Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр нар коронавирус цар тахлын үед галын шугаманд ажиллаж буй сувилагчдыг хүлээн авч уулзаж санал сэтгэгдлийг сонслоо. Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн хэлтэс албадын удирдлагууд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв хамтарч зочлон ирсэн сувилагчдад тус бүр 500.000 төгрөгийн мөнгөн шагнал олголоо. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
"2020 оны 11-р сарын 11-ээс хойш өнөөдрийг хүртэл Орон нутгийн байгууллага, та бид хамтарч бүх хүчээрээ коронавирусыг дарахад ажилласан. Ажлын үр дүн гэвэл өдөрт 500 гаруйгаар илэрдэг байсан коронавирусын халдварын тохиолдол багасч, дүүргийн иргэдийн 90 гаруй хувийг дархлаажуулсан байдал гэж би ойлгож байгаа. Энэ бүх ажлыг хийж, үр дүнд хүрэхэд та бидний хамтын хичээл зүтгэл чухал нөлөөлсөн" гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр хэлэхдээ:
"Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд цар тахлын амаргүй нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын хамт олноо чин сэтгэлээсээ, чадах чинээгээрээ дэмжиж ажиллах болно. Та бүхэн минь ямар нэгэн бэрхшээл, асуудал тулгарах юм бол хэлээрэй. Би чадахгүй байсан ч чадах хүртэл нь та бүхнийхээ төлөө хичээж ажиллана" гэсэн юм.
Харин зочлон ирсэн сувилагч нарын хувьд
"Баянзүрх дүүрэг анх хамгийн их тохиолдол батлагддаг дүүрэг байсан. Харин өнөөдөр бид ингээд инээгээд сууж байгаа нь сайхан цаг ирж байгаагийн дохио болов уу. Засаг дарга та бүхний ажлыг бид цахимаар болон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үздэг. Дандаа иргэнээ гэж ярьж байгаад чинь талархдаг. Цаашид ч бид бүхэнтэйгээ хамтарч ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгээрэй гэж хүсэе!" гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )