Б.Баатархүү: Б.Баасанцогт нарын бичлэг цацагдсан асуудлыг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Лифтний бичлэгээр олонд танигдаад байгаа өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой шинэ бичлэг өнгөрсөн амралтын өдрөөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Уг бичлэгт өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр болон өөр нэгэн иргэн хөл хорионы үеэр замын хөдөлгөөнд оролцож, бичиг баримтаа шалгуулж буй үйл явц гардаг.  Замын цагдаагийн энгэрийн камераар бичигдсэн бичлэгийг хэн, ямар зорилгоор олон нийтийн сүлжээнд цацаж байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл эл асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө.

Тэрбээр "Авто зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар бүгд энгэрийн камер ашигладаг. Цагдаагийн ажилтан гэмт хэрэг, зөрчил дээр дуудлагаар очсон ч энгэрийн камер ажиллуулж, бичлэг хийдэг. Харин Б.Баасанцогттой холбоотой замын цагдаагийн энгэрийн камерын бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан асуудлыг тодруулахаар дотоодын хянан шалгах хэлтэс ажиллаж байна" гэлээ. 

Сануулахад, Б.Баасанцогт нарын уулзалтын бичлэг цацагдсаны дараа тэрбээр "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө "Би Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаггүй, өмгөөлөгч хийдэг. Х.Идэр болон бусад шүүгчтэй гэр бүлийн найзууд. Бид найзуудаараа цуглан уулзаж байхад танил бүсгүй ирсэн. Араас нь хоёр бүсгүй түлхүүр авчирч өгсөн. Гэтэл энэ уулзалтыг биеэ үнэлэлт болгон харлуулах гэлээ" хэмээн тайлбарласан байдаг.

Уг ярилцлага нийтлэгдэхийн өмнөх орой нь тэдний лифтэнд яваа хэсгийн бичлэг задарсан ба Б.Баасанцогт нэг бүсгүйтэй нэлээд дотно харилцаатай байгаа нь харагддаг. Түүнчлэн түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладгийг баталгаажуулсан "Ажлын үнэмлэх" нь ил болсон билээ.

Ингээд Б.Баасанцогтын ярьсан бүхэн эсрэгээр эргэсэн тул тэрбээр "Амиа хорлоно гэх утгатай зурвас найз руугаа явуулаад, сураггүй алга болсон" гэх мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд цацагдсан ч тун удалгүй лагерын байшиндаа согтуу байхад нь олсон талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. 

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top