Шинэ төрлийн коронавирусний цар тахлын энэ үед шуурхай хариу үйлдэл шаардаж байна. Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтний өмнө нүүрлээд буй энэ гамшигт иргэний байгууллагуудад туслахаар зэвсэгт хүчин нэгджээ. Зэвсэгт хүчнүүд цэргийн эмч, мэргэжилтнүүдээ илгээхээс гадна хамгаалалтын хэрэгсэл хүн ардад тараах, өвчтөн, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэхэд зориулж цэргийн техник, онгоцнуудаа дайчлан, хээрийн эмнэлэг, халдварын төв, хорио цээрийн станц барихад гар бие оролцон, агаарын болон хуурай замын цэрэг техникээ дайчлан, хөвөгч эмнэлгүүддээ халдвар авсан энгийн иргэдийг хүлээн авч байна
АНУ
Америкийн цэргүүд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Хятадын Ухань хотоос иргэдээ нүүлгэх шилжүүлэх, нисэх хүчний Марч баазад тусгаарлах ажиллагааны явцад КОВИД-19-тэй нүүр тулжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 14 мянга гаруй алба хаагч тус улсын нутаг дэвсгэрт явуулж буй коронавирусний эсрэг тэмцэлд татагдан орсноос дөрвөн мянга гаруй цэргийн эмч дайчлагдаад байна. Тус улсад халдварын голомт болоод буй Нью-Йорк хотод 2100 цэргийн эмчийг илгээжээ. Түүнчлэн тус улсын батлан хамгаалах яам хуурай замын цэргийн 14 эмч нарын багийг дайчлаад байна. Америкийн армийн инженерүүдийн корпус өдгөө Чикаго, Детройт, Нью-Йорк хотуудад нийт 15.5 мянган өвчтөн хүлээн авах 25 эмнэлгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Үндэсний гвардийн 30 мянга орчим алба хаагч 83 мянган ортой 150 эмнэлэг барихад тусалснаас гадна тэнгисийн хүчин “Mercy”, “Comfort” хөвөгч эмнэлгүүдийг дайчлаад байна. Үүний сацуу Пентагон эрүүл мэндийн яам, онцгой байдлын албанд зориулж 10 сая эмнэлгийн амны хаалтаар хангаснаас гадна нэмж 10 сая амны хаалтыг нийлүүлэхээр зэхэж, өдөрт таван сая “N95” амны хаалтыг ариутгах хүчин чадалтай 60 төхөөрөмжийг нийлүүлэх 415 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Коронавирустэй тэмцэх явцад зэвсэгт хүчний 1000 орчим алба хаагч халдвар авч, нэг цэрэг амиа алджээ. Тус улсад нийт 1203892 хүн халдвар авч, 70646 өвчтөн нас баржээ.
Испани
Тус улс халдвар авсан хүний тоогоор хоёрт бичигдэж байна. Испанид халдварын нийт 219319 тохиолдол бүртгэгдэж, 25613 хүн нас бараад байна. Испанийн зэвсэгт хүчин корорнавирусний эсрэг “Балмис” ажиллагааг өрнүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Испанийн армийн 89700 алба хаагч 1124 эмнэлэг, 667 эрүүл мэндийн төв, 558 асрамжийн газарт тусламж үзүүлжээ. Нийт 3483 удаагийн ариутгалын арга хэмжээг өндөр настны асрамжийн газарт зохион байгуулаад байна. Түүнчлэн, 3100 гаруй цэргийн эмч болон нөөцийн эмч дайчлагдан ажиллаж байна.
Испанийн нисэх хүчин цэргийн тээврийн “A400M Atlas” онгоцыг таван хүнд өвчтэй, 14 дунд зэргийн өвчтөнүүдийг тээвэрлэх хүчин чадалтай нисдэг эмнэлэг хэлбэрээр тоноглон ажиллуулж байна.
ОХУ
Тус улсын зэвсэгт хүчин нийт 1.6 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай 16 эрүүл мэндийн төвийг барьж, тавдугаар сарын дунд үед ашиглалтад оруулах үүрэг хүлээн ажиллаж байна. Түүнчлэн, тус улс Итали, Серби зэрэг улсад цар тахалтай тэмцэхэд туслах зорилгоор цэрэг, цэргийн эмч, мэргэжилтнүүдээ илгээсэн билээ. Цацраг, хими, биологийн хамгаалалтын хүчний мэргэжилтнүүд эрүүл мэндийн байгууллага, асрамжийн газар, зам зэрэг объектод ариутгалын ажил гүйцэтгэж байгаа бол цэргийн эмч нар эдгээр орны мэргэжил нэгт нөхөдтэйгөө мөр зэрэгцэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ цэргийн вирус судлаач мэргэжилтэн, найман эмч, сувилагчийн анги, оношилгоо, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг илгээжээ.
ОХУ-ын цэргийн сансрын хүчин эмнэлгийн тусламж хүргэхэд зориулан өөрийн онгоцнуудыг дайчилж байна.
Итали
Европ тивд цар тахалд хамгийн хүчтэй нэрвэгдээд буй тус улсын зэвсэгт хүчин өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн иргэний байгууллагуудад боломжит бүхий л туслалцааг үзүүлсээр иржээ. Иргэний зориулалттай объект, байгууламж, тээврийн хэрэгслийг ариутгах, цэргийн эмч, мэргэжилтнүүдээ дайчлахаас гадна талийгчдын цогцсыг тээвэрлэх гунигтай даалгавар гүйцэтгэж байна. Италийн нисэх хүчин өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс хойших хугацаанд нийт 116 цаг үргэлжилсэн 28 нислэгээр нийт 142 тонн эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэл тээвэрлэх ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн, хээрийн эмнэлэг барьж байгуулахад оролцож байна.
Франц
Энэ улсын зэвсэгт хүчин цар тахлын эсрэг “Тогтвортой байдал” ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас эхлэн явуулж байна. Нисэх хүчний “NH90 Caiman” нисдэг тэрэгнүүд өвчтөнүүдээс гадна эмнэлгийн ачаа, өргөн хэрэглээний ачаа бараа тээвэрлэхэд оролцсоор. Мюлуз хотод байгуулсан хээрийн эмнэлэгт 121 цэргийн эмч ажиллаж байгаа бол цэргийн эмнэлгүүдийг иргэний эрүүл мэндийн байгууллагатай нэгтгэх замаар хүч сэлбэх ажлыг зохион байгуулжээ. Францын нисэх хүчний “C-135” нисдэг тэрэг, “A330 Phoenix” ачааны онгоцонд хамгийн сүүлийн үеийн загварын “Morphee” сэхээн амьдруулах цогц аппарат төхөөрөмжийг суурилуулжээ. Үүний тусламжтай 10 мянган км зайд 6-12 өвчтөнийг тээвэрлэх боломжтой болсон байна. Ингэснээр Франц улс “A330” загварын онгоцыг анх удаа иргэний зориулалтаар ашиглаж эхлэв. Түүнчлэн, гурван “Caracal” нисдэг тэрэг, хоёр “Puma” нисдэг тэрэг, “CN235” цэргийн ачааны онгоц, “A400M Atlas” хүнд даацын цэргийн онгоцноос бүрдсэн шуурхай бүлгийг бүрдүүлээд байна.
Их Британи
Өнгөрсөн гуравдугаар сард Их Британийн батлан хамгаалах яам цар тахалтай тэмцэх тусгай ангийг 2937 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулав. Дөрөвдүгээр сар гэхэд Британийн арми 173 сая амны хаалт, 163 сая хамгаалалтын хувцас, 1.3 сая халаат, 440 сая бээлий зэрэг нийт 923 сая хамгаалалтын хэрэгсэл тээвэрлэхэд тусалжээ. Шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд өндөржүүлсэн бэлэн байдалд 20 мянган алба хаагч байгаа бол хүчилтөрөгчтэй баллон тээвэрлэх ачааны тэрэгний жолоочийг бэлтгэх ажил эрчимтэй явж байна. Британийн арми түр эмнэлэг зохион байгуулах ажиллагаанд оролцохоос гадна батлан хамгаалах яам амьсгалын аппарат худалдан авах, түгээхэд туслалцаа үзүүлж байна. Үүнээс гадна 200 цэрэг Британийн түргэн тусламжийн албанд дайчлагдан үүрэг гүйцэтгэж байгаа аж. Эмнэлгийн ачааг шуурхай тээвэрлэх үүднээс хоёр “Puma” нисдэг тэрэг, “Wildcat”, “Chinnok”, “Merlin” зэрэг нисдэг тэрэгнээс бүрдсэн агаарын тээврийн нэгжийг байгуулан ажиллаж байна. Эдгээрийг мөн хүнд өвчтөнүүдийг тээвэрлэхэд дайчилж байгаа аж.
Энэтхэг
Тус улсын зэвсэгт хүчний цэргийн эмч, мэргэжилтнүүд одоогийн байдлаар хорио цээрийн зургаан станцад халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байгаа бөгөөд нэмж 15 хорио цээрийн станцыг өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаж байна. Энэтхэгийн зэвсэгт хүчний 51 цэргийн эмнэлэг халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч байгаа бол коронавирусний шинжилгээ хийх хүчин чадалтай таван цэргийн вирус судлалын лабораторийг үндэсний эрүүл мэндийн төвийн сүлжээнд нэгтгэжээ. Тус улсын нисэх хүчин “Ми-17В-5” онгоцоор өдөр тутам эмнэлгийн ачаа тээвэрлэж байна. Түүнчлэн, тус улсын арми ачаа тээвэрлэх зориулалт бус цэргийн техникийг эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэхэд ашиглаж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур Энэтхэг улс Мальдивт хорио цээрийн дэглэмийг зохион байгуулахад нь туслах зорилгоор цэргийн эмч, мэргэжилтнүүдээ илгээсэн бол хөрш орнууддаа тусламж үзүүлэх зорилгоор тэнгисийн цэргийн зургаан хөлөг онгоцыг дайчилж, Мальдив, Шри Ланка, Бангладеш, Балба, Бутан, Афганистанд тусламж үзүүлэх цэргийн эмч нарын таван багийг бэлэн байдалд оруулжээ. Үүний сацуу 28 цэргийн онгоц, 21 нисдэг тэргийг бэлэн байдалд оруулж, өнгөрсөн хугацаанд нийт 60 тонн эмнэлгийн ачаа тээвэрлэжээ. Энэтхэгийн нисэх хүчин цар тахалтай тэмцэх зорилгоор “Ил-76МД”, “C-17 Globemaster III”, “C-130 Hercules”,” Ан-32” болон “Do-228” онгоцнуудыг ашиглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )