АНУ-ын эмч нарын тогтоосноор, шинэ төрлийн коронавирус нугасны шингэнд нэвтрэх нь харьцангуй ховор гэнэ.
SARS-CoV-2 вирус тархи, нугасыг нь гэмтээсэн өвчтөнүүдийн 10 хувийнх нь нугасны шингэнд коронавирусний РНХ-ийн ул мөр илэрсэн байна.
“Journal of Neuroimaging” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, тархи, нугасны эс гэмтэх шалтгаан нь халдвараас үүдэлтэй үрэвсэл болон хүчилтөрөгчийн дутагдалтай холбоотой ба мэдрэлийн эс шууд халдварлахтай холбоогүй гэж Нью Йорк мужийн их сургуулийн судлаач Адриана Льюис тайлбарлажээ. Цар тахлын эхэн үед коронавирус захын мэдрэлийн эс болон тархины эсэд нэвтэрдэг болох нь тогтоогдсон. Коронавирус тархины эс дотор үржих чадваргүй ч олноор нь үхүүлж, мэдрэлийн задралын өвчний явцыг түргэсгэдэг байна.
Льюис нарын эрдэмтэд КОВИД-19 халдварын улмаас үнэрлэх чадвараа алдаж, ой тогтоолт нь муудаж, ухаан санаа нь самуурсан өвчтөнүүдийн нугасны шингэнд коронавирусний РНХ илрэх тохиолдол хэр олон буйг тогтоохоор судалгаа явуулжээ. Тэд дээрх шинж тэмдэгтэй 200 орчим өвчтөний түүхийг судалсан байна. Судалгаанаас үзвэл SARS-CoV-2 вирус хүний нугасны шингэн рүү орох чадвартай болохыг харуулжээ. Гэхдээ энэ нь харьцангуй ховор буюу судалгаанд оролцсон өвчтөнүүдийн таван хувьд тохиолдсон байна. Харин өвчтөнүүдийн 65 хувьд тархи, нугасны эсийн гэмтэл илэрчээ. Ингэхдээ эдгээр өвчтөний 10 хувийн нугасны шингэнд вирусний ул мөр олджээ. Нэг талаас коронавирус нугасны шингэнд нэвтрэх нь харьцангуй ховор ч мэдрэлийн эсийг шууд халдварлуулахаасаа илүү тархи, нугасны эсийг шууд бус замаар гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулдаг болохыг харуулж байна. Нөгөө талаас, хүнд хэлбэрийн халдвар авсан өвчтөнүүдийн нугасны шингэнд коронавирус илэрч байжээ. Тиймээс эрдэмтэд ухаан, санаа нь самуурах шинж тэмдэг илэрч буй өвчтөнүүдийг эмчлэхдээ үүнийг анхаарах ёстой гэж зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )