Коронавирусний цар тахал хэзээ, хэрхэн төгсөх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Хөгжингүй орнуудад Ковид-19 –ийн эсрэг вакцинжуулалт эрчимжихийн хэрээр цаашид хэрхэх вэ гэсэн асуулт тавигдаж байна. Сүргийн дархлаатай болтол хэр удах вэ, коронавирусний эсрэг үр дүнтэй эм гаргаж автал дэлхий хэвийн амьдралдаа эргэн орох уу? Тэгвэл эрдэмтэд цар тахлын төгсгөлийн талаар дөрвөн үндсэн хувилбарыг дэвшүүлжээ.

Энэ оны долоодугаар сарын сүүлээр “Lancet” сэтгүүлд Европын шилдэг 30 эрдэмтэн Ковид-19 цар тахал ойрын сар, жилүүдэд ямар чиглэлд өрнөх талаар таамаг дэвшүүлсэн нийтлэл гарсан. Ингэхдээ эрдэмтэд цар тахал ойрын 3-5 жилд дуусах уу гэсэн асуултад гол анхаарлаа хандуулжээ.

Энэ асуултын хариу гурван гол хүчин зүйлээс шалтгаална гэж үзэж байна. Тухайлбал, дэлхий даяар вакцинжуулалтыг хэр түргэн зохион байгуулах, вирус хэрхэн хувьсан өөрчлөгдөх, бид халдвар хамгааллын дэглэмийг хэр сайн баримтлахаас шалтгаална.

Гэвч одоогийн байдлаар дээрх гурван нөхцөл байдал тийм ч найдвар төрүүлэхүйц биш байна гэж эрдэмтэд онцолжээ. Вакцины хоёр тунг манай гарагийн насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг л хийлгээд байна. Хамгийн гол учир нь бэлдмэлийн хүрэлцээнээс гадна вакцинд итгэх итгэлд бас бий.

Онцгой халдвартай “Дельта” хувилбар дэлхийн бараг бүх оронд тархаж, илүү сул хувилбаруудыг шахан гаргаж байгаагаар барахгүй халдвар аваад эдгэрсэн эсвэл вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст халдварлаж байна. Гэтэл дэлхий даяар халдвар хамгааллын дэглэм баримтлах нь улам суларсаар. Ийм нөхцөлд халдварын шинэ тохиолдлын тоо эрчимтэй өсөж байгаад гайхах зүйлгүй.

Статистикаас үзвэл, дэлхий цар тахлын гурав дахь давлагааны оргил үеийг туулж байна. Өнгөрсөн долоодугаар сарын дунд үеэс халдварын батлагдсан тохиолдол 350 мянгаас 655 мянга болж, 1.5 дахин өссөн.

Товчхондоо цар тахлын төгсгөлийн талаар боломжит хувилбарууд дэвшүүлсэн эрдэмтэд Ковид-19 урт хугацаанд эрүүл мэндэд заналхийлсээр байх эсэх тал дээр итгэлтэй хариулж төвдсөнгүй.

Нэг талаас, тэд вирусээс бүрэн ангижирч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Халдвар авсан бүх хүн эдгэрсэн ч коронавирус амьтдын дунд “зугаалсаар” байх болно. Магадгүй гэнэтийн байдлаар хувьсан өөрчлөгдөнө.

Нөгөө талаар, үр дүнтэй эмийг хэр хурдан гаргаж авахаас олон зүйл шалтгаалах болно.

Дөрвөн хувилбар

Цар тахал хэрхэн өрнөх талаар илүү дэлгэрэнгүй нийтлэл АНУ-ын анагаах ухааны нийгэмлэгийн “JAMA” сэтгүүлд гарчээ.

Вакцинжуулалтын кампанит ажил далайцтай хэрэгжиж буй нь хэвийн амьдралд богино хугацаанд эргэн орно гэсэн найдварыг төрүүлж байна гэж эрдэмтэд бичжээ. Гэхдээ үүнд хүрэх зам саад тотгор ихтэй. Тухайлбал, вакцины туйлын тэгш бус хүртээмж, вакцинд үл итгэх байдал, вирусийн шинэ хувилбарууд, аюулт халдварын дэлхийг хамарсан давлагаанууд зэрэг нь саад байсаар.

