тулд эдгээр өвчтэй хүмүүсийг туршилтад оруулах боломжтой.

8. Квантын компьютер

Квант компьютерүүд бий болохыг химийн мэргэжилтнүүд хамгаас илүү хүлээж байна. Тэд үүний тусламжтайгаар шинэ молекулуудыг хэрхэн бий болгох талаар урьдчилан төлөвлөж чадах юм. Шинээр илүү үр дүнтэй эм гаргаж авч болох уургийн нэгдэл, аккумляторын шинэ электролитүүд болон нарны гэрлийг шингэн түлш болгон хувиргах нэгдлүүд. Энгийн компьютер нь ийм бүтцийг бий болгоход шаардлагатай тооцоолон бодох хүчин чадал нь хангалттай бус. Харин квантын компьютер бий болсноор энэ нь химийн эрдэмтдийн өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болно хэмээн үзэж байгаа.Калифорнийн “Rigetti Computing” компани квантын компьютерийг машины сургалтад ашиглаж болно гэдгийг нотолсон. Түүнчлэн уг компани нь 19 кубитын хүчин чадалтай процессорын тусламжтайгаар тооцоолол хийх квантын компьютер Forest -доо үүлэн технологийн орчинд сүлжээ нээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top