Коронавирусний жим бүдгэрч байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий дахинд 600 мянга гаруй хүний амийг авч одсон коронавирусний байгалийн голомтыг тогтоох зорилгоор БНХАУ руу шинжээчдийн баг илгээгээд байна. Энэ нь дэлхийн дахинд тархаад буй цар тахлын буруутныг хайх зорилго агуулаагүй. Олон улсын нийгэмлэгүүдийн нэгэн адил Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ирээдүйд ийм онцгой байдал дахин давтагдахаас урдчилан сэргийлэх туйлын энгийн зорилготой. 2004 онд томуугийн А хүрээний вирус буюу амьсгалын цочмог халтай хам шинж /SARS/ халдвар өвчин дахин дэгдэхээс эрдэмтэд урьчилан сэргийлж чадсан. Халдварт өвчин дэгдсэн даруйд эрдэмтэд халдварын гарал үүслийг тогтоож, байгалийн голомт хүртэлх тархалтын замыг тодорхойлж чадсан тул ийм амжилтад хүрч байсан.

Өдгөө эрдэмтэн судлаачид шинэ төрлийн коронавирус дээр амжилтаа бататгахын тулд бүхий л хүчээ дайчлаад байгаа ч ижил төрлийн даалгавар бодит байдал дээр жинхэнэ оньсого болж хувирч, судлаачдын нэг бус удаа мухардалд оруулаад байна.

Дээрх хоёр вирус өөр хоорондоо ихээхэн төстэй ч SARS-CoV-2 өмнөх вирусээ бодвол илүү хатуу самар болохоо харуулж байгаа бөгөөд түүний гарал үүслийн талаарх нууцыг тайлахад тийм ч хялбар биш аж. Хагас жилийн өмнө нэр аваагүй байсан вирусийг таруухан ч гэсэн найдвар тавих хэмжээнд хангалттай судалжээ.

Тодорхойгүй зүгт

Цар тахлыг дахин давтуулахгүй нь тулд эрдэмтэд хоёр асуултад оновчтой хариу өгөх ёстой. Нэгт, байгалийн ямар голомтоос шинэ халдвар гарсан бэ. Өөрөөр хэлбэл цар тахал дэгдээх чадвартай вирусийг ямар амьтан тээж байна вэ? Хоёрдугаарт, өдийг хүртэл зөвхөн амьтанд халдварлаж байсан вирус хэрхэн зүйл хоорондын саадыг давж, хүнээс хүнд халдварлах чадвартай болов? Энэ өөрчлөлтийн шалтгаан нь мутац бөгөөд коронавирус дахин мутацад орох магадлал бий. Харвардын их сургуулийн Хэрэглээний биологийн лабораторын тэргүүлэх шинжээч Самар Метагийн тайлбарласнаар, хүн хооронд вирус дамжих нэг хэрэг. Бид ижил дархлааны тогтолцоо, ижил бие организм, маш төстэй гентэй. Харин амьтнаас хүнд дамжихын тулд вирус хамаагүй өндөр “хувьслын саадыг” давах учиртай. Өөрөөр хэлбэл маш хүчтэй өөрчлөгддөг тул энэ нь туйлын ховор тохиодог аж. Вирус бүрийн генийн дараалал хүний хурууны хээ шиг өөр өөр байдаг байна. Ингэхдээ халдварын тохиолдол бүрд вирусийн энэхүү генийн дараалал бага зэрэг өөрчлөгддөг ч халдвар хоорондын холбоог тогтоох боломжтой байдаг аж. Үүний тусламжтай ген судлаачид халдвар тархсан гинжин холбоог буюу хэн хэнд ямар дарааллаар халдвар тараасныг нарийвчлан тогтоодог байна. Улмаар хамгийн анх халдвар авсан буюу тэг өвчтөнийг тогтоосноор ямар амьтнаас тухайн өвчтөн анх халдвар авсныг илрүүлэх боломжтой.

Томоохон найдвар

Уханьд шинэ вирусээр үүсгэгдсэн үл мэдэх өвчин дэгдсэнийг мэдсэн Хятад эрдэмтэд яг энэ замаар л явжээ. Гэвч халдварын гинжин холбоог анхдагч гэх нэгэн цэгт аваачих оролдлого нь бүтэлгүйтсэн байна. Ийм анхдагч цэг тав байсан төдийгүй өөр хоорондоо ямар ч холбоогүй болох нь тогтоогджээ.

Хэдийгээр тэг өвчтөнийг одоогоор илрүүлж чадаагүй байгаа ч эрдэмтэд халдварт өвчний байгалийн голомтыг ямар нэгэн өөр замаар хэзээ нэгэн цагт тогтооно гэсэн найдвар тээсээр. Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын эрдэмтэд тухайн үед үл мэдэх өвчний үүсгэгчийн генийн дарааллыг тайлж, мэдээллийн сантай үр дүнг нь харьцуулахад SARS вирусний генийн дараалалтай 80 хувь таарч буйг тогтоосон байдаг. SARS эх үүсвэрийг тогтооход хагас жилд шаардагджээ. Халдварын гинжин холбоосоор явсаар анхны халдвар авагчдыг тогтоосон бөгөөд тэдний зарим нь зэрлэг амьтан зардаг орон нутгийн захад очиж байжээ. Тиймээс халдварын эх үүсвэр тэнд л байх ёстой гэж үзсэн байна. Олон сарын турш тус зах дээр зарагдаж байсан бүх амьтныг шинжилсний дүнд ижил төрлийн вирусийг Хималайн хачин сүүлт суусарт илрүүлж чаджээ. Нэг жил гаруйн хугацаанд вирус зүйл хоорондын саадыг дор хаяж хоёр удаа давсан болохыг ч тогтоосон байна.

Хуурамч жим

Уханийн коронавирус SARS вирусний ойрын хамаатан болохыг олж мэдсэн эрдэмтэд вирус тээгчийг зэрлэг амьтад борлуулдаг орон нутгийн захаас хайжээ. Дахиад л суусрыг шинжилгээнд оруулах уу? SARS-CoV-2 вирусний генийн ойрын хамаатан нь 2013 онд Юньнань мужид сарьсан багаваахайнаас илрүүлсэн  RATG13 вирус болох нь тогтоогджээ. Энэ хоёр вюирусний генийн дараалал 96.2 хувь тохирч байсан аж. Эрдэмтдийн хувьд энэ нь гэнэтийн зүйл биш байлаа. Байгаль дээр SARS-тай хамаатай вирусүүдийн байнгын “сан” байдаг бөгөөд халдварыг гол төлөв сарьсан багаваахайнууд дамжуулдаг байна. Энэхүү судалгааг хийсэн эрдэмтэд шинэ халдварт өвчин дэгдэхэд бэлэн байхыг анхааруулж байв. Харин энэ удаад Уханийн зах дээрх ажил мухарджээ. Захын амьтдаас авсан сорьцууд бүгд шинэ төрлийн коронавирусний холын хамаатан байсан нь эрдэмтдийг гайхшруулсан байна. Хожим нь дахин нэг гэнэтийн мэдээлэл гарч ирэв. Халдварын батлагдсан анхны таван тохиолдлын нэг нь л Уханийн захтай холбоотой байжээ. Тэгэхээр бусад дөрөв нь халдварыг хаа нэг өөр газраас авсан гэсэн үг. Тиймээс вирусний гарал үүслийн талаарх эрдэмтдийн дэвшүүлсэн гол таамаг батлагдсангүй. Зах руу хөтөлсөн жим хуурамч болж таарчээ.

“КОВИД-19 халдвартай холбоотой хамгийн том асуудал нь бид одоог хүртэл SARS-CoV-2 хувилбарыг нэг ч амьтны бие организмд илрүүлээгүйд байгаа юм. Тиймээс хүмүүс энэ вирусний халдварыг амьтнаас авсан гэдэг таамаг дэвшүүлэх боломж хараахан алга байна” гэж Харвардын их сургуулийн Генийн судалгааны төвийн Броуд хүрээлэнгийн профессор Алина Чан онцолжээ. Түүний хэлснээр, одоогоор SARS-CoV-2 вирус илэрсэн бүх амьтан зөвхөн хүнээс халдварласан нь тогтоогдоод байна.

Гайхалтай эрлийз вирус

Уханийн зах дээр шинэ төрлийн коронавирусээр олноор халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн. Харин вирус тэнд ямар замаар хүрсэн, хэр удаан нуугдсан нь өнөөг хүртэл оньсого хэвээр үлджээ.

Лондонгийн их сургуулийн коллежийн эрдэмтдийн тооцоолсноор, SARS-CoV-2 болон түүний ойрын хамаатан болох RATG13 вирусний генийн дараалал дөрвөн хувиар ондоошиход 50 жилийн байгалийн хувьсал шаардагдах аж. Харин энэ нь магадлал багтай гэж эрдэмтэд үзэж байна. Тэдний таамаглаж буйгаар, шинэ төрлийн коронавирус генийн дарааллын энэ хэсгээ ямар нэгэн завсрын дамжуулагч амьтны бие дэх өөр вирусний гентэй солилцох замаар олж авчээ. Нэг бие организмд хоёр вирус генийн шинэ хослол үүсгэх нь харьцангуй ховор ч муугүй судлагдсан үзэгдэл аж. Энэ үзэгдлийн тусламжтай SARS вирус зүйл хоорондын саадыг давж, генийн дараллынхаа зарим хэсгийг Хималайн хачин сүүлт суусраас “зээлсэн” гэж үзэж байна. Удаан хугацаанд панголиныг SARS-CoV-2 вирусний завсрын дамжуулагч амьтан гэж үзэж байв. Коронавирус панголин амьтнаас хүний эсэд нэвтэрч, халдварлуулах чадварыг бий болгодог уургийг авсан гэж таамаглаж байв. Гэтэл эсрэгээр ч байсан байх боломжтой аж. Ирээдүйд эрдэмтэд өөр бусад онол дэвшүүлэх нь дамжиггүй. Алина Чаны хэлснээр, коронавирусний талаар нэг л зүйлийг итгэлтэй хэлж болно. Генийн хувьд энэ вирус хүнээс хүнд халдварлахад гайхалтай сайн зохицсон аж.

Эрдэмтэд хэзээ нэгэн цагт өөрсдийнхөө асуултад хариу олно гэдэгт итгэлтэй байна. Алина Чаны хэлснээр, вирусний гарал үүслийн талаарх хуйвалдааны онолын шинжтэй хувилбаруудыг эрдэмтэд аль хэдийнэ үгүйсгэсэн хэдий ч олон хүн улс төрийн оноо цуглуулах зорилгоор ашигласан хэвээр.

Дэлхийн бүх эрдэмтэд вирусний гарал үүслийг тогтоох, эмчилгээний арга, вакцин гаргаж авахаар гар хумхилгүй ажиллаж байна. Шинжлэх ухааны нийгэмлэг бүх нийтийн өмнө тулгараад буй нийтийн “дайсны” өмнө одоогийнх шиг ийм нэгдмэл байсангүй. Хүмүүсийг жинхэнэ зорилгоо марттал SARS-CoV-2 вирусний гарал үүслийн талаарх асуудлыг улстөржүүлсэн. Профессор Чаны онцолсноор, хамгийн гол зорилго бол ирээдүйд ийм цар тахал дахин дэгдэхээс урьчилан сэргийлэхэд чиглэж байгааг үргэлж санах ёстой.

Панголин

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэмтэн(66.181.161.81) 2020 оны 07 сарын 29

энэ мэдээлэл чинь үнэн бол зохиомлоор генийн дараалалыг өөрчилсөн гэсэн үг сарьсан багваахайд байдаг короновирустай ген нь 96% таарч байгаа юм бол 4%г нь өөрчилж мутацид оруулаад совид 19ийг үүсгээд л хятадад тараасан нэг бол хятадууд хөгжүүлж байшаад алдсан

2  |  0
Z(202.9.46.144) 2020 оны 07 сарын 20

hyatadiin hirtei baliar zavaan zah yamar ch virusiig mutatsid oruulj chadna

1  |  0
Su ah(202.179.27.87) 2020 оны 07 сарын 21

Covid 19 вирус Америкийн лабораторит бүтээгдэж Хятадад зарагдаад тэндээсээ мутац д орж алдагдсан. Чухам санаатай санамсаргүй алин болохыг Хужаа нар хэлэх ёстой. Ухань хотыг яагаад сонгож халдварлуулсаныг тэд бас хэлэх ёстой. Анх бүтээсэн эрдэмтнийг баривчиллаа гэсэн тэр юу болсон бэ? Вирус тараахдаа эмчлэх аргаа олчихоод тараадаг гэсэн тэр бас яасан бэ? Энэ бүх асуултанд ДЭМБ хариулах уу?манай ЭМЯ Сарангэрэл Нарангэрэл ХӨСҮТ н Нямхүү нар хариулах уу? Манайхан тариа тарьчаад тоон мэдээлэл өгчөөд яаваад байх хэрэг үү? Асуудалд шинжлэх ухаанч хандаачээ орон тоо бөглөсөн новшнууд.

0  |  3
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 20

Chinese fake propagand

0  |  1
Top