Зэсийг зөвхөн электрон хэрэгсэл бүтээхэд ашигладаггүй болохыг цар тахлын үед дэлхий дахин мэдэрч байна. Их Британи, АНУ, Нидерландын эрдэмтэд хамтран зэсийн нанопартикл ашиглан бүтээсэн утсаар амны хаалт бүтээхээр судалгааны түвшинд ажиллаж байгаа аж.
Өмнөд Каролина мужийн анагаахын салбарын эрдэмтэд зэс утас нь элдэв бактерийг 99.95 хувиар устгадаг болохыг тогтоожээ. Жирийн амны хаалтыг хоёр цаг тутамд солих шаардлагатай бол зэс утсаар нэхсэн амны хаалт нь таван цаг зүүх боломжтой аж. Түүнчлэн амьсгалын замын бусад өвчнөөс сэргийлэх сүрьеэ болон бусад халдварыг гадагш тархаахгүй байх өндөр үр дүнтэй юм байна. Энэ утгаар нь авч үзвэл N95 төрлийн амны хаалтаас хоёр дахин илүү үзүүлэлттэй аж. Зэс утсаар нэхсэн амны хаалтыг олон дахин угааж ашиглах боломжтой бөгөөд угаах тусам вируст тэсвэртэй чадвар нь улам нэмэгддэг байна.
Гэхдээ ижил төрлийн амны хаалтыг бодвол зэс маск нь өндөр үнэтэй. Тухайлбал 65 ам.доллараас эхэлж байна. Энэ бол зөвхөн судалгааны шатны үнэлгээ бөгөөд яг зах зээлд гарахаар болбол үүнээс ч өндөр үнэ хүрэх боломжтой.
Эмнэлгийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг таван компани зэс утсаар амны хаалт бүтээх судалгаанд хөрөнгө оруулсан бөгөөд зах зээлд гаргах боломжийг мөн адил судалж буй аж.
Одоогоор Өмнөд Каролина орчимд байх эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд зэс амны хаалтыг эмнэлгийн ажилтнуудад зүүж туршиж байна. Туршилт амжилттай болсон тохиолдолд тун удахгүй худалдаанд гарна.
Эх сурвалж: Fast Company