Сүн улсын Хүйтэн уулын бичиг | Арваннаймдугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЛИНЬ ЧҮН УСАН ЖАГСААЛД ТҮЙМЭР ТАВИВ

ЧАО ГАЙ ЛЯН ШАНЬ УУЛАНД ОНГОЦ БУЛААВ

Өгүүлэх нь, тэндээс Хө Тао жи фү ноёноос тушаалыг хүлээн авч, суудлын байшинд ирж олон нөхөд лүгээ өгүүлэлдрүүн, Ши Жие Цүньд очих нь үнэхээр бэрх, зам хэцүү, үргэлж усан зэгс, дэрс ургасан яахин хүрч болмуй хэмээхэд олноор өгүүлрүүн: - хэрвээ тэр газар очиж Руань овгийн гурван хүнийг барья хэмээвээс маны төдий нэгэн хэдэн хүн санах хэрэг бус, цэрэг хөдлөхгүй болбоос нэгэн цагт тийм хялбараар бүтээх явдал бус хэмээн хэлэлцэж, эдгээр учрыг фү ин түшмэлд мэдүүлсэнд ноён даруй зөвшөөн нэгэн шунь жян түшмэл таван зуун цэрэг авахуулан мөн Хэ-г хамт явуулж, маргаашийн өдөр даруй Ши Жие Цүньд хүрч ирснийг үл өгүүлмүй. Өгүүлэх нь, Чао Гай, Гүн Сунь Шэн хоёр тэр өдөр гэр орноо түймэрдэж, шөнө дүлэн явж, Ши Жие Цүньд ойр ирвээс Руань овгийн ах дүү гурвуул угтаж, гэртээ оруулж, түүнээс гэрээ нүүлгэж, усны дунд их онгоц дээр оршин сууцгаав. Ү Юн, Лю Тан нар урьд ирээд мөн тэнд баймуй. Хуучин хэвээр долоон хүн нийлж Лян Шань Фүд орох аргыг зөвлөсөнд Ү Юн сяншэн өгүүлрүүн: - эдүгээ Жү Гүй нь Ли Жя Дао аманд сууж, архины пүүс нээжээ. Лян Шаньд орох хүн эрхгүй тэр амаар эс дайрч гарваас бус талаас гарч болохгүй. Хэрэв тэр амаар гарч маныг эс оруулбаас бид бэлэг бариваас сөн оруулах учир болмуй хэмээн зөвлөхийн зуур онгоцны зарц ирж мэдүүлрүүн: - жи фү яамнаа нэгэн шунь жян түшмэл олон цэрэг авч нисэх мэт манай гэрийн ойр хүрч ирэв хэмээсэнд Руань Шяо Ү өгүүлрүүн: - олон ах дүү нар бүү санаа чилэгтүн, би ганцаар эднийг дийлэх чадал буй хэмээхэд, Гүн Сунь Шэн мөн өгүүлрүүн: - та нар цөм зүгээр суутугай. Ядуу даоши би энэхүү хэргийг биед дааж бүтээе хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - урьдаар гэрийн их бага эмсийг онгоцоор зайлуулан цаад талд илгээсүгэй хэмээсэнд Руань Шяо Эл даруй хоёр их сал онгоц ирүүлж, эмс охидыг суулгаж, Лю Тан, Ү Юн хоёр салбин явж, Ли Жя Дао аманд очиж хүлээв. Руань Шяо Ү, Руань Шяо Чи хоёр цэргийн мэдээ авахаар онгоц сууж одов.

Үүнд шунь жян түшмэл Хө Тао хоёр олон цэрэг авч Ши Жие Цүньд хүрч ирээд усанд бүхий олон онгоцыг хүчээр булаан авч, хуурай усан замд хуваан явж, Руань овгийн гэрт ирвээс нэг ч хүн үгүй. Гэр хүрээ нь хоосон ажгуу. Ойрхи хүн нараас дуудаж асууваас тэд нар өгүүлрүүн: - Руань овгийн ах дүү нар хэдийнэ нүүж, усанд оршин суумуй хэмээсэнд, шунь жян түшмэл Хө Таод өгүүлрүүн: - энэ газар урьд ирсэнгүй тул зам мэдэхгүй, усан бас их бид хөнгөнөө хөдөлбөөс харин хүний аргад унамуй. Тиймийн тул морьдоо энд орхиж, явганаар онгоцод сууж, онгоцоор хөөвөөс болмуй хэмээж зуу шахам онгоц хэрэглэж, цэрэг авч, Руань Шяо Ү нарын байх газрыг эрэн явтал нэгэн хүн усны дунд явж, амандаа дуулсан үг, би нэгэн насанд загас барьж амь тэжээв. Албаны хүн, шударга ноёд тохиолдвоос усан олмыг зааж, усан гаргамуй. Зальхай ардыг болбоос сөнөөж үгүй болгоомуй хэмээн дуулсанд нэгэн хүн өгүүлрүүн: - энэ дуулагч хүн нь Руань Шяо Ү хэмээгч хүн болой хэмээсэнд Хө Тао даруй хамаг цэргийн онгоцыг урагш явуулж, Руань Шяо Үгийн ойр хүрч ирээд Руань Шяо Ү-г даллаж дуудахад тэр өгүүлрүүн: - та нар хаанах дээрэмчин, аюулгүй энд ирж барсын аманд амиа хүргэж ирмүй хэмээсэнд шун жянгийн цэрэг сум харвахад Руань Шяо Ү мэдээд усан дотроос харайн орсонд цэрэг хүрч ирээд хоосон онгоцыг олж авав. Бас ойрх зэгсэнд хүн хэлэлцэх чимээ гарсанд олон цэрэг жагсаж хүлээв.

Удсангүй бас нэгэн онгоц ирэхэд үзвээс тэрхүү онгоцны толгойд нэгэн хар дээл, ногоон жанч нөмөрсөн нэгэн хүн гартаа жад барьж айсуй. Амандаа өгүүлсэн үг, би нэгэн насандаа хүнийг алах дуртай. Энэ өдөр Хө Тао, шун жян хоёрын толгойг авч, Жао Ван ноёнд хүргэмүй хэмээн хэлэхэд Хө Тао энэ үгийг сонсоод ихэд айн байтал цэргийн хүн нар өгүүлрүүн: - энэ нь Руань Шяо Чи мөн хэмээсэнд Хө Тао олон цэрэгт өгүүлрүүн: - одоо бид түүнийг биеийг тойрон хааж, амьдаар барьсугай хэмээхүйд Руань Шяо Чи сонсоод даруй онгоцны тэргүүн эргүүлж буруулан одов. Түүний хойноос нэхвээс тэр Руань Шяо Чи нарийн замаар буруулан одов. Үүнд Хө Тао гайхаш барагдаж, яаран хоёр онгоцод албаны хүн суулгаж, зам үзүүлэх хэмээн явуулав. Нэлээд удтал буцаж ирсэнгүй. Бас дахин хоёр онгоцоор арав илүү хүн илгээсэнд мөн буцаж ирсэнгүй. Хө Тао аргагүй хэдэн сайн хүнийг дагуулж, өөрөө нэгэн замгүй газраар шууд явж оров. Цааш явж холхон хүрээд үзвээс өмнө замд нэгэн хүн гартаа малтуур барьж зогсож баймуй. Хө Тао тэр хүнээс асууруун: - сайн нөхөр та энэ газрын хүн буюу. Газрын нэр юун буй хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - би эндэх хүн, газрын нэрийг толгой тасрах суудал хэмээмүй хэмээсэнд Хө Тао өгүүлрүүн: - үүгээр хоёр онгоц өнгөрөхийг