Нэг дэх хувилбар-бүрэн устгал. Энэ хувилбарын дагуу хагас зуун жилийн өмнө салхин цэцгийн вирусийг бүрэн устгасан шиг Ковид-19-ийг газрын хөрснөөс арчиж хаях явдал. Гэхдээ энэхүү амжилтыг зөвхөн нэг нөхцөлийг биелүүлснээр давтах боломжтой. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсэн болон халдвар аваад эдгэрсний дараа дархлаа удаан хугацаанд баттай тогтож, улмаар дахин халдвар авч, бусдад тараахаас сэргийлэх чадвартай байх ёстой. Ковид-19-ийн хувьд энэ найдвар бага байна. Дээрээс нь вирус хувьсан өөрчлөгдсөөр байгаа нь ковидоос бүрэн ангижрах найдвар хэтэрхий “биелэшгүй” мэт.

Халдварыг дарах нь богино хугацааны илүү бодит зорилт гэж эрдэмтэд үзэж байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн вакцинжуулалт болон хатуу тусгаарлалтын /хилээ бүрэн хааж, гадаад ертөнцөөс тусгаарлах/ тусламжтай тухайн оронд халдварын тоог тэг хүртэл түр хугацаанд бууруулах явдал. Одоогоор үүний тод жишээ бол корь буюу улаан бурхны вирус. Энэ вирусний эсрэг вакцинжуулалтад бага насны хүүхдүүдийг бүрэн хамруулснаар өдгөө улаан бурхны халдварын тохиолдол ховор гардаг ба харьцангуй богино хугацаанд хяналтад авч дөнгөж байна.

Ковидын хувьд Австрали, Вьетнам, Хятад, Шинэ Зеланд, Сингапур зэрэг орнууд тодорхой хугацаанд ийм амжилтыг үзүүлж чадсан. Эрдэмтдийн үзэж буйгаар, ийм хувилбар нь вакциныг үе үе шинэчлэх замаар халдварыг хяналтдаа байлгасан тохиолдолд боломжтой.

Гурав дахь хувилбар нь вирустэй зэрэгцэн орших. Энэ тохиолдолд вакцинууд цаашид ч Ковидын хүнд хэлбэр болон нас баралтаас хамгаална. Ийм нөхцөлд вакцин хийлгэсэн хүний тоо их байх тусам вирус амь насанд аюулгүй болж, Ковид-19 нь улирлын томуу болж хувирна. Гэхдээ зарим нэг нь дархлаа буурч, шинэ хувилбарын улмаас дахин халдварлах ч хүн амын ихэнх нь хангалттай хамгаалагдаж, хүнд хэлбэрийн халдвараас сэргийлэх боломжтой.

Дөрөв дэх хувилбар нь “их хэмжээний түймэр”. Хэрэв дэлхийн хүн амын ихэнх нь вакцинд хамрагдаж чадахгүй тохиолдол вирус эрчимтэй тархаж, улмаар хувьсан өөрчлөгдөнө.

Томуу, ханиад эсвэл ковид?

Гурав дахь хувилбарыг урт хугацаанд илүү магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна. Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо хангалттай их биш тул цар тахал сүүлийн хувилбараар өрнөх нь лавтай гэж Браун их сургуулийн профессор Эли Адаши онцолжээ. Өөрөөр хэлбэл вирус дэлхий даяар чөлөөтэй тэнүүчилж, хүссэнээрээ хувьсан өөрчлөгдөж байна.

Халдварыг бүрэн устгана гэдэгт мөн Зүүн Английн их сургуулийн Норвичийн анагаах ухааны сургуулийн профессор Пол Хантер итгэлтэй бус байна. Түүний хэлснээр, салхин цэцгийн вирус нь “ариутгагч” гэгддэг маш хүчтэй дархлаа тогтоодог. Харин шинэ коронавирусийн эсрэг дархлааны хамгаалалт 6-9 сарын хоёр дахин буурдаг болохыг хамгийн сүүлийн үеийн судалгаа харуулж байна.

Өдгөө гаргаж аваад буй вакцинууд Ковидын хүнд хэлбэрээс хамгаалдаг ч халдвараас тэр бүр хамгаалдаггүй. Вакцин хийлгэсэн хүмүүс халдварыг хөнгөн эсвэл шинж тэмдэггүй тусдаг ч бусдад халдвар тараах чадвартай. Тиймээс ч цар тахлын эхэн үед эрдэмтдийн маш их найдвар тавьж байсан сүргийн дархлаа эцэстээ биелэгдэшгүй болж хувирсан.

