ТОЙМ: Гурван их наядын үнэтэй НОГООН ИРЭЭДҮЙ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23

Коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм хүлэмжийн хийн ялгаруулалтыг огцом бууруулсан ч дэлхийн дулаарал томоохон хотуудын цэвэр агаарыг үл тоон аяллаа үргэлжлүүлсээр. Дэлхий хэмээх гараг дээрх халалтыг зогсоохын тулд нэг удаагийн хямралын уналтыг байнгын болгох шаардлагатай гэж олон улсын байгууллагууд сэрэмжлүүлээд үүнд жилд гурван их наяд ам.доллар шаардагдана гэж тооцоолжээ.

Дэлхийд эдийн засгийг цэвэр замд нэг мөсөн оруулах түүхэн боломж олдоод байна. Урьд өмнө нь зардал ихтэй өөрчлөлтөд мөнгө, улс төрийн зориг байнга дутагдаж байсан бол өдгөө аль аль нь бий болсон. Хямралтай тэмцэхэд зориулж дэлхийн улс орнууд асар их буюу 10 гаруй их наяд ам.доллар төсөвлөсөн. Хэрвээ энэ мөнгийг зөв зарцуулбал 2008-2009 оны санхүүгийн хямралын дараа багасаж байсан хүлэмжийн хийн ялгаруулалт аажмаар хуучин түвшинд хүрч, асар хурдацтай нэмэгдэж эхэлсэн үеийг дахин давтахаас зайлсхийх боломжтой. Үүнээс хойш дэлхий дахин дулааралтай тэмцэх хэрэгтэй гэдгийг үг дуугүй хүлээн зөвшөөрч, дэлхийн бараг бүх улс орон Парисын уур амьсгалын тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байсан түүхтэй. Эл баримт бичгээс АНУ гарснаар гэрээний зорилго зэрэглээ мэт бүдгэрч, удалгүй КОВИД-19 цар тахалтай золгосон.

Хангалуун улс орны эрх баригчид эдийн засгаа сэргээхэд их наядаар тоологдох мөнгө гаргаж, ногоон сэргээлт хийхээ амласан. Аль нуга дээр мөнгөөр бороо оруулбал экологийн хувьд цэвэр болохыг тэд шинжээчдээс асууж сураглав. Хариуд нь жилд нэг их наяд ам.доллар зарцуулснаар гурван жилийн дараа хүлэмжийн хийн ялгаруулалтыг 15 хувиар бууруулах, эдийн засгийн үйл ажиллагааг түргэсгэх замаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.5 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөө гарч иржээ. Ногоон хөрөнгө оруулалтын ачаар эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ сая сая ажлын байр бий болгож, хүлэмжийн хийн ялгаруулалтыг системтэй буруулах бүрэн боломжтой гэж Олон улсын эрчим хүчний агентлаг болон Олон улсын валютын сан үзэж байна. Өмнөх хямралыг бодвол энэ удаад ногоон хувьсгалын тохироо бүрджээ.

Өдгөө үүсээд буй нөхцөл байдал эрх баригчдад ховор боломж олгож байна. 2008-2009 оны хямралтай харьцуулбал цэвэр эрчим хүчний уламжлалт технологи илүү хүртээмжтэй бөгөөд хямд болсон төдийгүй шинэ технологи өргөнд хүрээнд нэвтрэхэд бэлэн болжээ.

Хуучнаа сэргээх үү эсвэл шинийг барих уу?

Парисын гэрээний зорилтод хүрч, дэлхий дээрх агаарын температурыг аж үйлдвэржилтийн үеийнхээс 1.5 хэмээс дээш гаргалгүй барихын тулд ойрын арван жилд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг 7.6 хувиар бууруулах шаардлагатай гэж өнгөрсөн оны сүүлээр НҮБ анхааруулж байсан. Харин коронавирус энэ даалгаврыг хүмүүсийн өмнөөс биелүүлжээ. Энэ жил хүлэмжийн хийн ялгаруулалт яг ийм хэмжээгээр буурна. Гэхдээ үүний төлөө хүмүүс ч тэр улстөрчид ч тэр хэт өндөр үнэ төлсөн. Сая сая хүн ажлын байраа алдаж, олон сая хүн засгийн газрын тусламж, тэтгэмжийн ачаар ажилтай үлдсэн. Гэтэл тусламж, тэтгэмж байнга үргэлжлэхгүй. Хүмүүсийг амьжиргаатай нь залгуулах хамгийн дөт зам бол тэртээ тэргүй зардал их байгаа энэ үед эдийн засгаа өөрчлөхийн оронд байсан бүхнийг сэргэх явдал гэж хүлэмжийн хийг буруулах өндөр зардалтай төлөвлөгөөг шүүмжлэгчид үзэж байна. Нэг нь нөгөөдөө саад болохгүй гэж эрдэмтэн, шинжээч, экологичид онцолж байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ төлөвлөгөө жилд есөн сая ажлын байр бий болгоно гэж амлажээ. Хямралын эсрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нөөц шавхагдсаны дараа Европын холбоо төдий тооны ажлын байрыг эргэлт буцалтгүй алдана гэж эдийн засагчид тооцоолсон байна. Хэрэв эрх баригчид хүлэмжийн хийг буруулахад чиглэсэн ногоон хөрөнгө оруулалт хийвэл эдгээр хүний хувьд ногоон салбарт ажиллах боломж гарч ирнэ гэж ОУЭХА амлаж байна. Эдийн засгийг илүү гэгээлэг бөгөөд цэвэр болгон өөрчлөхөд харьцангуй хямд тусна гэж шинжээчид итгэлтэй байна. Өмнөх хямралын үед бизнесийг сэхээн амьдруулахад зориулсан зардлын 15 хувийг ногоон технологид оруулжээ. Хүлэмжийн хий дахин нэмэгдсэн ч эдгээр хүчин чармайлт эцэст нь сэргээгдэх эрчим хүч болон бусад цэвэр үйлдвэрлэлийг үсрэнгүй хөгжихөд хүргэсэн. Эдгээрийн ачаар тухайлбал Илон Маскийн “Tesla” компани дэлхийг байлдан дагуулж чадсан билээ. Хэрэв өдгөө энэ санал болгоод буй гурван их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг хийвэл нийт зардал дахь хувь хэмжээ ижил байх ч хүлэмжийн хий буурах төдийгүй биднийг технологийн шинэ үсрэлт хүлээж байна гэж ОУЭХА амлаж байна. Гэтэл эрх баригчид экологид хөрөнгө оруулахыг яарахгүй байна. Тэдний шууд захирамжийн дагуу хүмүүс ажилгүй сууж, бизнесийг боомилж, харин эмнэлгүүдэд эм бэлдмэл, төхөөрөмж, ажиллах хүч дутагдаж байна.

Дэлхийн 50 хөгжингүй улс оронд зарлагдсан 12 их наяд ам.долларын тусламжаас дөнгөж 60 тэрбум ам.доллар буюу 0.5 хувь нь ногоон санаачилгад зарцуулагдана гэж Блүмберг агентлаг тооцоолжээ.

Тансаглал уу эсвэл ашигтай хөрөнгө оруулалт уу?

Жилд нэг их наяд ам.доллар гэдэг нь харьцангуй бага мөнгө. Дэлхийн ДНБ-ний нэг гаруй хувьтай тэнцэх мөнгө. Дэлхийн эдийн засгийн 25 орчим хувийг буюу 23 их наяд ам.долларыг хөрөнгө оруулалт эзэлдэг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын дөрөв хүрэхгүй хувийг дэлхийн дулаарлыг урьдчилан сэргийлэхэд зарцуулдаг гэсэн үг. Шинэ хөрөнгө оруулалт ч шаардлагагүй.

Учир нь үүний тал хувь нь сэргээгдэх эрчим хүч, хүлэмжийн хийг буруулах, эрчим хүчний хэмнэлтэд хэдийн зарцуулагдаж буй. Өөрөөр хэлбэл, компани, улс орнуудын бизнес төлөвлөгөөг бүхлээр нь өөрчлөх биш хүлэмжийн хийг багасгахад чиглэсэн зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн үг. Энэ нь нэмэлт зардал ч биш, тэртээ тэргүй төлөвлөгдөөд буй хөрөнгө оруулалтын чиглэлийг бага зэрэг өөрчилнө гэсэн үг. Тухайлбал, хуучин автобусыг засварлах, хийн цахилгаан станц барих, эрчим хүчний төлбөрийн зардалд тусламж олгоход зориулсан мөнгийг хотын тээврийг цахилгаанжуулах, салхин парк барих, нарны зай, дулаан тусгаарлах материал худалдан авахад зориулж тусламж үзүүлэхэд зарцуулж болно. Тус агентлагийн төлөвлөгөө ёсоор жил бүрийн их наядын ихэнх хэсгийг компани, хувь хүний халааснаас гаргахаар тооцоолжээ. Харин жирийн ард иргэдийн мөнгөнөөс бүтдэг улсын төсвөөс дөнгөж 30 хувь нь л гарна.

Өөрөөр хэлбэл хямралын эсрэг төрийн дэмжлэг дэх ногоон зардлын хувь хэмжээ хамаагүй бага болж таарч байна. Ард иргэд, улстөрч болон компаниудын сонирхлыг татахын тулд улс хоорондын санаачилга, санхүүгийн тусламж хэрэгтэй. Энэ тал дээр дэлхий дээрх 450 сая хүн амтай улс орнуудыг нэгтгэсэн улс төрийн хамгийн том холбоо бөгөөд АНУ-ын дараа орох хоёр дахь том эдийн засаг болох Европын холбоо тэргүүлж байна. Европын холбоо хямралын эсрэг олон их наяд евро зарцуулах амлалт өгөөд байгаа бөгөөд эдгээр мөнгийг эдийн засгаа өөрчилж, цэвэр технологийн салбарт тэргүүлэх зорилт тавиад байна. Гэхдээ энэ төлөвлөгөө дөнгөж хэлэлцэгдэж байгаа ба тус холбооны 27 гишүүн орон нэгдэж чадаагүй л байна. Харин байгаль орчныг хамгаалагч аль хэдийн дургүйцлээ илэрхийлээд амжсан. Европын “Greеnpeace” байгууллага уламжлалт түлшний бизнес эрхэлдэг компаниудад буулт хийж байна гэж улстөрчдийг шүүмжилсэн. Экологичид хямралын эсрэг арга хэмжээг шинжилж, эдгээр арга хэмжээ нь ногоон ирээдүйд заналхийлж байна гэж үзээд эдгээр цоорхойг нөхөхийг Европын холбоонд уриалав. КОВИД-19-ийн эсрэг тэмцэлд төсөвлөсөн олон их наяд евро эргээд хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, амин чухал ногоон хөрөнгө оруулалтыг хойшлуулахад хүргэх аюултай гэж тэд сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.206) 2020 оны 06 сарын 23

Дэлхийн улс түмэнд хандаж хэлэхэд дэлхийн хэмжээний аливаа асуудлыг Францад тухайлбал Парист очиж шийдвэрлэдэг явдлыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Учир нь Франц бол ямар ч асуудалд хандах хандлага нь хөшүүн хойрго маш хүнд сурталтай хуучинсаг үзэл баримтлалтай орон.

0  |  0
Top