Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ХУА ХУУШААН ГАНЦААР ЭЛ ЛУН ШАНЬ УУЛНАА ЗАНЧИЛДАВ
ЧИН МЯНЬ ШӨҮ ХОЁУЛАН БАО ЖҮ СЫ СҮМИЙГ ДЭЭРЭМДЭВ
Өгүүлэх нь, Ян Жы-гийн хамт явсан арван дөрвөн хүн нар хэзээ хойно ухаан мэдэл олоод үзвээс Ян Жы мөн үгүй болжээ. Үүнд олон хүн одоо хэрхвээс сайн болов хэмээн зөвлөхөд Шие дугуань өгүүлрүүн: - бид угаас Ян Жыгийн үгийг сонссон болбоос хаанаас ийм хэрэг болмуй хэмээхэд Юй, Хоу хоёр хүн өгүүлрүүн: - зовох газар үгүй, бид эдүгээгээс эргэж хариад Лян Жүн Шүд Ян Жы угаас Лян Шань Фүгийн хулгай нар лугаа нөхөрлөсөн нь харин тэдэн лүгээ нэгдэж хорт архиар гэнэдүүлэн согтоож, маныг унагаасны хойно эд юм авч тэдний хойно зайлан явав хэмээн мэдүүлбээс хамаг хэрэг барагдмуй хэмээн зөвлөлдөж хойш буцав.
Түүнээс Ян Жы ганцаар сэлмээ барьж нэгэн замаар хагас шөнө явж, их зүдэрч, шугуй модны дотор орж унтаад, маргааш өглөө бие амарч, өглөө эрт босч хорины газар хэртэй явбаас замын ойр нэгэн архины пүүс баймуй. Даруй тэнд орж суугаад үзвээс тэнд нэгэн эхнэр хүн буй. Тэр эхнэр Ян Жыгаас асууруун: - эрхэм гийчин ямар ногоо хоол идмүй. Архи хичнээн уумуй хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - архийг хоёр жин халуулж авчир, хоол зуушийг идсэний хойно үнийг бодсугай хэмээн хэлж, тэнд нэгэн удаа цадтал ууж идэж барсны хойно, сэлмээ барьж гадагш гарахад пүүсний эхнэр өгүүлрүүн: - гийчин та архи будааны үнийг өгөхгүй хаа явмуй. Ян Жы өгүүлрүүн: - над энэ удаа зоосгүй чамд хожим өгсүгэй хэмээн шууд гарч явахад нэг бага хөвгүүн нэхэн ирж Ян Жыгийн биеэс барих гэтэл нэгэн нударга занчсанд тэр хөвгүүн газар унаж үхэв. Үүнд тэр эхнэр ихэд бахирсанд хойдох хашаанаас гурван эр хүн гарч ирээд нэгэн нүцгэн эр шийдэм барьж урьдаар Ян Жыгийн зүг гүйн ирэхэд Ян Жы мөн хүлээн авч хоёул үг дуунгүй хорь гучин удаа зөрөлдөн занчилдаж, тэр хүн Ян Жы лугаа эсэргүүцэж чадсангүй зогсож, Ян Жыгаас овог нэрийг Асуусанд Ян Жы нэрээ өгүүлж тэр хүний нэрийг асуусанд тэр хүн өгүүлрүүн: - би нь Кай Фүн Фү-гийн наян түмэн цэргийн тэргүүн Линь Чүнгийн шавь.
Миний нэр Цао Жэн хэмээх багаас мал алж аж төрмүй. Үргэлж хутга барьж мах худалдах тул хүн намайг Цао Дао Гүй хэмээн цол өгчээ. Анхан цаг миний нутгийн нэгэн баялаг хүн таван мянган хэлхээ зоос өгч энд ирж, худалдаа хийж, уг хөрөнгийг алдаж хойш буцаж чадсангүй тул аргагүй эндэх дяний хүргэн болж аж төрмүй. Сая танд архи худалдагч нь миний эхнэр, энэ хоёр эрс нь мөн түүний ургийн хүн нар болой. Эдүээ би тан лугаа хүчин тэнсэж чадсангүй хэмээхүйд Ян Жы өгүүлрүүн: - үзвээс ийм ажгуу. Линь Чүн нь урьд Гао тайвэй түшмэлийн хорлолоор буурч хожим Лян Шань Фүд очиж эдүгээ мөн тэнд буй хэмээсэнд Цао Жэн ёслон өгүүлрүүн: - та миний багшийг танихын гадна, эрдэм чадал мөн багагүй тул эрхэм нөхрийг манай гэрт дахин залж цай барихыг хүсмүй хэмээн дотогш оруулж, зочдын ёсноор хүндэлж дээш суулган гэрийн бүгдээр маш хүндэлж, архи барьсны хойно сул үг хэлэлцэж, Цао Жэн асууруун: - Ян авгай та яахин энэ газар ирсэн болов. Хааш газрын хүн зэргийг хэлж хайрламуу хэмээхүйд Ян Жы өгүүлрүүн: - би нь тун нэр үгүй явсан журамгүй хулгай нар лугаа нөхөрлөж, муу явж хэрэг халдаж, гэрийн явах хүн бус анхад цэргийн түшмэл яваад Хуа Ши Ган хэмээх эрдэнэ хувин дээрэмд автаж усанд алдаад зэрэг буурч, хойно Лян Жүн Шүд танигдаж, хэдэн түмэн лангийн алт, сувд эрдэнэ зүйлийг биедээ дааж Дунжин хотноо хүргэхээр авч яваад замын зуур хулгай нарт мэхлэгдэж, хорт архинд согтож, тэрхүү юмыг нэгмөсөн булаагдаж, одоо хойш буцах аргагүй дэмий тэнэж явсаар танай энд ирсэн бүлгээ. Лян Шань Фүгийн сайн эрсийг би мөн танимуй. Тэд нар лугаа нөхөрлөе хэмээвч мөн уулзах нүүр үгүйд сая танай гэрт ирж, архи ууж, будаа идээд, өгөх зоосгүй явах хэмээсэнд та нар лугаа занчилдаж, их ёсгүйгээр явж хэрэг үүсгэв. Яахин бүү муу санагтун хэмээв. Үүнийг Цао Жэн сонсоод өгүүлрүүн: - Лян Шань Фүгийн Ван Лунь хэмээгч санаа сайнгүй, урьд миний багш Линь Чүнийг очих цагт мөн нэлээд зовоосныг би мөн мэдмүй. Тэнд очих хэрэггүй. Одоо манай эндээс асар хол бус Жин Жоу Фү хотын харъяат
Эл Лун Шань хэмээх нэгэн уул буй. Түүний дээр Бао Жү Сы хэмээгч сүм буй. Тэнд нэгэн хуушаан эзэлж байсан нь хожим гэзэг тавин хар болж, хэдэн зуун хүн тэжээж, ямагт хулгай дээрмийн үйл үүсгэмүй. Тэр хуушааны цол нь Жинь Янь Ху алтан нүдэт барс хэмээсэн үг. Нэр нь Дэн Лун хэмээмүй хэмээсэнд Ян Жы өгүүлрүүн: - т ийм болбоос би тэнд очиж нөхөрлөсүгэй хэмээн хэлж, мөн тэр дяньд нэгэн шөнө хонож найрлаад, маргааш нь өглөө эрт босч, тэндээс замын хүнс авч, сэлмээ бариад салах ёс хийж, Эл Лун Шань уулын замыг барьж одов. Явсаар нэгэн шугуй модны дотор орж, бага амрая гэтэл нэгэн модны ёроолд нэгэн нүцгэн хуушаан хүн сууж байна. Гэнэт Ян Жыг үзээд даруй их дуунаар бархиран, чи аль газрын хүн, энд юунд ирэв хэмээн хашхиран, гартаа шийдэм барьж ирэхэд Ян Жы мөн уурлаж, сэлмээр далайн хариу өгүүлрүүн: - чи аль газрын зэрлэг хүн буй хэмээсэнд, тэр хүн мөн хариу хэлэхгүй шууд шийдмээ дайлж, Ян Жыг занчин ирэхэд Ян Жы мөн хүлээн авч, хоёул дөч тавин удаа зөрөлдөн занчилдаж, хэн хэн нь дийлсэнгүй.
