Сүн улсын Хүйтэн уулын бичиг | Арванесдүгээр бүлэг

2020 оны 11 сарын 30

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЛЯН ШАНЬ УУЛАНД ЧАО ГАЙ ЭЗЭН СУУВ

САРУУЛ ШӨНӨ ЛЮ ТАН ЮНЬ ЧЭН СЯНЬД ОЧИВ

Өгүүлэх нь, Линь Чун тэндээс гартаа сэлэм барьж олны зүг өгүүлрүүн: -  Линь  Чүн  би  нь  угаас  шилдэг  хорооны  нарийн  цэргийн  дарга  дөчин түмэн хүний манлайд явсан хүн. Хэрэг халдаж энэ уул ирээд үзвээс Вань Лун даанч эм хүний адил зантай, сайн хүнийг багтаан чадах эрдэмгүй тул би сая олон нөхдийн өмнө алж, хорслыг тайлснаас бус ер энэхүү уулыг эзэлж суурь авах гэсэн санаа үгүй. Над хэдий бага сага цэргийн эрдэм буй боловч ухаан бодлого гүн үгүй. Чао Гай ах болбоос эрдэм өршөөл хосолсон, аливаа хүнийг асран тэжээх чадал буй.

Дэлхий дахин сайн хэмээн нэр олсон, тэргүүн зэргийн үнэнч журамтай хүн. Энэ уулын эзэн болговоос зохимуй хэмээхэд олон хүн зэргээр өгүүлрүүн: -  энэ  тавтайяа  манай  санаанд  нийлэв,  даруй  энэ  ёсоор  болбоос  зохимуй  хэмээхэд  Чао  Гай  гараа  сажиж  өгүүлрүүн:  -  эрхмүүдийн  гүн  өршөөлийг  мэдэж ихэд баярлав.

Эртний үг, зочид хэдий эрдэмтэй боловч гэрийн эзнийг голж үл болмуй хэмээжээ.  Би  огт  хүлээж  чадахгүй  хэмээж  байтал  олон  хүн  зэргээр  Линь  Чүнгийн зүг нүд тусахад Линь Чүн учрыг мэдээд даруй гүйн ирж, Чао Гайг өргөн аваачаад их сандалд тавьж суулган, даруй их дуунаар өгүүлрүүн: - бид нэгэнтээ Ван Луньг арилгаж, мууг дарж, сайныг нөхөрлөе хэмээсэн тул Чао Гай  ах  чамайг  эзэн  болгон  суулгав.  Хэрэв  санаа  дагахгүй  болбоос  би  мөн  хүлээхгүй хэмээн хэлж, Линь Чүн, Ду Чянь, Сун Вань, Жү Гүй, Ү Юн, Руань овгийн ах дүү гурвуул, Гүн Сунь Шэн тэргүүлэн бүгдээр Чао Гайд баяр хийж мөргөн, түүнээс зарим нь Ван Луньгийн хүүрийг зайлуулж, зарим нь уулын бүгд цэргийн дарга нарыг цуглуулж, зарим нь Жү И Тин хэмээх их харшид тэргүүн зэргийн дээд хурим бэлтгэж, олон ширээ зэрэгцүүлэн засаж, зүйл бүрийн нарийн жимс, зууш, ногоо төхөөрч тавьсны сүүлд Чао Гайг тэргүүн сандалд залж суулган, Линь Чүн урагш сөгдөж мөргөн өгүүлрүүн: - доод дүү Линь  Чүн  би  нэгэн  гүдэг  эрс  зантай  хүн,  нарийн  бичиг  сургууль,  бодлого  ухааны  зүйлийг  огт  үл  мэдмүй.  Гагцхүү  цэргийн  нэгэн  бүдүүлэг  эрдмээр  зэвсгийн   зүйлийг   бага   төсөөлмүй.

Олноор   над   хайртайгаар   би   хүчин   гаргаж,  ганцаар  тэргүүлэн  санаа  үүсгэж,  Чао  Гай  ахыг  энэ  уулын  тэргүүн  ширээнд  суулгав.  Бодвоос  Чао  Тянь  Ван  хэмээн  нэр  алдаршсан  Бао  Жэн  нь  эрдэм  бодлого  тэгширсэн  хүн  тул  энэ  хүнээр  өргөмжилж,  дараахд  Ү  Юн  хэмээх  Шүэ  Жү  сяншэн  арга  бодлого  нэвтэрсэн  хүн  тул  энэ  уулын  цэргийн  цэрэг  сургуулийн  хүнд  хэргийг  дааж,  жүнь  ши  болон  хоёрдугаар сууриныг  эзэлтүгэй  хэмээхүйд  Ү  Юн  сяншэн  даруй  хүлээхгүй  өгүүлрүүн:  -  би бага эрдэм бичиг үзсэн боловч чухам хүнд хэргийг мөн ганцаар тэргүүлж чадахгүй  хэмээхүйд  Линь  Чүн  өгүүлрүүн:  -  хэрэг  нэгэнт  сяншэнгийн  биед  итгэсэн  тул  бие  зайлваас  болохгүй  хэмээсэнд  Ү  Юн  мөн  мөн  баярлаж,  хоёрдугаар сууринд суув. Линь Чүн бас Гүн Сунь Шэнд өгүүлрүүн: - даоши тань  нь  хувилгаан  увидас  бүрдсэн  хүн  тул  гуравдугаар  сууриныг  эзэлвээс  зохимуй   хэмээхэд   Чао   Гай   өгүүлрүүн:   -   Тэр   хүн   гуравдугаарт   болгож   болохгүй хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - ах та мэдэх бус. Гүн Сунь Шэн нь үлээвээс бороо оруулж, зандарваас салхи хөдлөхийн зэрэг хувилгаан увидас буй тул мөн суулгаваас болмуй хэмээхүйд Гүн Сунь Шэн өгүүлрүүн: - ядуу даоши  надад  бага  зэргийн  увидас  буй  боловч  энэхүү  сууринд  тэнцэхгүй.  Харин Линь мэргэн дүү өөд болж энэхүү суурийг эзэлбээс зохимуй хэмээн хэмээв.  Линь  Чүн  даруй  инээн  өгүүлрүүн:  -  гурван  хэлхээг  бодож  түүгээр  үлгэрлэн зохиож гурван эзэн болон өргөмжлөх тул та даруй хүлээн авагтун хэмээн түлхэн аваачиж гуравдугаар сууринд суулгав.

Үүнд  Чао  Гай,  Ү  Юн,  Гүн  Сунь  Шэн  гурвуул  зэргээр  босч,  Линь  Чүнг  ёсолж, дөрөвдүгээр суурийг эзлүүлэн, хүнд хэргийг бүгдээс илүү тэргүүлэн явагтун хэмээн дахин дахин ёсолж, хүчээр дөрөвдүгээр ван болон суулгав. Түүнээс Чао Гай Ду Чянь, Сунь Вань хоёрыг ирүүлж, бүгдээр нуруу мэхийн ёсолж,   тавдугаар,   зургадугаар   сууринд   суулгая   хэмээхэд   тэр   хоёр   айн   болгоомжилж,  огт  хүлээн  авахгүй.  Лю  Танг  тавдугаарт,  Руань  Шяо  Элийг  зургадугаарт суулгав. Руань Шяо Ү-г долдугаар, Руань Шяо Чи наймдугаарт, Ду  Чянь  есдүгээр,  Сунь  Вань  аравдугаар,  Жү  Гүй  арван  нэгдүгээрт  суув.  Тэндээс энэ өдөр Лян Шань Фүд эд нар арван нэгэн сайн эрс эзлэн суусанд уулын бүгд найман зуу илүү цэргүүд хүрч ирээд хоёр этгээдэд жагсаж зогсов.

Энэ тухай Чао Гай олон ах дүү болон бүгд цэрэгт зарлан өгүүлрүүн: - энэ өдөр  Линь  Чүн  миний  биеийг  батлан  сууринд  суулгаж,  Ү  Шүэ  Жүг  тэрхүү  жүнь ши, Гүн Сунь Шэн хавсармуй. Линь Чүн над лугаа хавсарч захирмуй. Иймийн  тул  та  олон  бүхэн  хуучнаас  илүү  санаа  болгоомжлогтун.  Аливаад  үнэн  санаагаар  зүтгэж,  журам  зүйг  дагаж  явагтун  гэх  зэргийн  сургах  үг  хэлээд, зам тосч дээрэмдэн авсан хэдэн түмэн ланг авчирч, олны өмнө дээр доор бүгдэд, их багаар тархаж шагнаад, үхэр морь алж, тэнгэр дэлхийг тайж тахиад, Жү И Тинг сэлбэн засаж, тэр өдрөөс эхлэн дараагаар хичнээн өдөр их хурим үйлдэв. Түүнээс Чао Гай, Ү Юн нар зөвлөж санд хандалсан юмыг байцаан үзэж, уулын хэрмийг шинэтгэн засаж, цэргийн зэр зэвсгийг дахин засаж,  онгоц  сэлтийг  бүрнээ  шинэтгэн  дүүргэж  төхөөрснийг  нарийнаа  үл  өгүүлмүй. Тэднээс Линь Чүн сая санаа амарч Чао Гайд өгүүлрүүн: - Би анх цагаас  энд  ирэхэд  гэрт  их  эм  хөвгүүнийг  орхиж  ирсэн  билээ.  Одоо  миний  нутаг  Бээжинд  тэд  нар  амьд  буй  үгүйг  үл  мэдмүй.  Урьд  гэрийн  хүнийг  авчрах санаа буй боловч Ван Луньтай санаа эс нийлэх тул авчраагүй бүлгээ хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - Мэргэн дүүгийн гэр орон байсаар атал юунд энд авчрахгүй. Зүй нь даруй захиа бичиж, хүн илгээвээс зохимуй хэмээсэнд Линь  Чүн  захиа  бичиж,  хоёр  итгэмжтэй  хүнийг  зарж  илгээсэнд  уг  зарсан  хоёр  хүн  эргэж  ирээд  Линь  Чүнд  мэдүүлрүүн:  -  Өчүүхэн  бид  нар  Дунжин  д  очиж,  сургуулийн  дарга  Жан  овогт  лугаа  учирч,  сураглан  асууваас  сайд  Гао тай вэй таны биеийг хорлон явуулснаас хойш таны гэргийг дарлаж авах хэмээсэнд тэр ичиж, амиа хорлож үхжээ. Одоо хагас жил илүү болсон гэнэм. Үлсэн зарц хүүхэн Жинь Эл хүчний хүргэн авч гэртээ авч, айл болж суумуй. Энэ нь цөм үнэн хэмээсэнд Линь Чүн энэ үгэнд ихэд гомдож уйлаад, олноор эдгээр  үгийг  сонсож  бүгдээр  сэтгэл  зовнин,  гагцхүү  сайн  үгээр  Линь  Чүнг  санаа түвшин болгов.

Түүнээс  нэгэн  өдөр  хол  харуулын  цэрэг  ирж  мэдүүлрүүн:  -  Жи  Жоу  хотын хоёр мянга илүү морьтой цэрэг хүрч, Ши Жие Цүньд ирж, таван зуу шахам  онгоц  тавьж,  уулын  хаяанд  буудаллаж  баймуй  хэмээн  мэдүүлсэнд  Чао Гай ихэд айн, даруй Ү Юн сяншэнг дуудаж ирүүлээд өгүүлрүүн: - Эдүгээ Жи  Жоу  хотын  олон  цэрэг  хүрч  ирээд  уулын  дор  буй  хэмээмүй.  Үүнийг  яамуй хэмээсэнд Ү Юн инээн өгүүлрүүн: - та сэтгэл амар суугтун. Над арга буй хэмээгээд даруй Руань овгийн ах дүү гурвууланг дуудаж, тэдний чихэнд та гурав ийм тийм яв хэмээн захиж бас Линь Чүн, Лю Тан хоёр бас захиж, дараа  Ду  Чянь,  Сун  Вань  хоёрыг  дуудаж  тушаан  өгүүлснийг  үл  өгүүлмүй.  Өгүүлэх  нь,  Жи  Жоу  хотоос  цэрэг  авч  ирсэн  цэргийн  тэргүүн  Хуан  Ань  харъяат  хотын  сайдын  тушаалыг  хүлээж  нэгэн  мянган  илүү  цэрэг  авч  Ши  Жие  Цүньд  хүрч  ирээд,  их  цэргийг  хоёр  хуваан  Лян  Шань  уулыг  бүсэлж,  Хуан  Ань  өөрийн  биеэр  цэрэг  авч,  Жинь  Ша  Тань  хэмээх  хөтөл  дээр  гарч,  их дуунаар сүр тавин хашхирч байтал, харанга дэлдэн, бүрээ үлээж, холоос гурван  онгоц  айсуй.  Үзвээс  дөрвөн  хүн  онгоц  сэлж,  дунд  нь  нэгэн  хүн  толгойгоо хүрэн бүсээр ороож явмуй. Бус хоёр онгоцны хүн мөн адил ажгуу. Энэ ирэх гурван онгоцны дунд явах хүний Хуан Ань-ий цэргийн ард Руань овгийн ах дүү гурвыг таньж хэлсэнд Хуан Ань даруй дөч тавин онгоц цэрэг илгээж, та нар хоёр талаас хашиж очоод тэр гурван хүнийг баригтун хэрэг бүтээж үл бариваас гавьяа их буй хэмээн тушаасанд олон цэрэг тэдний зүг ирэхэд  ах  дүү  гурав  хойш  буцав.  Хуан  Ань-ий  цэрэг  ойр  шахаж  харвасанд  Руань  овгийн  ах  дүү  нар  бамбай  өмсөж,  сум  харвавч  оногдсонгүй.  Хоёр  гуравны  газар  нэхэж  одсоны  хойно  нэгэн  бага  онгоц  нисэх  мэт  ирж,  Хуан  Аньд өгүүлрүүн: - тэргүүн дарга муухай болов.

Манай цэрэг тэрхүү гурван онгоцны хойноос нэхэж амь тавин харваж байтал  тэдний  этгээдээс  өдий  төдий  бага  онгоц  олон  цэрэг  гэнэт  нарийн  замаар  гарч  ирээд  сумаар  бороон  орох  мэт  харваж,  манай  цэргийг  бүрнээ  алж,  нум  сум,  зэр  зэвсгийг  булаан  авав.  Зарим  нь  дутаан  гарч  усны  аралд  бүхий цэргийн хүрээнд очиж, морьдоо авч унах хэмээсэнд морин хадгалсан цэргийг  бусниулж,  морьдыг  аваад  явжээ.  Бид  нар  аргагүй  зэгсэн  дотор  буруулан явж энд хүрч ирэв хэмээсэнд Хуан Ань ай юутай муу болов хэмээн даруй цэрэг хураах цагаан далбаа гаргаж даллаж байтал хойд талаас гурван их  онгоц  арваад  бага  онгоц  дагуулан  нэгэн  онгоцонд  гурав  дөрөв  төдий хүн зогсож, гартаа олон хиур барьж нисэх мэт айсуй. Бай байсаар удсангүй дөрвөн зүгээс олон онгоц хааж бүслэв.

Түүнээс  хойно  нэгэн  онгоц  Хуан  Ань-ий  ойр  ирж  өгүүлрүүн:  -  Хуан  Ань чи толгойгоо огтолж өгвөөс зохимуй хэмээн хэлэхэд Хуан Ань аргагүй хүчлэн  байлдаж  байтал  ялаа  нисэх  мэт  олон  зэв  бууж  ирсэн  зайлуулан  завдахгүй  тул  айн  буруулж  хойш  харваас  дагасан  цэрэг  их  дундуур  үхэж,  зарим нь амьдаар баригджээ.

Бас  удсангүй  нэгэн  суман  онгоц  дэргэд  нь  тулж  ирэв.  Энэ  нь  Лю  Тан  ажгуу. Хуан Ань-ий онгоцны толгойг тээгээр тээгдэж ойртуулан өөрөө Хуан Ань-ий  онгоцны  дээр  гарч  хоёр  гараар  Хуан  Ань-ий  дээр  өргөж  бариад  онгоц  сэлбэн  явж,  хуурай  газар  гарч  ирээд  хүлж  аван,  үлсэн  цэргээс  хоёр  зуун  илүү  хүнийш  амьдаар  оруулж  аваад  үхсэн  цэргийн  ясыг  усанд  орхиж  онгоц,  цэргийн  морьд,  тариа  өвс,  майхан  аливаа  юмыг  хураамжлан  аваад  уулдаа  бүгдээр  буцаж  ирээд  Жү  И  Тинд  чуулж  Хуан  Ань-ийг  саравчны  баганад хүлж зогсуулав. Алт, мөнгө, торгоны зүйлийн юмаар олон цэргийг шагнаж, Линь Чүн ганцаар зургаан долоон зуун сайн морьтой булаан иржээ. Зүүн  этгээдийг  дарсан  нь  Сун  Вань,  Ду  Чянь  хоёрын  гавьяа,  баруун  этгээд  Руань  овгийн  гурван  ах  дүү  нарын  гавьяа.  Хуан  Ань-ийг  амьд  барьсан  нь  Лю  Тан  баатар  ажээ.  Тэндээс  их  баярын  ёсоор  тэргүүн  зэргийн  их  гавьяа  байгуулав  хэмээн  маш  ихэд  хуримлав.  Тэндээс  хуурай  замын  харуулын  цэрэг   ирж   мэдүүлрүүн:   -   Жү   Гүй   даргаас   эндэх   тэргүүн   ноёнд   мэдээ   илгээсэн нь арван гаруй зам явах худалдааны хүн нар үлэмж их алт, мөнгө, үнэтэй торго, магнагийн зэрэг юм ачиж, энэ үдэш үүрээр өнгөрмүй хэмээн мэдээ илгээсэн тул даруй хүн илгээж, тэрхүү юмыг булаан авахыг хичээвээс зохимуй хэмээсэнд Чао Гай ихэд баярлан өгүүлрүүн: - үнэхээр чухал зарлага бүхий цагийн тохиолдуулан мэдээ хүргэж ирсэн нь маш сайн. Хэн очиж энэ хэргийг бүтээж ирмүй хэмээхүйд, Руань овгийн ах дүү гурвуул зэргээр гарч, бид нар очиж авчиръя хэмээсэнд Чао Гай баярлан өгүүлрүүн: - та гурван дүү үзвээс зовох газар мөн үгүй. Сайтар болгоомжлон явж гавьяа бүтээж ирэгтүн хэмээсэнд тэр дүү ах гурвуул дээлээ халж өмсөөд, өөр өөрийн зэвсгийг авч нэгэн зуун цэрэг авч түүнээс уулаас бууж Жү Гүйгийн архи худалдах дяньд очиж хүлээсний хойно Чао Гай бас Лю Танд нэгэн зуун цэрэг дагуулж Руань овгийн ах дүү гурвыг тосч илгээн өгүүлрүүн: - та нар бүгдээр хүчин хавсарч, тэдгээр юмыг авчран хүнийг бүү хорло алагтун хэмээн тушааж илгээв. Тэр өдөр  гурван  жин  болтол  буцаж  ирсэнгүй.  Чао  Гай  бас  Ду  Чянь,  Сун  Вань  нарыг тавин цэрэг өгч мөн угтаж явуулав. Чао Гай үлсэн нөхөд лүгээ архи ууж үүр цайв. Удсангүй цэргийн ард ирж мэдүүлрүүн: - Жү Гүй арван хэдэн тэрэг алт, мөнгө, хэв торго, өлөг бараа нэлээд олон луус, морь, илжиг авчрав хэмээсэнд  Чао  Гай  асууруун:  -  та  нар  хүнийг  хорлож  алав  уу  хэмээсэнд  цэргийн  хүн  нар  өгүүлрүүн:  -  тэлгээр  хүн  манай  сүрээс  айж,  ачаа  юмаа  орхиж  явсан.  Ер  хүн  хорлосонгүй  хэмээхэд,  Чао  Гай  үүнээс  хойш  хүний  амийг  давын  өмнө  бүү  хорлогтун  хэмээгээд  тэрхүү  дээрэмдэн  авсан  юмыг даруй  хүн  илгээж,  уулны  дээр  авчруулж  барсны  хойно,  Жү  Гүйг  ирүүлж  сандалд сууж, бүгдээр нэгэн хамт сууж, цэргийн хүн нараар авчруулан, алт мөнгө юмыг зүйл зүйлээр овоолж, сангийн хадгалагч хүнийг дуудаж тушаан өгүүлрүүн:  -  чи  энэ  юмыг  хоёр  адил  нэгэн  таоыг  санд  хадгалагтун.  Нэгэн  хувийг олон тэргүүлэгч дарга нарт дээр доор зэрэг дэсээр хуваан шагнагтун хэмээв.

Баригдсан цэргийн өвс мод хадах ба морь тэжээх зэрэг үйлдвэр хийлгэв. Жич  Хуан  Ань-ийг  сул  гэрт  батлан  сахиулав.  Түүнээс  Чао  Гай  олон  нөхөд  болон  бүгд  цэргүүдэд  өгүүлрүүн:  -  бид  Ван  Луньг  дарж  уулын  эзэлснээс  хойш, Жи Жоугийн цэргийг дарж, морь олж аваад, бас Хуан Ань-ийг барьж, дараагаар өчнөөн их юм олсон нь олон нөхөд дүү нарын зузаан гавьяа болой хэмээн ихэд баярласан царайгаар өгүүлэхэд, олон бүгдээр өгүүлрүүн: - энэ нь эрхэм ахын их буянаар ийнхүү хялбараар бүтсэн буй хэмээн ихэд архи ууж, найрлахын дунд Чао Гай өгүүлрүүн: - манай арван хүнийг анх Сун Жян, Жү Түн хоёр эс аварсан болбоос бид яахин энэ туйлд хүрэх билээ. Одоо дэгжсэн цагт ачтаны ачийг хариулахыг санах нэгэн зүйл явдлыг бүү мартъя. Эдүгээ ч энэ мэт жарган суув хэмээвч тэр хоёр хүний гавьяа бус буюу. Миний санаанд даруй алт мөнгө хүргүүлж, нэгэн захиа бичиг илгээвээс сайнаас гадна, бас Бай Шэн одоо Жи Жоу Фүгийн гянданд хориулан бүхийг мөн аварваас сайн билээ гэхэд Ү Юн өгүүлрүүн: - ах та энэ зүйлд бүү зовогтун, аливааг би цөм мэдмүй. Сун Жян нь их ёс журамт хүн, ач хариулахыг үл санамуй.

Хэдий  тийм  боловч  бид  сэтгэлийг  хариулах  нь  мөн.  Бай  Шэнгийн  хэргийг  эв  аяыг  бодож,  нарийн  бодлогоор  амийг  гаргаж  зайлуулахыг  хичээх хэрэгтэй хэмээв. Эдгээр сул үгийг үл өгүүлмүй. Өгүүлэх нь, Жи Жоу Фү хотын фү ин түшмэл яамандаа сууж байтал Лян Шань Фү Хуан Ань-ийг дагаж  одсон  цэргээс  нэгэн  хүн  буцаж  ирээд  фү  ин  түшмэлд  мэдүүлрүүн:  -  тэр  өдөр  Хуан  Ань-ийг  дагаж  Лян  Шаньд  очиж  дийлэгдсэн  учрыг  бүрнээ  мэдүүлж,  Ван  Лунь  эхлэн  олон  хүн  нарын  баатар  хүчтэйг  хэлж,  Хуан  Ань-ий амьд баригдаж, тэнд хориулсныг нэг нэгнээр мэдүүлсэнд фү ин түшмэд ихэд айж хариу өгүүлрүүн: - урьд Цай тайшигийн газраас илгээсэн Хэ Тао таван зуун хүн дагуулж очсоноос нэг ч хүн эгэж ирсэнгүй.

Харин хоёр чихийг огтолж аваад буцаажээ. Одоо хэрхвээс сайн болов, цэрэглэвч огт хариу авах аргагүй хэмээн санаж байтал, хаалга сахисан албаны хүн ирж мэдүүлрүүн: -  шинэ  тушаалын  фү  ин  түшмэл  хотын  зүүн  хаалганы  гадна  хүрч  ирээд  тэнд  сууж  хүлээмүй  хэмээсэнд  фү  ин  яаравчлан  мордож,  тэнд  ирж  шинэ  тушаалын түшмэлд уулзаж, хамт яамнаа ирж, тамга хэрэг зүйлийг тушаан өгч, дараагаар хурим бэлдэж албаны хурим хийв. Түүнээс хуучин тушаалын түшмэл  шинэ  фү  инд  Лян  Шань  Фүгийн  олон  дээрэмчин  нарын  хэргийг  нэгэн зэрэг хэлсэнд тэр шинэ түшмэл царай хувилж дотроо бодруун: - Цай тайши  намайг  энд  илгээсэн  нь  ер  туслан  харгалзсан  санаа  үгүй.  Харин  догшин барсын аманд илгээсэн нь болой. Хэрэв эдгээр хэрцгийн хулгай нар харъяат хотыг булаахаар ирвээс тэр цагт яамуй хэмээн ихэд зовнин суумуй.

Хуучин  тушаалын  фү  ин  аливааг  төхөөрч  засаж,  Дунжин  хотноо  хулгай  барьж чадсангүй учрыг гаргаж, буруугаа хүлээхээр мордов.

Түүнээс Жи Жоугийн шинэ тушаалын түшмэл харъяат яамны ихээхэн тушаалын   дарга   нараас   нэгэн   хүнийг   дуудаж   ирүүлээд   хулгайг   барих   арга  зөвлөн,  чадалтай  цэрэг,  сайн  морь,  тариа  өвсийг  бэлтгэн  бас  эдгээр  учрыг  дээш  мэдүүлж,  өөрийн  харъяат  захирсан  газруудад  хулгайг  хүчлэн  бариулах  явдлыг  нийтээр  чангалан  тушааж  явуулсанд  харъяат  Юнь  Чэн  Сянь-ий яаман энэхүү бичгийг хүлээн аваад Сун Жянд хулгайг бариулахаар тушаасанд  Сун  Жян  дотроо  сэтгэрүүн:  -  Чао  Гай  тэргүүлэн  Ү  Юн  сяншэн  нар нь цөм миний сайн ханилсан нөхөд, хэдий гачигдах цагт үүсгэсэн хэрэг боловч  тэд  нар  даанч  харгисаар  явжээ.  Ял  бодвоос  цөм  хүйс  тэмтрэхээс  хэлтрэх  арга  үгүй  хэмээн  бодож,  дэмий  гайхаж,  яамнаас  гараад,  зээл  явж  байтал хойноос нэгэн хүн Сун Жянг дуудсанд эргэж харваас тэр нь тэнд суух зууч  эм  Ван  По  Ши  ажгуу.  Нэгэн  бага  эхнэрийг  дагуулж  ойр  ирэхэд  Сун  Жян тэр эмээс ямар учир дуудсаныг асууваас, тэр эхнэр нөгөө залуу эмийг хуруугаар  зааж  өгүүлрүүн:  -  энэ  хүн  нь  манай  Дунжин  хотын  хүн  бус.  Сая  манай энд ирсэн, үүний гэрт гурван ам хүн буй. Үүний эр Янь Гүн, үүний охин Янь По Ши, энэ жил арван найман нас хүрч тэр охин нарийн хөгжим, зүйл бүрийн  дуун  дуулах,  үлээх,  дэлдэх  хөгжим  бүрнээ  сурчээ.  Манай  энэ  Юнь  Чэн Сянь-ий хүн нар энэ зэргийн найр хөгжимд дургүй тул эд нар энд удаан сууж  чадсангүй.  Дэмий  өдөр  өнгөрүүлж  байтал  үүний  эр  Янь  Гүн  өчигдөр  гэнэт  үхээд,  одоо  гарт  бэлхэн  мөнгө  зоос  үгүйд  энэ  эхнэр  ихэд  гачигдаж,  намайг  эрж  уулзан,  эдгээр  учрыг  элсэн  хэлж,  хүүхнээ  дам  худалдаж,  зоос  мөнгө олж, нэгэн авс олж, хүүр ясыг далд оршуулж, хэргээ бүтээе хэмээсэн билээ.

Эрхэм Сун ах та ядуу ардад асар их тус үйлдэж, буян хураах болов уу хэмээгээд  байн  байн  хөнгөмсгөөр  ёслон  гуйхад  Сун  Жян  угаас  ядуу  зүдүү  хүнийг  үзвээс,  өөрөө  гуйж  тусалдаг  хүн  тул  энэ  олон  үгийг  сонсоод,  даруй  өр  өвдөж  өгүүлрүүн:  -  тийм  болбоос  та  хоёр  намайг  дагаж  иртүгэй  хэмээн  нэгэн  бичиг  бичиж  өгөөд  модны  пүүс  нээсэн  Чэн  Эл  Лангаас  очиж  нэгэн  сайн авс авч хэрэглэтүгэй хэмээгээд бас зарж хэрэглэгтүн хэмээн арван лан мөнгө гаргаж тус болъё. Энэ явдлаа сайн өнгөрүүлтүгэй хэмээсэнд Янь По сандран  мэндрэн  өгүүлрүүн:  -  дээд  хүн  таны  хүнд  ачийг  энэ  насанд  яавч  хариулахад бэрх болов. Хойд төрөлд илжиг, морь болж хариулсугай хэмээн олонтаа мөргөж, Янь По мөнгийг авч, өөрийн гэрт харьж, үйл хэргээ бүтээж, үлсэн хэдэн лан мөнгөөр аж төрөн, хожим Янь По эм Сун Жяны гэрт ирж ач  хариулах  хэмээн  ирсэнд,  Сун  Жяны  гэрт  ер  эмхүн  үгүйд  ихэд  гайхаж,  Ван По эмээс асууруун: - Сун даргын гэрт юунд эм хүн үзэгдэхгүй. Ван По өгүүлрүүн: - Сун Жян гэр өөр газар буй. Энэ эм хүүхэд үгүй. Манай Юнь Чэн Сянь-д удаан жил суусан, ер бусад зүйлийн явдал сонстохгүй. Үргэлж ядуу зүдүү хүнд ач тус хүргэхээс өөр хэрэг хийдэггүй хүн болой хэмээсэнд Янь По өгүүлрүүн  манай  охин  Янь  По  Ши  болбоос  зүс  царай  гоо  үзэсгэлэн  бөгөөд  Дунжин  хотноо  бүхий  цагт  зүйл  бүрийн  дуу  хөгжимийг  үл  чадахгүй  явдал үгүй.  Аливаа  хүн  цөм  найр  хөгжмийн  тэргүүн  хэмээн  магтан  хэлэлцдэг  бүлгээ.  Хичнээн  нэртэй  баялаг  хүн  гэргийг  болгон  авъя  хэмээсэнд  бид  өгсөнгүй.

Одоо үзвээс Сун Жянгийн гэрт эм үгүй тул миний санаанд Сун даргад энэ  охиноо  дуртайяа  гэргий  болгон  өгвөөс  ямар  болов,  гэгч  байтугай  тэр  хүний  хүнд  ачийг  хүртсэн  тул  нэгэнт  тогтсон  санаан  болой.  Эгч  та  үүнийг  Сун  даргад  уламжлан  хэлж  өгмүй  хэмээсэнд  Ван  По  энэ  үгийг  сонсоод  даруй Сун Жянд хэлсэнд Сун Жян анхад мөн дурласан үгүй бай байсаар Ван Погийн аманд сургаагдаж даруй Янь По Ши охиныг авахаар тогтож, нэгэн залгаа  сайн  гэр  давхар  байшин  хөлслөн  авч,  Янь  хүүхэн  хоёрыг  тэнд  авч  суулган, дундуур сарын хооронд аливаа өмсгөл үүлт сайхан чимэг зүүлгэж, өдөр  нэлээд  хоносны  хойно  Янь  По  Ши  охин  зүс  өнгө  урьдынхаас  сайн  засдаг, үзэсгэлэн болж төлжсөнийг хэлэх явдалгүй. Түүнээс хойш Сун Жян түүний гэрт үргэлж ирэхийг алгуурлаж байв. Хожим ирэх нь цөөхөн болов.

Энэ учир юун хэмээвээс Сун Жян болбоос угаас цэргийн хүн тул хүчин тосон буурхай болохоос эмээж, тийнхүү үргэлж явахыг хорьсон ажгуу. Энэ учирт Янь По Ши охин сэтгэл ихэд цөхөрч Сун Жянг зэвүүрхэх болов. Сун Жян  бас  тэр  мэтийг  мэдэвч  мөн  дэмий  хэрэгсэхгүй  байсаар  хожим  нэгэн  өдөр  Сун  Жян  өөрийн  гар  доорх  Жан  Вэнь  Юань-г  энгийн  дагуулж  ирээд  Янь По Шигийн гэрт архи уув. Энэ Жан Вань Юань-ий төрсөн нь бие маш залуу, эрдэм чадал дэмий ялихгүй боловч шалиг самуун хэрэгт дуртай, ааш авир  тогтворгүй,  нүд  гажуу,  сэтгэл  хөнгөн,  үүнийг  Янь  По  Ши  охин  үзээд  дотроо ихэд хүсэж, түүн лүгээ сэртэгдэж санаа хөдлөв. Янь По Шигийн энэ байдлыг Жан Вэнь Юань үзээд угийн садар зальхай хүн тул хэдийнэ мэдэж тэр хоёр хүн сэтгэлээ мэдэлцэж, түүнээс хойш Сун Жянг гэрт эзгүй чөлөөнд Жан Вэнь Юань зогсолтгүй ирж очсоор Янь По Ши эм шууд шүлэгдэж тэр хоёр  үнэхээр  зузаан  янаг  амраг  болсон  ажээ.  Бай  байсаар  эх  нь  Янь  По  эмийг мэдэж мөн хүүхнээ хориглосонгүй сул тавьж явуулж байн, хожим Сун Жян хааяа ирэвч огт тоохыг байв. Сун Жян ч энэ байдлыг тодорхой мэдэвч угаас шударга сайн эр тул эм хүний гажуу самууныг мэдээд яахин ааш авир гаргавч мөн хайхрахгүй. Заримдаа мөн тэдний гэрт ирэхийг байснаас хойш Жан Вэнь Юань өдөр шөнө хэмээн эрээлэх явдалгүй, бүрмөсөн нэгэн насны эр эм адил явах болсныг айл аймгийн хүн мэдэд Сун Жянд хэлсэнд Сун Жян дотроо  сэтгэрүүн:  -  энэ  болбоос  миний  авсан  авааль  эм  бус.

Тэд  нар  угаас  ач  хариулах  хэмээн  Янь  По  Ши  эмээр  гуйн  хэлсний  тул  би  сайн  сэтгэлээр  гэр байшин төхөөрч өгсөн болой. Одоо над лугаа дургүй болбоос би очихыг зогсвоос барав хэмээн бодож түүнээс хойш очихыг байвч Янь По Ши үргэлж хүнийг илгээж байн байн дуудмуй. Сун Жян мөн элдэв шалтаг хэлж очихгүй. Дараа хэдэн сар болсны хойно, нэгэн өдөр Сун Жян цайны пүүсэнд цай ууж суутал  нэгэн  өөр  дүрстэй  сүрлэг  эрэлхэг  дүрэмтэй,  маш  идэр,  нүд  хурц,  бие  өндөр  тэргүүндээ  хар  эсгий  малгай,  биендээ  ногоон  бүс  дээл  нөмөрч,  бүсэндээ яо дао хэмээх өргөн ирт сэлэм хавчуулсан хүн ирээд, яамны үүдэнд зогсож,  дотогш  нарийвчлан  үзмүй.  Үүнийг  Сун  Жян  үзээд  даруй  тэндээс  гарч, тэр хүний хойноос явтал тэр хүн харин хүлээсэн мэт зогсож, хоёул бие тулж ойр ирсэн боловч, шалтаггүй аль аль нь үг асууж чадсангүй. Сун Жян бага явсны хойно, тэр хүн нэгэн хүнээс асууруун: - энэ өнгөрсөн хүн Сун Яа Сы хэмээх дарга мөн үү хэмээсэнд тэр хүн даруй мөн хэмээсэнд, тэр хүн Сун Жянгийн  өмнө  ирж  ёслон  өгүүлрүүн:  -  эрхэм  Сун  дарга  амархан  байна  уу  хэмээсэнд  Сун  Жян  гайхан  өгүүлрүүн:  -  эрхэм  хүн  намайг  таньж  атал,  би  нэгэн  цагт  эрхмийн  биеийг  лавлан  танихгүй.

Иймийн  тул  бид  нэгэн  газар  орж  хэлэлцсүгэй  хэмээн  зөвлөн,  нэгэн  архины  пүүсэнд  орж,  өндөр  гэрт  давж суусны хойно Сун Жян ёслон асууруун: - эрхэм дүүгийн дэд алдар нэр хэн болов, тэр хүн суудлаас босч ёслон өгүүлрүүн: - би нь Чао Гай хэмээх Бао Жэнгийн  гэрт  байх  Лю  Тан  хэмээх  өчүүхэн  хүн  болой  хэмээсэнд  Сун  Жян  энэ үгийг сонсож, ихэд айн өгүүлрүүн: - дүү чи юун их зүрхтэй буй. Зол мэт албаны  хүн  нар  үзсэнгүй.  Хэрэв  үзсэн  болбоос  яахин  зүгээр  өнгөрөх  ажээ.  Эрхбиш нэгэн хэрэг болох билээ хэмээсэнд Лю Тан өгүүлрүүн: - гайгүй ээ, би их ачит хүн таны дэргэд нэн санаагаар зарагдаж ирсэн тул, айх явдал огт үгүй хэмээсэнд, Сун Жян ихэд магтан бас асууруун: - дүү таныг хэн залж энд илгээв хэмээсэнд, Лю Тан нэгэн дараагаар Ван Луньг алсан ба Чао Гай Лян Шань уулын эзэн болж, Ү Юн, Гүн Сунь Шэн, Линь Чүн нар бүгдээр жарган сууж бүхийгийн баярын мэдээ хүргэж ирсэн ба одоо урьд эзэлсэн Сун Вань нарын  хамт  бүгд  арван  нэгэн  хүн  зэргээр  Сун  Жянг  дээд  ачит  хүн  хэмээн  нэгэн  зуун  лан  алт  хүргүүлж  илгээгээд  бас  Жү  Тингийн  ачийг  хариулах  зэргийг зүйл зүйлээр хэлж захидал бичгийг өгсөнд Сун Жян бичгийг үзээд захидал  бичгиыг  түрийвчид  агуулж,  зуун  лан  алтаас  арван  ланг  авч  өвөрт  хийж,  бусдыг  гэдрэг  буцааж  өгүүлрүүн:  -  дүү  чи  энэ  үлсэн  алтыг  уулнаа  аваачиж олон жан ян нарыг хэрэглэтүгэй хэмээгээд өгсөнд Лю Тан хүлээн авахгүй хэмээвч болсонгүй тул даруй эгүүлэн авав.

Дараа  Лю  Тан  тэрхүү  алтнаас  нэгэн  хэсгийг  авч  архины  пүүсэнд  өгье  хэмээсэнд Сун Жян өгүүлрүүн: - мэргэн дүү энэхүү алтнаас хорогдуулалгүй аваачиж  ууланд  хадгалагтун.  Сун  Жян  над  хэрэг  буй  аваас  хүн  илгээж  авахуулая. Жү Түнгийн гэрт очих байтугай би эндээс хэлбээс мөн барав. Зүй нь дүү чамайг өчүүхэн би доод гэрт аваачиж хонуулбаас зохих билээ. Гагцхүү айх нь одоо Лян Шань уулын хүн нарыг олж барих хэмээн чухам газар орны хүн нар цөм санаа тавьж, эрэн сжрвалжилж бүхий цагт би албаны жинхэнэ албаны  хүн  тул  мэдсээр  авч  гэртээ  байгуулбаас  манай  бүгдэд  ихэд  түвэг  ирмүй.

Энэ  хэр  шөнө  саруул  цаг,  дүү  эртхэнээс  буцваас  зохимуй  хэмээхэд  Лю  Тан  өгүүлрүүн:  -  манай  ууланд  Чао  Бао  Жэн  тэргүүлэн  сууж  цаазыг  барьсан  нь  маш  чанга.  Намайг  сул  буцваас  тэр  цагт  бодолгүй  хэмээн  ихэд  буруушаамуй  хэмээсэнд  Сун  Жян  өгүүлрүүн:  -  үүнд  зовох  зүйлгүй.  Би  мөн  аливаа учир нарийвчлан гаргаж захиа өгсүгэй хэмээн бичиг бичиж өгсөнд Лю Тан ёслон хүлээн авч Сун Жян архины пүүсний зоосыг өгч Лю Тан хамт давхар гэрээс бууж ирмэгц тэр цагт найман сарын арван тавны үе тул сар дээр гарч өдөр мэт саруул.

Үүнд Сун Жян олонтаа ёсолж өгүүлрүүн: - мэргэн дүү хожим яавч энд ирж болох. Хэзээ хэзээ хэмээхэд Лю Тан би мэдэв хэмээгээд харилцан ёсолж Лю Тан захиаг барьж Лян Шань Фүгийн зүг явав. Сун Жян өөрийн гэртээ ирж дотроо сэтгэрүүн Чао Гай хэдий Лян Шань ууланд очиж өдий  их  хэрэг  өдүүлсэн  аж.  Одоо  над  ач  хариулах  хэмээн  хүн  илгээсэн  нь  хэдий  сайн  нөхрийн  гол  санаа  боловч  энэ  удаа  хүн  сэжиглэсэнгүй  хэрэв  нэгэн  хүн  мэдвээс  чухам  амь  алдах  ялаас  мултрах  аргагүй  болмуй  хэмээн  бодож  гадагш  гараад  нэгэн  хэдэн  алхам  газар  явсангүй  хойноос  нэгэн  хүн  дуудав. Энэ нь ямар хүн дуудсаныг дараах бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top