үзэв үү хэмээхэд, тэр хүн өгүүлрүүн: - та нар Руань овогт нарыг барих хэмээн ирсэн буюу хэмээхэд, Хө Тао чи яахан мэдэв хэмээсэнд, тэр хүн өгүүлрүүн: - энэ урьдах зэгсний дотор Руань Шяо нарыг барьж занчилдан буй хэмээсэнд Хө Тао сонсоод их л баярлан, даруй хоёр цэрэг гаргаж илгээв. Тэр хоёр хүн сая явах хэмээн тэр хүний хажуугаар өнгөрөхөд тэр хүн малтуураар нэг нэг цохиж, хоёр хүний тархи гарав. Хө Тао үүнийг харж байтал усны дотроос нэгэн хүн үсрэн гарч Хө Таогийн хоёр хөлнөөс барьж, толгойг уруу хандуулж барин зандарч өгүүлрүүн: - чи ямар их зүрхтэй буй. Харин маныг барих хэмээн албаны цэрэг дагуулж ирэх буюу. Бид нь хүн алах, түймэр тавихад үнэхээр дуртай хэмээн хэлэхэд Хө Тао чичрэн дагжин өгүүлрүүн: - би аймшиггүй ирсэн нь бус, аргагүй харъяат жи фү ноёны тушаалаар ирсэн билээ. Эрхэм баатар эрсүүд өршөөн хүртээж мний амийг уучлах болов уу, над наян насан хүрсэн хөгшин эх гэрт буй билээ хэмээн уйлан гуйвч тэд огт хэрэгсэхгүй барьж хүлээд онгоцонд тавьж, нэгэнд исгэрсэнд зэгсний дотроос дөрөв таван онгоц салбисан хүн гарч ирэв.

Түүнээс шун жян Хө Тао явснаас хойш хэдэн цаг болтол буцаж ирсэнгүйд бодлого бодон байтал гэнэт нэгэн хэсэг догшин хуй дэгдсэнд бүгд онгоц салхинд хөөгдөж урсаж үгүй болсны хойно бас хойд талаас бас нэгэн гал бадарч ирэв. Сайтар ажиглан үзвээс галт онгоц ажгуу. Үүнд олон цэрэг ихэд самгардан бутран зайлъя гэвч усны дунд яахин гарч чадмуй. Дэмий л зарим нь зугатах хэмээвч ийш тийш усанд харайн орж үхэв. Үлсэн олон цэрэг цөм галд түлэгдэж их төлөв үхэв. Гагцхүү шун жян цөөхөн цэрэгтэй нэгэн онгоцоор амь тавин зайлж, нэгэн гүехэн газар хүрч түр зогсон байтал нэгэн суман онгоцонд нэгэн сяншэн хүн гартаа урт сэлэм барьж, амандаа хашхиран өгүүлрүүн: - эдгээр хүн нарыг нэгийг ч үлдээж болохгүй хэмээн хашхиран иртэл баруун этгээдээс Руань овгийн ах дүү, зүүн этгээдээс Гүн Сунь Шэн, Чао Гай нар зэргээр ирээд, шун жянг үлсэн цэргийн хамт бүгдийг алж үгүй болгож, ясыг усанд хаяв. Одоо гагцхүү Хө Тао үлджээ. Руань Шяо Эл түүнийг татаж гаргаагаад хараан өгүүлрүүн: - чамайг албаас зохих билээ. Т ийм боловч чи одоо хойш харьж тэр ноёндоо мэдүүлэгтүн, Ши Жие Цүнь Руань овгийн ах дүү гурав Чао Бао Жэнгийн зэрэг эрсийг байхыг мэдсээр үүнээс хойш энэ мэт цэрэглэн ирвээс цөм амьд үлдээх ёсгүй тул дахин бүү их санаа гаргагтун хэмээж өгүүлэгтүн, танай тэр жи фү түшмэзл байтугай Цай тайши өөрөө ирэвч бид мөн түүний биеийг тулам болгомуй хэмээн хэлээд чиний хоёр чихийг огтолж илгээсүгэй хэмээн Хө Таогийн чихийг огтолж аваад тавьж илгээв. Үүнд Хө Тао сая амь олж, чихээ өвдөхийг үл бодон, замд орж Жи Жоугийн зүг зорчив.

Түүнээс Чао Гай, Руань овгийн ах дүү нар цөм дайсан дарсан хэмээн цөм ихэд баярлан даруй онгоц сууцгааж Ли Жя Дао хэмээх амны газар хүрч ирээд, урьдын ирсэн Ү Юн сяншэн, Лю Тан нарт уулзсанд Ү Юн яаран асууруун: - ах дүү нар та маныг барихаар ирсэн албаны цэргийг яахин буцаав хэмээн асуусанд Чао Гай нар зэргээр өгүүлрүүн: - тэд нарыг цөм эрлэгийн орноо хүрч, гагц Хө Таог хоёр чихийг огтолж, Жи Жоу яаманд тавьж явуулав хэмээсэнд Ү Юн сонсоод ихэд баярлан, түүнээс архины пүүс нээгч Жү Гүй эдгээр олон баатар эрсүүдийг үзэж, мөн авч яваа юм нь мөн их үнэтэйг битүүлгээр мэдээд даруй их гэр хэдэн ширээ бэлдэж, сайн архи зууш элбэгээр базааж, тэдний олон ах дүү нарыг залж, баяр хэмээн өргөмжилж, залж суулган, архи барьж, найрлахын дунд Жү Гүй даруй нэгэн тэмдэгт сум харвасанд удсангүй нэгэн хурдан онгоц хүрч ирсэнд Жү Гүй яаран эдгээр ирсэн олон хүний нэр цолыг бичиж Лян Шань Фүгийн уулын эзэд Ван Лунь нарт илгээв. Түүнээс тэр шөнө ихэд архидаж, маргааш эрт босч, их онгоцонд сууж, Жинь Ша Тань хэмээх давхарлагт хүрч ирээд эмс охид, зарц, гэрийн хүнүүдийг тэнд үлдээж, Чао Гай, Руань овгий ах дүү нар бүгдээр Лян Шань уулын дунд хүрмэгц уулын дээрээс Ван Лун тэргүүлэн ах дүү бүгдээр хэнгэрэг харанга дэлдэн, бүрээ бишгүүр үлээн, цан дэлдэж, их ёсноор угтаж, хоёр этгээдээс амар эрж, хөнгөмсгөөр ёслолцон гар барьж, Ван Лун нуруу мэхийн өгүүлрүүн: - Чао Гай хэмээх хүн нь суваргат махаранз хэмээн алдаршсан баатар эр хэмээн олноор үргэлж сонстох боловч урьд ер уулзсангүй. Энэ өдөр алтан нүүрт бараалсан нь эртний хувь зохиол хэмээвээс болмуй хэмээсэнд Чао Гай хариу ёслон өгүүлрүүн: - доод хүн би ертөнцөд амьд аж төрөх аргагүй болж, дээд хүний өршөөл буянд шургаж, амь хоргодохоор ирсэн нь болой.

Өршөөвөөс нэгэн цэргийн тоонд оруулж тэжээхийг хүсмүй хэмээсэнд Ван Лун өгүүлрүүн: - энэ ямар үг вэ, ах зүгээр манай өвсөн гэрт залрахыг хүсмүй хэмээн Чао Гайгийн гараас барьж Жү И Тин хэмээх дээд харшийн өмнө хүрч ирээд Ван Лун нар гар өргөж дотогш залах хэмээсэнд Чао Гайгийн зэрэг долоон хүн огт болохгүй. Давхарлагийн доорх шатны хажууд зогсож өгүүлрүүн: - өчүүхэн бид хэрхэвч хүлээн ав чадахгүй хэмээн ихэд маргахад Ван Лун даруй доод цэргүүдэд тушааж өгүүлрүүн: - Чао Гай ахын дагаж ирсэн цэргүүдийн тусгаар гэрт залж, хурим засаж амруулагтун хэмээгээд бас хурим үйлдэх ардуудад тушааж, улаан үхэр хоёр, гахай тав, хонь арвыг алж, нарийн хөгжим үүсгэж, олон ширээ бэлтгэж, зүйл бүрийн жимс ногоо зууш арвинаар төхөөрч, хуримлан хоёр этгээдийн олон ах дүү нар бүгдээр чуулж, ихэд наадаж идэхийн дунд Чао Гай их л баярлан Ван Луньгийн зүг харж өөрийн явсан явдал хэргийг бүрэн тоочин хэлсэнд Ван Лунь сонсоод нэгэн зэрэг дуугүй сууж, хариу өгүүлрүүн: - дүү би аливаа учрыг сая ухаж мэдэв хэмээгээд бүгдээр орой болтол найрлаж төгсөөд тэр шөнө Чао Гай тэргүүтэн долоон хүнийг зочдын гэрт хүргэж унтуулав. Маргааш өглөө боссоны хойно Чао Гай бусад нөхөддөө өгүүлрүүн: - ай, нөхөд би үзвээс энэхүү Ван Лунь хэмээгч тэргүүлэн эд нь нөхөр сэлт бүгдээр өршөөл журамт сайн нөхөр ажээ.

Хэрэв муу харгис ард болбоос бид нэгэнт тэнгэр мэт их ял хийсэн атал маныг энэ мэт хүндэлж, гэртээ агуулах чухам тэргүүн зэрэг сайн хүн хэмээвээс болмуй хэмээхэд Ү Юн сяншэн ихэд хүйтнээр инээв. Үүнд Чао Гай асууруун: - дү юунд хүйтнээр инээмсэглэмүй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - ах та дэмий л Ван Луньг сайн хэмээн магтмуй. Тэр үг хэдий сайн боловч маныг үнэхээр агуулах санаа үгүй болой. Түүний зүс байдалд тийм сайн хүний янз үгүй хэмээхэд Чао Гай өгүүлрүүн: - дүү чи магад ташаарав. Ван Луньд муу сэтгэл үгүй хэмээхэд Ү Юн өгүүлрүүн: - Ван Лунь ах нүүр уулзахад маныг маш сайнаар найр тавин хүндэлж байсан нь ах чи аливаа явдлыг нуулгүй нэгэн зэрэг хэлэхэд тэр даруй зүс хувилгасан нь та сайтар ажигласан буюу. Бас түүнд маныг шингээн үлдээх санаа буй аваас үүнээс гадна хүндлэх ёс буй. Түүний нөхөр Ду Чянь, Сун Вань хоёр маш нэгэн бүдүүлэг зантай хүн. Линь Чүн харин ёсыг төсөөлмүй. Ах чамайг Ван Лунь лугаа хэлэлцэж байхад Линь Чүн их л урмасгүй байсан, түүний санаанд маныг багтаах бодлого буй боловч мэдэлгүй тул аргагүй байсан нь буй за. Би эдүгээ арга үүсгэж, эдэн лүгээ өөр зуураа эвтэй болох мэх үүсгэе хэмээн хэлэлцэж байтал Линь Чүн тэдний суусан гэрт ирэв. Үүнд Чао Гай нар ихэд хүсэх мэт янз гаргаж, ёслон өгүүлрүүн: - өчүүхэн бид нар энд ирж ихэд зовоов хэмээн өгүүлсэнд Линь Чүн өгүүлрүүн: - үүнийг хүндлэв хэмээвээс болохгүй, миний санаа болбоос үүнээс асар их өргөх билээ.

Тийм боловч миний мэдлээр болохгүй тул аргагүй хэмээв. Ү Юн өгүүлрүүн: - бид нь зургаан хөрөг бус хүний сайн мууг юунд үл мэдмүй. Өршөөн үзсэн нь маш хүнд, энэ ачийг аль цаг хариулмуй хэмээхэд Чао Гай бас өгүүлрүүн: - эрхэм дүүгийн биеийг энд буй хэмээн сонсож, бахдан хүсэж ирсэн нь хоосонгүй болов хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - би Дунжин хотноо бүхий цагт би ер ах дүүд ёс алдсан удаа үгүй, өчигдөр анх нэгэн уулзаад их л хэлэлцэх санаа байсан боловч сэтгэл гүйцсэнгүй хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - мэргэн дүүгийн хайртай сэтгэлийн тэнэг би мэдсэн билээ хэмээн гар хавсран ёслов. Ү Юн бас Линь Чүнг магтан өгүүлрүүн: - би бас Дунжин хотод эрхэм баатар эрийг арван хувь хүч буй хэмээн хамаг амьтан хэлэлцэхийг олонтаа сонссон, дараа бас Цан Жоу хотод түймэр тавьж, олон цэргийн тариа өвсийг шатаав хэмээн хэлэлцэхийг мөн сонссон, гагцхүү асуух нь энэ ууланд ирэх цаг хэн таныг удирдан оруулан буй хэмээсэнд Линь Чүн Цай Жиньгийн зааснаар ирсэн. Нэгэн зүйл гомдох нь Гао тайвэйгээс амьд насандаа өшөө хариулахыг ихэд санамуй. Ер арга олдохгүй, энд ирж сууж буй хэмээсэнд Ү Юн Линь Чүнд өгүүлрүүн: - саяын хэлсэн тэр Чай Жинь нь дэлхий дахинд нэр гарсан хүн, та мөн түүн лүгээ адил та энд ирвээс Ван Лунь зүй нь сууринаа танд тавин өгвөөс зохимуй. Линь Чүн өгүүлрүүн: - би энд ирээд хүний суурийг эзлэх байтугай Чай Жиньгийн бичиг үгүй болбоос ч энд багтахгүй билээ. Одоо ч болов намайг энд суухад Ван Лунь үнэхээр дургүй, Ван Лунь нь сэтгэл бат үгүй, харгис санаа бас буй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - Ван Лунь баялаг хүнийг дээш татах ядуулаг хүнийг хайхрахгүй ажгуу хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - хэлэх газар үгүй, одоо болбоос ойр орчмын нэр гарсан сайн эрс цуглаж ирэх нь гантай газар бороо орсон мэт боловч Ван Лунь угаас эм хүний сэтгэлтэй тул олон нөхөд үнэн санаагаар түүн лүгээ нөхөрлөхгүй буй за.

Нүдний өмнө өчигдөр шөнө ах дүү та бүхнийг багтаан суухгүй байдал бүхийг та бүхэн мөн мэдсэн буй за хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - би юун үл мэдмүй. Бид түүний байдлыг нэгэнт мэдсэн тул энд хоргодохгүй тус газар очмуй хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - сайн эрс та бүгд намайг бүү гадна санагтун. Өчүүхэн над нэгэн бодсон газар буй. Аливаа явдал энэ өдөр даруй мэдэгдмүй. Энэ эрхбиш хурим бэлдэж таныг залмуй. Чухам гол зүрхнээс хүндэлж сэжиглэх байдалгүй болбоос барав.

Хэрвээ мөн өчигдрийн адил хуурмаг хөндий болбоос хамаг хэргийг би дааж үйлдвээс явдал гүйцэх нь тэр болой хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - сайн дүү өчүүхэн биднийг энэ мэт анхааран өршөөх санааг бүгдээр мэдэв. Хүнд ачийг огоот үл мартмуй. Ү Юн өгүүлрүүн: - эрхэм Линь ах та маны хувийг бодож, хуучин нөхөр лүгээ ая эв муудаж болохгүй. Энэ өдөр өөр янз гарваас бид даруй өөр тийш зайлж явбаас болмуй. Линь Чүн өгүүлрүүн Ү сяншэн таны энэ үг ташаарав. Эртний үгэнд зальхай журамтан хоёр нийлж болохгүй хэмээсэн биш үү, би хуучин шинэ хэмээн ялгаварлах санаагүй. Хэн эр хүний сэтгэлтэй болбоос түүнийг эрхэмлэмүй. Бодвоос нохой эмийн сэтгэлт Ван Лунь яавч маны гараас гарах нь бэрх. Та бүхэн сэтгэлээ уудам тавигтун хэмээн хэлээд босч гарах хэмээхүйд олон хүн бид аажмаар зөвлөе хэмээн хэлж, Линь Чүнг үдэж илгээв. Түүнээс Линь Чүн буцаж ирээд хэдэн цэргийн хүнийг зарж Чао Гай нарыг залж, энэ өдөр манай уулын хүрээлэнд усан тин харшид хурим базааж найрлая хэмээн илгээв.

Тэр цэрэг очиж энэ үгийг Чао Гайд очиж ёсоор мэдүүлсэнд Чао Гай хариу өгүүлрүүн: - энэ өдөр уулын тэргүүн дарга маныг урьсан тул одоо даруй бараалъя хэмээн тэр хүний явсны хойно Ү Юнгээс асууруун: - энэ өдрийн хуримд очвоос сайн буюу эс очвоос сайн буюу хэмээхэд Ү Юн инээн өгүүлрүүн: - ах та бүү сэжиглэж санагтун. Энэ өдөр Лян Шань ууланд манай этгээдээс нэгэн эзэн суумуй. Миний бодсон хэрвээ худал болбоос миний хэл ялзартугай хэмээгээд бас өгүүлрүүн: - ах чи биендээ нууцгай зэвсэг авч очтугай. Тэр үед миний сахал илбэхээр тэмдэг болгон тогтоё хэмээн хэлэлцэж байтал бас Сун Вань дахин залахаар ирэв. Дараагаар цэргийн хүн нар долоон жууз дамнаж ирээд долоон хүнийг суулгаж, усан тин харшид хүрч, Ван Лунь, Ду Чянь, Линь Чун, Жү Гүй нар тосч гараад тин харшид залж оруулаад даруй ширээн дээр суулгаж, цэргийн ард архи өргөж, Чао Гай Ван Лунь хоёр сул үг хэлэлцэхийн дашрамд Ү Юн Линь Чүнгийн царайг харваас Линь Чүн Ван Луньг хүйтнээр хармуй. Архи уусаар даруй үд өнгөрч, тэндээс Ван Лунь доод хүнийг илгээж, мөнгөний сангаас таван ембүү авчруулж, их тавганд тавьж, өөрөө босч Чао Гай нарт өгч, нуруу мэхийн ёсолж өгүүлрүүн: - эдүгээ манай эндэх газраа бага маш чухал иймийн тул эрхэм нөхөд өөр нэгэн саруул уудам, тавтай газар морилж жаргатугай. Хоосон бусын төдийхөн бага бэлгийг замын цайд зооглох хүнс болгон өргөмүй хэмээхэд Чао Гай өгүүлрүүн: - эрхэм дүүгийн газраас бэлэг санаж ирсэн газар үгүй, бид гагцхүү эрхэм баатар нөхөд лүгээ нийлж, хамтаар аж төрсүгэй хэмээн ирсэн билээ хэмээхэд Ван Лунь хариу өгүүлрүүн: - манай энд газар бага, үлгэрлэвээс манай энэ газар нэгэн өчүүхэн усан, олон их загас оршиж болохгүй, гэр цөөхөн, тариа будаа ховор, өдөр удсаны хойно осолдох магадгүй хэмээн хэлж барахгүйгийн урьд Линь Чүн даруй уур хүрч, хөмсөг атируулан их дуунаар зандран өгүүлрүүн: - чи урьд намайг ирэх үе, мөн энэ зэрэг үг хэлж хөөн явуулах хэмээсэн билээ.

Одоо бас Чао Гай ах тэргүүлэн өдий олон нөхдийг сайн санаагаар ирэхэд бас ийн хэмээх буюу. Даанч ёсгүй хэмээн бархирахад Ү Юн сяншэн хажуугаас хориглон өгүүлрүүн: - эрхэм тэргүүн дарга бүү хилэнлэгтүн. Бид энд ирж харин та бүхэн ах дүү нарыг эвдрүүлэхэд хүргэжээ. Бид эдүгээ өөр тийш явбаас барав хэмээхэд Линь Чун өгүүлрүүн: - энэ үг хэдий инээх царайгаар өгүүлэвч хутга хатгасан лугаа адил. Би энэ үг үл өнгөрүүлмүй хэмээхэд Ван Лунь өгүүлрүүн: - энэ мал мөн согтжээ. Ёсгүй үгээр намайг ичээмүй. Үнэхээр сайн мууг мэдэхгүй хэмээн аашилахад Линь Чүн хараан өгүүлрүүн: - чи нь нэгэн эрдэмгүй өчүүхэн хүн бас энэ уулыг эзлэх санаа буй буюу хэмээн хэлж, байн байн архи ууж байхад Ү Юн Чао Гайд өгүүлрүүн: - ах аа одоо бид явъя, танай ах дүү нар харин бидний ирснээс үүсгэж хэрэг зарга гарахад хүрмүй хэмээн даруй зэргээр босч тин харшаас бууж онгоц бэлтгэж явсугай хэмээхүйд Линь Чүн ширээгээ өшиглөж, хормойгоо хавчуулж, сэлэм барин давшилахуйд Ү Юн Чао Гай-ийг харж сахлаа илбэж байтал Чао Гай сэлэм барьж, бүгдээр тинзид орж ирье хэмээтэл Ү Юн зоримогоор Линь Чүнг татаж хориглон өгүүлрүүн: - та нар маны учирт бүү хоорондоо эвдрэгтүн хэмээн хориглоход Ду Чянь, Сун Вань нар мөн Ван Луньд өшиж ер хайхрах хүнгүй байхад Линь Чүн урагш очиж, Ван Луньг барьж хуруугаар нүдийг чичиж, хараан өгүүлрүүн: - зээлд сууж тэнэн явсан өчүүхэн хүн чи Ду Чяний буянаар энэ ууланд хүрч ирээд бид бүхэн чамайг өргөмжилснөөр чи энэ туйлд хүрээд харин маныг дарлах буюу. Чиний мэт хүнийг энд агуулах байтугай албаас зохимуй. Суулгаваас эрдэм бодлого үгүй, нөхөрлөвөөс эв үгүй, тус үл бүтээх мал хэмээн харааж байтал Ду Чянь, Сун Вань, Жү Гүй нар салгаж зогсооё хэмээн дэргэд хүртэл Линь Чүн Вань Лунгийн аюулхайн тус сэлмээр нэгэнтээ хатгасанд цус гарч үхэв.

Үүнд Чао Гай нар үзэж байтал Линь Чүн Ван Луний толгойг огтолж аваад гартаа барьж, бас гар хөдөлье хэмээтэл Ду Чянь, Сун Вань, Жү Гүй нар газар сөгдөж, гуйн өгүүлрүүн: - Линь Чүн ах та уураа дарагтун, бид үнэн санаанаар чам лугаа эвдэрсэн учир үгүй. Эдүгээ өшөөт хүнийг алав. Одоо бид нар хуучнаар хамт аж төрсүгэй хэмээн гуйж Ү Юн бас нэгэн сандал авчирч, газар тавин өгүүлрүүн: - бүгд ах дүү нар үзэв үү, хэрвээ Ван Луньгийн адил хүн буй болбоос эцэст энэ мэт болмуй. Одоо Линь Чүнг энэ уулын эзэн болговоос зохимуй хэмээхэд Линь Чүн өгүүлрүүн: - Ү Юн ах та ташаарав. Би нь нэгэн ухаан бодлогогүй хүн, яахин энэ хэргийг дааж болмуй. Харин над нэгэн бодсон газар буй. Та бүхэн дагах үл дагахыг мөн мэдэхгүй хэмээсэнд бүгдээр өгүүлрүүн: - эрхэм таны хэлсэн үгийг хэн хүн зөрчмүй, бид дуртайяа дагамуй хэмээн бүгдээр айн эмээн, юу хэлэхийг хүлээж суув. Үүнээс хойш ямар болохыг дараах бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top