Н.Номтойбаярыг шүүх хурал завсарлаж, ШҮҮГЧИД ЗӨВЛӨЛДӨЖ эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Засгийн газрын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг Улсын Дээд шүүх өнөөдөр /2021.01.22/ хэлэлцлээ. Тэгвэл дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэллээ. Шүүгдэгч Н.Номтойбаяр нь анхан болон давж заалдах шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял сонсож, Төв аймгийн Мөнгөнморьт дахь 417 дугаар хорих ангид ялын хугацаагаа эдэлж байгаа билээ.

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг анх 2019 оны арваннэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 аж ахуйн нэгж, иргэдэд давуу байдал бий болгож, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ч дараах оных нь гуравдугаар сард үндэслэлгүй, гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй хэмээн буцаасан байдаг. Харин 2020 оны дөрөвдүгээр сард түүнээс нэг ч тайлбар, мэдүүлэг авалгүйгээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байсан гэдгийг тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр Төрийн ордонд хэвлэлийнхэнд ярьсан билээ. Улмаар өнгөрсөн оны тавдугаар сарын 28-ний өдөр Н.Номтойбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, түүнээс хоёр сарын дараа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон юм. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал болж, Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top