Дисковер Монголиа: Компаниуд татвараа шударгаар төлөх ёстой

2020 оны 10 сарын 30

“Дисковер Монголиа 2020” чуулга уулзалт өнөөдөр /2020.10.30/ болж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Сэргэлтийн шийдэл” сэдвийн дор зохион байгуулагдаж буй юм.

Коронавируснээс шалтгаалсан эдийн засгийн хүнд нөхцөл байдал дэлхийн улс орон бүрд тохиож буй энэ үед Монгол Улсын уул уурхайн салбар цар тахлын улмаас оны эхний саруудад  уналттай тулсан. Одоо ч эрсдэл хэвээрээ байгаа. Тэгвэл энэ амаргүй нөхцөл байдалд уул уурхайн салбар хэрхэн яаж урагшлах вэ, эдийн засаг дахь өгөөжөө нэмэгдүүлэх вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна. 

Чуулга уулзалтад оролцож буй ЗГХЭГ-ын дэд дарга  Б.Солонго хэлэхдээ “2007 онд анх энэ чуулганд оролцож байсан. Тэр үеэс эдийн засаг хурдацтай өслөө. Хэсэг хугацаанд өсөлт саарсан ч үе байлаа. Ерөнхийдөө энэ хугацаанд уул уурхай  манай улсын хөгжлийн багана тулгуур болж ирлээ. 

Хууль тогтоомжийн хувьд сайжирч байгаа зүйл бий. Засгийн газрын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт Ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжинэ гэж заасныг  Г.Ёндон сайд сая хэллээ. Энэ нь ямар өргөн агуулгатай вэ гэдгийг компаниуд мэдэж үйл ажиллагаа явуулдаг байх. Засгийн газрын 2020-2024 онд Мөрийн хөтөлбөрт уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг дэмжинэ,  ашиг сонирхлыг нь хамгаална гэсэн зорилт бий.  Зорилтын хүрээнд бодлого, хууль тогтоомж  илүү тодорхой болоод явах байх.

Татвартай,  эцсийн өмчлөгчтэй холбоотой  хууль тогтоомжийн өөрчлөлт гарсан гэж  “Амчам”-ын илтгэлд гарч байна.

2019 онд Татварын багц хууль шиэнчлэгдсэн. Уул уурхайтай холбоотой зохицуулалтууд орсон. Зорилго нь олон улсын түвшинд зөвлөмж болгож байгаа, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа,  хөгжлийн байгууллагаас гарч байгаа BEPS гээд татварын  суурийг өргөтгөх, ашиг шилжүүлэхийн эсрэг санаачлага, зарчмуудыг  Монгол Улсад хэрэгжүүлж байгаа. Бусад улс орнууд ч үүнийг жишиг болгоод явж байгаа зарчмуудыг хамтарч хэрэгжүүлдэг. Үүнийг сөрөг талаас гэхээсээ уул уурхайн орлогыг илүү шударга тэгш  байдлаар талууд хүртэхийн тулд татварын сууриа бий болгож, татвараа оновчтой төлж тайлагнах, хуримтлуулсан татвараа эргээд Монгол Улсын хөгжлийн бодлогод зориулах чиглэлд чиглэсэн алхам болж байгаа” гэв.

Тодотгоход, Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас, тэрдундаа нүүрс, зэсийн экспортоос тухайлан хамаардаг. Цар тахлын тархалт улс орнуудыг хамарсан хоёрдугаар сараас эхлэн экспортоо хэсэг хугацаанд зогсоож, сааруулсан нь эдийн засагт ихээхэн дарамт үүсгэсэн. Харин “Ногоон гарц” түр журам хэрэгжиж эхэлснээр нүүрсний экспорт хэвийн байдалд шилжсэн.

Наймдугаар сараас эхлэн экспортын үзүүлэлтүүд сэргэсэн ч цаашид тулгарч болзошгүй эрсдэл хадгалагдсан хэвээрээ байна.

Түүнчлэн эрсдэлтэй нөхцөл байдалд уул уурхайн компаниуд ямар менежментээр ажиллах вэ. Гал алдахгүй байх боломж, гарц юу вэ гэдэг нь чухал байгаа юм. Цар тахлаас хамаарсан эрсдэлийг бууруулж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам, Монголбанктай хамтран салбарын компаниудыг дэмжих зээл, тусламжийг банкуудаар дамжин олгож байгаа аж. Сүүлийн тооцоогоор дэмжлэг үзүүлсэн зээлийн нийт дүн 106 тэрбум төгрөг болжээ.

Тодотгоход, эдийн засгийн идэвхжилийг голлон бүрдүүлдэг уул уурхайн салбарын гурван зээл тутмын нэг нь энэ оны эхний хагас жилийн байдлаар  чанаргүйдсэнийг   банкны салбараас мэдэгдсэн.

Уул уурхай, барилгын салбарын зээлийн чанаргүйдэл цаашид их хэмжээгээр нэмэгдвэл санхүүгийн салбарт асуудал үүсгэнэ. Цаашлаад Монгол Улсын макро эдийн засагт бүхэлд нь асуудал үүсгэх эрсдэлтэй. Тиймээс эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй гол салбар болох уул уурхай цар тахлын энэ орчинд тогтвортой байх нь чухал юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХҮН(202.131.225.197) 2020 оны 10 сарын 31

ЭНЭ ХАЯНХЯРВААГҮЙ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ, ЕРӨНХИЙ САЙДАА. ЭСВЭЛ ТОХИРОО ХИЙГЭЭ ЮУ. ЗАЙЛУУЛААЧ

0  |  0
Top