ДЭЛХИЙН ТОЙМ: ДЭМБ цар тахал хяналтаас гарсанд буруутай юу?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20


АНУ-ын эрүүл мэндийн сайд Алекс Азар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цаг тухайд нь коронавирусний тархалтыг хяналтад авч чадаагүйгээс цар тахлын дэгдэлтийг эрчимжсэн хэмээн мэдэгдэв. Тэрбээр цахим хэлбэрээр болж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн хуралдаан дээр ийн мэдэгджээ.

Чуулганд ДЭМБ-ын 194 гишүүн орны төлөөлөгчид дэлхийн хамтын нийгэмлэг, тэр дундаа ДЭМБ коронавирусний цар тахлын тархалтын эсрэг хэр үр дүнтэй хариу арга хэмжээ авсныг судлах санал гаргаад байна.
“Энэ цар тахал хяналтаас гарсан гол шалтгааны нэгийн талаар илэн далангүй ярих ёстой. Энэ байгууллага /ДЭМБ/ дэлхий дахинд хэрэгтэй байсан тэр мэдээллийг авч чадах чадваргүй байсан бөгөөд энэ чадваргүй байдлаас нь болж олон хүний амь насаа алдсан” гэж Азар мэдэгджээ.

Чуулганы нээлтэд сүүлийн үед нэг бус удаа өөрийн орны нэр хүндийг  хамгаалахад хүрээд буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлэв. Тэрбээр Хятадын эрх баригчдын өгсөн мэдээлэл туйлын бодит, тунгалаг байсан гэж мэдэгдээд цар тахлыг бүрэн хяналтад авахаас нааш аливаа шалгалт, судалгааг хойшлуулахыг уриалжээ. Ши Жиньпин Хятад улс ойрын хоёр жилд цар тахалд өртсөн улс орнуудад нийт хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдээд КОВИД-19-ийн эсрэг вакцин гарсан даруйд бусад улс оронд олгохыг санал болгов. АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Бээжингийн энэхүү саналыг Хятадын Засгийг газарт үүргээ биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээлгэх асуудлыг анхаарлын төвөөс холдуулах оролдлого хэмээн буруутгав.

Санхүүжилтийг зогсоох уу?

АНУ Бээжин гамшгийн бодит хүрээ, халдварын тархалтын хурдцыг нуун дарагдуулсан гэж үзэж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэг бус удаа мэдэгдсэн. Энэ нь АНУ, БНХАУ-ын харилцааг мэдэгдэхүйц хурцатгаад байгаа. Үүний сацуу Вашингтон нэг бус удаа ДЭМБ-ыг хатуу шүүмжилсээр ирсэн. АНУ-ын эрх баригчдын үзэж буйгаар, энэ байгууллагын удирдлага Бээжингийн өгсөн мэдээлэлд сохроор итгэж, аюул хэр их ноцтой болохыг үнэлж чадаагүй. Энэ шалтгаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үед АНУ ДЭМБ-д олгодог санхүүжилтээ зогсоож, вакцин гаргаж авах өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Зарим шинжээчид халдварын тархалт Хятад улсад өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн байхад ДЭМБ КОВИД-19 дэлхийн бүх улс оронд олон мянган үхэл тарьж эхлэх үед буюу өнгөрсөн гуравдугаар сард л цар тахлын тухай зарласан гэж шүүмжилж байна. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн хуралдааны нээлт дээр үг хэлэхдээ ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус тус байгууллагын үйл ажиллагааг үнэлэн, шинжлэх саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд энэ ажлыг ойрын үед эхлүүлэхээ мэдэгдсэн байна.

Бидэнд хүчтэй ДЭМБ хэрэгтэй

Германы канцлер  Ангела Меркель чуулганы оролцогчдыг эхний ээлжид цар тахлыг эрт сэрэмжлүүлэх үр дүнтэй тогтолцоог бий болгохын тулд бүх хүчээ дайчлахыг уриалав. ДЭМБ бол дэлхийн хэмжээний хууль ёсны байгууллага бөгөөд бүх жим энэ байгууллага руу хөтөлдөг. Тиймээс ДЭМБ-ын ажлын явцыг хэрхэн сайжруулах тухай байнга бодож боловсруулж байх шаардлагатай. Тухайлбал, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог хангах учиртай гэж Меркель мэдэгджээ. КОВИД-19-тэй тэмцэхэд бидэнд хүчтэй ДЭМБ хэрэгтэй. ДЭМБ бол бид, гишүүн улс орнууд юм гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Меркелийг санааг дэмжив. Түүний хэлснээр, вакцин гаргах нь бүх нийтийн үйл хэрэг бөгөөд бүх улс оронд тэгш хүртээмжтэй байх ёстой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард КОВИД-19 халдвар анх бүртгэгдсэнээс хойш дэлхийн 213 орныг хамарч, 4894582 хүн халдвар авснаас 320192 хүн нас барж, 1909433 өвчтөн эдгэрээд байна.
 

Ассамблейн хэлэлцэх асуудлууд

Европын Холбоо Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг бусад улс оронтой хамтран цар тахлын эсрэг тэмцэл хэрхэн өрнөсөн, үүнээс ямар сургамж авах боломжтойг шалгахаар төлөвлөж байна. ЕХ-ны гадаад харилцааны зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Виржиниа Бату-Хенрикссоны мэдэгдсэнээр, энэ шалгалтын хүрээнд цар тахал хэрхэн дэгдэж, тархсан зэрэг олон чухал асуултын хариултыг олох шаардлагатай байна. Ингэснээр ирээдүйд ийм төрлийн шинэ цар тахлаас зайлсхийх боломжтой болно гэж тэрбээр онцлоод одоо буруутныг хайж тоглох цаг нь биш гэжээ. Цар тахлын талаар шалгалт, судалгаа хийх тухай тогтоолын төслийг батлахад оролцогчдын гуравны хоёр хувийн дэмжлэг шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар ДЭМБ-ын 194 гишүүн орны 116 нь дэмжээд байгаа юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын Холбоо коронавирусний хямралын талаар худал мэдээлэл тараасан гэж Хятад улсыг буруутгасан билээ. ЕХ-ын гадаад харилцааны алба ОХУ, БНХАУ Европын холбоо болон түүний хөрш орнуудад хуйвалдааны онолыг ашигласан гэж мэдэгдэж байсан юм.

ДЭМБ юу хэлэв

ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрисын хэлснээр, Дэлхийн эрүүл мэндийн ассамблей ДЭМБ-ын үйл ажиллагааг анхааралтай судлах боломж гээд ДЭМБ цар тахлыг зогсоох чиглэлээр хамгийн тулгамдсан чухал асуултад хариулт хайх, шинжлэх ухааны судалгаа, хүчин чармайлтад ихээхэн анхаарал хандуулж байна гэж тайлбарлав. ДЭМБ бүх гишүүн орны эрх ашгийг тэнцүү төлөөлөх үүрэгтэй хэдий ч өдгөө БНХАУ, АНУ-ын улс төрийн тэмцлийн төвд ороод байна. Энэ жил ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Доналд Трамп цар тахлын эсрэг арга хэмжээтэй холбогдуулан хатуу шүүмжлэлд нэг бус удаа өртсөн. Үүний хариуд Трамп Хятад улс болон ДЭМБ-ыг вирусний тархалтыг зогсоож чадаагүй хэмээн буруутгаж байгаа юм. Энэхүү сөргөлдөөний оргил үе нь ДЭМБ-ын гол ивээн тэтгэгч болох АНУ санхүүжилтээ зогсоох тухай шийдвэр болсон. Ассамблейн үеэр ДЭМБ-ын бүрэн эрхийг өргөжүүлэх замаар ДЭМБ-ын шинжээчдэд халдварт өвчин дэгдсэн эхэн үед тухайн улс оронд ажиллаж, хараат бус шалгалт явуулах боломжоор хангах асуудлыг хөндөх юм. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард ДЭМБ Хятад улс руу мэргэжилтнүүдийн баг илгээж байсан хэдий ч Хятадын талтай хамтарсан судалгаа хийсэн юм.

Хятад ямар хариу өгөв

Хятад улс КОВИД-19 халдварын дэгдэлтийн талаар олон улсын хараат бус шалгалт явуулах уриалгыг үгүйсгээд байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын дипломатч Чэнь Вэнь ВВС агентлагт ярилцлага өгөхдөө ийм төрлийн шаардлага улс төрийн сэдэлтэй гээд эл шалгалт нь вирустэй тэмцэх нөөц, анхаарлыг сарниулна гэж онцолжээ.

Коронавирусний халдвар анх өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотод дэгдэх үед зэрлэг ан амьтан худалдаалдаг зах дээр халдвар анх гарсан гэж бүгд үзэж байв. Үүнээс хойш АНУ-ын өндөр албан тушаалтай улстөрчид шинэ төрлийн коронавирус сарьсан багваахайн титэм вирусний судалгаа хийж байсан Хятадын лабораторид үүссэн гэх таамаг дэвшүүлсэн билээ. Хятад улс энэ хувилбарыг үгүйсгэж байгаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ вирус Уханийн лабораторид бий болсныг нотлох ноцтой баримт бий гэж мэдэгдэж байсан ч сүүлд “Уханьд бүх зүйл эхэлснийг бид бүгд мэдэх ч хаана, хэнээс эхэлснийг бид мэдэхгүй” гэж мэдэгдсэнээс үзвэл өөрийн байр сууриа зөөллөсөн нь илт.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн тогтоолын төсөлд вирусийг амьтны гаралтай болон завсрын тээгчийн үүрэг, хүнд халдварлах замыг тусгасан байна.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.129) 2020 оны 05 сарын 20

ДЭМБ буруугүй АНУ буруутай

0  |  0
Top