Нярайчууд бусад хүүхдүүдийн нэгэн адил хүнд хэлбэрийн КОВИД-19 халдвар авах нь ховор гэсэн дүгнэлтэд Их Британийн эрдэмтэд хүрчээ.
Тэдний судалгааны ажлыг эрдэм шинжилгээний “Lancet Child and Adolescent Health” сэтгүүлд нийтэлсэн байна. “Эх халдвартай байсан ч дөнгөж төрсөн нярайг эхээс нь тусад нь салгах шаардлагагүй” гэж Лондонгийн Хатан хааны коллежийн халдвар судлаач Крис Гейл онцолжээ.
Судалгаанаас үзвэл, хүүхдүүд SARS-CoV-2 төрлийн коронавирусээр халдварлах нь томчуудыг бодвол харьцангуй цөөн тохиодог байна. Халдвар авсан ч бага насны хүүхдүүд хөнгөн тусдаг аж. Ингэхдээ тэд бусдын адил халдвар тараах чадвартай байдаг гэнэ.
Гейл тэргүүтэй эрдэмтэд дөнгөж төрсөн хүүхдүүд халдварт хэр өртөмтгий болох, эхээс урагт халдвар дамждаг эсэх, хүндрэлүүд гардаг эсэхийг судлах зорилгоор Британийн эрүүл мэндийн албадын цар тахлын оргил үе болох өнгөрсөн гуравдугаар сарын статистик мэдээллийг шинжилжээ. Энэ хугацаанд Британийн эмнэлэгт халдвар авсан 66 нярай эмчлүүлсэн нь энэ хавар тус улсад шинээр мэндэлсэн хүүхдүүдийн 0.06 хувийг эзэлж байна. Тэдний тал хүрэхгүй хувьд нь хүнд хэлбэрийн халдвар ажиглагдсан бөгөөд тэдний ихэнх нь Ази, Африк гаралтай байжээ. Европчуудыг бодвол Ази, Африк гаралтай хүмүүс генийн хувьд халдвар авах магадлал өндөр байдаг байна. Ингэхдээ эхчүүдийн 25 хувьд нь халдвартай байсан гэнэ.
Эмч нар эдгээр тохиолдлын гуравны нэгд нь халдварыг эхээсээ аваагүй байна. Тиймээс Гейл тэргүүтэй судлаачид эхээс хүүхдэд халдвар дамжих магадлал бага, хүүхдийн эрүүл мэндэд учрах эрсдэл тун бага учир дөнгөж төрсөн нярайг эхээс нь салгах шаардлагагүй гэж үзжээ.