БНСУ Японы Ерөнхий сайд Кишида Фүмио өнгөрсөн ням гарагт /2021.10.17/ Азийн бусад улс оронд Японы милитаризмын бэлэг тэмдэг гэж үздэг Ясүкүни сүмд өргөл илгээснийг буруутгажээ.
БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд, БНСУ-ын Засгийн газар Японы удирдагчид өнгөрсөн үеийн түрэмгийллийн дайн, цэргийн гэмт хэрэгтнүүдийг алдаршуулдаг Ясүкүни сүмд өргөл илгээсэн туйлын харамсаж, сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байна гэж онцолжээ.
Японы Ерөнхий сайдын масаки өргөл нь цагаан туузаар чимэглэсэн Японы мөнх ногоон сакаки модны мөчир байдаг бөгөөд сүмийн намрын баярт зориулан хийжээ. Үүнтэй зэрэгцэн, Японы Ерөнхий сайд асан Сүга Ёшихидэ өөрийн биеэр тус сүмд очиж, мөргөжээ.
Хамгийн сүүлд 2013 оны арванхоёрдугаар сард Абэ Шинзо Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа Ясүкүни сүмд өөрийн биеэр очиж байжээ. Албан тушаалаасаа бууснаас хойш Абэ Шинзо парламентын гишүүний хувиар Ясүкүни сүмд тогтмол очиж, мөргөдөг байна.
Шинто шашны Ясүкүни сүмд XIX зууны дунд үеэс хойш болсон бүхий л тулааны талбарт амиа алдсан япончуудын нэрсийн жагсаалт хадгалагддаг байна. Эл жагсаалтад Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Токио бууж өгсний дараа цаазаар авахуулсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн нэрс орсон байдаг тул Японы албан тушаалтнууд Ясүкүни сүмд очихыг БНХАУ, БНСУ болон Азийн бусад орнууд Японы түрэмгийллийг зөвтгөсөн явдал гэж үздэг.
Сэтгэгдэл ( 0 )