Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
НИСЭХ БАРСЫГ АРГААР ЗОГСООВ
СҮН ГҮН МИН ЧАО ТЯНЬ ВАНГИЙГ ТАВИВ
Өгүүлэх нь, Хө Тао дүү Хө Чингээс дахин шаардан асуусанд Хө Чин өөрийн бүснээс нэгэн эвхмэл бичиг гаргаж өгүүлрүүн: - тэдгээр хулгай нарын нэрс цөм үүний дотор буй. Эдүгээ ах танд нарийвчлан хэлсүгэй. Би тэр нэгэн өдөр пай наадаж, аливаа юмыг бүрнээ алдаж, аргагүй гар хоосон гачигдаж явтал миний нэгэн зузаан ханилсан нөхөр намайг Ань Лө Цүнь хэмээх газар нэгэн дяньд очиж, хагас сар хэртэй тэрхүү дянь-ийн данс харыг бичиж сууж байх цаг бичиж авсан бүлгээ. Тэр үед зургаан сарын шинийн гурванд нэгэн чавга худалдах долоон хүн тэрэг түрж ирээд тэр буудалд архи ууж бүхийд тэдний доторх нэгэн хүнийг би танимуй. Хэн хэмээвээс Юнь Чэн Сянь-ий харъяат Дун Ши Цүнь хэмээгчид суух цол Чао Тянь Ван хэмээх Чао Гай хэмээн алдаршсан Чао Бао Жэнь гацааны дарга. Урьд пай наадах үед бусад хүнийг дагалдаж түүний гэрт нэг удаа очсон тул гагцхүү түүнийг доторхой танимуй. Тиймийн тул би нэгэн хүнээс овог нэрийг асуусанд тэр хүн над миний овог Ли Дунжин хотод чавга худалдахаар явмуй хэмээсэн.
Түүний маргааш би мөн дяньгийн данжаад лугаа маргааш гадагш зугаацахаар явтал хээр нэгэн хүн хоёр дамнуур архи дамнаж явах лугаа тохиолдож Бай Да Лань чи хааш очмуй хэмээн асуухад, тэр хүн би архи худалдая хэмээн явмуй хэмээгээд түүнийг өнгөрсний хойно би данжаадаас асуусанд над хэлсэн нь тэр хүн Бай Ри Шү хэмээх Бай Шэн мөн. Пай зоос наадах хүн хэмээж хэлсэн билээ. Хожим сонсвоос Хуан Ни Ган хэмээх газар чавга худалдах долоон хүн хорт архиар хүнийг согтоож сувд, эрдэнэ зүйл юм дээрэмдэн авав хэмээн сонссон. Тэд нь Чао Бао Жэн бус хэн буй хэмээн хэлэхэд Хө Тао сонсоод их л баярлаж, тийм болбоос одоо Бай Шэнг бариваас зохимуй хэмээгээд Хө Тао мөн дүүгээ дагуулж яамнаа ирж, эдгээр учрыг фү ин ноёнд мэдүүлсэнд фү ин ноён Хө Чинг ар хорооны гэрт оруулж нэгд нэгнээр байцааж учрыг мэдэж сая дотор амарч, даруй харъяат яамнаас найман хүн томилон гаргаж, овгийн ах дүү хоёулыг хамт явуулж, мөнхүү замын хоорондоос буудлын данжаад иргэнийг дагуулж авч яван урьдаар Бай Шэн барьж ирүүлэхээр илгээв.
Тэндээс тэдгээр албаны хүн гавшгайлан явж Ань Лө Цүньд шөнийн цагт хүрч, Бай Шэнгийн гэрийн үүдэнд очоод хаалгыг нээж, зэргээр гэрт орж үзвээс Бай Шэн эм лүгээ оронд унтаж бүхийд Хө Тао урьд өгүүлрүүн: - Бай Ри Шү чи зургаан сард Хуан Ни Ган хэмээх газар архи худалдаж, сувд алт эрдэнэ зүйлийг чавга худалдах долоон хүний хамт дээрэмдэн авч, эд хуваан авсан хэрэг нэгэнт илэрч, одоо чамайг барьж аваачихаар ирэв хэмээн хэлсэнд Бай Шэн сүнсгүй айж, царай үнс мэт хувилж, үг хэлж чадахгүйд, тэд нар даруй гар хөдөлж гэр барааг нэгжин үзвээс газар доор агуулсан нэгэн боодол юмыг авч тайлж үзвээс тэр нь сувд алт мөнгө ажгуу. Үүнд Бай Шэн хэргээс зайлах аргагүй болсон боловч бас энэхэн тэрхэнээр засварлаж хэлэвч тэд нар юуныг хүлээмүй. Бай Шэнг эмийн хамт барьж хүлээд нэгжин олсон хулгайн эдийг авч Жи Жоу хотын яамнаа хүргэж ирсэн төдий фү ин түшмэл их танхим сууж даруй Бай Шэн эр эм хоёрыг хүнд эрүү тулгаж, шүүн асуусанд Бай Шэн мэдүүлрүүн: - өчүүхэн иргэн энэ зүйл хэргийг огт мэдэхгүй хэмээн эрүүг хүлцэн огт биед хүлээхгүйд фү ин түшмэл ихэд хилэнлэж, дахин хүчлэн шүүхэд Бай Шэнгийн мах өмөрч, цус урсаж мэдүүлрүүн: - өчүүхэн тэр өдөр архи дамнаж явсан үнэн, тэдний дотор Чао Бао Жэнг танимуй. Бусдыг ер танихгүй нь түмэн үнэн. Өөр учиргүй хэмээсэнд фү ин түшмэл өгүүлрүүн: - тийм болбоос энэ хэрэг хялбар болов. Чао Бао Жэнг олж барьсан цагт аяндаа тодормуй хэмээж даруй Бай Шэн эм хоёулыг дөнгө өмсгөж гянданд хориулав.
Түүнээс даруй албаны бичиг гаргаж Юнь Чэн Сянь-ий яаманд явуулж, шилдэг цэрэг хорийг гаргаж, Лян Жүн Шүгийн газраас Ян Жыгийн хамт явсан Юй, Хоу хоёр овгийн хүний хамт Чао Бао Жэнг бариулахаар илгээв. Түүнээс Хө Тао нар өдөр шөнөгүй явж Юнь Чэн Сянь яамнаа ирж үзвээс яамны гадна нэгэн цай худалдах айл буй. Тэнд орж нэгэн аяга цай ууж, тэр өдрийн мэдээний жасаа хүлээсэн хүнийг эрж уулзаад, овог нэрийг асууваас тэр хүний овог Сун, нэр Жян цол Гүн Мин, Юнь Чэн Сянь, Сун Жя Цүнь-ий хүн. Нүүр харавтар тул хүн түүнийг Хэй Сун Жян хэмээмүй. Эцэг эхэд маш элбэрэлт, аливаа хүнийг ялгалгүй хүндлэх тул бас хүн ач журам саньлан хэмээмүй. Энэ хүн эцэг буй, эх өнгөрчээ. Төрсөн дүү Сун Чингийн хамт суумуй. Сун Чин эцгийг дагаж тариалан таримуй. Сун Жян бичгийн эрдэм, ууль журмыг нэлээд төсөөлмүй. Цэргийн эрдэм мөн боловсорчээ. Нөхөд лүгээ нийлбээс хамт идэж уумуй. Явах цагт хэр чинээгээр хүнс дүүрч илгээмүй. Мөнгө зоосыг чулуу шороо мэт хайрлалгүй зарж, ядуу зүдүү ардад өглөг түгээж, ямагт сайны явмуй. Иймийн тул Шаньдун мужийн газар сайн нэр бүхнээ алдаршжээ. Олноор үүнийг рашаан бороон хэмээн өргөмжлөн хэлэлцмүй. Хө Тао энэ хүний байдал анги өөр байдал бүхий тул дотор гэрт залж, ах этгээдэд суулгаж, цай барив. Сун Жян гүн ёсолж тэр хүнээс асууруун: - Эрхэм ах овог нэр хэн буй хэмээсэнд Хө Тао өөрийн овог нэрийг хэлсэнд Сун Жян ихэд хөнгөмсгөөр өгүүлрүүн: - өчүүхэн хүн эрхмийн биеийг таньсангүй. Хүндэлхийг элдэв бүү муу санагтун хэмээн харилцан найр тавин хэлэлцэж, дэс дараагаар суулгаж, Сун Жян цайны пүүсний хүнд хэлж, нарийн цай боов авчруулж, ууж идсэний хойно, Сун Жян асууруун: - эрхэм дарга авгай манай энд ямар хэрэгтэй ирэв хэмээхүйд Хө Тао өгүүлрүүн над албан бичиг буй. Бас их хэрэг бүтээхийг эрхэм дүү танд итгэмүй хэмээхүйд Сун Жян өгүүлрүүн: - Дээд яамнаас ирсэн албаны тухай хэргийг над хэлж хайрла хэмээхүйд, Хө Тао энд хэлж болохгүй хэмээхэд Сун Жян өгүүлрүүн: - бид цөм албаны хүн нар болой. Үүнд ямар цээрлэх явдал буй.
Ах нуулгүй хэлж өгтүгэй. Би чадах чинээгээр бүтээхийг хичээсүгэй хэмээхэд Хө Тао Хуан Ни Ганд гарсан дээрмийн явдлыг эхнээс адаг хүртэл хэлж бас уг газар Юнь Чэн Сянь-ий харъяат болох ба Бай Шэнг олж барьсан, өөрийн бие Чао Гайг барихаар олон цэрэг авч ирсэн хүртэл тодорхойлон хэлсэнд Сун Жян өгүүлрүүн: - энэ мэт хүчир хүнд хэрэг байтугай, ах чиний амины хэрэг боловч дүү би зүтгэмүй хэмээн ам даан хэлэх боловч дотроо сэтгэрүүн: - Чао Гай нь над лугаа зузаан ханилсан нөхөр, одоо энэ мэт хэрэгт орсныг мэдээд би эс аварч гаргаваас хэн тусалмуй хэмээн санаад бас хуурмагаар өгүүлрүүн: - энэ Чао Бао Жэн хэмээгч хүнийг энэ газрын түшмэд, ард, албаны хүн нар цөм олж барихыг хичээвч тэр ер олдох бэрх. Одоо нэгэнт ийм болсон тул бид бүгдээр хүчин хавсарч барьсугай хэмээн хэлэхэд Хө Тао гуйн өгүүлрүүн: - тийм болбоос энэ хэргийг эрхэм дарга танд бүрмөсөн итгэмүй хэмээхэд Сун Жян өгүүлрүүн: - үүнийг барихад уутны доторх юм авах лугаа хялбар. Эрхэм дарга санаа амар сууж, түр биеэ амрагтун. Би урьдаар манай харъяат ноёнд танай ирсэн явдлыг мэдүүлэе. Түүний хойно эрхбиш тан лугаа учирч, албаны бичгийг үзээд албаны хүн нарыг гаргаж, Чао Гайг бариулахаар илгээмүй. Тэр цагт би мөн хамт очиж барьж ирэх нь магад болой хэмээн хэлж, ноёндоо мэдүүлэхээр гарч, яаманд ирээд яаран сандарч, өөрийн морио унаж, нэгэн агшнаа нисэх мэт давхиж, Чао Гайгийн гэрт хүрч ирээд зарц хүнээр дотогш хэлүүлсэнд Чао Гай гэнэт гарч ирээд, Сун Жянг үзмэгц даруй ёсолж, хоёул уулзаж гар барилцан дотогш орж, нэгэн бага гэрт сууж, зарц хүн цай авчирч уулгасны хойно, Чао Гай асууруун: - их өршөөлт дүү минь миний мунхаг ах жуунан гэрт ямар хэрэгтэй өөд болж ирсэн болов, баахан яарч сандарсан байдал буй мэт хэмээсэнд Сун Жян өгүүлрүүн: - энэ удаа ахын гэрт амь тавин ирсэн учир болбоос Хуан Ни Ган хэмээх газар хорт архи хэрэглэж Лян Жүн Шүгийн газраас Цай тайши сайдад хүргүүлсэн төрсөн өдрийн бэлэг арван нэгэн дамнуур алт, сувд, эрдэнийн зэрэг хэдэн түмэн лангийн юмыг дээрэмдэн авсан хэрэг нэгэнт илэрч, дээд яамнаас цэрэг гаргаж, Бай Шэнг барьж, Жи Жоу хотын яамнаа шүүсэнд ах чамайг нэр заан өчиж, бас үл таних зургаан хүнийг чамайг тодорхой мэдмүй хэмээн мэдүүлсэнд Бай Шэн эр эм хоёулыг дөнгө өмсгөж, гянданд хорьж, Хө Тао хэмээх хүн баатар цэрэг хорь гаруйг авч сая манай яамнаа хүрч ирсэнд харин зол мэт би урьд уулзаж, учрыг нарийвчлан асууж мэдээд, харъяат ноёнд мэдүүлсэнгүй, арга үүсгэж довтлон ирэв. Ах эдүгээ завдаж оргож явахаас илүү сайн зам үгүй хэмээн хэлэхэд Чао Гай машид явж, даруй мөргөн мэдүүлрүүн: - их өршөөлт дүү чиний уулнаас хүнд ачийг төрөл төрөлд хариулж гүйцэхгүй болов хэмээн дэмий л түс түс мөргөхөөс өөр үг хэлж чадахгүй, нэгэн хэсэг алмайран даруй сэхээрэн босч өгүүлрүүн: - энэ туйлд хүрсэн тул дүү чамд аливааг нуулгүй хэлье. Анх миний нөхөрлөсөн нь Руань овгийн ах дүү гурвуулын дээр бас Лю Тан, Гүн Сунь Шэн, Ү Юн над лугаа долоо буй хэмээсэнд Сун Жян хойд гэрт тэд нар лугаа уулзаж, ирсэн учрыг хэлээд, за би одоо буцмуй. Та нар тус тусын амиа олж зайлахыг бодогтун хэмээн дахин давтан захиж хэлээд шууд гарч морь унаж довтлон одов.
Үүнд Чао Гай нарийн уг дээрмийн хэрэг илэрсэнд одоо яаваас сайн. Энэ шөнө эрхгүй ирж маныг барих болмуй хэмээн зөвлөхөд Ү Юн сяншэн өгүүлрүүн: - бид нэгэнт үхэхэд хүрснийг энэ мэдээ хүргэж ирсэн нь чухам хэн хэмээгч хүн болов. Энэ хүний нэрийг лавлан мэдэж хожим ач хариулахад сайн билээ хэмээн Чао Гай бүгдээрт өгүүлрүүн: - аливаа хүнд тус үйлдэх нь маш дуртай тул олноор рашаан бороо хэмээн цол өргөмжилсөн Сун Жян хэмээх Гүн Мин. Энэ нь Юнь Чэн Сянь яамны дарга болой. Над лугаа энгийнд журмаар ханилсан янаг нөхөр бүлгээ хэмээсэнд тэд нар бүгдээр гайхалдан өгүүлрүүн: - энэ өдрийн их ачийг бид нар амьд ахуй цагт хэрхэвч үл мартмуй. Хожим тус тусдаа чадах ядахаар хариулахыг хичээсүгэй. Одоо хаа хэрхэн зайлж явахыг зөвлөе хэмээхэд, Ү Юн сяншэн өгүүлрүүн: - үүнийг би мөн бодсон газар буй. Эдүгээгээс тус тусдаа саях дээрэмдэн олсон алт сувдыг дамнаж, Ши Жие Цүнь-д очиж Руань овгийн ах дүү нарын гэрт нуун сууя хэмээхэд Чао Гай өгүүлрүүн: - тэд нь газар бага, нэгэн загас гөрөөлөх ард, удаан хоног суухад тэсэхгүй болов уу, Ү Юн сяншэн өгүүлрүүн: - тэнд удаан сууж болохгүй боловч Лян Шань Фү лугаа маш ойр.
Хэрэв цэрэг ирвээс Лян Шаньд орвоос даруй болмуй хэмээхэд тэд маныг тийм хялбараар суулгахгүй болгожээ хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - бэлхэн манд алт мөнгө буй атал юун зовох. Тэд баахан дурлахгүй янз гаргаваас бид хүнд бэлэг хүргэвээс тэд мөн даруй нөхөрлөхийг хүсмүй хэмээсэнд бүгдээр сяншэнгийн бодсон нь зөв, бид одоо даруй зөвлөсөн ёсоор хөдөлвөөс зохимуй хэмээн Лю Та, Ү Юн хоёр дамнуур дамнаж урьдаар явав. Чао Гай, Гүн Сунь Шэн хоёр сүүлд зарц нараас арван хэдэн хүнийг дагуулж, бусад зарцыг тус тусдаа амь зуутугай хэмээн мөнгө зоос түгээж өгөөд явуулсныг үл өгүүлэн, өгүүлэх нь: Сун Жян тэндээс довтлон явж яамандаа хүрч ирвээс Хө Тао хаалганы гадна зогсож хүлээмүй. Үүнд Сун Жян урагш ирж өгүүлрүүн: - эрхэм дарга намайг хүлээж алжаавай зэ, над нэгэн түргэн хэрэг буй тул бага удвай хэмээхүйд Хө Тао өгүүлрүүн: - юунд зовох буй хэмээн түүнээс хоёул явж яаманд орвоос Ши Вань Цай хэмээх түшмэл танхим сууж, хэрэг шийтгэн буй. Сун Жян даруй Хө Таогийн бичгийг авч нэгэн өвдгөөр сөгдөж дээш өргөсөнд Ши түшмэл авч нээж үзээд, даруй гэлмэгдэн болгоомжилж Хө Таог өмнөө авчирч, аливаа учрыг амаар нэгэн зэрэг нарийвчлан асууж мэдээд, даруй харъяат яамны шаламгай эр Жү Түн, Лэй Хэн, Сун Жян, бас Хө Тао, Юй Хоу нарыг дагуулж шилдэг цэрэг нэгэн зууг гаргаж цаазлан өгүүлрүүн: - сонсвоос Чао Бао Жэн хэмээгч хүн хүч чадал ихтэй хэмээмүй. Танай цэрэг хичээн сэргийлж чимээ мэдээ гаргаж болохгүй. Нэн даруй хүчлэн баригтун, алдаж орговоос ял хөнгөнгүй хэмээн чандлан тушаагаад сянь-ий түшмэл мөн биеэр мордож, хотын зүүн хаалгаар гарч, нисэх мэт явж нэгэн нэгэн жингийн цагт Дун Ши Цүньд хүрч, тэнд ойр бүхий нэгэн сүмд бууж, бүгдээр цай ууж байтал Жү Түн өгүүлрүүн: - энэ өмнө үзэгдэх нь Чао Бао Жэнгийн гэр мөн. Түүний хашаан өмнө хойд хоёр хаалга буй. Бид хэрвээ өмнө хаалганд очвоос, хойд хаалгаар буруулан зайлах магадгүйгээс гадна түүний гэрийн зарц олон, бид санаандгүй байсаар гэнэдэж оргох магадгүй, иймийн тул бид урьдаар хоосон нэгэн сүр тавин бахирч, тэд айн гадагш зугтваас тэр үед барих буюу. Эсвэл Лэй Хэн бид хоёр цэрэг авч өмнө хойд хаалганы амыг хааж хүлээсүгэй. Та нар шууд явж өмнө хаалганы гадна орогтун. Би хэдэн цэрэгтэй хойд хаалганд хүлээж, тэд дотроос амь тэмцэхэд хойд хаалгаар гарч ирвээс нэг нэгээр барьж авсугай хэмээсэнд энэ арга зөв хэмээн хагас цэргүүд өмнө хаалгад ирэв. Жү Түн өгүүлрүүн: - би урьд Чао Гайгийн гэрт ирсэн тул, тэдний гэрийн доторх байдлыг сайтар мэдмүй. Би урьдаар орсугай хэмээсэнд Ши жи сянь ноён энэ мөн хэмээн Жү Түн даруй арван илүү нум сум барьсан цэрэг дагуулан, зарим хүн галын гэрэл гаргаж зам удирдан зэр зэвсэг бэлтгэж, өмнө хаалга хүрч иртэл Чао Гайгийн гэрт их түймэр шатав. Бага удсангүйд дөрвөн зүгт гал бадрав. Үүнд Лэй Хэн шууд үүд хэрмийг эвдэж, цэрэг дагуулан дотогш орж үзвээс дөрвөн зүгт түймэр бадарч бус хүн нэг ч үгүй Жү Түн, Лэй Хэн нар угаас Чао Гайг тавин илгээх санаа буй аж. Иймийн тул их дуунаар хашхирсан ажгуу. Энэ үед Чао Гай аливаа юмыг төхөөрөн авч, өөрийн гэрт гал тавин, Гүн Сунь Шэн хоёул хараахан хойд хаалгаар гартал Жү Түн тохиолдож, хуурмагаар үл мэдэгч болон дэмий хашхиравч гар хөдлөхгүй.
Энэ чөлөөнд Чао Гай, Гүн Сунь Шэн нарыг нэгэн харанхуй замаар зайлан явсанд Жү Түн мэдээд сая их дуунаар хашхиран дайрч оров. Хоёр этгээд хаалганы цэрэг сая уулзаж Жү Түн өгүүлрүүн: - Чао Гай лав оргосон ажээ хэмээн Чао Гайгийн хойноос нэхэмжлэн гүйцэж ирсэнд Чао Гай үзээд Жү Түн дүү намайг юунд нэхэмжилмүй хэмээсэнд Жү Түн хойш харваас хүн үгүй тул даруй мориноос бууж өгүүлрүүн: - Чао Гай ах чи одоо даруй амь тавин явж, Лян Шань Под зайлж очигтун хэмээв. Чао Гай ёслон өгүүлрүүн: - эрхэм даргын амь аварсан зузаан ачийг хожим хариулъя хэмээн хэлээд морин жолоо тавин нисэх мэт буруулан явав.
Энэ хооронд Лэй Хэн Жү Түнгийн хойноос хүрч ирээд асууруун: - Чай Гай аль зүгт явав, Жү Түн өгүүлрүүн: - зүүн өмнөх нарийн замаар буруулав. Чи даруй хойноос хөөгтүн хэмээв. Жү Түн мөн Чао Гайгийн хойноос явъя гэтэл гэнэт зурвас хар үүл ирж Чао Гайгийн хойд талаас халхалж, жихүүн салхи Жү Түнгийн биеийг дайрсанд мориноос унаж, хөл бэртэв. Ши жи сянь ноён цэрэг лүгээ тэдний хойноос сая гүйцэж ирээд үзвээс Жү Түн мориноос унаж хөл бэртжээ. Үүнд жи сянь ноён цэрэг авч бага нэхвээс үүл улам бадарч, дөрвөн зүг үзэгдэхгүй болмогц цөм яарч хойш эгэв. Түүнээс дөрвөн жингийн үед Дүн Ши Цүньд буцаж ирвээс Хө Тао үзвээс нэг ч хулгай барьсангүй. Дотроо бодов, өдий олон цэрэг мордсон боловч огт хэрэг бүтсэнгүй, би эдүгээ хойш буцах замгүй болов хэмээн санаж байтал жи сянь ноён арга барагдаж, ойр хавийн хэдэн айлын хүнийг барьж, Юнь Чэн Сянь яаманд авчраад байцаан асуухад тэдгээр хүн нар мэдүүлрүүн: - бид хэдий Чао Бао Жэнгийн гэртэй ойр байдаг боловч түүний ямар аж хийхийг огт мэдэх бус, үргэлж сэлэм жад барьсан сүрхий эрсүүд ирж очиж явдаг нь үнэн боловч бид чухам хэний нь ч хэмээн таньсан газар үгүй хэмээсэнд, жи сянь ноён өгүүлрүүн: - би нэгэнт таныг барьж авчирсан тул эрхбиш тодорхойлмуй хэмээсэнд, нэгэн хүн урагш сөгдөн мэдүүлрүүн: - ноён хэрэг тодорхойлоё хэмээвээс мөнхүү Чао Бао Жэнгийн гэрт зарагдаж байсан хүн нараас байцааваас зохимуй. Хамаагүй бидэн юуныг мэдмүй хэмээсэнд жи сянь даруй яа и илгээж Чао Бао Жэнгийн зарц нараас барьж ирүүлэхээр зарав.
Төдий хоёр цаг болоогүй байтал Чао Гайгийн гэрт зарагдаж байсан хоёр хүнийг авчирсанд тэднийг шүүж асууваас тэр хүн нар мэдүүлрүүн: - бид бусдыг танихгүй, гагцхүү энэ хотод ном зааж байсан Ү Юн сян тэнд байгаад тэр өдөр босч явсан. Мөн Гүн Сунь Шэн хэмээх бас нэгэн Лю овогт, хар нүүрт эр байсан. Бусдыг өчүүхэн хүн тун танихгүй. Ү Юн сяншэн Ши Жие Цүнь хэмээх газар барьдаг Руань овгийн ах дүү буй хэмээн хэлж байхыг сонссоноос өөр мэдсэн зүйл үгүй хэмээн мэдүүлсэнд жи сянь ноён тэрхүү хоёр зарц нарын өчиг авч, албаны бичиг бичиж Жи Жоу яамны сайдад мэдүүлэн, хоёр зарц хүнийг Хө Таод тушаан өгөв. Сун Жян энэхүү баригдсан хоёрзарц хүнийг биендээ дааж, Хө Таогаас гуйн авч гэрт нь хариулав. Тэндээс Хө Тао хойш бичиг авч Жи Жоу яамнаа буцаж ирээд, харъяат ноёндоо бичгээ өргөж, энэ удаагийн хэргийг зүйл дараалан мэдүүлсэнд Жи Жоугийн фү ин сайд өгүүлрүүн: - үүний дотор Ши Жие Цүньд загас барих Руань овгийн ах дүү гурван хүнийг чухам хаа суудаг ба бас яахан хамт явсан явдлыг урьд гянданд хорьсон Бай Ри Шү хэмээх Бай Шэнг гаргаж ирүүлээд шүүн асуусанд Бай Шэн мэдүүлрүүн: - Руань овгийн их ахын нэр газар зогссон тайсуй тэнгэр хэмээх Руань Шяо Эл, хоёрдугаар амийг таслагч Эл Лан хэмээх Руань Шяо Ү, гуравдугаар амьд эрлэг хэмээх Руань Шяо Чи цөм Ши Жие Цүньд аж төрөн суумуй хэмээн мэдүүлсэнд Бай Шэнг хэвээр хадгалж, мөн Хө Таод тушааж Ши Жие Цүньд очиж Руань овгийн гурван хүнийг эрхгүй олж баригтун хэмээн тушаав. Хө Тао энэ удаа Ши Жие Цүньд очиж Руань овгийн ах дүү гурван хулгай нарыг яахин барихыг дараах бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )