Японд олон сая вакциныг хэрэглэлгүй устгана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Япон улс “Pfizer”,  “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакцинаас 144 сая тун авах захиалга өгсөн ч дөнгөж 120 сая тунг хэрэглэх боломжтой гэнэ.

Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Като Кацүнобугийн хэлснээр, тус улсад вакцины тусгай тариурын нөөц хангалтгүй тул Засгийн газар яаралтай захиалга өгсний дагуу үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

“Pfizer” вакцины нэг шилэнд зургаан тун байдаг ба бүх тунг соруулж авахын тулд тусгай тариур хэрэглэдэг байна. Стандарт тариурын тусламжтай зөвхөн таван тунг соруулж авах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл Япон улс 72 сая иргэнээ тарихаар төлөвлөж байгаа ч зөвхөн 60 саяд вакцин хийх боломжтой болно гэсэн үг.

Катогийн мэдэгдсэнээр, хэрэглээгүй вакциныг устгалд оруулах аж.

Япон улс энэ сарын 12-нд вакцины эхний нийлүүлэлтийг хүлээн авсан бол тус улсын Эрүүл мэндийн яам энэ сарын 14-нд вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Эрүүл мэндийн ажилтнуудыг өнөөдрөөс (2021.02.17) эхлэн вакцинжуулж байна.
 
 

Top