Пол Хантерын үзэж буйгаар, Ковид нь улирлын томуу болж, бид амьдралынхаа туршид үе үе халдвар авч байх магадлал нь илүү үнэнд нийцнэ. Ийм дүгнэлтэд дэлхийн шилдэг вирус судлаачид ч хүрээд байна гэж тэрбээр тодруулжээ.

Вирустэй уралдах нь

Өдгөө бидэнд байгаа зүйл нь вакцин болон халдвар хамгааллын дэглэм. Ингэхдээ хүн бүр эл дэглэмийг хэр хатуу сахихаа шийднэ. Ковидын тохиолдолд дархлаа харьцангуй хурдан буурч байгаа тул вакциныг үе үе шинэчлэх шаардлага гарах талтай. Шинэ хувилбар гарч, одоогийн вакцины үр дүнг багасвал нэг төрлийн уралдаан эхэлнэ. Шинэ вакцин байнга хувьсан өөрчлөгдөж буй вирусийг гүйцэх уралдаан. Харин энэ уралдаанд бидэнд ялах боломж бий эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дээрх дөрвөн хувилбараас гадна илүү өөдрөг тав дахь хувилбар бий гэж эрдэмтэд онцолжээ. Энэ нь ойрын ирээдүйд эрдэмтэд коронавирусний эсрэг эм эсвэл эмчилгээний арга бодож олох явдал юм. Энэ үйл явц аль хэдийн гараанаасаа гарчээ. АНУ-ын Засгийн газар ирээдүйтэйд тооцогдож буй вирусний эсрэг хоёр ч эм худалдан авах гэрээ байгуулаад байна. Эл хоёр эм бэлдмэл хоёулаа эмнэлзүйн туршилтад орсон бөгөөд цар тахлын явцад нөлөөлнө гэж судлаачид найдаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн салбар дахь онцгой байдлын асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Майк Райан цар тахал хэзээ дуусахыг өөрөө ч мэдэхийг хүсэж буй талаар яриад гэхдээ эмч хүн өвчтөндөө зөвхөн үнэнийг хэлэх учиртай. Харин үнэн нь энэ асуултын хариултыг одоогоор хэн ч мэдэхгүйд оршиж байна. “Хэрэв бид бүгд өөрсдөө хичээвэл цар тахал илүү хурдан дуусна. Хэрэв бид дэлхий даяар вакциныг хэрэглэх илүү боломж олгож, өөрийгөө болоод бусдыг хамгаалах талаар илүү бодож, эмнэлгүүд өвчтөнүүдэд илүү тусалбал цар тахлын төгсгөлийг ойртуулна гэдгийг баттай мэдэж байна. Энэ бүх болзлыг биелүүлбэл цар тахалд аль болох эрт цэг тавих боломжтой. Энэ онд багтаахыг хүссэн ч боломжгүй болсон. Хэрэв бидэнд аз таарч, боломж гарвал ирэх жилд өвчнийг хяналтдаа авч чадна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха(172.69.252.138) 2021 оны 09 сарын 17

Салхин цэцэг биш, цагаан цэцэг, цэцэг, бодоо өвчин гэж бич л дээ. Хүүхэд чинь салхин цэцэг тусаад байгааг мэдэггүй юм уу. Ямар юмнууд сэтгүүлч болдог юм бэ?

0  |  0
Уншигч(66.181.166.134) 2021 оны 09 сарын 15

Гадаадын хэвлэлд гарсан нийтлэлийг олигтойхон хуулаад монголоороо хэл найруулагатай, ойлгомжтой бичмээр юм даа !!!!!!

0  |  0
Уншигч(66.181.166.134) 2021 оны 09 сарын 15

Гадаадын хэвлэлд гарсан нийтлэлийг олигтойхон хуулаад монголоороо хэл найруулагатай, ойлгомжтой бичмээр юм даа !!!!!!

0  |  0
Уншигч(66.181.166.134) 2021 оны 09 сарын 15

Гадаадын хэвлэлд гарсан нийтлэлийг олигтойхон хуулаад монголоороо хэл найруулагатай, ойлгомжтой бичмээр юм даа !!!!!!

0  |  0
Уншигч(66.181.166.134) 2021 оны 09 сарын 15

Гадаадын хэвлэлд гарсан нийтлэлийг олигтойхон хуулаад монголоороо хэл найруулагатай, ойлгомжтой бичмээр юм даа !!!!!!

0  |  0
Top