Хүн H10N3 шувууны ханиадаар халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 01

Хүн H10N3 шувууны ханиадаар халдварласан дэлхий дээрх анхны тохиолдол БНХАУ-ын Жансу мужид бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улс хорооноос мягмар гарагт /2021.06.01/ мэдээлжээ.

Мэдээллээс үзвэл, тус мужийн Жэнжян хотын оршин суугч 41 настай эрэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр халуурч, хэд хоногийн дараа бие нь улам муудсан тул эмчид ханджээ. Одоогийн байдлаар,  түүний биеийн байдал тогтворжсон бөгөөд эмнэлгээс гарах шаардлагыг хангаад байгаа гэнэ.

Тавдугаар сарын 28-нд Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний төв өвчтөний мэдээллийг шинжилсний үндсэн дээр тус эрэгтэй H10N3 шувууны ханиадны халдвар авсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүний бүх хавьтагчийг тогтоон, тусгаарлаад байгаа ба нэмж халдвар авсан хүн одоогоор илрээгүй байна.

H10N3 вирус нь шувуунаас гаралтай. Учир нь H10N3 нь хүнийг халдварлуулах чадваргүйг генийн судалгаа харуулдаг. Үүнээс өмнө H10N3 шувууны ханиадаар халдварласан гэх ганц тохиолдол дэлхийд бүртгэгдэж байгаагүй. Эл вирусээр зөвхөн шувуу халдварладаг бөгөөд өвчин үүсгэх чадвар нь бага байдаг байна.

Top