Тэр хуушаан Ян Жыд өгүүлрүүн: - чи баахан амартугай хэмээн өгүүлж, нэгэн тийм зайлж зогсон асууруун: - хөх алаг нүүрт хүн чи хэн буй хэмээсэнд, Ян Жы өгүүлрүүн: - би өөр хүн бус Чин Мянь Шөү хэмээх Ян Жы болой хэмээсэнд тэр хуушаан өгүүлрүүн: - тийм болбоос чи нь сэлэм худалдах хэмээж байсаар Фү Лу Хоу-г занчин алсан Ян Жы нь та ажгуу хэмээсэнд Ян Жы даруй мөн хэмээв. Би нь Янь Ань Фү хэмээх хотын Лао Жун Жинь хэмээх хорооны их цэргийн дарга явсан Лүэ Шян Гүн хэмээгч хүн болой. Урьд хэрэг халдаж Ү Тай Шань уулнаа цөлөгдөж очсон. Одоо миний нуруун дээр шивсэн үсэг буй. Түүгээр миний нурууны эрээн сорви цэцэг мэт цоохор тул хүн намайг Хуа хуушаан хэмээх цол өгчээ. Чухам нэр Лу Жы Шэнь хэмээсэнд Ян Жы ихэд инээн өгүүлрүүн: - тийм болбоос мөн ерөөлөөр учирчээ. Сонсвоос, эрхэм ах та Да Шян Гуо сүмд байсан хэмээмүй, яахин энд ирсэн буй хэмээхэд Лу Жы Шэнь өгүүлрүүн: - би урьд миний сайн ханилсан нөхөр Бао Зи Тоу хэмээх ирвэсийн толгойт Линь Чүнг Гао тайвэй хорлож алах хэмээсэнд би Линь Чүнг зайлуулан явуулж, түүнээс намайг барих хэмээсэнд би оргож энд хүрч ирсэн. Бас Мэн Жоугийн архины пүүсэнд орж арай амь алдсангүй гарч ирэв хэмээхэд, Ян Жы асууруун: - яахин амь алдахад хүрэв хэмээсэнд Лу Жы Шэнь өгүүлрүүн: - архи худалдах эхнэр над хортой архи өгч унагаасанд түүний эр ирж, намайг ухаан оруулж, амьд гаргаж, түүнээс танилцан журмын ах дүү болсон хэмээн өгүүлээд тэрхүү эр эм хоёул мөн их найртай. Тэрхүү нэгэн айл цөм хэцүү хүн нар. Эмийн эх хөгшнийг хүн эм барс хэмээн цол өгчээ. Тэд нар эрэлхэг чадалтай. Тэдний хүмүүс намайг ихэд асарч, Эл Лун Шань уулын Бао Жү Сы сүмийн Дэн Лунг сөнөөхөөр явуулсанд би ганцаар очиж, тэр Дэн Лун хэмээгч лүгээ нэгэн удаа уулзаж занчилдан, би Дэн Лунг нэгэн өшиглөсөнд тэр газар унаж, түүний цэргүүд дамжлан сүмд оруулж, түүнээс би сүмийн үүдийг балбаж эвдэн чадсангүй. Хичнээн удаа хараавч мөн хүн гарч ирэхгүй тул хойш буцаж энд ирээд сууж байна. Эрхэм Ян ах тань лугаа учрав хэмээн өгүүлж, түүнээс хоёул хамт явж, урьд өгүүлсэн архины пүүсэнд ирж бүгдээр сууж архи ууж, найрлан Лу Жы Шэнь ууланд очиж Дэн Лунтай занчилдсан учраа нэгэн зэрэг хэлсэнд Цао Жэн өгүүлрүүн: - тэр сүм нэгэнт үүдээ хаасан болбоос түмэн хүн боловч хялбараар нээж чадахгүй, бид нэгэн арга үүсгэж очвоос даруй хэрэг бүтмүй хэмээн өгүүлрүүн: - Одоо бэлхэн Лу Жы Шэньг барин хүлж, хортой архиар согтоож энд авчрав хэмээн хүргэж очвоос түүний өшөөт хүнийг авчрав хэмээн сонсмогц даруй хаалгаа нээж өгмүй.
Тэр цагт би орж түүнийг арилгаж, орныг эзэлвээс мөн болохгүй учир юун буй хэмээн зөвлөж тогтоож, хамт архи ууж, нэгэн шөнө хонож, маргаашийн өдөр урьдын тогтсон аргаар Лу Жы Шэнь-ийг хүлж Цао Жэн, Ян Жы, Цао Жэнгийн эхнэрийн дүү бас долоо найман зарц хүнийг дагуулан, Эл Лун Шань уулнаа хүрч, ойр хүрч үзвээс, сүмийн үүд нь үнэхээр хаажээ. Хол харуулын цэрэг эднийг үзээд, дотогш орж цэргийн даргад мэдүүлсэнд, дотроос нэгэн хэдэн ирж Цао Жэн нараас асууруун: - та нар аль газрын хүн буй, энд ямар хэрэгтэй ирэв, энэ нэгэн тарган хуушаан нь хэн буй, юунд хүлмүй хэмээсэнд Цао Жэн, Ян Жы нар зэргээр өгүүлрүүн: - бид нь архи хоол худалдах хүн нар болой. Энэхүү Лу Жы Шэнь хэмээх хүн Хуа хуушаан нь болой. Манай пүүсэнд хичнээн удаа архи хоол идэж, зоосыг өгөхгүй бас заримдаа харааж аашилмуй.
Мөн сонсвоос эндэх уулын эзэн Дэн Лун даргыг өшиглөж гэмтүүлэв хэмээн сонсоод бид арга үүсгэж, үүнийг хорт архиар согтоож хүлээд, эндэх уулын эзэнд авчирч тушаасугай хэмээн хүргэж ирэв хэмээсэнд тэр хүн дотогш орж Дэн Лунд энэ учрыг хэлсэнд, Дэн Лун сонсоод ихэд баярлаж өгүүлрүүн: - энэ юутай сайн буй, тэр хуушаанг даруй оруулж иртүгэй. Би одоо түүнээс өшөөгөө хариулмуй хэмээн тушааж, доод цэргийн ард гарч, манай ноён та нарыг тэр барьсан хүнээ оруулж ир хэмээмүй хэмээсэнд Ян Жы сэлэм барьж, Цао Жэн биеэр Лу Жы Шэньг үүрч, уулын сүмийн хаалганд хүрч, дотогш явбаас гурван давхар их уужим хүрээлэн. Үнэн уул мод маш бэх бат үзэмтэй модоор байгуулсан хэрэм өргөн зузаан ажээ. Олон цэргийн хүн нар Лу Жы Шэньг үзээд хараан өгүүлрүүн: - үсээ хяргасан мухар толгойт илжиг чи, манай уулын эзнийг шарх олгож дарласан ялаа мэдэх буюу. Энэ өдөр өшөө хариулах мэдэх буюу хэмээн хараан хэлэвч Лу Жы Шэнь үг дуунгүй дотогш орж, гол их сүмд орж үзвээс бурхан шүтээнийг зайлуулж, чухам бурханы сууринд барсын арвьс дэвсэж Дэн Лун сууж, хоёр этгээдэд уулын цэрэг зэр зэвсэг барьж, сүртэйгээр жагсан зогсмуй. Үүнд Дэн Лун зандран өгүүлрүүн: - Лу Жы Шэнийг авчир хэмээсэнд Ян Жы, Цао Жэн нар хоёр хажууд зогсож, Лу Жы Шэнийг газар тавьсанд, Дэн Лун өгүүлрүүн: - муу хуушаан чи тэр өдөр намайг нэгэн өшиглөсөнд миний хэвэл эдүгээ болтол хөх эрээн болж, мөн сайн болсонгүй. Энэ өдөр бас над лугаа уулздаг ажаам хэмээн өгүүлсэнд Лу Жы Шэнь энэ үгийг сонсоод, нүд бүлтийлгэн хараан өгүүлрүүн: -шувууны зулзага муу хулгай бүү их үг хэлэгтүн хэмээн хашхирч, өөрийн хүлээсийг мулталж алдуулан, босон харайж Ян Жыгийн гарт барьсан сэлмийг булаан авч, нэгэнт бархиран цавчсанд Дэн Лунгийн толгой газар унав. Ян Жы дэргэд байсан хэдэн цэргийг цавчих хэмээсэнд хажуугаас Цао Жэн өгүүлрүүн: - таны олон цэргүүд даруй манд орж эс өгвөөс танай амийг мөн үлдээхгүй, цөмийг үгүй болгоомуй хэмээсэнд олон цэрэг даамал дарга нарын хамт хүрч ирээд, газар сөгдөж, амиа гуйж, дуртайяа дагаж ороё, аврах болов уу хэмээн мөргөж, бүгдээр тэдний гурван хүнд дагаж оров.
Дэн Лунгийн ясыг уулын хажууд аваачиж галд түлж үгүй болгов. Мөн тэр өдөр сүмийн дотор хадгалсан аливаа мөнгө зоосны зэрэг юмыг байцаан үзэж, данс үйлдэж, орон байшин гэрийг засаж сэлбэн бүгдээр цэргийн тоог авбаас зургаан зуу илүү цэрэг болмуй. Үүнд даруй их хурим бэлтгэж, ихэд найрлан мөн тэр уулын эзэн болон суужээ. Үүнийг үл өгүүлэх нь Лян Жүн Шүгийн газраас Ян Жыгийн хамт Дунжин хотноо бэлэг хүргэхээр яваад замд архи ууж, согтоод үлдсэн арван дөрвөн хүн нар хойш буцаж, өдөр явж, шөнө хонож явсаар нэгэн өдөр Бээжин хотноо хүрч, Лян Жүн Шү ноёны гэрт хүрч ирэд, Лян Жүн Шү ноёнд сөгдөж мөргөсөнд, Лян Жүн Шү асууруун: - та нар замын хол сайн явав уу, бэлгийн юмыг сайнаар хүргэсэн буй за. Баатар эр Ян Жы хаа буй хэмээсэнд, олон хүн зэргээр уйлан мэдүүлрүүн: - ноён үүнийг дурдах хэрэггүй, Ян Жы нь угаас Лян Шань Фүгийн зэрэг газрын дээрэмч нар лугаа зузаан нөхөрлөсөн хүн тул замын зуур явж, Хуан Ни Ган хэмээх газар хүрээд түүний нөхөр хулгай нар зарим нь архи худалдах, зарим нь чавга худалдмуй хэмээн долоон найман хүн зэргээр ирж, архи өгсөнд бид уусангүйд Ян Жы маныг албадан архи өгч согтоосны хойно, аливаа юмыг цөм тэргэнд ачаад тэдний хамт маныг орхиж, бараа туруугүй Лян Шань-ий зүг явав.
Үүнд бид аргагүй хойш буцаж ирэв хэмээсэнд Лян Жүн Шү тэдний үгийг нэгмөсөн үнэмшиж, ихэд уурлаж, хараан өгүүлрүүн: - Ян Жы журмыг тэсэргүүлсэн хулгай, би сайн санаагаар тэтгэсүгэй хэмээвээс чи харин энэ мэт ёсыг үтээрхэх нь даанч үзэшгүй. Чамайг цэрэг гаргаж барьсан цагт хэсэг хэсэг огтчиж алмуй хэмээн харааж, энэ хэргийн дээрмийн хүн нарыг байцаан бариулахаар Жи Жоу Фү-ийн яаманд бичиг явуулж, бас Дунжин хотын өөрийн хадам эцэг Цай тайшид нэгэн адил бичиг илгээв. Цай тайши Лян Жүн Шүгийн газраас илгээсэн бичгийг үзэж, ихэд хилэнлэн өгүүлрүүн: - манай хүргэн Лян сайдаас ноднин жил илгээсэн бэлгийг эдгээр хулгай нар зам тосч булаагаад эдүгээ болтол баригдсангүй. Энэ жил мөн аймшиггүй дахин дээрэмдэх нь үнэхээр харгис хулгай. Эдгээр заналтай дээрэмчин нарыг эдүгээгээс даруй байцаан бариулахгүй болбоос огт үл болмуй хэмээн албаны бичиг гаргаж, тусгай хүнд өгч тушаан өгүүлрүүн: - өдөр шөнөгүй довтлон явж, Жи Жоу Фү яаманд тушаагаад, хүрсээр нэн хурдан цэрэг хөдөлгөж, энэ нэгэн замын үүрлэсэн хулгай нарыг эрхбиш байцаан бариулагтун хэмээв.
Тэр хүн довтлон явж, Цай тайшигийн бичгийг Жи Жоу яамнаа авчирч тушаасанд Жи Жоу яамны сайд ихэд айж, дотроо сэтгэрүүн: - Сая мөн энэ явдлын тухай Лян Жүн Шүгээс бичиг илгээгээд хараахан цэрэг гаргаж завдаагүй байтал Цай тайшигаас ийм чангалан иржээ. Энэ нь маш хүнд хэрэг хэмээн бодлого бодож байтал Цай тайшигийн газраас бичиг авчирсан хүн өгүүлрүүн: - манай тайши ноёноос над захисан нь намайг энд хүрсээр даруй нүд үзэж, хүн гаргахаас гадна тэр хулгай нарыг арван өдрийн дотор эрхбиш барьж ологтун хэмээн тушаагтун хэмээн захисан билээ. Хэрэв олж барихгүй болбоос ноён таны биенд муу болмуй хэмээсэнд Жи Жоугийн түшмэл даруй Хө Тао хэмээгч хүнийг дуудаж өгүүлрүүн: - Хуан Ни Ган хэмээгч газар чавга худалдан явсан долоон хүн, архи худалдах нэгэн хүн хамт оргосон Ян Жы хэмээгч эдгээр хүн нарыг чи арга үүсгэж, эрхгүй сурвалжлан эрж ологтун, хэрэв эс олбоос чамайг хол хязгаарт цөлж илгээмүй. Олбоос шагнахыг өгүүлэх явдыг за явж баригтун хэмээн тушаасанд тэр Хө Тао аргагүй болж, өөрийн гэртээ харьж ирсэнд гэргий нь түүний царай өнгө урьдаас их л өөр бүхүйд асууруун: - гэрийн эзэн та энэ өдөр юунд ийнхүү зовносон байдал буй хэмээсэнд Хө Тао өөрийн учрыг нэгэн зэрэг хэлээд морин унаж даруй гэрээс гарах хэмээж байтал түүний төрсөн дүү Хө Чин гаднаас орж ирээд, бэргэнээсээ асууруун: - ах энэ өдөр хааш очмуй хэмээсэнд, бэргэн нь өгүүлрүүн: - Дунжин хотын газар Цай тайшигийн газар хүргүүлсэн бэлгийг замд тосч булаасан дээрмийн хулгай нарыг олж барихаар мордмуй хэмээсэнд Хө Чин өгүүлрүүн: - эдгээр хулгай нарыг яахин тийм хялбараар барьж чадмуй. Намайг бодоход алгуураар зөвлөж, аргаар хөдөлвөөс сайн болой хэмээсэнд, бэргэн нь гадагш гарч, өөрийн нөхөр Хө Таог дуудаж ирээд өгүүлрүүн: - сая дүү Хө Чингийн үгэнд тэдгээр хулгай нарыг аргаар эс бариваас тийм хялбар барьж чадахгүй хэмээмүй хэмээсэнд Хө Тао орж ирээд дүүдээ өгүүлрүүн: - дүү чи бодож үзэгтүн, энэ хэрэг болбоос Цай тайшигийн газраас манай жоугийн яамнаа тушаан ирсэн нь маш чанд. Үүнд ямар арга хэрэглэвээс болмуй хэмээсэнд Хө Чин өгүүлрүүн: - ах та нь хэдэн зуун цэргийг даасан хүн, эрхбиш арга бодлого их буй за. Над лугаа адил ямагт архи ууж, пай зоос наадаж явах сул хэрэггүй хүн бус. Би юуныг мэдмүй.
Над ч мөн арга үгүй хэмээсэнд Хө Тао арван лан мөнгө гаргаж авчраад дүүдээ өгч гуйн өгүүлрүүн: - Бид хоёр нэгэн эхээс төрсөн ах дүү болой. Энэ үед ийм бэрх хэрэг тулгарч байтал чи над нэгэн зам зааж өгөхгүй юун, ийм хатуу сэтгэлтэй буй хэмээсэнд Хө Чин өгүүлрүүн: - ах чи мөнгөө даруй хурааж авагтун. Би ер мөнгө горилохгүй. Гагцхүү над сайн архи хоол тасралтгүй өгч бас хааяа зоос наадаж алдваас баахан харгалзаж байваас болов. Эдгээр хулгай нар нь нэгэн хүн байтугай хичнээн хүн боловч нэгэн цагт барьж чадах нь тун бэрх. Ах зүгээр сэтгэл амар сууж байтугай. Энэхүү хулгай нар нь цөм миний өөрт байх лугаа адил барих хэмээвээс төдий л зовох хэрэггүй хэмээхэд Хө Тао яаран асууруун: - Дүү чи тэдгээр хулгай нарыг тийм хялбараар барьж үнэн чадах болов уу хэмээсэнд Хө Чин өгүүлрүүн: - Лян Шань, Юн Чэн Сянь хоёр газраас хэрэг бүтмүй хэмээсэнд Хө Тао аль ч учрыг мэдэхгүй ихэд гайхав. Хө Чин ямар үг хэлэх ба хулгай нарыг яахин барих явдлыг дараах бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )